Индэр    
2019 оны 1 сарын 25
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хог багатайхан баярлаж сурцгаах уу?

Зураг

Шинэ жилийн гацуураа буулгаж, солилцсон бэлэгнүүдээ задалж амжаагүй шахам байтал бас нэгэн нүсэр баяр хаяанд иржээ. Баяр болгоноор зах замбараагүй их худалдан авалт хийж, тэднийгээ нааш цааш түгжрэн өгч авалцсаар эдгээр баярууд дуусна. Нэг мэдэхэд дахиад л жил тойроод ирэх. Сар шинийн баяр маань догдлол, түгшүүр аль алинг нь тэнцүүхэн төрүүлдэг болсон нь эргэн тойрны хүмүүсийн ярианаас элбэг сонсогдоно. 

Монголчуудын Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нийт зардлын 60 орчим хувийг бэлэг сэлт эзэлдэг гэсэн судалгааг өнгөрсөн жил MMCG судалгааны байгууллага гаргасан байна. 

Тэгэхээр бэлэг сэлтийн асуудал хамгийн том толгойн өвчин байх нь. Үндэснийхээ уламжлалт сайхан баяраар онцын ач холбогдолгүй бэлэг сэлтүүд бие биедээ солилцсоор хичнээн тонн хог тарьцгаадаг бол? Өгч байгаадаа ч авч байгаадаа ч дарамт учруулдаг болчихсон энэ заншлаа одоо солих тухай ярилцаж болох уу? 

Хог хаягдлын 3R-Reduce, Reuse, Recycle зарчим буюу Хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах тухай зөвлөмжийг та сонсож байсан гэж бодож байна.

Тэгвэл энэ амралтын өдрөөр та бэлэг сэлтээ бэлдэхээр зэхэж буй бол Reduce буюу  Хог хаягдлыг багасгах зарчмыг хэрэгжүүлэх боломж байна. Байгальд булагдах хэдэн мянган тонн хогийг бид багасгаж чадах ч юм билүү. Таны сонголтод нэмэрлэхээр жишээ болгон хэдэн зөвлөмж бэлтгэлээ. 

 

Өгч байгаа бэлэгнийхээ материалын насыг бодож авна уу

Нэг удаа хэрэглээд хаягдах, хэврэг биш металл, шаазан, модон гэх мэт суурь материалтай бэлэг сонговол арай удаан “амьдрах” магадлалтай. 

Аль болох олон давхар уут, сав, баглаа боодолгүй бэлэг сонгоно уу 

Төмөр хайрцаг нээтэл дотроос нь гялгар уут. Дахиад задалмагц тусгаарлагч саванд хийсэн жижигхэн ууттай жигнэмэг чихэрнүүд зөндөө л харсан биз дээ. Таны амьдралд гарцаагүй аз жаргал мэдрүүлэм онцгой эд л биш бол ийм бараа битгий сонгож байгаарай. 

Хүн өөртөө ч сонгохдоо нарийн судалж шинждэг бэлэгнүүдээс татгалзана уу 

Нэн дотно хүмүүстээ л бэлэглэдэг дотуур өмд, оймс, майк, триког бид Цагаан сарын баяраар хайр найргүй солилцдог. Өөртөө ч яг тааруулаад сонгоход хэцүү байдаг шүү дээ. 

Харшил өгч мэдэх төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзана уу 

Баярын дараа хаана үйлдвэрлэгдсэн нь үл мэдэгдэх гоо сайхны бараануудаар гэр дүүрдэг. Яг үнэндээ түүнийг хэрэглэдэг айл тун цөөхөн. Насан туршийн харшилтай ч болгож мэдэх ийм зоримог сонголт битгий хийгээрэй. 

Овор ихтэй жаазтай зураг мэтийн урлагийн мэдрэмж шаардсан мэдрэмж бүү өгөөч 

Хүн бүр өөр өөрийн гэсэн дизайны мэдрэмж, хэв маягаар гэрээ тохижуулдаг болсон энэ үед хаяхад ч хэцүү бэлэг дарамт болно. Хурим найруудаар ч ийм төрлийн бэлэг бие биедээ өгч "шийтгэхээ" больцгоох уу? 

Дотоодод үйлдвэрлэсэн бараа сонгоно уу 

Дотоодод үйлдвэрлэсэн гэж эрээ цээргүй худал тунхагладаг байгууллагууд тун удахгүй асар их мэдээлэлтэй шинэ үеийн хэрэглэгчдэдээ гүйцэгдэнэ. Шошго нь л "Монгол" гэсэн бараа бүтээгдэхүүн биш, жинхэнэ утгаар нь дотооддоо үйлдвэрлэсэн бэлэг авч зочид гийчдэдээ танилцуулан, шударгаар бизнес хийж буй цөөн хэдийгээ дэмжээрэй.  

Идэж болдог бэлэг хамаагүй дээр

Нэрийн барааны дэлгүүрээс нь очоод авчихаж болмоор хугацаа, хадгалалтын горим алдагдаагүй, идэж болох бүтээгдэхүүнээр баярлуулж болох юм. Дотоодод үйлдвэрлэсэн шинэлэг хүнсний бүтээгдэхүүнүүд олон болсон шүү дээ.  

Та өөрөө ч амьдралдаа хэрэглэж байгаагүй, хэрэглэхээргүй бэлгээ бусдад бүү сонго 

Ямар ч учир логикгүй бэлэг сонгох нь мөнгөө хогийн саванд аваачаад хийснээс өөрцгүй. Зүгээр л бэлэг өгсөн төдий болох гэж ямар ч авцалдаагүй, хачирхалтай зүйл хэн нэгэнд битгий өг. Үнэ цэнэ шингэсэн, жижиг ч хамаагүй бэлэг бодож олоход цаг гарга.

Дотоодын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ дэмжээд бэлгийн карт, купонуудаас сонгох талаар судална уу

Өнгөрсөн жил хэд хэдэн эерэг санаачилгуудыг бизнесүүд гаргасан. Кино үзвэрийн тасалбар, кофе шоп, иллэг гоо сайхны эрхийн бичиг, гар утасны нэгж гэх мэт. Дотоодын үйлчилгээний салбаруудаа дэмжээд зочдодоо цагаа сайхан өнгөрүүлэх бэлэг өгч болно. 

Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө гэдэг үг олон жилийн муу туршлагуудаас төрсөн нь гарцаагүй

Хүний гар цайлгадаг Монгол түмний маань их баяраар настангууд маань гар хоосон гаргахыг цээрлэдэг. Дээрх хувилбаруудаас сонгох боломжгүй бол зүгээр л бэлэн мөнгөөр гарыг нь цайлгаад гаргаарай. 

Нэгж барааг үйлдвэрлэх явцад хичнээн их байгалийн нөөц ордог тухай та судалж үзээрэй. Бараа бүрийг үйлдвэрлэхэд гарсан шууд болон шууд бус ул мөр, түүнийг тээвэрлэх, хадгалах, хаях бүхий л үе шатуудад байгаль орчинд сөрөг нөлөө гарч байдаг. Тиймээс таны бүх сонголт байгаль орчинд нөлөө үзүүлж байдаг тул цаг гарган хэмнэлттэй, тогтвортой амьдралын хэв маягийг туршиж байхыг хүсье.