Индэр    
2018 оны 12 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өмнөх жилээс үнэхээр ХОЁР дахин буурсан уу?!

Зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Агаарын чанарын индекс (АЧИ) Agaar.mn дэх хэмжилтийн үзүүлэлтээс харахад хотын утаа жилийн дотор ХОЁР дахин багасав уу, хэмжилтэд ямар нэгэн өөрчлөлт оров уу?

 Ямартай ч АЧИ үзүүлэлт мэдэгдэхүйц бага гарах болов. 

Иймд Баянхошуу, Толгойт, Бөхийн өргөө, 100 айл, Баруун 4 зам, Нисэх, МҮОНРТ, Амгалан гэсэн найман цэгийн АЧИ-ийг өмнөх оныхтой харьцуулж үзлээ.

2017 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс - 2017 оны арванхоёрдугаар сарын 09-н болон 2018 оны арваннэгдүгээр сарын 19 - нөөс 2018 оны арванхоёрдугаар 09 -ний хугацаанд тухайн цэгүүд дээрх 22.00 цагт АЧИ ямар үзүүлэлттэй байсныг харьцуулсан графикуудыг үзүүлэв.

Дундаж АЧИ 8 цэгт өмнөх оноос 47% сайжирсан

Баянхошуу 2.2 дахин сайжирсан

Толгойт 3 дахин сайжирсан

Бөхийн өргөө 2 дахин сайжирсан

100 айл 5% сайжирсан

Баруун 4 зам 2.6 дахин сайжирсан

Нисэх 6% сайжирсан

МҮОНРТ 31% сайжирсан

Амгалан 2.2 дахин сайжирсан

Дээрх графикаас харахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр хорооллын төвлөрөл ихтэй, агаарын бохирдол хамаагүй өндөр газруудад үзүүлэлтүүд хоёр дахин багассан өөрчлөлттэй гарсан байгааг та харж байна.

Гэсэн хэдий ч өглөө, оройд хотын агаарын бохирдол, утааны хэмжээ өмнөх жилүүдээс ихэссэн нь ажиглагдаж байгаа юм. 

Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа "Манай улс агаарын чанарын индексийн үнэлэх болон мэдээлэх журмыг 2011 онд гаргаж байсан.

2014 онд тус журмыг дахин шинэчлэн боловсруулж, 2018 оны өнгөрөгч аравдугаар сар хүртэл анх гарсан журмыг мөрдөн олон нийтэд мэдээлж, хүргэж байв.

Дөрвөн жилийн хугацаанд мөрдсөн уг аргачлалыг шинэчлэн хоёр сарын өмнөөс эхлэн дэлхийн ихэнх улсын мөрдөж, баримталж буй индексийн аргачлалыг нэвтрүүлээд байгаа юм" гэлээ.

Манай улсад өмнө нь ашиглаж байсан агаарын чанарын индексээр:

Aгаарт буй бохирдуулах бодисын тухайн үеийн агууламж + Монгол Улсын агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжийн харьцуулсан тоон утгыг хувьчилсан байдлаар тооцон, индексэд хөрвүүлэн гаргаж байжээ.

Харин бусад улс агаарын чанарын индексийг гаргахдаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг нь тооцож гаргадаг байна.

Тийм ч учраас энэхүү олон улсын мөрдөж буй тооцох аргачлалыг өнгөрөгч аравдугаар сараас мөрдөж эхэлсэн талаар ЦУОШГ мэдээлэв.

Ш.Нямдаваа "Ихэнх улсад мөрдөгдөж буй энэхүү агаарын чанарын индексийн тооцоолол нь АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг болон ДЭМБ-аас гаргасан хүний эрүүл мэндэд нөлөөлж буй агаар орчны бохирдлын үзүүлэлтийг багтаадаг.

Хэдий агаарын чанарын индексийг гаргах аргачлал ихэнх улсад ижил байгаа ч тухайн улсын агаарын чанарын стандартаас хамааран хүний эрүүл мэндэд нөлөөлөх бохирдуулах бодисын агууламжийн хязгаарын дээд түвшин буюу "breakpoint" нь харилцан адилгүй байдаг.  Гэхдээ тооцохдоо нэг аргачлалаар явж байна.

Жишээлбэл, агаар дахь хүхрийн давхар ислийн агууламж 110, азотын давхар ислийн агууламж 90, PM 10 тоосонцор 180 байх юм бол ерөнхий индексийн хамгийн дээд буюу PM10-ын 180 гэсэн тоогоор илэрхийлэгдэнэ гэсэн үг юм" гэлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Гэвч бидний цуглуулсан нэг жилийн датаг харахад гэр хорооллын төвлөрөл ихтэй, агаарын бохирдлын нягтаршил өндөр гэгддэг Баянхошуу, Толгойт, Бөхийн өргөө, 100 айл, Баруун 4 зам, Нисэх, МҮОНРТ, Амгалан гэх цэгүүдэд өмнөх онтой харьцуулахад агаарын бохирдол дунджаар хоёр дахин багассан үзүүлэлттэй байгаа юм.

Ш.Нямдаваа "Агаарын чанарын индексээр хэмжилт хийгдэж буй яг нэг цэгийн мэдээлэл гардаг.

Зарим үед хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжид саатал, техникийн гэмтэл гарах, цахилгаан тасрах зэрэг олон шалтгаанаас хамааран индексийг буруу заах тохиолдол бий.

Тийм ч учраас зөрүүтэй мэдээлэл олон гарах сул тал ажиглагдаж байна. Мөн зарим тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн орон руу нь засварт илгээх тохиолдол ч байна.

Энэ үед гэмтэлтэй төхөөрөмж агаарын чанарын индексийг бууруулж харуулах тохиолдлууд гардаг. Агаарын бохирдол ихтэй Баянхошуу, Толгойт зэрэг газрын агаарын чанар хэмжих төхөөрөмж эвдрэлтэй байгаа" гэлээ.

Толгойтод амьдарч буй хүн өдөрт 24 минут л хэвийн агаараар амьсгалж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ хоёр жилийн өмнө буюу аль 2016 онд ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн тооцоо гарсан талаар бид мэдээлж байсан.

Тухайлбал, Баянхошуу, Толгойт, Амгалан, Зурагт орчимд өдрийн 24 цагаас ойролцоогоор ердөө нэг цагт нь л агаар хамгийн цэвэр, үлдсэн бүх хугацаанд бохирдолтой байдаг гэсэн судалгаа гарч байв.

Тэр үеэс хойш хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хороолол хүрээгээ тэлсэн үү гэхээс биш хумигдаагүй. Зөвхөн Улаанбаатар хотын хамгийн олон буюу 321 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэг 2018 оны эхний дөрөвхөн сарын хугацаанд 15 мянга гаруй иргэнээр бүл нэмсэн тоо байгаа. Үүнээс гадна энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар PM 10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж өмнөх жилээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин PM 2.5 тоосонцор болон азотын давхар ислийн агууламж бага зэрэг буурсан талаар ЦУОШГ мэдээлсэн. Бодит байдал ийм байгаа нь агаарын чанарын үзүүлэлт хоёр дахин багассан гэдэг үндэслэлд эргэлзэхэд хүргэж байна.  

Агаарын бохирдлоос хамааран хүний нас дэлхий дахинд дунджаар 1.8 жилээр хорогдож байна гэсэн судалгаа өнгөрсөн сард гарсан.

Энэ нь агаарын бохирдол тамхидалт, ДОХ, дайн байлдаанаас ч илүү хөнөөлт гамшиг болоод байгааг сануулсан билээ.