Индэр    
2019 оны 4 сарын 15
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Тэгвэл яах гэж далдганасан юм бэ?

Зураг
Эх сурвалж: Blog.rustylake.com

Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал дээр суугаад, хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад,

  • Хэрээ, хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
  • Би далдганаж байна.
  • Би хамт далдганаж болох уу?
  • Тэг тэг гэжээ. Жолоодлогын бүхээгт зүггүйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай
  • Та хоёр юу хийгээд байгаа юм бэ?
  • Бид хоёр далдганаж байна гэв. Баавгай ихэд сонирхон,
  • Би цуг далдганая гэхэд,
  • Тэг тэг гэжээ. Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож, бүх товчлуурыг нь дараад, мушгихыг нь мушгиад далдганаж өгчээ. Удалгүй онгоц сүйрэх болоход баавгай, туулай хоёр сандран
  • Яанаа, яах вэ? гэхэд хэрээ
  • Та хоёр нисч чадах уу?
  • Үгүй
  • Тэгвэл яах гэж далдганасан юм бэ? гээд нисэн одов.

Энийг уншихаар инээд хүрэхээс гадна өнөөгийн Монголын нийгэмтэй төстэй ч юм шиг. Хэдэн хэрээтэй. Нөгөөдүүл нь хамаг л асуудалтай бүхнийг зохион байгуулах юм. Энэ ч даргыг устга, тэр ч төслийг зогсоо, энийг дампууруул, үүнийг ч шатаа гээд л. Дэмий л товчлууруудыг дарж, мушгихыг нь мушгиж сууна. Удахгүй онгоц сүйрэх вий дээ.

Далдганах нь:

Манай Улсад нэг том компани бий. Гэхдээ нэрийг нь хэлээд яах вэ, дэмий. Хэрэгт унана.

Монгол Улсын жилдээ олох экспортын орлого 7 тэрбум ам.доллар. Үүнээс 1.2 тэрбум ам.доллар нь ганцхан компанийнх.

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 – 60 хувь нь бас л нөгөө компанийнх. Жил бүр улсын татварын орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт 17 мянга гаруй ажилчин тус компанид ажиллаж байна. Монголд дундаж өрх дөрвөн гишүүнтэй гэхээр үүний цаана 68 мянган хүн болж таарах нь. Маш олон компани зөвхөн энэ л компанид үйлчилгээ үзүүлэн оршин тогтнож байгаа. Үүний цаана өчнөөн гэр бүлийн амьдрал яригдана. Гадны бүх хөрөнгө оруулагч энэ л компанийн үйл ажиллагааны тогтвортой байдлаар Монголын хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлдог. МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн 2018 онд гаргасан судалгаагаар Монголын эдийн засгийн 12.5 хувийг тус компани л дангаар бий болгож буй юм.

Гэтэл энэхүү компанийн үйл ажиллагаанд саад учруулах "хэрээ" үргэлж л гарч ирдэг. Энэ компани байхгүй бол Монголын эдийн засгийг төсөөлөхөд үнэхээр хэцүү. Мэдээж асуудал байвал засах нь зөв. Засах ч ёстой. Харин гэрээнээсээ бүрэн буцсан, эсвэл бүр зогсоох тухай яриа бол огт хэрэггүй юм.

Санхүүгийн системийн тогтвортой байдал гэдэг нь улсын хувьд чухал нөлөөтэй. Дэлхийн түүхийг авч үзвэл санхүүгийн систем нь доголдсон тохиолдол бүрт иргэдийн амьдралд том хохирол учруулах эдийн засгийн хямрал болдог. Энэ нь голлон санхүүгийн зах зээл нь хэт томорсон байдагтай холбоотой. Тийм болохоор санхүүгийн салбарын тогтвортой байдалд улс даяараа санаа тавин ажилладаг. Үүнтэй холбоотой нэг үг байдаг нь “Too big to fail” буюу “Дампуурахад хэтэрхий том” юм. Олон улсын жишгээр томоохон санхүүгийн байгууллага дампуурахад хүрвэл улсаас дэмжлэг үзүүлж, тогтоон үлдээдэг. Мэдээж ийм өндөр хариуцлага хүлээж байгаа болохоор санхүүгийн байгууллагуудад хийх хяналт шалгалт өндөр байх ёстой. Эцсийн дүндээ санхүүгийн байгууллагын хөрөнгө гэдэг чинь иргэдийн л өмч шүү дээ. Тийм болохоор нарийн хяналт байх ёстой. Бас тэр байгууллага дампуурах, үйл ажиллагаа нь саатах нь хэнд ч ашиггүй. Гэтэл нөгөө л нэг "хэрээ" гарч ирнэ, ямар ч шалтгаангүйгээр хамт далдганах "туулай, баавгай" гарч ирнэ. Нөгөө хэрээ маань өөрөө хувьдаа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах ба томоохон санхүүгийн байгууллагуудыг дампууруулахад өөрт нь ашиг гарна. Тэд "далавч"-тай шүү дээ.

Дөнгөж саяхан нэг банк манайд дампуурлаа. Нөгөө "туулай, баавгай"-нууд маань баярласан болов уу? Эсвэл өөрсдийнх нь мөнгө үгүй болж байгааг хараад эцэст нь нэг ойлгосон болов уу?

Онгоц сүйрэх нь:

Дахин бяцхан түүх хэлж өгье:

Каракас хотын иргэн Виллиамс сүүлийн хэдэн жил их хүндхэн амьдарч байгаа. Эхнэр, хүүхэд нь ч хоолтой явахаас илүүтэйгээр хоолгүй явах нь их болж. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр өвчин газар авсан тул хүүхдийнх нь сургууль хичээллэхээ больсон. Уг нь Виллиамс дотоодын хамгийн сайн их сургуулийг дүүргэж, гадны хөрөнгө оруулалттай компанид ажилладаг байсан боловч нөгөө компанийг нь улсаас хөөгөөд гаргачихсан.

За тэр тансаг ажил ч дүүрч. Энэ тэнд болж буй элдэв зэвсэгт мөргөлдөөнд л өртчихгүй, бас өлсөөд үхчихгүй байх нь хамгийн гол сорилт болоод байгаа юм. Өчигдөрхөн авч байсан талх нь маргааш 3,000 дахин өсөөд байгаа шүү дээ. Гурав дахин биш, 3,000 дахин шүү. Ингэж амьдарч байхаар Виллиамс улсаа хаяад гармаар л байдаг. Гэвч түүнд тийм боломж бас л үгүй.

Энэ бол Өмнөд Америкийн Венесуэл улс гэдгийг бүгд мэдэж байгаа. Түүхий эдийн борлуулалтдаа найдсан улс. Тэгсэн атлаа бөөн бөөн популист үйлдэл, их хэмжээний гадаад өр, халамжийн хөтөлбөрүүд, улстөрчдийн том амлалтууд. Дээрээс нь хажуудаа орших, өөрийнх нь бүтээгдэхүүний гол худалдан авагч улсдаа байнга өширхөөстэй. Буруу бүхэн АНУ-аас хийсэн далд, хорон санаатай арга хэмжээний үр дүн гэж үзнэ. Өөрт нь нэг ч хариуцлага байхгүй. Үгүй мөн адилхан байгаа биз!

Хэдэн статистик дурдахад инфляц 1.3 сая хувь, эдийн засгийн өсөлт нь сүүлийн таван жил дараалан унасан.

(График дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээс гадна Венесуэл иргэн дунджаар 11.4 кг жин хассан гэж буй. Бас өвчлөл огцом өссөн байна.

Ингэж л онгоц сүйрдэг байх нь. Үгүй бас, харахаас нааш хүн чинь улс ингэж хэцүү байдалд орж болдгийг мэддэггүй юм байна. Онгоцны бүх товчлуурыг эвдэртэл нь дарж үзэхээс нааш онгоц сүйрч болдгийг хүн ойлгодоггүй юм байна.

"Хэрээ" нисэх нь:

Сүүлийн хэдэн жил Венесуэл улсаас 3 орчим сая хүн дүрвэн гарсан байна. Харьцангуй чинээлэг бүлэгт л асуудал гарахад шуудхан улсаас гараад явах чадал бий. Боломж муутай иргэдийн хувьд энэ нь хэцүү. Аргаа барахдаа усан онгоцоор бөөн, бөөнөөрөө гарч явах гэж оролдоод нөгөөх нь бүтэлгүйтдэг жишээг бид Сириэс олж мэдсэн.

Тэгэхээр ийм юм. Одоо энэ элдэв хөдөлгөөн зохион байгуулаад байдаг хүмүүсийн дийлэнх нь Лондон, Нью-Йорк гэх аятайхан хотуудад байр авсан байгаа. Үгүй юм гэхэд авахаар зэхэж байгаа. Боломж нь гарахаар л авах болно. Ер нь бараг тэр л боломжийг нь гаргахаар элдэв янзаар жолоо мушгиад байгаа хэрэг. Онгоц сүйрэх цаг нь ирэхэд нөгөө хэрээнүүд маань нисээд л явчих байх даа. Тэгээд бидэн лүү хараад:

"Та нар далавчгүй юм уу? Тэгвэл яах гэж далдганасан юм" гэж хэлэх байх.

Бидэнд юу хэрэгтэй вэ:

Тэгэхээр одоо гарч ирж буй асуулт нь “Тэгвэл зөв нь юу вэ?”. Зөв нь монгол иргэн бүр аливаа асуудлыг илүү ул суурьтайгаар хардаг болох ёстой. Хүсвэл босож болно, хүсвэл тэмцэж болно. Гэхдээ ямар нэгэн "хэрээ" далдганахаар биш, бид өөрсдөө уншиж судлаад дүгнэлт нь үнэхээр сөрөг гарсан бол л тэмцэх ёстой юм. Тийнхүү уншиж судлахдаа мөн л зүгээр таарсан эх сурвалжаас биш, маш олон итгэл даахуйц, найдвартай эх сурвалжаас харах ёстой. Түүнийхээ талаар олон ном харж үзэх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүстэй ярилцах ёстой. Дараа нь дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг шүүх гэж байгаа бол тэр хүн эхлээд судлаач болж хувирах ёстой. Дараа нь үйлдэл хийж байх хэрэгтэй. Үүнийг бид шинжлэх ухаанч байдал гэдэг.

"Туулай, баавгай" хоёр онгоцны талаар мэддэг байсан бол, тэр талаар өмнө нь судалж байсан бол "хэрээ"-г тэр дор нь зогсоох байсан. Тэгвэл "хэрээ" онгоцны цор ганц амьд үлдэгч биш, онгоцны цор ганц хоригдол болох байсан юм.