Индэр    
2019 оны 3 сарын 25
Зураг
Эдийн засагч, шинжээч

Их шуурганы өмнөх НАМ ГҮМ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Яагаад их шуурганы өмнө нам гүм ноёлдог вэ? Ямар ч салхигүй, ямар ч шувуу жиргэхгүй, ямар ч илүү хөдөлгөөнгүй. Шуурганаас үүссэн агаарын их хэмжээний хүчтэй урсгал нь ойр орчмын халуун болон чийглэг агаарыг өөртөө татдаг. Үүнээс нь шалтгаалан шуурга ирэхээс өмнө тухайн газарт хуурай, вакум орчин үүсдэг байна. Тиймээс нам гүм байдал ноёлдог ажээ.

Монголын эдийн засагт яг ийм нам гүм байдал бий болжээ. Энэ нам гүм байдал 2019-2020 онуудад үргэлжлэх хэдий ч 2021 оноос эхлэн их шуурга дэгдэх магадлал өндөр байна. Үнэндээ бидэнтэй нүүр тулсан тэр их шуургыг Монгол Улс зүгээр л хойшлуулсан хэрэг. Тийм ч учраас эдийн засаг маань одоо ч эмзэг хэвээр байгааг өсөлт нь хүртээмжгүй, шууд хөрөнгө оруулалт нь хэдхэн мега төсөл тойрсон, өрхүүд нь зээлийн дарамттай, байгууллагууд нь ханшийн эрсдэлд өртөмтгий, улс нь их хэмжээний өртэй зэрэг байдлаас тод харж болно.

Нам гүм байдал буюу 2019-2020 он

Манай улс төрд үе үе хуй салхи дэгдсээр байгаа ч эдийн засгийн хувьд 2019-2020 онд нам гүм байдал давамгайлахаар байна. Олон улсын зах зээлийн хувьд "луу", "бүргэд" хоёрын тулаан дундуур "кенгуру" гүйж орсон нь дайран дээр давс нэмсэн хэрэг болов. Энэ хэргээс шалтгаалан Хятад улс Австралид нүүрсний хориг(жилд 12 сая тонн) тавьсан нь Монголд томоохон боломж бий болгоод байна. Ерөнхийдөө Хятадын коксжих нүүрсний импортын 40 орчим хувийг Монгол(36 сая тонн), 45 орчим хувийг Австрали(38 сая тонн) нийлүүлдэг.       

Бид эдийн засагтаа энэ нам гүм байдлыг хэрхэн бий болгосон вэ? 

Эдийн засгийн хувьд 2015, 2016 онууд нь нэлээд хүнд байсан. 2016 оны сүүлээс дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өсөж, 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт багтан гадаад валютын орох урсгал нэмэгдэж, Засгийн газар гадагшаа төлөх өрнийхөө хугацааг нь сунгав. ОУВС-ийн хөтөлбөрийн шаардлага хангахын тулд мөнгөний зөөлөн бодлого, төсвийн үр ашигтай бодлого явуулж эхэлсэн нь эдийн засаг сэргэхэд нөлөөлөв. Гэвч бид асуудлыг үнэндээ шийдэж чадсан уу гэвэл үгүй. Гадаад өр хэвэндээ, эдийн засаг өсөлттэй ч хүртээмжтэй бус, ханшийн эрсдэлд маш мэдрэмтгий, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ганц, хоёр мега төслөөс өндөр хамааралтай хэвээр байна. 

 

Эх үүсвэр: Судлаачийн тооцоолол

Их шуурга дэгдэх үе
 

2012-2016 оны эрх баригчид Монголынхоо нэрийг бариад их хэмжээний зээл тавьж, түүнийгээ өвөр хоорондоо идэлцжээ. Харин 2016-2020 оны эрх баригчид тэр их өрийнх нь хугацааг хойшлуулсан л төдий. Нэгэнт хэн нэгэн Бат, Дорж өөрийн нэрээрээ аваагүй учраас Монгол Улс энэ өрийг төлөх ёстой. Төлөх төлөхдөө ААН, иргэдийн татварын мөнгөөр л дахин төлөх болно. Тодруулбал, 2021 онд төсвийн орлогынхоо 20 хувьтай(676 сая ам.доллар), 2022 онд 40 хувьтай(1 тэрбум ам.доллар), 2023 онд 30 хувьтай(875 сая ам.доллар) тэнцэхүйц гадаад зээлийг бид төлөх шаардлагатай. Хэрэв чадахгүй, хугацаагаа дахин сунгахаар бол төлөх хэмжээ нь ханшийн зөрүү болон хүүгийн хэмжээгээрээ нэмэгдээд л явна. Ингэж төсвөө цөлмөн байж төлөх нь цалин, халамж, тэтгэвэр өсөхгүйгээр зогсохгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хөрөнгө оруулалт тэр чигээрээ зогсоход хүргэнэ гэсэн үг.

Их шуурганаас өөрсдийгөө авч гарч чадах уу?

Бидэнд их шуурганаас зугтах боломж бий юу гэвэл бий. Гадаад зээлийн хувьд төлөхгүй дахин сунгах нь бидний хүүг л улам нэмэгдүүлнэ. Тиймээс 2021 оноос эхлэн хийгдэх энэхүү төлөлтөд бэлэн байхын тулд орж ирснээ хойш хадгалж, бэлтгэлээ базаах хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд бий болох төлбөрийн тэнцлийн хүндрэл, түүнээс үүдэх ханшийн хямралаас сэргийлэх боломжтой. Энэ бол улс орон, албан байгууллага, өрх гэр, хувь хүн бүгдэд хамаатай асуудал.

Улсын хэмнжээнд:

Олж буй орлогоо одооноос цааш нь хийж, хүнд хэцүү үед бэлдэх хэрэгтэй. Тиймээс "Би идэх үү? чи идэх үү?" гэж хэрэлдэхийнхээ оронд өнөөдрөөс нэг улс, нэг айл шиг нэгдсэн хүчээр төсвийн зөв, үр ашигтай бодлого явуулах хэрэгтэй. Гэтэл энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын зардлаа өмнөх жилээс 1.0 их наядаар нэмэгдүүлчихсэн, орлогоо ч мөн өөдрөг төсөөлчихөөп буй. Уг нь бид ингэх ёсгүй юмсан.

Аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд: 

Ирээдүйн эрсдэлд бэлдсэн үйл ажиллагааг одооноос явуулах хэрэгтэй. Мэдээж нам гүм байх хоёр жилийг ашиглах шаардлагатай. Үүний зэрэгцээ дараа үеэс нь бий болох ханшийн болон хүүгийн эрсдлээ маш сайн тооцох хэрэгтэй. Одоо бол мэдрэмжээрээ эсвэл ямар нэгэн улс төрийн нөлөөгөөр бус, судалгаа, шинжилгээнд суурилж явах нь зүйтэй.

Өрхийн хэмжээнд:

Өрхийн төсвийн орлогоо зөв зүйтэй зарцуулах нь чухал. Мэдээж өсөлттэй байх энэ хугацаанд хэрэглээндээ хамаг орлогоо туугаад байж болохгүй. Орлого олох эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, олсон орлогоосоо цааш нь хуримтлуулах, ирээдүйд өрийн дарамтанд орохоос сэргийлэх хэрэгтэй.