Индэр    
2019 оны 1 сарын 22
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

2019 онд дэлхийн байгаль орчин, хөгжлийн салбарт гарах ТАВАН чухал өөрчлөлт

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сэдэв уйтгартай мэт санагддаг цаг нэгэнт ард үлдсэн. Та амьдарч, амьсгалж байгаа бол энэ таны заавал уншиж судлах ёстой цагаан толгойн нэг болж байна.

Миллениалууд энэ талаар ерөнхий тойм мэдээлэл сайтай байдаг бол тэдний дараагийн үе буюу Generation Z дэлхийг өөрчлөх, маш богино хугацаанд эргэлт хийж чадах үе гэж найдвар төрүүлдэг. Зөвхөн байгаль орчин, уур амьсгалын салбарт л гэхэд өнгөрсөн ганцхан жилд маш том өөрчлөлтүүд гарч, ялангуяа нийгмийн сүлжээнд олон нийтийг уриалсан кампанит ажлууд итгэмээргүй эерэг үр дүнгүүд авчирсан. Тэдний ихэнхийнх нь ард дээрх 2 үеийн төлөөллүүд байжээ.

Салбарт нь ажиллаж буй хүний хувьд ерөнхий тоймоос илүүтэй ганцхан жилийн дотор гарч болох томхон өөрчлөлтүүдийг харах нь ямар сонирхолтой болохыг та бүхэнтэй хуваалцахаар дараах мэдээллүүдийг бэлтгэлээ. 2019 онд дэлхийн байгаль орчин, хөгжлийн салбарт гарч болох өөрчлөлтүүдээс зөвхөн 5 жишээг танилцуулъя. 

Дэлхийн улс төрийн нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөшүүргийг удаашруулах уу? 

 

Сүүлийн үед ойр ойрхон сонсогдож, уншигдах болсон уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр хэрэгжиж эхлэх 2020 оны өмнөх жил гэдэг утгаараа энэ жил багагүй бужигнаантай өнгөрөх төлөвтэй.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн гишүүн 193 орны нэгдсэн шийдвэрийн үр дүнд 2010 онд Уур амьсгалын ногоон санг байгуулсан. Үндсэндээ хөгжингүй орнуудыг уур амсьсгалын өөрчлөлтийн гол буруутнаар нэрлэж, хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэд хүлээж байгаа гэсэн үг юм.

Тус сангийн санхүүжилтийг голчлон хөгжингүй орнуудын төрийн болон хувийн хэвшлийн эх үүсвэрүүд бүрдүүлдэг хэдий ч хөгжиж буй орнууд багагүй хувь нэмрээ оруулдаг. 2018 оны тавдугаар сарын байдлаар 43 орон нийт 10.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус санд амласан ба үүний 9.0 тэрбум ам.доллар нь баталгаажсан байна. Урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулан 2020 он гэхэд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгох томоохон зорилт тавин ажиллаж байгаа.

Харин 2018 онд олон улсад өрнөсөн улс төрийн томоохон тоглолтууд энэ их ажлын хурдыг бага зэрэг сааруулж магадгүй харагдаж байгаа юм. АНУ Парисын хэлэлцээрээс гарснаа албан ёсоор зарласан бол БНХАУ-ын эдийн засгийн эрчимтэй өсөлт удааширч эхэллээ. Араас нь Энэтхэг, Индонези дэх улс төрийн байдал, шинээр сонгогдсон Бразилын Ерөнхийлөгчийн байр суурь гээд эргэлзээ төрүүлэх зүйлс байгааг уур амьсгалын мэргэжилтнүүд онцолсоор байна.

Гэхдээ энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулга уулзалтаар дээрх бүх эргэлзээний зарим нь тайлагдаж магад. Улс орнууд Уур амьсгалын ногоон санд амласан мөнгөө төвлөрүүлж чадах уу? Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэх талд бат зогсож чадах уу? Засгийн газрууд амлалтаасаа ухарвал бизнесийнхэн хүч түрэн орж бяр чадлаа харуулж чадах уу? 

Бидний амьдарч буй дэлхий уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож чадах уу? 

 

Сүүлийн жилүүдэд сайшаалтай нь олон нийтийн сүлжээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар маш олон чанартай контентууд тарж байна. Хүмүүс ч аюулыг нь сайтар ойлгож эхэлж байгаа ч хор хөнөөлийг нь шууд амсаж, хүртэж байгаа хүмүүс ихэссээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюулт үзэгдэл, гамшгууд дэлхийн өнцөг булан бүрт ар араасаа бүртгэгдсэн нэг жилийг бид үдлээ. 1990 оны үеийн гамшигт үзэгдлүүдээс 2 дахин олон тохиолдол бүртгэгдсэн байна. Хэт халалтаас үүдсэн эрүүл мэндийн өвчлөл 2000 онтой харьцуулахад 150 сая орчим болтлоо өсжээ.

Гэсэн хэдий ч цаашид улам ихсэх хандлагатай энэ том эрдслүүдийг бүхлээр нь тооцоолж санхүүгийн хэлээр хөрвүүлэх, нэгэнт өөрчлөгдөж буй дэлхийн уур амьсгалд дасан зохицох асуудлыг онцгойлон авч үзэх манлайлал дутмаг хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай дараагийн нийтлэлдээ дэлгэрүүлэн бичих болно. 

Хямд хувцас үйлдвэрлэгч брэндүүдийн хурд саарах уу? 

 

Хүмүүс бид 2000 онд хэрэглэж байснаасаа 60 орчим хувиар илүү хувцас авч хэрэглэдэг, өмсдөг болжээ. Дэлхий дээр 1 секунд тутам 1 ачааны машин хувцас газарт булагдаж, эсвэл хог болон шатаж байна. Иймдээ ч сүүлийн үед хямд хувцас үйлдвэрлэгч брэндүүд рүү чиглэсэн шүүмжлэл шахалт улам ихэсч байна. Тэдгээр үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанаас гарч буй байгаль орчны болон нийгмийн сөрөг үр дагавруудыг тоочвол маш их.

Ердөө ганцхан жишээ авбал: 1 ширхэг даавуун футболк хийхэд 2700 литр ус хэрэглэдэг. Энэ хэмжээний усаар 1 хүн дунджаар 2.5 жил амьдарна гэдэг тооцоолол бий. 2019 онд дэлхийн өнцөг булан бүрт хувцас үйлдвэрлэгчдийн хариуцлагатай байдлыг хянах, тэднийг үйл ажиллагаагаа тогтвортой эх үүсвэрээс хараат болгох санаачилгууд өрнөж байна. Жишээ нь, аливаа хувцас үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг оноогоор эрэмбэлэх санаачилга. Хаанаас материалаа авч байна, үйлдвэрлэх явцад гарч буй хор хохирол, хаягдлаа эргүүлэн хэрхэн татаж, дахин үйлдвэрлэж байна гэх мэт. Мэдээж нөгөө талаас хэрэглэгч, худалдан авагчдын хандлага өөрчлөгдөх хэрэгтэй байгаа юм. Хямд, нэг удаагийн гэх мэт тодотголтой бүхэн аажим аажмаар шахагдаж эхэлж байна

Хятадын “Бүс ба зам” санаачилга үнэхээр ногоон өсөлт бий болгож чадах уу? 

 

Манай урд хөрш дэлхийн 100 гаруй орныг хамрах асар том санаачилгыг эхлүүлэн ажиллаж байгааг уншигч та андахгүй биз. “Бүс ба зам” санаачилга нь ойрын ирээдүйд дэлхийг холбосон томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхээр маш эрчтэй эхэлсэн. Хятадын удирдагчид эдгээр төслүүд байгаль орчинд ээлтэй, ногоон төсөл байж, алхам тутамдаа энэ тал дээр хяналт тавин ажиллана гэдгээ дахин дахин ярьж байгаа. Гэсэн хэдий ч эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтуудынх нь дийлэнх хувийг одоогоор сэргээгдэхээс илүүтэй шатамхай түлшинд суурилсан төслүүд эзэлж байна.

2019 онд Хятад улс энэ талаар тогтсон нэг чиг шугамаа барьж, дэлхийд танилцуулах ёстой болно. Үнэхээр “Бүс ба зам” санаачилга олон улсад байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр далайцтай өөрчлөлт авчрах уу? Дотооддоо амжилттай хийсэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ олон улсад гаргах уу? Улс орнууд Хятадын энэ хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ гэж хүлээн зөвшөөрөх үү? Манай улсын нүүрсний салбарт Хятадын энэ том санаачилга хэрхэн нөлөөлөх бол? 

Микро тээврийн хэрэгслүүд бидний хэрэгцээг хангаж чадах уу? 

 

Түрээсийн дугуйн үйлчилгээ, түрээсийн скүүтэрийн үйлчилгээ дэлхийн хотуудад давалгаалан хөгжиж байна. Дөнгөж саяхны нэг жишээ хэлэхэд Bird нэртэй түрээсийн скүүтэрийн үйлчилгээ дэлхийн хамгийн амжилттай стартап бизнесийн нэгээр нэрлэгдээд буй. Одоогоор 1 тэрбум долларын үнэлгээтэй болж тасралтгүй өссөөр байна. Манайд нэвтрээд удаагүй ч түрээсийн дугуйн үйлчилгээг залуус маань сайшаан хэрэглэж байна гэж би анзаарсан. Олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн Никел Ганбаа тренд болоод буй скүүтэрийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгээ бас зарлаж байсныг санаж байна.

Дэлхийн олон оронд амжилт олмогц бид алгуурхан дагаж яваа ч хариуцлагагүй хэрэглэгчийн зан хандлагаас үүдэн зарим хот дээрх шийдлүүдээ эргэн харах тухай сонсогдох боллоо. Явган хүний замаар дүүрэн хөглөрөх дугуйн хаягдал Азийн хотуудад түгээмэл. 2019 онд бизнесийн акулууд, дэлхийн том хотууд энэ асуудалд хэрхэн шийдэл олж ажиллахыг бид ажиглах хэрэгтэй болох нь.

Гэхдээ Ford, Uber, Lyft, General Motors бүгд микро тээврийн хэрэгслийн салбарт орохоор болсноо зарласан. Нэгэнт том тоглогчид орж ирж байгаа бол хотуудын удирдлагууд аюулгүй байдал, дүрэм журам дээр нь сайтар ажиллах хэрэгтэй болох нь. Машинд ээлтэй хот байсаар байх уу? Эсвэл хүмүүстээ, микро тээврийн хэрэгсэлд ээлтэйгээр гудамж замуудаа дахин шинэчилсэн эргэлтийн жил байх уу гэсэн хүлээлт байсаар байна.