Индэр    
2019 оны 3 сарын 4
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

"Боломжгүй"-г эвдсэн Рожер Баннистер

Зураг

Миний хувьд хүний түүх, намтар уншиж, судлах дуртай, кино үзсэн ч гол дүрийн жүжигчдийг нь Google-дэж, хаана, хэзээ төрж өссөн, хэнтэй гэрлэсэн, хэдэн хүүхэдтэй, юунд дуртай вэ гэх мэт хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл хайж олох дуртай. Тийм учраас сонирхолтой гэсэн хүмүүсийнхээ тухай товч бичвэр хааяа оруулж байя хэмээн бодсон юм.

Эхний хүн: Рожер Баннистер

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Рожер Баннистер 88 насандаа таалал төгсжээ. Би анх энэ хүний тухай гурван жилийн өмнө Оксфордод сурч байхдаа сонсож байв. Нэг найз минь  Оксфордод ирээд заавал түүний нэрэмжит гүйлтийн талбайг очиж үзэхийг ятгаснаар хамтдаа явсан юм.

Энэ хүн хэн бэ?

Рожер Баннистер нь Английн гүйлтийн тамирчин бөгөөд мэдрэлийн эмч хүн байв. Тэрээр Оксфордын их сургуулийн Сент Мари Эмнэлгийн Анагаахын их сургуулийн төгсөгч, 40 гаруй жилийн хугацаанд мэдрэлийн эмчээр ажилласан нэгэн. Оюутан байхдаа гүйлтээр хичээллэдэг, 1952 оны Хелсинки дахь Олимпын тэмцээнд оролцож байсан тамирчин юм.

Тэрээр юу хийж бүтээсэн бэ?

Баннистерийн түүхэнд бичигдсэн гол амжилт нь нэг миль/бээр буюу 1.6 км зайг дөрвөн минутанд туулсан анхны хүн юм.

Тэрээр 1952 оны Хелсинкийн Олимпод 1,500 метрийн гүйлтийн төрөлд оролцсон хэдий ч шагналт байр хараахан эзэлж чадаагүй. Тус олимпод амжилт гаргаж чадаагүйгээсээ болж өөртөө дөрвөн минутын дотор нэг миль гүйх гэсэн шинэ зорилгыг тавьжээ.

Тухайн үед дөрвөн минутад нэг миль газар гүйх нь боломжгүй зүйл гэж хүмүүс үзэж байсан бөгөөд тэр үеийн тамирчид хэчнээн дөхүүлсэн ч хэзээ ч дөрвөн минут гэсэн тэгш тоонд хүрч чадахгүй байлаа.

Баннистер зорилгодоо хүрэхийн тулд зүгээр бэлтгэл хийлгүй, эхлээд шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгохыг зорьжээ. Тэр өөрийнхөө уушгины багтаамжийг хэмжиж, дасгал хийхэд амьсгал яаж нөлөөлдөг талаар нарийн судалгаа хийж, нэгэн жигд хурдтай гүйх нь хурдаа өөрчилж гүйхээс бага хүчилтөрөгч шаарддагийг тогтоосон байна.

Түүн дээр үнэслэн гүйлтийн тойрог болгоноо жигд хурдтай гүйж байхаар шийджээ /нэг миль нь гүйлтийн талбайг дөрөв тойрсонтой тэнцдэг/. Өдөр болгон цайны цагаараа энэ зарчмаараа 10 удаа, хоорондоо хоёр минутын завсартайгаар талбайг дөрөв тойрдог болж, таван сарын дотор гүйх цагаа 63 секундээс 59 секунд болтол бууруулж чадсан бөгөөд үүнийгээ тэмцээн дээр амжилттай харуулах л үлдсэн байсан юм.

 

Энэхүү уйгагүй бэлтгэл, их хөдөлмөрийн дараахан 1954 оны тавдугаар сард түүний дасгалжуулагч Оксфордод болох тэмцээнд оролцох саналыг тавьсан байдаг. Хэчнээн бэлтгэл хийсэн байсан ч цаг агаарын тааламжтай нөхцөлтэй өдөр тэмцээнд орохыг тэрээр хүлээж байжээ.

Гэсэн хэдий ч АНУ болон Австралид хоёр тамирчин түүнтэй адилхан бэлдэж, дөрвөн минутын дотор гүйхэд ойртсон байгааг мэдээд Баннистер хойш тавьж боломжийг алдахгүйн тулд тэр өдөр гүйхээр шийдсэн гэдэг.

Тэр өдөр Баннистер Оксфордын их сургуулийн Иффлий гүйлтийн талбайг гурван минут 59.4 секундэд дөрвөн удаа тойрч, нэг милийн зайн тэмцээнд түрүүлж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Баннистер тэр жилийн наймдугаар сард өөр тэмцээнд дахин дөрвөн минутын дотор гүйж, амжилтаа бататгасныхаа дараа эмч мэргэжилдээ бүрэн төвлөрөхөөр шийдэн, зодог тайлсан.

Энэ амжилт яагаад чухал вэ?

Яагаад гэвэл Баннистер урьд нь боломжгүй гэсэн ойлголтыг эвдэж чадсан юм. Дээд амжилтаа тогтоосноос нь 46-хан хоногийн дараа түүний австрали өрсөлдөгч болох Ланди гурван минут 57.9 секундэд гүйж, шинэ амжилт тогтоосон билээ. Ингэснээр сүүлийн 65 жилд дөрвөн минутын дотор гүйсэн тамирчны тоо 1,400-д хүрч, доод цаг нь 3 минут 43 секунд хүртэл буурч байжээ. Нийтээрээ боломжгүй гэж үзэж байсан ойлголтыг тэр эвдсэнээс хойш дараа дараагийн тамирчдад амжилтад илүү тэмүүлэх үүдийг нээсэн юм шиг надад санагддаг.

Бидний ихэнх нь гүйлтийг тэгтлээ анхааран сонирхдоггүй бөгөөд миний хувьд ч мөн огт сонирхдоггүй гэж хэлсэн ч болно. Тэгвэл яагаад энэ хүний амжилт бидэнд сонин бэ? Яагаад гэвэл бидний өдөр тутмын амьдралд "боломжгүй" гээд хүлээн зөвшөөрчихсөн зүйлүүд хаа сайгүй байдаг. Хүн хэзээ ч нисэхгүй гэж боддог байсан бол өдөр болгон мянга мянган онгоц хөөрдөг, цаашлаад хүн саран дээр хэзээ ч очихгүй гэсэн бол очсон, эмэгтэй төрийн тэргүүн хэзээ ч сонгогдохгүй гэж үздэг байсан бол дэлхий даяар маш олон улсад эмэгтэй удирдагчтай болсон. Энэ мэтчилэн олон мянган жишээ түүхэнд бий.

Бид ихэвчлэн "боломжтой" гэж хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтууд дээр үндэслэн багцаалдаж, өөрийнхөө хүсэл тэмүүллийг хязгаарладаг боловч бүх юманд анхдагч гэж байдгийг үүгээр онцлох нь зүйтэй.

Баннистерийн түүхээс суралцахад, анхдагч байхын тулд хэрэгтэй хэд хэдэн зүйлс:

  1. Итгэ, зорь-тэрээр хамгийн түрүүнд дөрвөн минутад гүйх боломжтой гэж итгээд зорьсон байдаг,
  2. Судла, ойлго, өөрөөр сэтгэ-тэрээр зүгээр л өдөр болгон хамаг хурдаараа гүйж бэлтгэл хийгээгүй. Гүйлтийг анагаахын мэргэжлийн мэдлэгээ ашиглан физиологийн онцлогт тулгуурлан судалж, бэлтгэл хийх арга барил боловсруулсан,
  3. Бэлтгэ- тэр өдөр болгон, хэдэн сарын турш, цайны цагаараа гүйлтийн талбайг 40 тойрч гүйдэг байсан, 
  4. Зүгээр л хий /just do it/- тэр бэлтгэлээ хангачихаад төгс цаг агаартай өдрийг хүлээмээр байсан ч тэр боломж дахин ирэхгүй байж магадгүйг ухаарсан. Ингээд гүйсэн, чадсан, ялсан.
 
Оксфорд дахь Рожер Баннистерийн нэрэмжит гүйлтийн талбай дээр 2015 онд найзыгаа дагуулаад очсон нь