2019 оны 4 сарын 7
www.oronsuuts.com сайтын үүсгэн байгуулагч, ҮҮХ-ийн салбарын сэтгүүлч

П.Одгэрэл: ҮХХ-ийн борлуулагч сэтгэл зүйн хувьд өөдрөг, уйгагүй зан чанарыг шаардаж байдаг онцгой мэргэжил

Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны үүсгэн байгуулагч, ТУЗ гишүүн, "Mesko Consulting" LLC захирал П.Одгэрэлийн өөрийн фэйсбүүк хуудастаа оруулсан ҮХХ холбоотой 20 постыг танилцуулж байна. Тэрбээр Хан-Уул таур, Сэлбэ хотхон, Морьтон, Emerald, Дөрвөн улирал гэх мэт 8 барилгын төсөл дээр ажилласан ТУРШЛАГАТАЙ, ЧАДВАРЛАГ цөөхөн захирлуудын нэг билээ.

1. Хувиа хичээгчид хамгийн түрүүнд цомтголд ордог.

2. Бэлэн амьдрал бэлгэнд авсан хvмvvс эрх чөлөөгүй. Хvн өөрөө алдаж онох, унаж босох нь жинхэнэ эрх чөлөө.

3. Хамтарна нэгдэнэ гэдэг төлөвшсөн хүмүүсийн хийж чаддаг зүйл юм байна.

4. 100-н удаа байр үзүүлж байж 3 нь л зарагддаг. Тэвчээртэй тууштай байж чадсан хүн YХХ-ийн борлуулагч болж хүлээн зөвшөөрөгддөг.

5. Уучлаарай Монголчуудаа, Барилгачин болсон биш бороо битгий ороосой гэж боддог боллоо.

6. ҮХХ-ийн борлуулагч сэтгэл зүйн хувьд өөдрөг, уйгагүй зан чанарыг шаардаж байдаг онцгой мэргэжил. Өдөрт 40-50 дуудлагад хариулт өгнө, 10-15 хүнд үл хөдлөх хөрөнгүүдээ танилцуулж, хичээл зүтгэл орно. Сөрөг хандлагатай залхуудуу хүн хэзээ ч энэ ажлыг тууштай хийж чадахгүй. 

7. Яг одоогийн байдлаар хамгийн сайн Үл Хөдлөх Хөрөнгийн борлуулалтын компани нэрлэ гэвэл MGG Properties л хэлнэ. Олон жилийн туршлагатай, үргэлж шинэлэг, борлуулагч нар нь компанидаа удаан ажиллаж байгаа гэх мэт. Борлуулалтаас гадна хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ зэргийг үзүүлдэг байх шүү.

8. Хуучин ДҮРЭМ: Хүний хамгийн чухал хөрөнгө бол ажиллах хүч. Үүнийгээ аль болох өндрөөр үнэлж худалдах хэрэгтэй.

Шинэ ДҮРЭМ: Мэдээллийн эрин зуунд таны хамгийн чухал өмч хөрөнгө бол таны сэдэл санаа. Тэр сэдэл санаагаа яаж зарж борлуулж болох вэ? гэдгийг бодох хэрэгтэй.

9. Орон сууцны нөхцөлөө сайжруулах эрэлтийн үе ирж байгаатай холбогдуулан худалдан авагчийн зан төлөвийн судалгааг зорилтод 100 хүн дээр авлаа. Зөндөө л олон сонирхолтой дүгнэлт гарч байна, хамгийн чухал нөлөө үзүүлэгч нь үйлчилгээний ажилтан буюу түүний харилцаа, зан төлөвт маш хүчтэй нөлөөлдгийг дахин баталлаа. Гэтэл манай барилгынхан нягтлангаараа л зүтгүүлээд байдаг үзэгдэл одоо ч бий.

10. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 аад жил амьдралаа зориуллаа. - Энэ барилгын үнэ цэнийг яаж өсгөх вэ? тэр хүний зээлийг яаж бүтээх вэ? гэх мэт үнэхээрийн сэтгэл зүтгэл гаргаж ажилласан.

Заримдаа гэр бүлийнхэндээ зэмлүүлэн байж өөртөө ашигтай гэрээнээс хүнлэг чанар, алс ирээдүйгээ бодож байна гээд татгалздаг байлаа. Энэ чанарыг хүмүүс ойлгохгүй байсан ч сэтгэл дотроо баян, аз жаргалыг дотроосоо мэдэрч явдаг.

11. Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч болсноос хойш амралтын өдөр гэртээ бүтэн өнжиж үзсэн өдөр ховорхон. Одоо ч бүүр дассан байна, ажлын стресст орохгүйн тулд амралтаа бас зохицуулж сурсан.

12. Америкт реалтор хийж үзнэ гэж бодоод л байгаа, хэд хэдэн реалторуудтай нь уулзаж үзсэн би үнэхээр сэргэлэн цовоо хурдтай байж чадах юм байна гэж бодон өөртөө үнэхээрийн итгэлтэй болсон шүү.

13. Хамгийн сайн байршилд хамгийн муу барилга барьдаг  Эко констракшн, Алтай констракшн  гэх мэт компаниуд хангалттай хөрөнгөжсөн байлтай. Цаашид жоохон сэтгэлтэй хандаасай! Улс эх орны хөгжил зөвхөн улс төрчдөөс хамаарахгүй УХАМСАРТАЙ, ЕС ЗҮЙТЭЙ бизнес эрхлэгчдээс ч мөн адил хамааралтай.

14. Тав тух, чанар, хаа ч байхгүй шинэ орчин шингээсэн хаусны хотхон бүтээн байгуулна гэж мөрөөдөж эхлээд 2 жил болж байна. Судлаад л төлөвлөөд л байгаа. Монголдоо шилдэг интерьер дизайнер хамтрагч маань "Одгэрэлээ төслөө маш өвөрмөц тодорхой хийсэн байхад хөрөнгө оруулагч олох бол чи бид хоёрт асуудал биш шүү" гэж хэлээд мөрөөдлийг минь тодорхой зорилго болгосон.

15. ҮХХ салбарт 9 жил ажиллахдаа, 2 жил борлуулалт хийж чадаагүй барилгын компанид ажиллаад 21 дэх хоногтоо 2 тэрбумын борлуулалт хийж өглөө. (ClassicTower). Эдийн засгийн таагүй нөхцөлд, байршил муутай газар баригдсан 7600м2 барилгыг 80% дүүргэлт хийж байлаа. ( Хан-Уул таур)... 20-оод төсөл дээр ажилласан байна.

16. Борлуулалтыг хэрхэн сайжруулах, мөн сөрөг хандлагаас хэрхэн зайлсхийх вэ гэсэн 2 асуултыг өөрөөсөө асуу.

- Чадвартай бөгөөд борлуулалтын үр дүн гаргадаг хүмүүс бараагаа хэрхэн зарж борлуулах талаар судалдаг, боловсруулдаг. Хувийн зохион байгуулалт маш сайтай, эерэг өөдрөг тэмүүлэлтэй хүмүүс байдаг ийм хүмүүс ихэнхдээ эмзэг аливаад чин сэтгэлээсээ ханддаг учир сэтгэлээр унах нь хурдан, тэгэхээр хүчтэй бай сул дорой үйлдэл бүү гарга.

- Чадваргүй бөгөөд борлуулагч байх тохиромжгүй хүмүүс үргэлж ховоор хооллох буюу удирдлагаа үргэлж ар талаар нь муулж, хамт олноо, үйлчлүүлэгчдээ үргэлж муу талаас нь харж боломжтой борлуулалтыг будилуулж гацааж байдаг. Тэднийг ялгахад маш хэцүү, муу санаа нь дээд хэмжээгээр хөгжсөн байдаг учир уснаас хуурай гарах нь элбэг. Аль нь вэ гэдгээ өөртөө тунгаагаад эртхэн өөрийгөө засаж залруулж ав. Хүн бүү ярьж бай! Шийдэл ярьж бай! Зүгээр л ажил шүү дээ. Зүгээр л хөгж, зүгээр л үр дүн гаргая.

 

17. Бяцхан түүх өгүүлье. Emerald хотхонтой манай компани Мэско Консалтинг хамтран ажиллаж байх үед миний бие хувиараа гадаад хөрөнгө оруулалттай өөр барилгын компанид давхар гүйцэтгэх захирлаар ажиллах боломж гарсан юм (Emerald-ийн маркетинг идэвхжүүлэлт өөрийн зүгээс хийсэн борлуулалт тогтвортой хийгдэж, менежерүүд ажиллах арга барилаа олсон байсан).

Анх удаа сард төгрөгөөр тооцвол 18 сая орчим төгрөгийн цалинтай ажиллаж билээ. Энэ үед маш олон сонирхолтой үйл явдлууд болсон ч компанийн дотоод асуудал дэлгэж болохгүй учир товчхондоо тэр компаниас өөрийн хүсэлтээр ажлаас гарахаа мэдэгдэж Emerald хотхондоо бүрэн өөрийгөө зориулж ажиллахаар болсон юм. (Тэр үед ар гэрийнхэн өндөр цалинтай ажлаа битгий орхи гэж ямар их ятгаваа).

Учир нь миний хувьд чанартай сайн барилгыг итгэл төгс зарж борлуулахад авьяас чадвараа гаргахыг хичээдэг, үр дүн нь хурдан гардаг. Ажилдаа дурлах хүслийг бадраадаг юм шиг байгаа юм. Барилгын төлөвлөлт, бүтээц, орсон материалууд, дотор зохион байгуулалт гээд үнэхээрийн хүний төлөө маш их бодож хийсэн, хүч хөдөлмөр зарцуулсан жинхэнэ капитал  энэ барилгаар би бахархаж ажилладаг юм. "Emerald Residence" барилгын компанийнхандаа Барилгачдын баярын мэнд хүргэе!

18. Хүмүүс их буруу бодолтой байдаг юм байна лээ. "Танай Emerald Residence хотхон чинь зарагдахгүй байгаа юм уу зар нь яваад л байх юм" гэсэн. Нийт 800 айлын хотхон учир зарагдаж дуустал зар сурталчилгаагаа явуулна. Яг үнэндээ Emerald хотхон бол ирж үзсэн хүн бүрд шахуу таалагддаг маш сайн орон сууц.

Сардаа 27, 28 ш байр хүртэл зарагддаг гэхэд Мастер пропертизийн ахлах менежер манайх оргил үедээ ч тийм байж үзээгүй үнэн ярьж байна уу гэж хэлэхэд нь за сайн байгаа юм байна даа гэж баярлаж билээ.  Үнэхээрийн чанартай барьсан, зөв зохион байрлалтай. Энэ барилгын танилцуулгыг анх аваад маркетинг төлөвлөлт, брэндийг хийж байхдаа ажилдаа дурлах сэтгэл минь дээд цэгтээ шахуу хүрч оффис дээрээ хонон өнжин өнгө дизайн, танилцуулгыг хийж байлаа.  За бичээд байвал их л юм байна, сая дахин нэг гэрээ хийгдлээ.

19. ӨӨРСДИЙГӨӨ МАРТДАГ ҮХХ ЗУУЧЛАЛЫНХАН.

Анзаараад байхад манай туршлагатай зуучлалын компанийнхан өөрсдийн PR-аа хийдэггүй нөгөө л борлуулах байрууд, төслүүдээ сурталчилж өнгөлж явдаг. Манайх гэхэд 7 жилийн өмнөөс, байгуулагдсанаасаа хойш компанийнхаа сурталчилгааг олигтой цацаж үзээгүй. Харин Хан-Уул таур, Сэлбэ хотхон, Морьтон, Emerald гэх мэт төслүүдийг өндөрт өргөж ирлээ.

Бид энэ хугацаанд 8 барилгын төсөл дээр ажиллаж зах зээлд нэвтрүүлсэн. Дэндүү зоригтой төлөвлөгөө гаргадаг байжээ. Санаанд оромгүй амжилттай явсан үе байхад, төлөвлөгөөндөө хүрч чадаагүй уналт ч байсан.  Судлаач, санхүүч, аж ахуйч гээд бүх зүйл дээр үнэлээд баршгүй туршлага хуримтлуулсан.

Бидний үнэт зүйл нь тухайн барилгын компанийн санал ирэхэд, хэрхэн зах зээлд нэвтрүүлэх, бага зардлаар маркетингийн оновчтой сувгуудыг яаж ашиглах вэ гэж хүлээж авдаг байснаас биш хэдэн төгрөгийн олз олох бол гэж дамын наймаачин шиг хандаж үзээгүй юм.

Эдийн засгийн хүнд үед болоод  харилцагчдаа хайрлаад, барилгын тог дулаанаа хангалттай өгөөд,  өөрсдөө машиныхаа шар гэрлийг асаад даараад  явдаг байж билээ. Эргээд харахад ажилдаа яасан их дурлаа вэ.

Харин энэ хугацаанд хоёрдугаар зах зээл дээр алдаа дутагдал байсан. Тод санаж байгаа нь  Zoko Mendbayar найздаа олигтой үйлчилж чадаагүйдээ одоо ч сэтгэл гонсойж явдаг. Хувь хүмүүсийн орон сууц зуучлал хийж амжихгүй байсан юм.

Сүүлдээ Листинг орж ирэхээр манайх одоохондоо амжихгүй гээд бусад зуучлалын байгууллагуудаа зааж өгдөг болсон байж билээ. Гол нь хүн хүч хүрэлцэхгүй нөгөө л гэрээлсэн барилгынхаа дата цуглуулах, өрсөлдөгч хотхоноо судлах, байруудаа үзүүлэх, маркетингаа хийх гээд ажил мундахгүй байлаа. Эцэст нь бүх ҮХХ-ийн мэргэжлийн компаниуддаа амжилт хүсье!  Бид эдийн засагт олон олон сая, тэрбумаар зуучлан нийлүүлэлт хийж нөлөөлж байгаа. Бид чадна Бид чадсаар ирсэн.

20.  Орон байр хүний амьдралын Ноён нурууг заадаг. Би өөрийн орон гэрээ бий болгосноос хойш 4 дэх удаагаа нүүж байна. Хамгийн анх банкны моргейжээр Богд ард 2 өрөө байр авч байлаа тэндээ 2 жил амьдраад байраа томруулж их дэлгүүрийн хажууд ANN (тухайн үедээ хотын төвийн хамгийн өндөр хамгийн гоё байр байв ) 4 өрөө болгон томруулж байсан.

Удалгүй маш ойрын хүн томоохон бизнес эхлэхэд дэмж гээд барьцаанд тавив! (Ганзагын наймаа хийж байхдаа дэлгүүрээ өргөтгөх шаардлага гараад ойрын хүнээсээ гуйж байрыг нь барьцаанд тавьж байсан, дажгүй төлөөд буцаагаад авч өгч байсан учир туслах ёстой гэсэн сэтгэлээр) өөрийн байраа барьцаанд тавиулаад алдсан. Аав ээжийнхээ хуучны байр луугаа нүүж очин тэндээ хэдэн жил зээл, хүүгүй санаа амар байж байтал гэнэт нэг өдөр хаалга тогшиж БИД ББСБ хүн энэ байр хураалгах болсон гэдэг юм даа.

Гэтэл бас гэр бүл дотор асуудал болсон гэх мэт олон зүйлийг даван туулж явж байхдаа найз эгчтэйгээ ярилцаж суугаад би ер нь яахаараа ийм азгүй бүтэлгүй юм гээд л жигтэйхэн их уйлав... Надад их сайхан үг хэлж билээ " чи орон байр зарж хүмүүст буянтай ажил хийдэг энэ даалгавраа биелүүлэхийн тулд чи илүү үнэ цэнийг нь мэддэг байх ёстой, өөрөө сайн мэдэрч байж хүмүүст хэлж зөвлөж байгаа үг нэг бүр болон нүдний харц чинь хүртэл үнэн байх ёстой.

Бүүр гоё хэлсэн үг нь "Үзэл бодлын шийрэгнэлгүй болно" гэхэд нээх их сайхан хөнгөрч тархиа тайвшруулж билээ. Нэрээ ч энэ ажилдаа үнэнхүү дуртай, нэг тийм зовоод байгаа юм шиг биш кайф аваад ажиллаад байдаг юмаа.

Миний амьдрал саад бартаа байдаг ч тэр болгоны дараа амьдрал илүү амттай илүү сонирхолтой болж байдаг. Энэ бүхний эцэст бий болсон юм бүхэн дэндүү үнэтэй.

Аав ээж минь айхтар их өмч хөрөнгө үлдээгээгүй гэхдээ надад цэвэр ариун байх шударга хөдөлмөрлөх түүний амтыг мэдэрч, өөрөө сэтгэл хангалуун байснаар амьдрал илүү утга учиртай санагддаг гэдэг маш том ухаан, өв хөрөнгө үлдээсэн. Орон байрны энэ асуудал зарим хүмүүст сул тал болж байгаа мэт харагдуулдаг байсан боловч бодит амьдрал дээр илүү сахилга баттай амьдрах, илүү эргэцүүлэх хамгийн гол нь карьерт минь маш том түлхэц болсоор байна.

 

 

x