Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 2
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хамгаалагдаагүй нууц буюу гарын арван хуруу

Зураг

Хурууны минь хээ хувиршгүй
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Миний хээ минийх

Хүмүүний хурууны хээ гэдэг зүйл бол аль хэдийнэ бие даасан, тусдаа судлагдахуун болтлоо өргөжсөн томоохон ойлголт юм. Тодруулбал, хурууны хээний тусламжтайгаар хүний генетикийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Дерматоглифика /Dermatoglyphics/ гэж нэрлэдэг. Харин гэмт хэрэг илрүүлэх үйл явцад үүнийг ашиглах нь  криминалистикийн шинжлэх ухааны нэг төрөл зүйлд тооцогддог билээ.

Өнөөдөр бид олон зүйл дээр хурууны хээгээ ашиглан үйлчилгээ авч байгаа гэдгээ та анзаарсан уу? 

Өглөө ажилдаа ирэх, буцахдаа цаг бүртгэлийн төхөөрөмжид хуруугаа уншуулахаас эхлээд дэлгүүр хоршоо, банк санхүү, үүрэн холбооны байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хурууны хээний бүртгэлээр шаардлагатай үйлчилгээг авдаг болсон байна. Иймд хурууны хээний бүртгэлээр олгодог тус үйлчилгээнүүд нь иргэд болон аж ахуйн нэгжийн аль алинд нь цаг, зардал мөнгө хэмнэсэн ашигтай шийдлээр нэрлэгдэх болжээ.

Гэвч энэ асуудлыг хуульд нарийвчлан зохицуулаагүй байгаа нь маш олон эрсдлийг араасаа дагуулж эхэллээ.

Монгол Улсын иргэн бүр хурууны хээний мэдээллээ зөвхөн төрдөө л бүртгүүлдэг. Энэ харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиудаар зохицуулсан бөгөөд гарын хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөл нь улсын бүртгэлийн нэг төрөл юм. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1-т “Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна” гэж заасан.

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авахдаа хурууны хээгээ төрдөө албан ёсоор “данслуулдаг”. Мөн 25 болон 45 нас хүрч буй иргэд өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очиж хурууны хээгээ ашиглан иргэний үнэмлэхээ шинэчилдэг. Биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн иргэнд иргэний бүртгэлийн дугаар олгоно гэсэн хуулийн заалт бий.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүн бүр мөн адил хурууны хээгээ бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээдэг билээ.

Энэ ч утгаараа иргэдийн хурууны хээний мэдээллийн сан нь төрийн өмчид албан ёсоор тооцогдож, гуравдагч этгээдээс хамгаалагдсан байх ёстой. Гэвч бидний хувийн мэдээллийг аливаа эрсдлээс хамгаалах ёстой хууль маань амьдрал дээр огтоос биелэгдэхгүй байсаар.

Үүний нэг тод жишээ бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28–ны өдрийн А/61 тоот тушаалаар баталсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”–ийн хүрээнд “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем юм.

Угтаа бидний мэдээллийг найдвартайгаар хамгаалж байх ёстой төр засаг маань хамгаалж чадахгүйдээ юу, эсхүл хамгаалах хүсэлгүйдээ юу хувийн байгууллагуудыг гар даллан “та нар үүнийг ашигла” хэмээн уриалан дуудах боллоо. Хэн ч, хэзээ ч ашиглаж болохгүй бидний хувийн мэдээллийн сан руу дур зоргоороо нэвтэрч, хүссэн үйлчилгээндээ ашиглах боломжийг нээж өгсөн нь хэнд ашигтай шийдвэр вэ? Төрөөс татгалзахын аргагүй санал тавихад ямар ч байгууллага “Өө наадах чинь хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцаа байна, хууль нь батлагдахыг хүлээнэ” гээд хойш суухыг хүсэх билээ.

Хурууны хээний тусламжтайгаар бид төрийн үйлчилгээг авч, сонгох, сонгогдох эрхээ эдэлж,  хуульд заасны дагуу бусад эрх, үүргийг ч хүлээдэг. Гэвч хурууны хээний мэдээллээ бусдад алдах нь бидний аюулгүй байдал болоод хувь хүний хуулиар олгогдсон халдашгүй, чөлөөтэй байх эрхийг шууд ноцтой зөрчсөнд тооцогдох учиртай.

Дэлхийн улс орнуудын хувьд Өгөгдөл хамгаалах тухай хуулийг өндөр түвшинд анхаарч хэрэгжүүлдэг. АНУ-д л гэхэд мэдээллийн аюулгүй байдалд зориулагдсан 500 гаруй акт байдаг бол манай улсад хувь хүний биеийн давхцахгүй өгөгдлийн харилцааг тусдаа хууль, тогтоомжоор хамгаалсан нь үгүй юм. Харин УИХ-аас баталсан хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох чиглэлд Өгөгдөл хамгаалах тухай хууль, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүд тус тус багтаж байна билээ. Иргэн өөрийн сайн дурын үндсэн дээр хувийн аж ахуйн нэгжид хурууны хээний мэдээллээ өгөх нь эрх зүйн хувьд тусдаа харилцаанд тооцогдох юм.

Иймд хурууны хээний мэдээллийг бидний зөвшөөрөлгүйгээр төрийн байгууллагаас хувийн хэвшилд хараа хяналтгүйгээр ашиглуулж байгаа нь өөрөө хууль бус бөгөөд тухайн байгууллагууд нь хамгаалах, цааш нь задруулахгүй байх үүргийг хуулиар хүлээгээгүйд хэргийн хамаг зангилаа оршиж буй юм.

Нэг л өдөр хурууны хээний чинь тусламжтайгаар таны байршлыг мэдээлж, тагнаж, банк санхүү, бүртгэлийн чинь аюулгүй байдалд дур зоргоор нэвтэрч, таны өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэх аргагүй цаг үед бид амьдарч байна.

Иргэд энэ мэт ноцтой эрсдэлтэй нүүр тулахад “Уучлаарай, та Хувь хүний нууцын тухай хуульд заасан нууцаа хамгаалаагүй тул таны буруу” гээд түлхэх үү, эс бөгөөс иргэдийнхээ аюулгүй аж төрөх ёсыг сахиулан хамгаалах үндэс болсон Өгөгдлийн тухай хуулийг баталж, нийгмийн хөгжлийг дагасан эрх зүйн орчинтой болгох уу гэдэг нь энэ засаг төртэй халз тулсан сонголт болж үлдээд байна.