Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

569 сая ам.долларыг хэрхэн 1.1 тэрбум болгох вэ?

Зураг

20.1сая ХӨТӨЛБӨР

Монголд хамгийн их валют оруулдаг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс эхний гуравт жагсдаг салбар бол аялал жуулчлал гэдгийг та мэдэх үү?

Тодруулбал, валютын орох урсгалд хамгийн их жин дардаг бүтээгдэхүүн бол Монголын хувьд нүүрс, түүний дараа зэс.

Тэгвэл түүхий нефть, төмрийн хүдэр, түүхий ноолуур, мах, махан бүтээгдэхүүний өмнүүр буюу гуравт аялал жуулчлалын салбарын орлогын хэмжээ жагсаж байна.

2018 онд аялал жуулчлалын салбарын нийт орлого өмнөх оноосоо 42 хувиар өсч  569 сая ам.долларт хүрсэн юм.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

2016 онд тус салбарын орлого 312 сая доллар байж. Өөрөөр хэлбэл АЖ-ын салбарын орлого хоёр жилийн дотор 1.8 дахин өсжээ.

Тэгвэл энэхүү өсөлтийг хадгалах цаашлаад Монголчуудын нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломжтой хэд хэдэн судалгааны үндэслэлийг та бүхэнд танилцуулж байна.

Мэдээж сая жуулчин хүлээн авахын тулд төр, хувийн хэвшлийн аль алиных нь манлайлал, хүчин чармайлт шаардлагатайг хэлэх хэрэгтэй.

Таван Богд групп "20.1сая" буюу 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах хөтөлбөр дэвшүүлээд байна. Тэдний бэлтгэсэн илтгэлээс онцлох тоо баримтуудыг та бүхэндээ хүргэе.

НЭГ. САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВБАЛ ОРЛОГО ХЭРХЭН ӨСӨХ ВЭ?

2019 онд аялал жуулчлалын орлого 754 сая долларт хүрэх төсөөллийг салбарын мэргэжилтнүүд нь гаргаад байна.

Зөвхөн 2019 оны нэгдүгээр сарыг аваад үзвэл, жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс долоон хувь өссөн бол орлогын хэмжээ 11 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн энэ оны долоодугаар сараас Монгол, Солонгос хооронд агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөн бий болж Солонгосын талаас хоёрдагч авиа компани болох Asiana Airlines Сөүл, Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ.

Тус чиглэлд агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөн бий болсноор зорчигдын урсгал 110 хүртэл мянгаар нэмэгдэх боломж бий болж байгааг ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатар хэлж байсан билээ.

Тэгвэл 2019 онд Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо 700 мянгад хүрч энэ салбарын орлого 754 саяд хүрэх боломжтой.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Улмаар 2020 он гэхэд жуулчдын тоо нэг саяд хүрвэл салбарын орлого хамгийн багадаа 1.1 тэрбум долларт хүрэх боломжтой юм. 

ХОЁР.  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Дунджаар тухайн улсад ирж буй 30 жуулчин тутамд 1 ажлын байр бий болдог гэх судалгаа байдаг аж.

Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар тус салбараас 37 мянган хүн ажлын байраар хангагдаж байгаа бол шууд бусаар 133 мянган хүний орлогод нөлөөлж байна.

Тэгвэл 2020 онд бид нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрвэл шууд ажлын байр 66 мянга болж шууд бусаар 225 мянган хүний амьжиргаанд нэмэлт орлого болон нөлөөлөх нь.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Монголчуудын өнөөдөр санааг зовоож буй хамгийн чухал асуудлын нэгт амьжиргаа, хоёрт ажилгүйдэл орж байна. Хамгийн сүүлийн байдлаар ажилгүй иргэдийн тоо 89 мянга байгаа юм.

Тэгвэл АЖ –ын салбарыг хөгжүүлснээр салбар дахь шууд ажлын байрыг нэмэхээс гадна олон хүнийг орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох, мөн нийт худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй билээ.

Өөрөөр хэлбэл, иргэдийн шууд орлогод ач тус ихтэй учир улс орнууд АЖ-ын салбараа бодлогоор дэмждэг байна.

ГУРАВ. МОНГОЛД ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ?

Монголд ирэх жуулчдын тоог нэмэх маш их боломж байгааг дараах тоонууд харуулж байна.

Монгол Улстай шууд нислэг үйлддэг таван улсын 2018 онд гадагшаа аялсан иргэдийн тоо 341 саяд хүрээд байна. Эдгээр жуулчны ердөө 0.3 хувийг Монголд хүлээн авахад бид САЯ жуулчин хүлээн авах зорилго биелэгдэх юм.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Амадеус системийн судалгаагаар 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялах талаар онлайн хайлт хийсэн байна. Үүний 21 сая нь Солонгос, 13 сая нь Хятадаас байгаа юм.

Мөн монголчууд дотроо Монгол шиг хүйтэн, алс газар хэн ирэх вэ гэх нь бий.

Тэгвэл цаг агаар, газар зүйн байршлын хувьд хамгийн ойролцоо Өвөр Монгол гэхэд 2020 онд манай зорилтоос 135 дахин их буюу 135 сая жуулчин хүлээн авна гэдэг том зорилт тавьчихсан ажиллаж байна.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Тэд 135 саяын 35 сая жуулчныг гадны улсуудаас хүлээн авах зорилттой ажиллаж байгаа юм.

ДӨРӨВ. ЯМАР ШИЙДВЭРҮҮД ГАРГАХ ЁСТОЙ ВЭ?

Монголд аялал жуулчлалын салбар хөгжихөд чухам ямар асуудлууд саад болж буйг дараах байдлаар томьёолж болно.

 

Аялал жуулчлал нь бизнес, хувийн хэвшил, иргэдийн гарт ирдэг шууд орлого учраас одоогоор төр засаг энэ салбарт төдийлөн анхаарал тавихгүй байсаар ирсэн.

Гэхдээ авууштай нь 2018 онд УБ-Сөүл, УБ-Бээжин чиглэлийн агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгох бодлогын баримтын бичигт УИХ өөрчлөлт оруулсан.

Тоо баримтаас үзвэл, 2018 онд Монгол улсад зочилсон нийт 529,370 жуулчны 263,490 буюу 49.7% нь агаарын тээврээр ирсэн бол 2019 онд нийт нислэгийн суудлын тоог 34.4% өсгөснөөр агаарын тээврээр ирэх жуулчдын тоо 56%-иар өсөх боломж бүрдээд байна.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Одоо тус салбарт бодлогын ямар өөрчлөлтүүд шаардлагатай байгааг дор үзүүллээ.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)