Индэр    
2019 оны 4 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Элдэв сургуультай ЭРГҮҮЛИЙН МОРЬД

 
Зүүн гар талаас Эргүүлийн алба хаагч, дэд ахлагч О.Чинзориг Гэдгэр хээр, дэд ахлагч Г.Ганболд Өсгий цагаан хээр.

-Морьт эргүүлүүд 2018 онд Туул голд живж байсан нэг иргэнийг аварч, хулгайн гурав, танхайн дөрвөн гэмт хэргийг таслан зогсоожээ-

Автомашинаар хүрч очиход хүндрэлтэй, Туул голын ай сав зэрэг газруудад нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг морьт эргүүлүүд гүйцэтгэдэг. Түүгээр зогсохгүй шаардлагатай тохиолдолд хотын төв, Наадмын үеэр Төв цэнгэлдэхэд "ажилладаг" эргүүлийн морьдтой танилцахаар 22-ын товчооны ойролцоо байрлах Нийслэлийн цагдаагийн газрын албаны морьдын зүчээг зорилоо. 

Зүчээнд 10-аад морь, унага, дааганууд байх бөгөөд эргүүлийн цагдаагийн хоёр алба хаагч тэднийг бидэнд танилцуулсан юм. Эргүүлд гардаг морьд зүчээнд ийнхүү үлдсэн бол үржүүлж буй бусад "алба хаагчид" ойрхон бэлчээртээ гарчээ. 

Эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг морьдыг хариуцсан алба хаагчийнх нь нэрээр овоглож, зүс, зан байдлыг нь агуулсан нэрээр нэрлэж, дууддаг аж. Миний хувьд Өсгий цагаан хээр, Гэдгэр хээр, Пүүжээгийн бор, Отгоннямын хар, Чинзогийн халзан зэрэг танилтай болсон юм. 

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Оросын Холбооны Буриад улсаас 2010 онд анхны Будени үүлдрийн 20 адууг авчирснаар цагдаагийн байгууллага ийнхүү морин эргүүлтэй болсон түүхтэй. Будени үүлдрийн морь монгол морийг бодвол өндөр, заасан зүйлийг хурдан сурдаг, номхон дөлгөөн зантайг эргүүлийн алба хаагчид хэлж байлаа.

Нийслэлийн Цагдаагийн газрын албаны адууны зүчээнд одоогийн байдлаар хоёр азарга, 10 морь, есөн гүү, шүдлэн, даага, унаганууд нийлсэн 40 гаруй толгой адуу албан үүрэгтээ суралцаж байна.

"Эргүүлийн морь номхон дөлгөөн, хүнд дассан, машин техникээс үргэдэггүй байх ёстой"

 

Эргүүлийн морьд олон хүнтэй, машин техник, элдэв чимээ шуугиантай газар үүрэг гүйцэтгэдэг учир номхон дөлгөөн, хүнд дассан, машин техникээс үргэж айдаггүй байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой аж. Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа учраас хаздаг, өшиглөдөг муухай зантай байж огт болохгүй гэдгийг нийслэлийн Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Цэвээн-Очир тайлбарлалаа.

 

Эргүүлийн морьд зайлшгүй эзэмших дээрх чадвараас гадна хэвтэх, харайх, ёслох, цоройх үйлдлүүдийг тун сурамгай хийдэг болгожээ. Эдгээр нь үндсэн ажлаа хийхэд хэрэггүй ч анхнаас нь морьдоо сургах үедээ алба хаагчид заачихдаг гэнэ. Морьд нь эдгээр командыг тун хурдан сурдгийг тэд хэлж байлаа.

Бидэнд Өсгий цагаан хээр, Гэдгэр хээр хоёрыг эмээллэж байгаад тусгайлан танилцуулсан юм. Үнэхээр ч Гэдгэр хээр толгойгоо гэдийлгэн алхдаг бол Өсгий цагаан хээр элдэвтэй, сурамгай болох нь анзаарагдав.

Өсгий цагаан хээр "Ёсолъё", "Цорой" гэж чанга тод хэлэх бүрт сурамгай гэгч нь ёсолж, цоройж байлаа.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Морьдыг хүйтний улиралд эргүүлийн цагдаагийн алба хаагчид гурван ээлжээр хариуцан малладаг. Харин эргүүлд гарах болоход 10 морь тус бүрийг нэг алба хаагч хариуцсан таван чиглэлд үүрэг гүйцэтгэдэг байна.

Нэг морь дор хаяж 13 жил эргүүлийн үүрэг гүйцэтгэх боломжтой

 

2010 онд ирсэн морьд эргүүлийн үүргээ гүйцэтгэсээр байгаа бөгөөд дор хаяж 13 жил "ажиллах" боломжтой аж.

Тавдугаар сарын 1-нээс морьт эргүүл үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Ялангуяа, амралт зугаалгын үед эргүүл чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гарахаас хамгаална.

Зөвхөн 2018 онд л гэхэд морьт эргүүлүүд голын уснаас нэг иргэний амь насыг аварч, хэд хэдэн гэмт хэргийг таслан зогсоосон төдийгүй эргүүл хийх хугацаанд ногоон бүс дэх гэмт хэргийн гаралт буурч байжээ.

"Хотын төвд, олон хүнтэй газар морьтой эргүүл хийх нь олон зүйлийг харах боломжийг олгодог. Сүхбаатарын талбайн баруун захад байгаа морьтой эргүүл зүүн захыг, олон хүн дунд юу болж байгааг харах боломжтой.

Морьтой хотын төвөөр явах нь морьтон ахуйг сурталчлахад ч чухал үүрэгтэй юм болов уу гэж боддог" хэмээн Ж.Цэвээн-Очир хошууч хэлсэн юм. 

Одоогоор морьт эргүүл зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа ч автомашинаар хүрч очиход түвэгтэй газрууд тухайлбал ой модонд эрэн хайх чиглэлээр үүрэг гүйцэтгэх боломжтой аж.

ФОТО

Гэрэл зургийг Г.Өнөболд mpa.mn /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/