Индэр    
2019 оны 4 сарын 1
Зураг
Эдийн засагч, шинжээч

ЁС СУРТАХУУНЫ ГАЖУУДАЛ – Мэдээллийн тэгш бус байдал

ХҮМҮҮС БОЛЖ ӨГВӨЛ Л ХАРИУЦЛАГААС ЗАЙЛСХИЙДЭГ

Бид ажил дээрээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Магадгүй гэрээ байгуулсан шиг тэр гүйцэтгэл, хүчин чармайлтыг бид гаргадаг болов уу? Ажил олгогч, ажилтныг байнга хянаад байж чадахгүй учраас гэрээнд заагдсан үүрэг даалгавар бүрэн биелэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Энэ нь хоёр талын мэдээлэл дутмагаас үүсч бий болсон тодорхой бус байдал юм. Энэхүү ойлголтыг эдийн засагт ЁС СУРТАХУУНЫ ГАЖУУДАЛ гэх бөгөөд АНУ-н эдийн засагч Кенет Эрроу анх судалжээ. Энэхүү ойлголтыг илүү ойлгохын тулд даатгалын зах зээл дээрх авч үзье.

Иргэн Бат аяллын даатгал хийлгэжээ. Түүнд эрсдэлээс хамгаалагдсан мэт мэдрэмж төрж, улмаар илүү аз туршсан үйлдэл хийхэд нөлөөлж болох талтай. Иймд даатгалын компанийн нөхөн төлбөрийн зардал нь өснө гэсэн үг. Тиймээс ч даатгалын компаниуд тухайн хүнийг чадах хүртлээ судалж байж нөхөн төлбөрөө тогтоодог. 

БҮТЭЛГҮЙТЭХЭД ХЭТЭРХИЙ ТОМ НӨЛӨӨТЭЙ ЮУ?

Ёс суртахууны гажуудлын нэг тод жишээ бол 2008 оны хямрал юм. АНУ-д банкууд бүтэлгүйтвэл эдийн засагт хэтэрхий том нөлөөтэй байсан учраас Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарсан. Тухайлбал Голдман сакс банк нь тухайн үед төв банкнаас их хэмжээний мөнгө авснаар амьд үлдэж байсан. Энэ нь системийн том банкууд ямар нэг байдлаар үйл ажиллагаа нь доголдвол эдийн засгийн уналтын гол шалтгаан болно гэдгийг мэддэг учраас Засгийн газраас банкуудад тусална гэж боддог.

Энэхүү бодол нь банкуудыг хэт их эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд хүргэнэ гэж үздэг. Улмаар ёс суртахууны гажуудлыг бий болгож байгаа юм. 2012 оны Евро бүсийн хямралыг ч дурьдаж болно. Энэ нь Европын холбоон дахь Грекийн өрийн асуудал байв. Тус улсууд нь хүнд нөхцөл байдалд орсон үед Холбооны дэмжлэг байна гэсэн үүднээс бодлогоо замбараагүй явуулж эхэлсэн. 

СОНГОГЧИД ДАНДАА ХУУРТДАГ. ОДОО Ч ХУУРТСААР БАЙГАА...

Манайд ч гэсэн дээр дурьдсан кейсүүд маш олон тохиосон. Энэ удаад улс төрийн намуудын жишээ дээр тулгуурлан ярьж үзье. Улс төрийн намууд нь сонгогчдын эдийн засаг, улс төрийн мэдээлэлгүй, мэдлэггүй байдлыг далимдуулан сонгуульд оролцдог. Харилцан адилгүй мэдээлэл дунд сонгууль явагддаг учраас улмаар дээрх ёс зүйн гажуудлыг дахин бий болгодог. Сүүлийн үед болсон улс төрийн үйл явдал дээр ёс зүйн гажуудал хэрхэн үүсч буйг харъя.

  • Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам ардын намаас хариуцлага нэхэж байна гэнэ. Учир нь Монгол улсын нэг хүнд оногдох өр 23 сая төгрөгт хүрчээ. Гэвч тэд эрх барих хугацаандаа өөрсдөө энэ их өрийг тавьж, дараа нь хоорондоо хувааж идсэн. Энэ бол ард түмний мэдээлэлгүй байдлыг ашиглан дураараа авирлаж байгаа хэрэг юм. Учир нь сонгогчид өмнөх үйл явдлуудыг ихэнх нь мартсан байх магадлал өндөртэй байдаг.
  • Ардын нам эдийн засаг 2019 онд 6.9 хувиар өслөө. Бид эдийн засгаа аварч чадлаа гэж ярьцгааж байна. Яг юу болсон бэ? 2016 оны сүүлээс нүүрсний үнэ сэргэсэн, Ардчилсан намын тавьсан өрнүүдийг 2021 оноос төлөхөөр болж хойшлуулан, өөрсдийн 4 жилээ авч үлдсэн. Тэдэнд нэг талаараа АЗ тохиосон. Гэвч ард иргэдэд энэ өсөлт мэдрэгдэж байна уу?

    Ард иргэд зүгээр л банкны зээлийн хүү буурснаар, зээлээ авах боломжтой болсон болохоор л хэрэглээгээ нэмж чадсан хэрэг. Үнэндээ энэ өсөлт яагаад бидэнд мэдрэгдэхгүй, яагаад бидэнд хүрэхгүй байгааг доорх зургаас харах боломжтой. Бид баялагаа өмнөх жилээс хэр нэмэгдсэн эсэхийг ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН-р хэмждэг. Харин үүнд Монгол улсын хил доторх гадны, дотны бүх компаниуд харьяалагддаг. Харин ҮНДЭСНИЙ НИЙТ ОРЛОГО –нь зөвхөн Монголын бий болгосон баялагийг хэмждэг. Одоо харвал 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувиар өсөхөд, үндэсний нийт орлого 2 хувиар буурчээ. Тэгэхээр биднийг зүгээр л төөрөгдүүлсэн байх нь. 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо