Зураг
Зураг
Индэр    
2019 оны 2 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

“Монголд үйлдвэрлэв” шошготой барааг ХУУРАМЧААР үйлдвэрлэн импортлохыг таслан зогсоох боломжтой

Зураг

Үндэсний үйлдвэрлэгчдийн дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-д хуурамчаар үйлдвэрлэн хилээр оруулж ирэх тохиолдол байдаг.

Хуурамч бараа, бүтээгдэхүүн нь чанаргүй байдгаас үүдэн дотоодын бүтээгдэхүүний нэр хүндийг унагах, мөн үйлдвэрлэлийн ашигт ч нөлөөлдөг нь ойлгомжтой.

Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид хуурамч бараа бүтээгдэхүүн хилээр орж ирэхээс сэргийлэн гаалийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой юм байна.

 

Энэ чиглэлээр гаалийн байгууллага хэрхэн ажилладаг, үүнд үйлдвэрлэгчдийн оролцоо ямар байх ёстой талаар ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын байцаагч О.Мөнхзултай ярилцсан юм. 

Дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэн оруулж ирэхээс сэргийлэхийн тулд ямар алхам хийж, юунд анхаарах талаар мэдээллийг хүргэж байна.

НЭГ. Оюуны өмчөө баталгаажуулан, гэрчилгээ авах

 
Гэрэл зургийг mpa.mn

Оюуны өмч гэдэгт хүний оюун ухааны хүчээр бий болсон, дахин давтагдашгүй бүтээлийг ойлгоно. Оюуны өмчийн олон хэлбэр бий.

Хамгийн гол нь энэхүү өмч маань бусад ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнээс ялгарах онцлогтой, шинж тэмдэгтэй байвал зохино. Үндэсний үйлдвэрлэгчид маань ижил төрлийн боловч өөр өөрийн онцлогтой брэндийг бүтээж байна, жишээ нь, та бүгд торгон алчуур үйлдвэрлэгчдээс “Ялгуун” брэндийг түвэггүй таньж магадгүй.

Ижил төрлийн бараа үйлдвэрлэгчид өөрийн гэсэн ялгагдах онцлогийг бий болгож, оюуны өмчийн эрх эзэмшигчээр бүртгүүлэн, гэрчилгээ авснаар эрхээ хамгаалуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг орлого олох боломж нээгдэнэ.

ХОЁР. Гаалийн байгууллагад хүсэлт гарган оюуны өмчийн эрхэд хамаарах барааг хамгаалуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

Дотоодын үйлдвэрлэгчид оюуны өмчөө баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан хэдий ч гаалийн байгууллагад бүртгүүлэхээр хүсэлт гаргаагүй тохиолдолд хамгаалах боломжгүй аж. Хүсэлт гаргагчдын гол анхаарах зүйл нь бүтээгдэхүүнийхээ бусад ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнээс ялгарах онцлогийг тодорхой мэдээлэх явдал байдаг байна.

"Оюуны өмчийн эрхийг гаалийн байгууллага хамгаалахын тулд юуны түрүүнд бүртгэж авдаг. Тухайн эрх эзэмшигчид оюуны өмчийн газраас олгосон гэрчилгээг үндэслэн, онцлог шинжийн тухай мэдээллийг гаалийн бүртгэлийн системд оруулснаар гааль дээр хамгаалах эрх үүсдэг" гэдгийг О.Мөнхзул байцаагч хэлэв.

Өнөөдрийн байдлаар гаалийн байгууллагад 27 иргэн, ААН 300 гаруй төрлийн барааг хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих хүсэлт гарган бүртгүүлжээ.

27 иргэн, ААН 300 гаруй төрлийн барааг хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих хүсэлт гарган бүртгүүлээд байгаа.

Үүнээс долоо нь дотоодын үйлдвэрлэгч  байна.  Тэдний зүгээс хүсэлтээ гаргаж, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээгдэхүүнийг нь хуурамчаар үйлдвэрлэн оруулж ирвэл хил нэвтрүүлэхгүй байхыг хүсжээ.

Тухайлбал, “Эрдэнэт хивс” ХХК нь 170-аад нэр төрлийн хивсний хээг хуурамчаас ялган таних зургийг гаалийн байгууллагад ирүүлэн бүртгүүлсэн байна. Тус компани шинэ загвар гаргах бүртээ гэрэл зураг болон бусад холбогдох материалыг хавсаргаж гаалийн байгууллагад хүргүүлдэг аж.

Мөн “Монгол базальт” компани өөрсдийн үйлдвэрлэдэг хоёр төрлийн дулаалгын материалыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг гаалийн байгууллагад бүртгүүлжээ.

Дээрх дотоодын үйлдвэрлэгчдээс гадна 20 орчим дистрибьютер компаниас гадаадын үйлдвэрлэгчдийн импортын барааг гаалийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Эдгээр дистрибьютерүүд оюуны өмчийн эрхээр хамгаалуулсан гэж ойлгоод, бусад компаниас оруулж ирж буй ижил төрлийн барааг хилээр оруулахгүй байхыг гаалийн байгууллагаас хүсдэг.

Энэ тохиолдолд тухайн ижил төрлийн импортын бараа нь хуурамч биш бол гаалийн байгууллага хилээр нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг шууд биелүүлэх боломжгүй байдаг гэнэ.

Жишээ нь, БНСУ-д үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд борлуулах дистрибьютерийн гэрээг “А” компани хийсэн байж, гэтэл “Б” компани тус бүтээгдэхүүнийг ОХУ дахь БНСУ-ын салбар компаниас худалдан авч оруулаад ирж болно. Тухайн бараа хуурамч биш л бол “Б” компанийн оруулж ирсэн барааг оруулахгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй.

Үүнээс болоод “А” компани “Энэ барааг зөвхөн манайх оруулж ирэх эрхтэй” гээд маргаан гаргадаг. Цаашлаад гаалийн байгууллагыг шүүхэд өгөх хүртэл тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд хуурамч бараа биш бол хилээр нэвтрүүлэхгүй байх эрх гаалийн байгууллагад байхгүй” хэмээн О.Мөнхзул байцаагч ярьж байлаа.

ГУРАВ. Оюуны өмчийн эрх эзэмшигч болон Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа маш чухал

 
Гэрэл зургийг mpa.mn

Оюуны өмчийн эрх эзэмшигч маш хариуцлагатай байж, дуурайлган хийсэн бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар импортлох, Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой мэдээллийг гаалийн байгууллага, цаашлаад оюуны өмчийн болон цагдаагийн байгууллагад өгч, хамтран ажиллах нь үр дүнтэй.

Гаалийн байгууллага өөрийн санаачилгаар болон аливаа мэдээллийн дагуу ямар ч хэлбэрээр хуурамч бараа бүтээгдэхүүнийг илрүүлсэн тохиолдолд хамгийн түрүүнд оюуны өмчийн эрх эзэмшигчид мэдэгддэг байна. Эрх эзэмшигч, импортлогч тал хоорондын асуудал шийдэгдтэл гаалийн байгууллага тухайн барааг зөвхөн саатуулах үүрэгтэй.

"Эрх эзэмшигч болон импортлогч талуудын хооронд барааны тэмдгийн талаар маргаан үүсэж болно. Олон улсын практикт ийм хэрэг ихэвчлэн шүүхээр шийдвэрлэгддэг.
Гаалийн байгууллага шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн барааг хадгалж байх үүрэгтэй. Манайд оюуны өмчийн тухай ойлголт шинэ, иргэн ААН-үүд энэ талаар мэдээлэл багатай байгаа" хэмээн О.Мөнхзул байцаагч хэлж байв.

ДӨРӨВ. Бүх ачаа барааг задалж, нэг бүрчлэн шалгах боломжгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

ГЕГ нь Дэлхийн Гаалийн Байгууллагын гишүүн учраас худалдааг аль болох хөнгөвчлөх, барааг аль болох зардал багатайгаар нэвтрүүлэх үүргийг хүлээдэг талаар дурдсан. Үүнтэй холбоотойгоор бүх ачаа барааг задалж, нэг бүрчлэн шалгах боломжгүй байдаг байна.

Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид өөрийнх нь барааг хуурамчаар оруулж ирээд худалдаалж байгааг мэдсэн бол Оюуны өмчийн газар болон цагдаагийн байгууллагад хандаж, хуурамч бүтээгдэхүүнийг устгуулах эрхтэй юм.



ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ: Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журамтай ЭНД дарж танилцана уу.