Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 1
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Тэр эдгэх болов уу?

Анхны учрал

Хүүхэд байхдаа физик ихэд сонирхон, физикч болно доо гэж боддог байв. Тэр үед бодол тэнэсээр өөрийгөө Нобелийн шагнал авна даа гэж итгэдэг байсан юм. Ийнхүү мөрөөдөж явахад нэг этгээд бүхий л төлөвлөгөөг минь нураахаар зэхэж байсныг би яахан мэдэх билээ. Тухайн үед дөнгөж л арав гараад байсан болохоор тэрхүү этгээдийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байлаа. Одоо эргээд харахад тэр хорон санаат этгээд дан ганц би ч биш, өөр маш олон Монголчуудын мөрөөдлийг үгүй хийсэн юм билээ. Зөвхөн тэр л хорон этгээд мянган мянган хүүхдийг хоолгүй хонуулж, мянга мянган залуусыг амьдрах урамгүй болгож байгаа нь харамсалтай.

Би тэр жилийг сайн санаж байна. Ахлах сургуулиа сайн дүнтэй төгссөн юм. Тэгээд бодож байсан чиглэлээрээ суралцахаар их сургуулийнхаа хуваариа авчихсан явж байтал нөгөө л хорон санаат этгээд маань намайг хүчтэй гэгч нь араас цохиод авлаа. “Яаж байна аа?” гэтэл “Чи энэ чиглэлээр явбал нэг бол улсаа орхин одно, үгүй бол ажилгүй амьтан болно” гээд намайг өөр сургууль руу чирээд явсан юм. Дуртай, дургүй өөр сургуульд орсон цагаасаа нэг зүйлийг өөртөө зорилго болгосон нь тэрхүү хорон санаат этгээдийг олж уулзах явдал байсан.

 
Revolution by Chinedu Ogakwu

Дахиад л тэр

Нөгөө этгээдтэйгээ бүрэн уулзаж чадаагүй л байлаа. Цаг хугацаа ч их хурдан өнгөрөх юм, нэг л мэдэхэд өмнөх учралаас хойш арваад жил өнгөрчээ. Би гэдэг хүн Англи улсад очсон байв. Тэндхийн нэр хүндтэй эдийн засгийн сургуульд нь суралцангаа тэндхийн амьдралыг нь гайхан ажигладаг байсансан.

Тэгээд би бодно:

Дэлхийн түүхэнд таван удаа энх тайван тогтсон гэдэг. Үүнээс нэг нь Монгол, нөгөө нь Англи юм билээ. Гэтэл өнөөдөр энэ хоёр улсын амьдрал гэдэг тэнгэр, газар. Яагаад юм бол? Яагаад Их Британид дундаж цалин сарын 10 орчим сая төгрөгтэй тэнцэж байхад манайд дундаж цалин сарын 1 сая төгрөг орчим байдаг юм бол?

За байз... Би хэрэв энд үлдвэл Монголд буцаж ирэхээс 10 дахин илүү цалин авна. Гэхдээ нэг сул тал бий. Энд хөдөлмөрийн зах зээл нь хэтэрхий өрсөлдөөнтэй тул би яг хүссэн ажлаа олж авч чадахгүй. Харин Монголдоо очвол хамгийн сайхан байгууллагад хамгийн гоё ажил нь намайг авахад бэлэн. Бас Монголд найз, нөхөд, гэр бүл гээд хамаагүй аз жаргалтай амьдрах боломжтой.

Үгүй ер нь яагаад дандаа ийм байдаг юм бэ? Би хүссэн чиглэлээрээ явж ч болохгүй, хүссэн газраа амьдарч ч болохгүй. Яасан хорвоо вэ? Энэ бүхний ард нөгөө л намайг арван жилийн өмнө зовоож байсан тэр этгээд байхаас зайлахгүй. Энэ удаа түүнийг яг барьж авъя.

Ингээд би нэлээн бодсон. Англид сурч байгаагийн хэрэг юу билээ. Хэд хэдэн ном эргүүлсэн. Эцэст нь нэг юм нүүр тулсан даа.

Бидэн хоёрын ширүүн яриа

Би уулзсан тэр мөчдөө шууд уурлан түүнээс асуулаа. Чи ер нь хэн юм? Яах гээд ингээд байдаг юм? гэхэд тэрээр намуухан бас өрөвдөлтэй гэгч нь надруу харлаа. Тэгээд аажуухан Намайг улсын хөгжил гэдэг. Би та бүхэнд хорон санаж энэ бүхнийг хийсэнгүй ээ” гэж хэлээд миний өмнөөс өмөлзөнө. Миний ассан их уур үгүй болж, үгийн муухайгаар харааж байснаа болиод түүнтэй уураар биш ухаанаар ярилцъя гэж шийдсэн юм. Тэр мөчөөс хойш бид хоёр бараг дөрвөн жил ярьсан. Яриад л байсан, түүнд ч, надад ч хэлэх зүйлс дэндүү их байжээ. Тэгээд нэг эцэст нь түүнийг бүрэн биш ч боломжийн сайн ойлгож авч билээ.

 
Musik Soldat gegen Musikarbeiter oder Musik Kampf

Түүний эцгийг 1990 онд бид улсаараа ярьж байгаа алсан юм билээ. Тэр ч яахав нийгмийн шуурганд өртсөн олон зүйлсийн л нэг байж. Хамгийн гол нь өнчин үлдсэн түүнд хайр, халамж гэдэг зүйлийг огт өгөөгүй аж. Түүний өсөлтөд уг нь нэг зүйл витамин болдог нь улсын бүтээмж мөн.

Нобелийн шагналт эдийн засагч Паул Кругмен хэлэхдээ “Бүтээмж нь бүх зүйл биш л дээ, гэхдээ урт хугацаандаа энэ нь бараг л бүх зүйл юм” гэсэн байдаг. Харин бид яав? Бүтээмжээ сайжруулах талаар ажил ер нь юу хийв? Хэрхэн улсын хөгжилдөө хувь нэмэр болохоор бүтээмжээ нэмэгдүүлэв.

Бүтээмжийн цаана өөрчлөлт шинэчлэлт, хөрөнгө оруулалт байдаг шүү дээ. Харин бид сүүлийн 30 жилд газар доорхоо ухаад зарж сурлаа, олсон мөнгөөрөө гаднаас бараа авч сурлаа. Бүтээмж, хөрөнгө оруулалт, инноваци ард хоцорсон.

За тэр ч дүүрч, улсынхаа хөгжил маань ямар ч витамин үгүй нэг тийм давжаа нөхөр болчихож.

Ядаж бид түүний хүмүүжилд анхаарал хандуулав уу гэвэл бас л үгүй. Бид түүнд үнэхээр муу үлгэж дуйраал болжээ. Гэрт нь ирсэн гаднынхныг зодож, хөөдөг зуршилтай. Монгол хүн л биш бол нэг бол хорон санаатай, эсвэл тэнэгдүү эсвэл  хэт их мөнгөтэй тул түүнийг дээрэмдэх ёстой. Яг л ийм зүйлийг бид түүнд заасан.  Тэгээд болоогүй хаа таарсан газраа нулим гэж заасан. Уур хүргэсэн болгоноо зод гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэл бол энгийн зүйл гэж түүнд заасан. Ойлгохгүй юм бүхнээ үгүйсгэ, тэгээд Монгол ухаан гэж нэрлэ гэж заасан. Тэрийг маань ч “улсын хөгжил” маань сайн сурсан байна лээ. Ингээд тэр өсөлт ч үгүй, хүмүүжил ч үгүй зэрэмдэг нэгэн болсон юм билээ.

Өвчтэй нэгэн

Витамин үгүй, хүмүүжил үгүй тэр буруу хэмнэлээр амьдарч маш олон өвчтэй болжээ.

Эхний өвчин нь тэгш бус байдал. Монгол улсын ТОП-100н татвар төлөгчийг харвал ердөө 9-н ширхэг нээлттэй хувьцаат компани байна. Нийт хадгаламжийн 60 орчим хувийг нийт хадгаламж эзэмшигчдийн 1 хувь нь эзэлдэг. Үлдсэн 99 хувь нь хадгаламжийн 40 хувийг эзэлж буй талаар томоохон хэвлэл мэдээллийн байгууллага нь мэдэгдэж байна.

Хоёр дахь өвчин нь эдийн засгийн хэт хараат байдал. Чөлөөт зах зээлийн системд шилжээд бид олон үйлдвэрлэлээ үгүй хийжээ. Энэ үед азаар эсвэл азгүй хувь тавилангаар бид газар доорх хэдэн таваараа зардаг болсон. Улмаар нийт экспортын орлогын 85 хувийг зөвхөн тэрхүү таваарын бүтээгдэхүүн эзэлдэг болсон. Мэдээж энэ бүхнийг зөвхөн урд хөршид л зарна өөр боломж хомс. Газарзүйн байршил нь өөрөө тийм юм л даа. Тэгээд тэр улсаас, тэрхүү хэдхэн бүтээгдэхүүнээс шууд хараат эдийн засагтай болсон байна.

Гурав дахь өвчин нь савлагаатай валютын ханш, өндөр хүү. Нөгөө зөвхөн уул, уурхайд түшиглэсэн эдийн засаг нь эцэстээ юу ч өөрөө хийхгүй, бүхий л зүйлийг импортоор авдаг байдлыг нь дэвэргэсэн. Улмаар төлбөрийн тэнцэл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй л бол гадагшлах урсгалтай болчихсон.

Гэтэл нөгөө талд нь дотоодын төгрөгийн хэмжээ зах зээлийн зарчмаар байнга өсөж байдаг. Үр дүнд нь мэдээж төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтмол сулардаг болсон. Сүүлийн 14-н жилийн хугацаанд дунджаар 6 хувиар жилдээ суларсан байгаа юм. Энгийнээр ам.долларын ханш ийнхүү өсдөг зүй тогтолтой болжээ. Байнга төгрөг ам.долларын ханшийн эсрэг сулрах үед төгрөгийн хүүг хүчээр өндөрт барих шаардлагатай болсон. Үгүй бол их хэмжээний долларжилт болж, зах зээлд шок өгөх аюултай. Ингээд л өндөр хүүтэй, савалгаатай ханштай үлдэх нь тэр.

Дөрөв дэх өвчин нь боловсролын салбарын доголдол. Нэгэнт бид газар доорхоо ухах, олсон мөнгөөрөө урд хөршөөс бусад бүх зүйлээ худалдаж аваад сурсан тул бидэнд хүчтэй боловсрол хэрэггүй болсон.

Хүн ер нь аятайхан амьдрах бодолтой байвал ямар нэгэн худалдаа эрхлэх нь зүйтэй. Элдэв нарийн мэргэжил эзэмших хэрэггүй, эцэст нь хоолгүй л болно. Бас ном унших бүр ч хэрэггүй, бусад нь таныг хэнээтэй, гажигтай гэж хочлох болно. Тэгээд хаа таарсан газраа нулимах, хараах хэрэгтэй. Тэгвэл ямар нэгэн хээгүй гоё харагдана, үгүй бол ядчихсан амьтан харагдах эрсдэлтэй. Яг ийм л байдалтай болсон доо. Юун тэр инноваци, юун тэр хөгжил, мартаж үз. Оюутан байхад Wikipedia-с мэдээлэл авах нь найдваргүй эх сурвалжид тооцогдон бусад ном, судалгааны ажлууд уншиж суудаг байж. Гэтэл одоо Social media-д бичигдсэн эсвэл хэн нэгний хэлсэн үг болгонд итгэх болжээ. Үгүй ядаж л Wikipedia руу ороод уншихгүй болж дээ. Үүнийг л боловсролын салбарт хямрал нүүрлэжээ гэхгүй юм бол өөр юуг тэгж хэлэх вэ дээ.

Уг нь бүгдийг нь нэрлээд байя гэтэл хэтэрхий их аж. Ер нь та  “Улсын хөгжил” маань байж болох бүх л төрлийн өвчтэй нэг тийм эрэмдэг нэгэн гээд ойлгочих.

Өвчний эмчилгээ: Болохгүй хэсгээ тайрах уу?

Анхандаа би түүнийг юу ч бодолгүй буруутгадаг байжээ. Гэтэл одоо бид нэгнээ ойлгодог бас яавал илүү дээр болох вэ гэж байнга ярилцдаг найзууд болсон. Тэр маань ойрдоо өдөр бүр уйлах болжээ. Улсаараа ярилцаад гаргасан шийдвэр нь өвчтэй байна гээд гарыг нь тайрах гэсэн, хортой байна гээд хөлийг нь хөрөөдөх гэсэн. Уг нь ч яг улсаараа яриад шийдсэн хэрэг биш юм билээ л дээ. Хэдэн овжин нөхдүүд л ард, иргэдийн нэрийг барьж, тэдний өнгөц бодол дээр тоглолт хийгээд ийнхүү яргалал хийхээр болсон аж. Би ч “улсын хөгжил”-д зориулагдсан тэрхүү яргаллыг зогсоож чадах биш. Элдэв үнийн хязгаар тогтоох, хүчээр шийдэх, хувийн хэвшлийг хохироох шийдвэрүүд ар араасаа гарсаар л байх болно. 

 
Street art in Berlin at the Teufelsberg

Би зөвхөн түүнийг эдгээсэй л гэж хүсч байна

Санал нийлэхгүй байж болно л доо. Гэхдээ энэ нь санал нийлэх, нийлэхгүй тухай биш. Харин үнэн эсвэл худлын тухай юм л даа.

Үнэндээ би сайхан амьдармаар л байна шүү дээ. Би ч гэсэн бага хүүгүй зээл авчихмаар л байна. Би ердөө ганцхан ажил хийж, наймхан цаг ажиллаад сайхан амьдармаар л байна. Би ч гэсэн өөрийн хүссэн зүйлсээ хийж, хүссэн орчиндоо амьдармаар л байна. Гэхдээ юу үнэн гэхээр бид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 187 улсаас 113-т жагсдаг, газар доорх хэдэн чулуугаа зарж хоол олж иддэг, манай улсыг хөрөнгө оруулах боломжгүй, гаргасан бондыг нь хог гэж ангилдаг, залуус нь ажил хийх дургүй, ном уншсан хүнийг хэнээтэй гэж үздэг, улс төрчид нь попорч л байвал хүн алах энүүхэнд болчихсон тийм л нийгэмд амьдарч байна шүү дээ. Ийм газарт сайхан амьдрал оршин байхад хэцүү.

Энэ бүхнийг өөрчлөх, хөгжлийг авчрах боломж уг нь надад бас танд байгаа байх... Гэхдээ лав тастаж, нураах замаар лав биш...