2019 оны 4 сарын 8
Эдийн засагч, шинжээч

Ээжээ намайг ЭРҮҮЛ төрүүлээрэй

Ядуугийн зовлон. Ядуу, бага орлоготой улс болсны хар гайгаар Монголчууд бид ч олон зовлонтой нүүр тулсан даа.

Ядуу, бага орлоготой байх нь өөрөө маш их төлөөстэй. Тэр төлөөст нь бид өөрсдийн оюун санаа, эрүүл мэнд, бүтэн амьдралаа өгч буй. Зүгээр ч үгүй ирээдүйн өв удамдаа ч энэ их төлөөсийг өвлүүлэн үлдээж буй. Хэдийгээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч бидний явуулсан бодлого 10, 50, 100 жилийн дараа ч үр нөлөөгөө өгсөөр байдаг. Үүний тод жишээ нь бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүд юм.

Монголчууд бид хүү, охиноо том болохоор нь мундаг, сайн хүн болгоно, бусдыг хайрладаг хүн болгоно гэхчлэн ярьдаг шүү дээ. Гэвч том болтол нь хүлээж суух биш хүүхэд урагт бүрэлдэж эхэлсэн тэр үеэс нь эхлээд бүр илүү анхаарах цаг нэгэнт иржээ. 2000-аад оны үе бол үнэндээ л Монголын нийгэм, эдийн засаг бүхэлдээ хүнд жилүүд байв. Тухайн үед нялхсын эндэгдэл 100 амьд төрөлт тутамд 6, эхийн эндэгдэл 10,000 амьд төрөлт тутамд 26 тус тус тохиодог байв.

Харин өнөөдөр нялхсын эндэгдэл 100 амьд төрөлт тутамд 1, эхийн эндэгдэл 10,000 амьд төрөлт тутамд 2 болтлоо буурчээ. Эх болон нялхсын эндэгдэл буурсан шалтгаан нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, төрөл бүрийн вакцин, техник технологиуд анагаах ухаанд нэвтэрсэн зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой болов уу.

ЭХ БОЛОН НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРСАН ХЭДИЙ Ч НЯЛХСЫН ӨВЧЛӨЛ, ҮР ЗУЛБАЛТ, УРГИЙН ГАЖИГ ЖИЛ БҮР НЭМЭГДСЭЭР ИРЖЭЭ

Ялангуяа, нялхсын өвчлөлийн гол шалтгаан нь агаарын бохирдлоос үүдэлтэй хатгалгаа болж байна. Жилийн 1-3 дугаар саруудад Зүүн Азийн орнуудад агаарын бохирдол маш их үүсдэг бөгөөд сансраас харагдах хэмжээний тод болсон учир АЗИЙН БОР ҮҮЛ хэмээн нэрийджээ.

Бид яг л энэ бор үүлэн дотор амьдарч буй... Урин дулаан цаг ирж, цаг агаар дулаарч байгаа болохоор бид утааны тухай хэдийн мартсан бололтой. Магадгүй утааны улирал эхлэхэд пий паа гэсээр бөөн бухимдал болох биз. Яг л торонд орсон загас шиг... 30 секундийн л ой санамжтай учир торноосоо хэзээ ч ухарч гарахаа мэддэггүй урагш зүтгэсээр үхдэгтэй адил. 

Нөгөөтээгүүр, төрөлтийн дундаж нас хойшилж байгаа нь нялхсын өвчлөл, ургийн гажигтай хүүхэд өсөхөд нөлөөлж байна. Дээд боловсролтой, зөв төрхтэй цэвэрлэгч, худалдагч хайдаг болсон өнөө цагт төрөлтийн нас хойшлох нь аргагүй биз ээ. Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нөхөн үржихүйн хамгийн тохиромжтой насыг 20-34 гэж тодорхойлсон байдаг. Гэвч манайд 20-24 насны эхчүүдийн төрөлт багасаж 30-с дээш насны эхчүүдийн төрөлт огцом нэмэгдэж эхэлжээ.

x