Индэр    
Алтан боломжийг ашиглах уу, алдах уу?!
Зураг
2019 оны 2 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Алтан боломжийг ашиглах уу, алдах уу?!

Монгол, Солонгосын агаарын харилцааны шинэ хэлэлцээрээр 110 мянга хүртэл зорчигч нэмж авах боломж нээгдэж байна

Хэдийгээр Монгол Улс уул уурхайн орон, газрын доорх баялгаа зарж экспортын гол орлогоо бүрдүүлдэг ч тус салбар нь нийт ажиллах хүчний ердөө 4.2 хувийг л ажлын байраар хангаж байна.

Хөдөлмөр эрхэлж буй 1.2 сая иргэнийг ажиллаж байгаа салбараар нь авч үзвэл хамгийн өндөр буюу 27 хувийг хөдөө, аж ахуй эзэлж байгаа юм. Үүний дараа бөөний болон жижиглэн худалдаа, авто засвар үйлчилгээний салбар 16.5 хувийг эзэлж байна.

2018 оны III улирлын байдлаар ажилгүй 92 орчим мянган хүн байгаа юм. Тэгвэл иргэдийн санааг хамгийн их зовоодог ажилгүйдэл, амьжиргаа, утаа гэх мэт асуудлыг шийдэх цорын ганц арга зам бол ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэх явдал билээ.

Харин үүнийг хэрхэн хийх вэ?

iKon.mn 2017 оноос эхлэн Төөрөгдөл арилах он жилүүд буюу ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлэх, ихэнх салбарт ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлэх тухай цувралаар нийтлэл, ярилцлагыг бэлтгэж ирсэн билээ. Тус салбарыг хөгжүүлэхийн тулд Монголд ирэгсэд, явагсдын зорчих урсгалыг нээх нь хамгийн чухал асуудал болохыг онцолж агаарын тээврийн салбар дахь чөлөөт өрсөлдөөнийг бий болгох зорилготой хэд хэдэн удаагийн нийтлэл бэлтгэсэн. Тэгвэл энэ болоод бусад олон хүчин зүйлээс хамаарч УИХ өнгөрсөн жилийн зургаадугаар сард Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулж Хятад, Солонгосын чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болгосон.

Энэ бодлогын баримт бичиг батлагдсанаар холбогдох яам буюу Зам, тээврийн хөгжлийн яам энэ сард Монгол, Солонгосын агаарын харилцааны хэлэлцээрийг амжилттай хийгээд байна. Ингэснээр энэ чиглэл дэх зорчигчдын тоо жилдээ 110 мянга орчмоор нэмэгдэх боломж бий болсон тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ярив.

Түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж магадгүй. ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон түүнээс магадгүй ажлаа өгөхөөс өмнө дөрвөн сарын хугацаанд агаарын тээврийн салбарт юу хийж амжуулсан талаар ярилцлаа.

Мөн энэ сэдвийг анхнаас нь санаачлан, дэмжиж ирсэн Таван Богд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарыг бид ээлжит Гуравласан яриандаа урьж ярилцав.

Анх 1991 онд Монгол, Солонгосын Агаарын хэлэлцээр батлагдаж түүнээс хойш 2003 онд өөрчлөлт орохдоо нислэгийн давтамжаа хоорондоо тохиролцсон ч зорчигчийн тоогоо тохирч чадаагүй нь салбарт ухралт болсон гэж үздэг тухай Я.Содбаатар сайд ярьж байлаа.

2013 онд Пусаны чиглэлийн нислэгийн асуудал шийдвэрлэгдсэн ч үндсэндээ 2003 оноос хойш монголчууд хэлэлцээрийг өөрчлөх олон оролдлого хийсэн ч амжилт үл олдог байж.

“Харин 2018 онд УИХ-аас Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулж тодорхой чиглэлүүд дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, либералчлах бодлогын хүрээнд бид Солонгосын талтай хэлэлцээр хийх томоохон ажлыг амжууллаа” гэж Я.Содбаатар ярьж байв.

Шинэ хэлэлцээр батлагдсанаар гарч буй гол үр дүнг тоймловол:

  1. Монголын талаас тус чиглэлд МИАТ дангаараа нисэх бол нөгөө талаас олон жилийн давамгай эрхтэй байсан Кореан Эйрээс гадна хоёрдогч авиа компани оруулж ирэх боломж бүрджээ.
     
  2. Зөвхөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч 95 мянга орчмоор нэмэгдэх боломжтой. Учир нь нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, Солонгосын талаас долоо хоногт ес хүртэл байхаар, мөн суудлын тоо агаарын хөлгөөс хамааран нэг талаас 1,548-1,656 хооронд байсныг тус тус 2,500 хүртэл суудал байхаар тохиролцсон байна. 
     
  3. Пусаны чиглэлд долоо хоногт хоёр удаа нисдэг байсан бол үүнийг гурав болгосноор 10 мянга орчим зорчигчоор буюу нийт дүнгээр Монгол, Солонгосын хооронд агаарын харилцааны шинэ хэлэлцээрээр 110 орчим мянган зорчигч нэмж авах боломж нээгдэж байна.
     
  4. Тээвэрлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөн нэмэгдэж, иргэдийн гол хүлээлт болох тийзний үнэ буурах боломж бүрдэж байна. Салбарын сайдын хэлж буйгаар тийзний үнэ хамгийн багадаа 20%-аар буурах боломжтой.
     
  5. 2019 оны гуравдугаар сарын 28-наас буюу зуны нислэгийн хуваариар нисэж эхлэхэд давтамж нэмэгдэж үнэ буурах боломж бүрдэх аж.
     
  6. Мөн Солонгосын талтай ачааны буюу карго онгоц нисгэх, аяллын дугаар хуваах буюу Сөүлээс цааших нислэгт кодшейр үйлчилгээг хамтран явуулах гэх мэт тохиролцоонд хүрсэн байна.

2019 оны долоодугаар сард Хөшигийн хөндий дэх шинэ онгоцны буудал ашиглалтад орно. Ингэснээр Монгол Улс гурван сая зорчигч хүлээн авах боломж бүрдэх юм.

Тэгвэл энэ бүх бий болж буй боломжийн талаар бид Гуравласан ярилцлагаараа хөндлөө.



...

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Агаарын тээврийн салбар дахь чөлөөт өрсөлдөөн бий болсноор монголчууд хямд тийзээр нисэх нөгөө талд аялал жуулчлалын салбарт өөдрөг хүлээлтийг бий болгож буй. Гарч буй өөрчлөлттэй холбоотойгоор Ц.Баатарсайхан танд ямар тооцоолол байгаа вэ?

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Төр засгийн зүгээс тийзний үнийн өнөөдрийн байгаа тарифыг 10, 20, 30 хувь бууруулна гэхээсээ илүү чөлөөт өрсөлдөөнт бизнесийн орчныг бий болгочихвол өрсөлдөөний үнэ тогтох боломжтой.
 

Жишээ нь, Монгол, Солонгосын нислэгийн хэмжээ 60-70 хувь өсөж байгаа тухай сайд ярьж байна. Тэгвэл 2018 онд Солонгосоос гадагшаа аялсан хүний тоо 28 сая. Монголд суугаа Солонгосын Элчин сайд ч саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан байсан нь монголчууд та бүхэн мэрийлттэй байж чадвал нэг сая жуулчин манай улсаас авах боломж бий гэсэн байна лээ.


2018 онд Монгол Улс 530 мянга орчим жуулчин авсан бол Монгол, Солонгосын зорчигчийн тоо 150 мянга орчмоор нэмэгдэхэд 2019 онд монголчууд анх удаа 650-680 мянган жуулчин хүлээж авах боломж бий болж байна. Энэ үед зочид буудал гэх мэт аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд үйл ажиллагаагаа сайжруулж, жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээгээ нэмж, аюулгүй байдлаа сайжруулж, жуулчин хүлээж авах бэлтгэлээ шинэ шатанд гаргах цаг үе ирж байна.

График 1, Монголд ирсэн жуулчдын тоо,

Мөн үүнтэй холбогдуулан Өвөрмонголын жишээг дурдъя. Өвөрмонгол аялал жуулчлалаа хөгжүүлэх 135 төлөвлөгөө хэрэгжүүлээд явж байгаа. Тодруулбал, тэд 2020 онд 135 сая жуулчин хүлээж авахыг зорьж байгаа. Энэ нь биелэх өндөр магадлалтай болж байна.

График 2, Өвөрмонголын аялал жуулчлалын салбарын статистик үзүүлэлт,

 

Тэгэхээр үүнтэй адил монголчууд 530 мянга байгаа жуулчнаа 1.35 саяд хүргэх зорилт тавиад хичээх нь зүйтэй болов уу.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МИАТ нислэгийн тоо нэмэхтэй зэрэгцээд жуулчдыг татах маркетингийн бодлого бас хэрэгжүүлэх байх. Дэлхийн бусад авиа компани ийм зарчмаар ажиллаж байна. Та хэдийгээр салбарын сайд нь биш ч жуулчдыг татах талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай бид ойр хамтран ажиллаж байгаа. Удахгүй Германд томоохон үзэсгэлэнд хамтран оролцоно. Зөвхөн Солонгос гэхээсээ гадна МИАТ Хятад руу гэхэд хоёр шинэ шугам нээж байна.
 

Шанхай руу нислэгээ сэргээж байгаа бол Гуанжоу руу шинэ шугам нээхээр ярилцаж байна. Түүнчлэн Тяньжинь-Улаанбаатарын нислэгийг сэргээж байгаа. Мөн Тьяньжиньд байсан Монголын 10 га газрыг манай улс 20 жил ашиглаж чадаагүй ирсэн. Энэ 10 га газарт ложистикийн том төв байгуулах ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх гэж байна. Ингэснээр Монгол Улс Тяньжиньд өөрийн гэсэн боомттой болж байгаа юм.
 

Япон гэхэд Осакагийн нислэгийг зогсоосон байсныг эргэж сэргээн долоодугаар сараас эхлүүлэхээр болж байгаа.

Харин Европын чиглэлээс ирж байгаа жуулчдын тавьж буй гол хүсэлт нь Туркиш Эйрлайнсын онгоцыг томруулах буюу Бишкек дээр зогсож байгааг болиулах агаарын харилцааны хэлэлцээр эхлүүлчихсэн явж байна. Ингэхдээ нэг удаадаа 250 хүний суудалтай онгоц долоо хоногт гурван удаа нисгэхээр хэлэлцэж байна. Удахгүй хариу мэдээ ирэх байх.
 

Мөн Солонгостой хийсэн хэлэлцээрт хоёр зүйл шинээр орж ирж байгаа нь Солонгосоос дамжин цааш өөр чиглэлд нисэх кодшейрийн үйлчилгээг шийдэж чадсан. Түүнчлэн Солонгосоос карго ачааны онгоц нисгэх боломжийг нээж өгсөн.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Кореан Эйр компанийн давамгай эрхийг халж, хоёрдогч авиа компанийг оруулахаар болсон гэсэн. Энэ чиглэлд нэмж хэчнээн авиа компани нисэх хүсэлт өгсөн байгаа вэ?

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

Ямартай ч бид Солонгосоос хоёрдогч авиа компанийг нисгэх тохиролцоонд хүрсэн. Харин аль компаниа нисгэх вэ гэдгийг солонгосчууд өөрсдөө шийднэ. Бидний зүгээс full service буюу бүтэн үйлчилгээтэй компанийг нисгэх хүсэлт тавьсан. 
 

Өнөөдрийн байдлаар Jeju Air, Easter Jet, Asiana гэсэн гурван авиа компани манайд чартерийн нислэг үйлдэж, холбогдох гэрчилгээжүүлэлт авч байгаа. Монголын хувьд энэ чиглэлдээ хоёрдогч авиа компани оруулахгүйгээр зөвхөн МИАТ нисэхээр байгаа.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголоос хоёрдогч авиа компани нисгэхгүй гэхээр өнгөрсөн жилийн баталсан чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого бүрэн хэрэгжиж чадахгүй биш үү?

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

Өнөөдрийн байдлаар МИАТ зургаан онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хоёр шинэ онгоц шинээр түрээсэлнэ. (Өнөөдөр 2019.2.1-нд нэг шинэ онгоцоо хүлээн авч байна)
 

Мөн зуны хугацаанд нойтон түрээсээр явуулж байгаа онгоцуудаа энэ жил түрээслэхгүй. Өөрсдөө ашиглана. Ингэхээр МИАТ найман онгоцтойгоор үйл ажиллагаа явуулахаар шинээр нэмэгдэх ачааллыг даана гэж үзэж байгаа. Бидний хувьд либералчлалын бодлогын хажуугаар үндэсний тээвэрлэгч МИАТ компанийн бодлогыг давхар авч явж, үндэсний эрх ашгаа бодох ёстой.

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Асуудлыг аажмаар шийдэж байна гэж ойлгож болох уу?

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

Тийм. Өрсөлдөөний зарчим руу л оруулж байна гэсэн үг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

iKon.mn аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудлаар сурвалжлага бэлтгэж эхлэхэд агаарын тээврийн салбарын боомилсон урсгал дээр очиж мөргөсөн. Тэгвэл аажмаар ч болтугай агаарын тээврийн урсгал нээгдэж байна. Харин энэ үед аялал жуулчлалын компаниуд өөрсдөө бэлэн үү. Модон жорлонтойгоос эхлээд энэ салбарын асуудал мундахгүй.  

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Монголтой ойр Хятад, Япон, Солонгос, Хонг Конг нэмээд Оросыг оруулбал 2018 онд гадагшаа аялсан хүний тоо 350 саяд хүрэх байх. Тэгвэл 350 сая хүний дөнгөж нэгхэн хувийг Монгол авахад 3.5 сая жуулчин болно.

 

График 3, Монголтой шууд нислэгтэй дөрвөн улсын гадагшаа аялсан жуулчдын тоо,



Өнөөдөр бид 500 гаруй мянган жуулчин авч байгаад гэнэт 3.5 саяыг авдаг болчихгүй. 2019 онд энэ тоо 600-700 мянга болоод цаашдаа нэмэгдвэл асуудал гарах нь ойлгомжтой. Зочид буудал нь хүрэлцэхгүй болох, аюулгүй байдал, модон жорлон гээд асуудал олон гарах байх.
 

Гэхдээ нөгөө талаас хөдөө бааз ажиллуулж байгаа хүн олон жуулчин ирэхгүй байхад банкнаас зээл авч, эсвэл өөрийн мөнгөө энэ бизнесдээ хөрөнгө оруулах нь зөв үү. Хүн ирэхгүй бизнест тийм их хөрөнгө оруулалт хийх боломж байгаа юу.
 

Харин энэ цаг үед төрийн аялал жуулчлалын компани гэж байхгүйгээс хойш засгийн одоогийн бодлогыг хувийн хэвшил нь ойлгоод боломжоо зөв ашиглах хэрэгтэй болов уу.

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

2018 онд агаарын тээврийн салбар түүхэн амжилт гаргаж, 1.4 сая хүн үйлчлүүлж зорчсон байна.

График 4, Агаарын тээврээр зорчигчдын тоо,

Агаарын тээврийн салбарт боломжууд бол багагүй нэмэгдэж байна. Зах зээлийн зарчмаар тийзний үнэ ч буурах болов уу. Мөн энэ урсгалыг дагаад үйлчилгээний салбар хөгжих ёстой. Хамгийн их ажлын байр хангадаг салбарын нэг бол үйлчилгээ шүү дээ.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ц.Баатарсайхан гуай Өвөрмонголын аялал жуулчлал (АЖ) –ын салбарын жишээг дурдсан. Тус улсын хувьд дотоодын аялал жуулчлал буюу хятад жуулчид 90 хувийг нь эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг. Хятадуудын хувьд гадагшаа хийх жуулчлал ч маш их нэмэгдэж байна. Монголд уг нь боломж байдаг. Гэтэл бидний хувьд сэтгэлгээний нэг асуудал бий. Визийн хөнгөлөлтийн асуудал ер нь яригддаг уу?

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Нислэг нэмэгдэхээр асуудлууд гарна. Шийдээд л явах ёстой. Аялал жуулчлал хөгжсөнөөр өнөөдөр бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ валютаар зарах алтан боломж бүрдэнэ. Өнөөдөр Монголд зөвхөн нэг салбараас хамаарсан эдийн засаг байгаа учраас л манай төгрөг суларсаар байна.

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

Засгийн газрын үндсэн бодлого өөрөө эдийн засгаа солонгоруулах. Уул уурхайгаас ирж байгаа боломжоор бусад салбараа босгох, дэмжих чиглэлд хандуулж байна. Хамгийн нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар. Хүн далайтай хиллэж байгаа Монгол Улс хүнс экспортлогч болох боломжтой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үздэг. Хоёрдугаарт, Монгол Улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломжтой.

Визний асуудлын тухайд бид хаа хаанаа, аль болох иргэдийг чөлөөтэй зорчих чиглэл баримталж байгаа. Хятад улсын тухайд групп жуулчны визийг хөнгөлж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэхдээ энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаагүй байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МИАТ –ийн тийз үнэтэй байдгийн гол шалтгаан монополь шатахуун нийлүүлэгчтэйгээс болдог гэдэг шүү дээ. Тэгвэл 2019 оноос шатахууны үнээ Сингапурын биржийн ханшаар авахаар болсон гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

Я.Содбаатар
Зам, тээврийн хөгжлийн сайд

Дэлхийн жишгээр авиа компаниудын зардлын 20-30 хувийг шатахууны зардал эзэлдэг. Монгол Улсын хувьд энэ зардал харьцангуй бууж байгаа. ОХУ-ын Роснефть компанитай бид олон удаагийн уулзалт хийснээр шатахууны үнийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Сингапурын биржийн ханшаар авдаг болсон. Ингэснээр МИАТ –ийн нийт зардлын 22-23 хувийг шатахуун худалдан авалт эзэлж байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Жуулчдын тоо нэмэгдэж, их урсгал бий болсноор эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахын тулд жишээ нь танай компанийн бизнесүүдэд хэрхэн нөлөөлдгийг Ц.Баатарсайхан гуай та ярьж өгөхгүй юу. Жуулчдын тоо нэмэгдэхтэй зэрэгцэн “Говь”-ийн борлуулалт дагаад өсөж байгаа тухай тус компанийн тайланд дурдсан байдаг шүү дээ.

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Зөвхөн манай компани, надтай хамааралтай бизнес гэхээсээ илүү би нэг жишээ хэлье л дээ. Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авч чадвал 330 орчим мянган хонины хорхог хийгээд зарах боломж байна. Нэг хонь ойролцоогоор 150 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл 25 хүнд нэг порцыг нь ногоогоор хачирлаад 25 доллараар зарах боломж бий. Ингээд бодохоор нэг хонийг 625 доллараар зарна гэсэн үг. Юу гэхээр 150 мянган төгрөгийн үнэтэй хонины үнийг 10 дахин өсгөөд зарах боломж бидэнд байгаа юм.
 

Өнөөдөр Монголд бүртгэсэн, бүртгээгүй 100 мянга орчим ажилгүй хүн байгаа гэж бодоход 1.5 сая жуулчин авахад л ажилгүйдэл арилах боломж бий болно.
 

Ямартай ч аялал жуулчлалын салбарт алтан боломж гарч байна. Үүнийг зөв л ашиглах ёстой.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Жуулчдын урсгал нэмэгдэх боломж бүрдлээ. Харин энэ үед аялал жуулчлалын салбар бэлэн үү. Бидний дараагийн зочин салбарын сайд болох Н.Цэрэнбат байх болно.




 



Энэ тухай өмнөх зарим нийтлэл:

У.Хүрэлсүхийн Засгийн газрын УХАХ УУРХАЙ -1

2020 он гарахаас урьтаж МИАТ СӨХРӨХ НЬ

"Монгол Улсын иргэд МИАТ компаниас үнэ цэнэгүй юм уу. Тэд ч гэсэн үндэсний эрх ашиг биш гэж үү"

2018 онд либералчлал, 2019-2020 онд МИАТ-ийн хувьчлал эхэлнэ

"Монголын Эдийн засгийн чуулган 2018"-ын ҮР ДҮНД хүрсэн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

БЭЭЖИН, СӨҮЛ чиглэлийн нислэгт ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨН ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ БАТАЛЛАА