Индэр    
2019 оны 3 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

ҮЛГЭР ЖИШЭЭ: Тэтгэвэрт гараад мөрөөдлөө биелүүлсэн япон гэр бүл

Jenesys-2018 хөтөлбөрт хамрагдан Япон орны ахуй соёл, уламжлал, хөгжил дэвшилтэй танилцан долоо хоног аялахдаа япон хүмүүсийн аливаа зүйлд сэтгэлээсээ хандах хандлага, хөдөлмөрч, хичээнгүй нямбай занг мэдэрч явсан юм.  

Дээр дурдсан зан чанарууд илүү тод мэдрэгдсэн жишээнүүдийг хуваалцаж байна.

Чин сэтгэл буюу Омотэнаши

 

Амьдралд ганц л удаа тохиох завшаан гэж бодож хүнтэй чин сэтгэлээсээ харилцахыг Омотэнаши хэмээн нэрийдэх аж.

Энэ нь үйлчилгээний соёл дээр түлхүү харагдах бөгөөд эелдгээр мэндчилэхээс эхлэх уг харилцаа зочныг таагүй байдалд оруулахгүй байхад анхааран үргэлжилж эцэст нь зочин сэтгэл хангалуун, баяртай үлдэх ёстой. Ингэхдээ зочин бүрийг ажиглан, үүн дээрээ үндэслээд хүн бүрт өөрөөр нямбай үйлчлэхийг чухалчилна.

Хичээнгүйлэн гүйцэтгэх энэ соёл Японы уламжлалт цайны ёслолоос үүдэлтэй гэнэ. Уламжлалт цайны ёслол дөрвөн цаг орчим үргэлжилдэг бөгөөд цайны ёслолын явцад нямбай, хичээнгүй байдал хамгийн ихээр эрхэмлэдэг.

Японы ард түмний зочломтгой занг илтгэн харуулах зорилготой Омотэнаши гэх үгийн хэрэглээ Токио-2020 олимпийн эрхийг авахаар нэр дэвшиж байх үеэс нэмэгдэж, энэ соёлыг Японд төдийгүй дэлхий дахин таниулах зорилготой "Омотэнаши нийгэмлэг" үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Jenesys-2018 хөтөлбөрт хамрагдсан ахлах ангийн сурагчид, оюутнууд болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй залуу сэтгүүлчид аялалын эхний өдөр "Омотэнаши нийгэмлэг"-т зочилж уг соёлын талаар сонсож, суралцсан юм.

Хөдөлмөрч, тууштай зан: Тэтгэвэрт гараад мөрөөдлөө биелүүлсэн өвөө, эмээ хоёр

 

Бидний аяллын хөтөлбөрт Япон айлд байрлаж, тэр айлынхаа хүүхэд болох нэг өдөр багтсан байв. Аяллын гурав дахь өдөр Токиогоос Күмамото мужийн Асо сумын Минами асо тосгонд ирсэн юм. Тосгонд биднийг гэртээ байрлуулах япон аав, ээж маань тосож авах учиртай.

Гурван сэтгүүлч, нэг оюутан, нэг сурагч охиноос бүрдсэн манай хэсгийг Кан өвөө тосож авав. Оюутан охин маань МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг, сурагч охин Монгени сургуулийн ахлах ангид сурдаг, япон хэлээр дажгүй сайн ярьчихдаг тул бидэнд ойлголцоход асуудал гарсангүй.

Машинтай 10 минут орчим яваад ойн захад байрлах өвөөгийнд очлоо. Эмээ гэрийнхээ үүдэнд биднийг угтав. Хаалгаар нь ороод л бид дуу алдаж эхэллээ. Учир нь өвөөгийн өөрийн гараар хийсэн ширээ, сандал, гэр дотор байрлах булаг гээд алмайрах зүйл олон байсан юм.

70 гаруй насны өвөө, эмээ хоёр 55 насандаа тэтгэвэрт гарч, өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхээр Японы уламжлалт ахуй соёлыг харуулсан гэр буудал, зоогийн газрыг байгуулжээ.

Тэд Асо нутгийн уугуул хүмүүс бөгөөд өвөө 35 нас хүртлээ газар тариалангийн ажил эрхэлсэн ч харамсалтай нь осолд орж хөлөө хүнд гэмтээжээ. Дахин газар тариалангийн хүнд ажил хийх боломжгүй болсон тул өөрийн сонирхлоо дагаж Тоёота компанид авто машин борлуулагчаар ажилд орсон байна. Ингээд тэтгэвэрт гартлаа тууштай ажиллаж, Күмамото мужийн шилдэг борлуулагч болжээ.

Өвөө “Дуртай зүйлдээ сэтгэлээ зориулж ажилласан маань намайг амжилтад хүргэсэн. Амжилтад хүрээд зогсохгүй би аз жаргалтай байсан” хэмээн өөрийн амжилт, аз жаргалын тухай өгүүлэв.

Харин эмээ сувилагч мэргэжилтэй. 35 жил мэргэжлээрээ ажиллаад мөн 55 насандаа тэтгэвэртээ гарчээ. Амттай хоол хийдгээрээ тосгондоо алдартай эмээгийн мөрөөдөл зоогийн газартай болох байсан гэнэ. Тиймээс өвөө эмээгийн мөрөөдлийг биелүүлэхээр шийдэж, адууны зүчээ байсан газарт зоогийн газар, гэр буудлаа барьжээ.

Эмээгийн зоогийн газар

Уламжлалт ахуйтай гэр буудал, зоогийн газар зөвхөн захиалгаар үйлчилдэг, ихэвчлэн япон хүмүүс ирдэг талаар эмээ хэлж байв.  Хэд хэдэн удаа солонгос хүмүүс ирж байснаас гадна Монголоос бид очсон гэв.

Аялал жуулчлал, газар тариалан хөгжсөн энэ нутагт өвөө, эмээ хоёр мөрөөдлөө биелүүлэн амьдарч буй нь энэ.

Хүссэн зүйлээ хийхэд, мөрөөдлөө биелүүлэхэд хүний нас хамаагүй. Тууштай хөдөлмөрч байх ёстойг өвөө, эмээгийн амьдралаас үлгэрлэн харсан юм.

Хичээнгүй, нямбай байдал:  Газар хөдлөлтийн улмаас нурсан цайзыг сэргээн босгоход 20 жил зарцуулна

 

Күмамото мужид 2016 оны дөрөвдүгээр сарын 14 өдрийн 21:16 цагт 6.5 магнитуд, 16-ны 01:25 цагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 33,600 хүн гамшигт өртөж, 32 мянга орчим барилга байгууламж эвдэрч нурсан байна.

Түүнчлэн томоохон гүүр, төмөр зам түүхэн дурсгалт барилга байгууламжууд ч нуржээ. Тэдгээрийг сэргээн босгох ажил “Хичээгээрэй Күмамото” уриан дор үргэлжилсээр байгаа аж.

Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Күмамотогийн цайзыг сэргээн босгох ажил байв.

 

Нурсан цайзыг үзэхээр очиход ойролцоох талбайд том  чулуунуудыг дугаарлан өрсөн харагдана. Учрыг асуувал цайзыг яг хуучин ямар байснаар нь сэргээхийн тулд чулуу тус бүрийг ялгаж тавьсан нь энэ гэв.

Үргэлжлүүлэн хөтөч “Цайзыг сэргээн босгохын тулд бүтэн байхад нь тал бүрээс авсан 40,000 гэрэл зургийг ашиглаж байгаа. Тэдгээр зургуудыг компьютерт оруулж, хаана нь ямар хэлбэр, хэмжээтэй чулуу байсныг нэг бүрчлэн тооцоолоход ашиглаж байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

Нурсан хэсгийн ханыг харвал гадна талаар том чулуунууд, дотроо жижиг чулуунуудтай. Зургуудыг ашиглан тооцоолсны дагуу сэргээн босголтын ажлыг хийж, яг хуучин хэлбэр хэмжээгээр нь сэргээх учраас урьдчилсан байдлаар энэ ажил 20 жил үргэлжлэх тооцоог гаргажээ.

 

Jenesys2018 хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялсан тэмдэглэлээс...