Индэр    
2019 оны 5 сарын 11
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 11: Амьдралын утга учрыг хайсан эрэл буюу "АМЬСГАА АГААР БОЛОХУЙД"

Зураг

Амьдрал бол зовлон шаналалаас зугтаахын нэр биш юм.

-Пол Каланити

"When breath becomes air" буюу "Амьсгаа агаар болохуйд" нь 2016 онд хэвлэгдэн гарснаасаа хойш Нью-Йорк таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтад 68 долоо хоногийн турш бичигдэж, ном шимтэн уншигчдын хамгийн том платформ Goodreads-ын 2016 оны шилдэг номоор тодрон, 2017 онд Пулитцерийн финальд шалгарсан зэрэг томоохон амжилтыг үзүүлсэн юм. Мөн 39 орны хэлээр орчуулагдаад буй энэхүү номыг UNLOCK подкаст бэлтгэгчид эргэцүүлэн бодох зүйл ихтэй, сэтгэл хөдөлгөсөн ном хэмээн онцолж байна.

Уг номдоо зохиогч өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, 36 насандаа IV зэргийн уушгины хорт хавдартайгаа мэдсэнээр түүний амьдралд ямар өөрчлөлт гарсан, хэрхэн тэмцсэн тухайгаа, мөн бага наснаасаа эхлэн амьдралын утга учир нь юу вэ, хүн юуны төлөө амьдардаг вэ гэхчилэн асуултууд өөрөөсөө асууж, хариултыг олохоор эрэл хайгуул хийсээр байснаа бичжээ.

Сонсох: 

Нэгдүгээр бүлэг: Би эрүүл саруул биетэйгээр эхэлсэн

Пол Каланитигийн аав нь тун завгүй ажилладаг эмч бол ээж нь хүүхдүүдийнхээ боловсролд бүх анхаарлаа хандуулдаг нэгэн байв. Аавынх нь ажлын шаардлагаар гэр бүл нь Аризона мужийн Кингман хэмээх элсэрхэг буйдхан тосгон руу нүүх үед тэрбээр 10 настай байжээ. 

Шавжнаас хамгийн их айдаг байсан ээжийнх нь хувьд элсэрхэг хөдөө энэхүү газарт элдэв шавж, гүрвэл гүйлдэхээс илүү хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлж чадахгүй байх вий гэх том айдас байсан тухай Каланити номдоо дурссан нь бий. Тухайн үед сургуулийнх нь сургалт тааруу байсан тул ээж нь томоохон хэмжээний сонгодог зохиолууд уншуулж, номоор дамжуулан хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхээр шийдсэн байна. 

Ийнхүү Пол багаасаа ном шимтэн уншигч болж, амьдралын утга учрын тухай асуултуудыг өөртөө тавьж, номоос хариулт хайдаг байжээ.

Их сургуулийн элсэлт болоход Пол Каланити Стэнфордын их сургуулийн утга зохиолын ангид элсжээ. Энэ нь утга учиртай амьдарна гэдэг нь юуг хэлдэг, хүн яагаад амьдрах ёстой вэ гэхчилэн асуултын хариу олохыг зорьсонтой нь холбоотой байв. Үүний зэрэгцээ тэрбээр биологийн ангид мөн суралцахаар шийдсэн байдаг. Учир нь тухайн үед үерхэж байсан найз бүсгүйгийнхээ санал болгосон "Хүний бодол гэдэг бол тархинаас гарсан биологийн үйл ажиллагаа" хэмээх санааг илэрхийлсэн номыг уншсаны дараагаар биологийн шинжлэх ухааныг ихэд сонирхох болж, биологи, neuroscience буюу тархи, мэдрэл судлалын хичээлүүдийг нь сонгожээ. 

Хэдийгээр биологи, утга зохиолын ангиудад суралцан төгсөх дөхөж байсан ч төгсөөд юу хийхээ шийдээгүй байв. Тиймээс тухайн үедээ Каланити биологи, утга зохиол, хүний амьдралын утга учир, үхэл нэг газарт заавал огтлолцох ёстой, түүнийг олж мэдье гэж шийдэн анагаахын их сургуульд сурахаар болдог. Ингээд 18 сарын хугацаанд зөвхөн шалгалтдаа бэлдэж, Йэлийн их сургуулийн Анагаах ухааны сургуульд суралцжээ.

Анхны задлан шинжилгээ. Энэ бол үхэлтэй хамгийн анх тулгарсан үе нь байв. Задлан шинжилгээний үеэр бусад оюутан анагаахын талаас шинж тэмдгүүдийг нь ажиглан ярьж байсан бол Пол тухайн хүнийг ямар амьдрал туулсан бол, гэдсэнд нь хайлж амжаагүй хоёр ширхэг өвчин намдаах эм байж, үхэхийнхээ өмнө их өвджээ, ганцаардсан болов уу гэх зэргээр ямар амьдралаар амьдарсан бол гэж харж байснаа дурссан байдаг.

Анагаахын сургуулиа төгссөний дараа тэрбээр дадлагажигч эмчээр Стэнфордын их сургуульд зургаан жилийг өнгөрүүлж, мэдрэлийн мэс засалч эмчээр мэргэшсэн. Учир нь мэдрэлийн мэс засалч нар философийн асуултад хариулах шаадлагатай болдог нь үргэлж өөрөөсөө асуун, эргэцүүлж боддог бодолтой нь огтлолцож байв.

Жишээлбэл, тархины хорт хавдар авах мэс засал хийхээр болоход нэг мм-ийн зөрүү гарахад , эсвэл тэр хавдар нь тооцсоноос нэг л мм илүү байсныг хусаад авахад хэл яриа байхгүй болох, ааш аяг нь өөрчлөгдөх гэх мэтээр өмнө нь байснаасаа тэс өөр хүн болох магадлалтай. Тиймээс мэс засалд орох гэж буй өвчтөн болон гэр бүлээс нь үлдсэн хугацаандаа өмнө нь яг байсан шигээ амьдрах уу, эсвэл хагалгаанд орж тэс өөр хүн шиг болсон ч гэсэн амьдрах хугацаагаа уртасгах уу гэх эгзэгтэй асуултыг тавих ёстой болдог. 

Хоёрдугаар бүлэг: Үхэл тулгартал хэзээ ч битгий зогс

Номын энэ бүлэгт Пол Каланити өөрийн эрүүл мэнд, гэр бүлийнхээ тухай өгүүлжээ. Тэрбээр 36 насандаа хамгийн хүнд шатандаа орсон уушгины хорт хавдартайгаа мэддэг. Тухайн үед эхнэртэйгээ харилцааны хувьд асуудалтай байсан ч хорт хавдартай болсон тухайгаа хэлж, ямар их хайртайгаа нэгэндээ хэлж, сэтгэлээ хуваалцжээ. Энэ үедээ зохиогч "Би үхэхээс айж байна" гэж хэлсэн нь номын сэтгэл эмтрэм хэсгүүдийн нэг юм.

Үүнийхээ дараа Каланити эхнэр Люсидээ "Чи надтай дахин гэрлээч" хэмээн гуйжээ. Өөрөөр хэлбэл, хавдар туссан харамсалтай тохиолдол боловч Каланитигийн гэр бүлд нуран унаж байсан харилцааг эргэн батжуулжээ.

 

Хорт хавдрыг тогтворжуулах, эмчлэхийн тулд "Тarceva" гэх эмийг хэрэглэж эхэлснээр тэнхээ орж, 6 долоо хоногийн дараа шинжилгээ өгөхөд хавдар нь тогтворжиж, сайн нөлөө үзүүлж байв. Түүнчлэн гэр бүлд нь нэгэн чухал асуулт урган гарсан нь хүүхэдтэй болох тухай байлаа.

Эхнэр нь хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч Пол эхнэрээ нөхөргүй, хүүхэдтэй эх болгож, хүүхдээ эцэггүй үлдээх болно хэмээн эсэргүүцсэн ч хосууд хүүхэдтэй болохоор шийддэг.

"When breath becomes air" номдоо Пол Каланити хавдартай болсноор амьдрал нь орвонгоороо эргэж байгаа юм шиг хэр нь юу ч өөрчлөгдөөгүй гэж бичжээ. Нэг талаас хавдар туссан, туусаагүй хэзээ нэгэн цагт үхэхээ мэдэж байсан. Хавдартай болсноор цаг хугацааны хувьд л өөрчлөгдөж буй болохоос биш цоо шинэ гарсан зүйл биш. Нөгөө талаас юу ч өөрчлөгдөөгүй мэт боловч хийж бүтээх байсан зүйлс, амьдралын утга учир хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг асуулт гарсан гэжээ. 

Хэдийгээр Каланитийн бие тааруу байсан ч охиноо хорвоод мэндлэх агшинд эхнэрийнхээ хажууд байж чаджээ.

 

"Миний охин аавыгаа санах тэр санамжийг өгөхийг би хамгийн их хүсэж байна. Тэр болтол нь би амьд байвал миний амьдралын утга учир тэр байх болно" гэж бичсэн байдаг. Харамсалтай нь, охиноо таван сартай байх үед хорт хавдар нь хурдтай үржиж, 2015 оны гуравдугаар сарын 9-нд Пол Каланити хорвоогоос хальсан. 

Ийнхүү Пол Каланити хорт хавдар туссанаа мэдсэн үеэсээ эхлэн амьдралын утга учрын тухай насан туршдаа өөрөөсөө асууж, удаан бодсоны эцэст бусадтай энэ талаар хуваалцахыг хүсэн энэхүү номыг эхлүүлэн бичиж байсан ч дуусгаж чадаагүй тул эхнэр нь үргэлжлүүлэн бичиж гүйцээсэн бөгөөд нөхрөө нас барснаас арван сарын дараа хэвлүүлсэн байдаг. 

Амьдралынх нь сүүлийн мөчид түүний эхнэр, охин, найзууд гээд ойр дотны бүх хүн нь цугласан байна. Энэ үед эхнэр нь Полын дуртай дууг нь дуулж өгөөд "Намайг хайрласанд баярлалаа" гэж хэлжээ.