Индэр    
2018 оны 12 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Жилд 40-50 мянган хүн жолоочийн үнэмлэх "өвөртөлж" байна

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
Тоон мэдээлэл: 
  • Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн 36,591 ослын 97.5 хувь нь жолоочийн буруугаас үүджээ.
  • Ердөө ганцхан жилийн дотор буюу 2017 онд 507 хүний амь нас хохирч, 1,258 хүн гэмтэж, иргэн, ААН, байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан.
  • 2017 оны байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1,018 бүртгэгдэж, ослын улмаас 59 хүүхэд амиа алдаж, 1,117 хүүхэд гэмтэл авснаас 205 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ.

(Эх сурвалж: Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоон үзүүлэлт, танилцуулга)

Монгол Улсад жолоодох эрхийн үнэмлэхтэй 1.22 сая гаруй жолооч бий. Хэрэв жолооч бүхэн дүрмээ сахин биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцвол дээрх тоо хэд дахин багасах боломжтой. Ингэхийн тулд жолооч бэлтгэх сургалтыг сайжруулахаас гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцох төлөвшлийг багаас нь олгох чухал гэдгийг албаныхан онцолдог. Гэвч шинэ жолооч нар осол гаргах нь элбэг байгааг сургалтын чанартай холбоотой хэмээн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат өнгөрсөн сард зохион байгуулсан "Хичээх өдөр"-ийн үр дүнгийн талаар мэдээлэх үеэрээ хэлж байлаа.

Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 36,591 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 34.1 хувийг 0-5 жилийн туршлагатай жолооч нар үйлдсэн байна. 

Зам тээврийн осол гаргасан жолооч, жолоодох эрх авснаас хойших хугацаагаар, 2017 он

 

(Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо)

Одоогийн байдлаар улсын хэмжээнд жолооч бэлтгэх сургалтын 338 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Харин жилд дунджаар 40-50 мянган шинэ жолооч бэлтгэгдэж, жолоодох эрхийн үнэмлэх авч буй. Эдгээр жолооч нар ямар хөтөлбөрийн дагуу хичээллэдэг тухай албаны хүнээс тодруулахад “Журмын дагуу онолын 76 цаг бол дадлагын цаг буюу тусгай талбай болон замын хөдөлгөөнийх нийлээд 32 цаг байдаг.

Гэхдээ энэ бол чадварт суурилсан цаг. Энэ цагт л багтаж бүгдийг нь сурах ёстой гэсэн үг биш. Сонсогч дүрмээ сайтар судалсан бол заавал 76 цагийг дуусгах албагүй. Мөн жолоо барих дадлагаа 32 цагаас илүү байлгаж болно.

Энэ бүгдийг сонсогч болон сургалтын байгууллага хоорондын гэрээгээр зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, жолооч бэлтгэх сургалт нь сонсогчийн өөрийн чадвараас хамаарч ямар хугацаанд үргэлжлэх нь шийдэгдэнэ” хэмээн ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэдээллийн технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж хэлсэн. 

Б.Очирбат: Нэг өдөрт шалгуулагчдын 10 гаруй хувь нь л дүрмийн шалгалтад тэнцдэг
 

ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Очирбатаас жолоодох эрхийн шалгалтын тухай зарим зүйлийг тодрууллаа. 

-Улсын хэмжээнд жолооч бэлтгэдэг хэдэн авто сургууль байна вэ?

- Өмнө нь улсын хэмжээнд 442 сургалтын байгууллага байсны 232 нь нийслэлд, орон нутагт 210 байсан. Магадлан шинжилснээр өнөөдрийн байдлаар 338 байгууллага үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан. Шаардлага хангасан сургалтын төвүүдийн төгсөгч нараас манайх шалгалт авч байна.

-Он гарснаас хойш жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч байгаа. Ингэж шалгалт авснаар ямар үр дүн гарч байна вэ?

-Жолооч бэлтгэх тогтолцоо, шалгалтын үйл явцыг цахимжуулах ажил үе шаттай хийгдэж байна. Энэ онд шалгалтыг цахимжуулснаар хүний нөлөөлөл байхгүй болсноороо давуу талтай. Цахим шалгалтын дүн нь автоматаар гарч, сонсогч ямар дүрэм дээр алдсан, юуг илүү судлах шаардлагатай зэрэгтээ дүгнэлт хийх боломжтой болж байна. 
Цаасаар шалгалт авч байх үед хүнээ бүртгэх, дүрмээ танилцуулах, мөн шалгалтын бүтэн хугацаа буюу 25 минутаа дуустал нь үргэлжлүүлдэг зэргээр хугацаа алддаг байсан.

Тухайлбал, энэ үед 700-800 хүнээс шалгалт авахад бүтэн өдөр зарцуулж байсан бол цахимаар авдаг болсноор 500-600 хүнийг 3-4 цагийн хугацаанд шалгадаг болсон.  
Түүнчлэн сургалтын чанарт шууд нөлөөлсөн. Өдөрт 500-600 хүн шалгалт өгөхөд 10 гаруй хувь буюу 60-80 хүн л тэнцэж байна. Энэ нь цахим шалгалтын чанар бодитоор харагдаж байгаа гэж болно.

Нэмж хэлэхэд, өмнө нь сонсогч нар гурван удаа шалгалт өгөх эрхтэй байсан бол цахимаар шалгалт өгдөг болсноор хэдэн ч удаа өгөх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, дүрмээ сайтар судалсан, шалгалт өгөхөд бэлэн боллоо гэсэн үедээ бүртгүүлээд шалгалтаа өгч болно. 

Мөн жил бүрийн эцэст сургалтын байгууллагуудын чансааг гаргана. Тухайн сургалтын байгууллагаас 100 хүн шалгалт өгөхөд замын хөдөлгөөний дүрэмд нэгдэх оролдлогоороо тэнцсэн, тав дахь оролдлогоороо тэдэн хүн тэнцсэн гэх мэтчилэнгээр тооцоолж, жагсаалт гаргах юм. Энэ нь цаашлаад сургалтын байгууллагын чанар, үйл ажиллагаа явуулах уу, үгүй юу гэдгийг шийдэхэд чухал үзүүлэлт болно. 

Жолооны эрх сэргээхэд шалгалт өгөх шаардлагагүй болжээ

2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу зөвхөн төрийн бус байгууллагуудаас явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний соёл, сахилга батыг дээшлүүлэх, эрх зүйн мэдлэг олгох зургаан цагийн сургалтад хамрагдаж, түүний дагуу эрх сэргээдэг болсон. Үүний гол ач холбогдол нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх. Тиймээс шалгалт өгөх шаардлагагүй болсон гэдгийг ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Очирбат хэллээ.

Эрхээ сэргээлгэх иргэд ТҮЦ машинаас жолоодох эрх сэргээх лавлагаа аваад, сургалтын байгууллагадаа очно. Сургалтын байгууллага нь хөтөлбөрийн дагуу сургалтаа зохион байгуулаад ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд мэдээлэл ирүүлснээр эрхийг сэргээх аж.

2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хууль хэрэгжихээс өмнө цагдаагийн байгууллага жолооч бэлтгэх сургалтын байгууллагад хяналт тавьж ажилладаг байсан бол хууль батлагдсанаар жолооч бэлтгэх үйл ажиллагаа, сургалтын байгууллагад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хяналт тавихаар зохицуулжээ. Харамсалтай нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жолооны сургалтын төвүүд дэх хяналт, зохицуулалт, чадавхжуулах талаар ямар ажлууд хийж байгаа талаар тодруулах гэсэн боловч хариуцаж байгаа хүмүүс нь олдсонгүй.