Зураг
Зураг
Индэр    
2018 оны 12 сарын 17
Зураг
Эдийн засагч, шинжээч

2018 онд эдийн засагт юу болж өнгөрөв

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Юуны өмнө эдийн засагт 2018 онд юу болсон, 2019 онд юу болох тухай хамгийн товчоор сийрүүлье. Харин учир шалтгааныг нь харахыг хүсвэл та бүхэн дэлгэрүүлээд унших боломжтой.

Үзүүлэлтүүд

2018

2019*

Эдийн засгийн өсөлт

Эдийн засаг сэргэж, 2017 оны өсөлт хадгалагдсан.

Эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилнэ.

Инфляц

Инфляц оны төгсгөлд 8-9 орчим хувьд тогтворжих төлөвтэй.

Инфляцад ирэх дарамт өндөр. Нэг талаас төсвийн тэлэх бодлого хэрэгжих бол нөгөө талаас импортын үнээр дамжин инфляцыг өсгөх боломжтой.

Бодлогын хүү

Мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлсэн ч ханшийн өсөлтөөс шалтгаалан бодлогын хүүг 11 хувьд хүргэсэн.

Төв банкны зүгээс мөнгөний хатуу бодлого барих буюу бодлогын хүү өсөх магадлалтай.

Нүүрс

2018 онд нүүрсний үнэ, тоо хэмжээ хоёулаа нэмэгдсэнээр экспортын 40 хувьд хүртлээ өссөн.

Нүүрсний үнэ буурах хандлагатай. Түүнээс гадна хил дээрх асуудлаа цэгцлэхгүй бол нүүрсний экспорт хумигдах эрсдэлтэй.

Зэс

Худалдааны дайнаас шалтгаалан зэсийн үнэ хангалттай өссөнгүй. “Оюу толгой”-н хувьд тогтвортойгоор зэсийн баяжмалаа экспортлов.

Худалдааны дайн, Ойрхи Дорнодын асуудал, АНУ болон ОХУ-ын харилцаа зэргээс шалтгаалан олон улсын нөхцөл байдал тодорхой бус байна. Тиймээс зэсийн үнийг урьдчилан таамаглахад бэрх юм.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш

Ам.долларын ханш энэ онд 3 удаа огцом өссөн бөгөөд тус өсөлт нь эдийн засгийн идэвхжил, Засгийн газрын өрийн эргэн төлөлт, зах зээл дээрх иргэдийн хүлээлтээс шалтгаалав.

Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлт байхгүй учраас валютын гадагшлах томоохон урсгал байхгүй. Валютын орох урсгал нь ОУВС-тай хэр тохиролцож чадахаас шалтгаалж орж ирэх боломжтой. Тиймээс энэ нь ханшид эрсдэл байгааг харуулж байна.

Төсөв

Сүүлийн 10 жил алдагдалтай гарсан төсөв 2018 онд ашигтай байхаар байна. Төсвийн орлого төлөвлөснөөс өссөний шалтгаан нь нүүрстэй холбоотой.

Төсвийн маш өөдрөг таамаглал дэвшүүлсэн. Төлөвлөсөн орлогодоо хүрэхгүй байх магадлал өндөртэй. Төсвийн алдагдал ч өндөр байх болно.

 Эх үүсвэр: Судлаачийн тооцоолол

Үүнээс гадна улс төрийн томоохон шийдвэр нь эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчилж болно. 

Онцлох үйл явдал

2018 онд юу болов?

2019 онд юу болох вэ?

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд валютын орох урсгал бий болсон. Мөн банкуудын активын чанарт үнэлгээ хийв.

ОУВС-ийн тавьсан шаардлагыг биелүүлэх нөхцөлд энэхүү хөтөлбөр үргэлжилнэ. Тиймээс хоорондоо асуудлаа тохиролцох  нь чухал юм.

Улс төрийн намуудын хагарал

Засгийн газрыг унагах тухай УИХ-аар оруулсан ч дэмжигдсэнгүй. Мэдээж засаг тогтвортой байх нь эдийн засагт маш эерэг нөлөөтэй. Тиймээс хэдийгээр улс төрийн хагарал их байсан ч нөхцөл байдал эерэг дүнтэй өндөрлөв.

Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой үргэлжилбэл эхлүүлсэн томоохон төслүүдийн ард гарах боломжтой. Тухайлбал, нефтийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр гэх мэт эдийн засагт нөлөө бүхий төслүүдийг нэрлэж болно.

“Оюу толгой”-н татвар

Хэдийгээр “Оюу толгой” тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч татварын асуудлаар байнгын маргаантай байсаар он дуусаж байна. Гэсэн хэдий ч далд уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилсэн нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн.

Татвартай холбоотой асуудлуудаа нэг тийш нь цэгцэлж чадвал далд уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилж, валютын орох урсгал нэмэгдсэнээр ам.долларын ханш өсөхгүй байх боломжтой.

 

Тавантолгойн нүүрс

Нүүрсний экспорт 40 хувь хүртлээ өссөн нь Тавантолгойтой шууд холбоотой. Гэвч оны сүүлийн саруудад Хятадын зүгээс явуулж буй бодлого нь нүүрсний экспортыг огцом бууруулсан.

Хятадтай нүүрсний экспортын асуудлаа цэгцэлж чадвал улсын төлөвлөсөн 42 сая тонн нүүрс биш юм аа гэхэд 30 сая тонныг гаргах боломжтой. Энэ нь манай гадаад худалдаа ашигтай байхад дэмтэй.

Төсөв, мөнгөний бодлого

Мөнгөний зөөлөн бодлого барьсан ч ОУВС-аас нөөцөө бүрдүүлэх үүрэг авсан Монголбанк ам.долларын ханшийн өсөлтийг тогтоож чадсангүй. Гэвч зөөлөн бодлогын нөлөөгөөр зээл өсөж, эдийн засгийн идэхвжилийг дэмжсэн. Харин төсвийн бодлого харьцангуй үр ашигтай явсан төдийгүй төсвийн орлого төлөвлөснөөс 1.3 их наядын илүү гүйцэтгэлтэй гарсан.

Мөнгөний хатуу бодлого хэрэгжих магадлал өндөртэй. Учир нь төсвийн тэлэх бодлогоор дамжин инфляцад үзүүлэх дарамт өндөр байна.

Эх үүсвэр: Судлаачийн тооцоолол

2018 ОНД ЮУ БОЛОВ?

БАГА ХААДЫН ҮЕИЙН ТҮҮХ ДАХИН ДАВТАГДАВ

Их Монгол Улсын бага хаадын үед нэг хаан дунджаар дөрвөн жил л төр барьдаг байв. Өөрөөр хэлбэл, 20, 30, 40 жил төр барих ёстой хаад ийм богино хугацаанд төр барьсан шалтгаан нь эрх мэдэл, газар нутгийн төлөөх дотоод тэмцэлтэй шууд холбоотой байв. Удалгүй энэ бутралыг ашиглан гадны томоохон хүч Монгол руу чиглэж, улмаар эзэнт гүрэн унасан билээ. Бага хаадын үеийн энэ сэртхийлгэм түүх өнөөдөр ч манай улс төрд давтагдаж байна. 2012 оноос хойш Засгийн газрын дундаж наслалт тасралтгүй буурч эхэлсэн нь бялууны хэмжээ томорч, жижиг болон том намууд хоорондоо нэгдсэнтэй холбоотой.

Энэхүү дүр зураг 2018 онд ч манай улс төрийн намынханд ажиглагдаж, Засгийн газрыг огцруулах санал УИХ-д оруулсан. Гэвч Засгийн газрыг үлдээх шийдвэр гаргасан нь сүүлийн зургаан жил үргэлжилсэн Засаг огцордог зуршлыг таслан зогсоов. Мэдээж улс төрийн тогтвортой байдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, ам.долларын ханш тогтвортой байх, төсвийн үр ашигтай бодлого үргэлжлэх зэрэгт маш чухал нөлөөтэй. 

Зураг 1. Засгийн газруудын насжилт

 
ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭСЭН Ч ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙЖ ЧАДСАН УУ?

2018 онд түүхий эдийн үнэ үргэлжлэн өсөж, ОУВС-ийн хөтөлбөр үргэлжилж, төв банкны зөөлөн бодлого хэрэгжсэн зэрэг нь эдийн засгийн сэргэлтийг дэмжив. Тухайлбал, нийт экспортод нүүрсний экспортын эзлэх хувь 40 хүрсэн нь нүүрсний үнэ болон тоо хэмжээ нэмэгдсэнтэй  холбоотой. Тавантолгой л гэхэд 2016, 2017 оныхтойгоо ижил хэмжээний нүүрсийг 2018 онд экспортолж чадав. Энэ нь төсвийн орлогыг өсгөж, бусад салбараа дэмжихэд ч түлхэц болсон.

Үнэндээ манай эдийн засаг их энгийн. Тээврийн салбар Тавантолгойн нүүрсний тээврээр өсөж, худалдааны салбар “Оюу толгой”-н худалдан авсан тоног төхөөрөмжийн хэмжээгээр өсөж, үйлчилгээний салбар банкуудын олгосон хэрэглээний зээлээр өсдөг. Харин 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт буурсантай холбоотой барилгын салбар сэргэж амжсангүй. Уул уурхайн хэдхэн компани дагаж өссөн энэхүү өсөлт ард иргэдэд хүртээмжгүй байх нь аргагүй биз. Эрүүл эдийн засагт өсөлт бүтээмж дээр суурилан бий болдог учраас цалингийн түвшин ч бодитоор нэмэгдэн, нөгөө талдаа татвар буурах боломж бүрддэг.

Зураг 2. Эдийн засгийн өсөлт

 
Эх сурвалж: ҮСХ
ИНФЛЯЦ ЗОРИЛТОТ ТҮВШНЭЭСЭЭ ДАВЖ, АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХАДАНД ГАРАВ
Гэрэл зургийг Mpa.mn

Эдийн засгийн энэхүү сэргэлт ч бас нөгөө талаараа хортой байв. Учир нь хоёр төрлийн ашигт малтмалаас олж ирсэн валют нь гар утас, цахилгаан бараа, машины импортоор гарч буй урсгалаа гүйцэхээ байв. Улмаар ам.долларын ханш үе үе огцом өсдөг болсон. Харин иргэд, ААН-үүд энэ байдлыг нэг тэвчсэн, хоёр тэвчсэн, гурав дахиа яаж тэвчих вэ? Төгрөгт итгэх итгэл алдарч эхэлсэн нь хүлээлтээр дамжин ам.долларын ханш улам бүр өсөхөд нөлөөлж байна. Жишээ нь, зарим нэг нь мэдээллийн давуу байдлаа ашиглан зах зээл дээрээс их хэмжээний доллар авч дарснаар эрэлтийг өсгөж, улмаар богино хугацаанд дундаас нь ашиг хийдэг.

Түүнээс гадна Монголбанкны зүгээс хэрэглээний зээлээр дамжин хурдацтай өсөж буй импортыг сааруулах, өрхийн өрийн дарамтыг багасгах зорилготой журам баталсан билээ. Гэвч 2019 онд зээл багасна гэсэн иргэдийн хүлээлт нь оны сүүлийн саруудад хэрэглээний зээлийн ачааллыг огцом нэмэгдүүлж, улмаар импортыг тэтгэж, ханшийн эрэлтийг бий болгов. Ханш эрэлттэй байх яг энэ үед манай нүүрсний экспортын 50 хувь нь гардаг Гашуунсухайтын боомт дээр гацаа үүссэн нь орж ирэх валютын урсгалыг багасгаж, улмаар ам.долларын ханшийг улам хөөрөгдөхөд нөлөөлсөн.

Зураг 3. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш, сарын дундаж

 
Эх сурвалж: ҮСХ

ОУВС-аас “Нөөцөө хадгал” хэмээн үүрэг авсан Монголбанк ханшийн энэ бүх өсөлтийн дараа “Ханш тогтвортой байна” гэж мэдэгдэж байсан ч эсрэгээрээ ханш улам өссөн. Эцэстээ ханшийг барихын тулд бодлогын хүүг нэг нэгжээр өсгөж, 11 хувьд хүргэв. Хэрэв ханшийг энэ чигээр нь явуулбал инфляцад очиж нөлөөлөх учраас Монголбанкны бодлогын хүүг өсгөх шийдвэр ч зөв байсан. Учир нь эдийн засаг идэвхэжсэнээр импортын барааны үнэ өсөж, нөгөө талдаа шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь инфляцад хүчтэй дарамт учруулж, зорилтот 8 хувийн түвшнээс давж одсон юм.

2019 ОНД БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ ИХТЭЙ ГАДААД ОРЧИН
Гэрэл зургийг Mpa.mn

Орост ханиавал, Монголд найтаана гэгчээр гадаад эдийн засгийн орчин манай гаргадаг чулууны үнэ, гадаадын хөрөнгө оруулалт зэрэгт шууд нөлөөлдөг. Улмаар чулууны үнэ буурч, хөрөнгө оруулалт буурах нь өнөөх л долларын ханшийг өсгөж, татварын орлогыг бууруулна. 

2019 онд гадаад эдийн засгийн орчин маш тодорхой бус байхаар байна. Тодорхой бус байдал өндөртэй учраас түүхий эдийн үнийн ханш ч буурах хандлагатай гэж шинжээчид таамаглажээ. Ялангуяа, Хятадын талтай нүүрсний асуудлуудаа ярилцахгүй бол манай экспортод хүчтэй нөлөөлөхөөр байна. Нөгөө талаас дэлхийн газрын тосны үнэ нь манай бензиний үнэд шууд нөлөөлдөг. 2019 онд ОХУ болон Арабын нийлүүлэлтээ танана гэж мэдэгдсэн нь газрын тосны үнэ өсөх магадлалтайг харуулж байна.

УЛС ТӨРИЙН ОРЧИН ЯМАР БАЙХ ВЭ?

Саяхан өрнөсөн үйл явдлуудаас харахад ард түмний дундах улс төрийн намуудын үнэлгээ нэгэнт унажээ. Тиймээс нөхдүүд 2016 онд зарцуулсан мөнгөө ядаж олж авахын тулд сонгуулийн өмнөх жилүүдийг ашиглах магадлал өндөр юм. Үүнийг хагарсан нөгөө хэсэг нь хараад зүгээр суухгүй нь лав. Тиймээс улс төрийн хүрээн дэх энэ тэмцэл үргэлжилсээр байх болно. Магадгүй тэдний сайн, муугаа хэлэлцэх нь маньд хамаагүй ч эдийн засагт нөлөөлж эхэлнэ.

Хамгийн гол нөлөөлөх суваг нь төсвийн зардал байх болно. Гэтэл гадаад эдийн засгийн орчин эрсдэл өндөр үед төсвийн зардал өсөх нь төсвийг алдагдалд хүргэнэ. Тэр алдагдлыг хаанаас нөхөх вэ? Дахиад л зээл, бонд, үнэт цаас. Тэд идээд гарна, харин бид түүнийг нь татварын мөнгөөрөө төлөх болно. Одоо ч төлсөөр байгаа... 

ЭДИЙН ЗАСАГ ЯАХ ВЭ?

2019 онд эдийн засаг дунджаар 6.5 хувийн өсөлттэй байхаар байна. Нэгэнт эрчимжсэн худалдаа болон үйлчилгээний салбарт энэхүү өсөлт илүү ажиглагдана. Барилгын салбар бага хэмжээгээр сэргэх ч томоохон өсөлт бий болохгүй. Энэ нь ипотекийн зээлийн шинэчилсэн журамтай түлхүү холбогдох болно. Тээврийн салбар нь Тавантолгойн нүүрсний экспорт ямар байхаас хамаарна. Хэдийгээр нүүрсний үнэ буурах хандлагатай ч Хятадаас ямар нэгэн хориг байхгүй бол тээвэрлэлт явагдаж, улмаар тээврийн салбар өсөх боломжтой. 

Эдийн засаг эрчимжиж, төсвийн тэлэх бодлого хэрэгжиж байгаа нөхцөлд инфляцад нэлээд дарамт учруулахаар хүлээгдэж байгаа юм. Тиймээс 2019 онд Монголбанкны зүгээс хүүг өсгөх магадлал өндөр. Харин энэхүү хүүгийн өсөлт нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж, долларын ханшийг тогтворжуулах бас нэгэн хүчин зүйл болох юм. 

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЯАХ ВЭ?

ОУВС-ийн хөтөлбөр үргэлжилж байгаатай холбоотойгоор валютын орох урсгал үргэлжлэх болно. Харин Засгийн газрын томоохон дүнтэй зээл төлөхгүй учраас гарах урсгал бага байх юм. Энэ нь манай орох валютын урсгал гарах валютын урсгалаас их байх буюу ханшийн өсөлт тогтворжих боломж бүрдүүлнэ. Түүнээс гадна импортын хурдацтай өсөлт хэрэглээний зээлийн хязгаарлалтаас үүдэн саарах нь төлбөрийн тэнцэлд учрах дарамтыг багасгах боломжтой. Хүнд даацын тоног төхөөрөмж болон хэрэглээний импорт харьцангуй бага байх магадлалтай. Учир нь уул уурхайн компаниуд тоног төхөөрөмжөө 2018 онд хангалттай авсан бол хэрэглээний зээл дээрх хязгаарлалт нь хэрэглээний импорт буурахад нөлөөлөх болно.

Мөн дээр дурдсан мөнгөний хатуу бодлого үргэлжлэх магадлалтай зэрэг нь төгрөгийн эсрэг ам.долларын ханш тогтворжих боломжийг бүрдүүлж болох юм. Хэдийгээр АНУ-ын бодлогын хүүний өсөлт нь доллар өсөхөд нөлөөлөх боломжтой ч манай улсын хувьд арай өөр. Учир нь долларын өгөөж нэмэгдсэн үед мөнгөө авч гарах хөрөнгө оруулагчаас илүүтэй уул уурхайд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч өндөр байгаа учраас энэхүү нөлөөлөл харьцангуй бага байна.