Зураг
Зураг
Индэр    
2018 оны 12 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Замын түгжрэлийг давж гарах ухаалаг шийдэл

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийтийн тээвэр бол аливаа хотын нүүр царай, хотыг тодорхойлох нэг өнгө төрх билээ...

Монгол Улсын хүн амын 1.3 сая гаруй нь оршин сууж буй Улаанбаатар хотын иргэд түгжрэлийн улмаас жил бүр 110 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний түлшийг үргүй шатаадаг гэсэн судалгааг нийслэлийн Нийслэлийн тээврийн газраас гаргасан. 

Мөн агаарын бохирдлын 10 хувийг түгжрэлд зогсож буй тээврийн хэрэгсэл ялгаруулдаг зэрэг замын түгжрэлийн талаарх олон талын сөрөг үр дагаврыг тоочиж болно.  

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жил нийт 937 автобус нийтийн тээвэрт үйлчилсэн ч нийт иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгааг өглөө, оройдоо автобусны буудал дээр зогсож буй хүмүүсийн бөөгнөрлөөс харж болно.

 

Үүнийг харгалзан өнгөрсөн намраас нийтийн тээвэрт үйлчилж буй автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлж, уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж эхэлсэн талаараа нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан ч асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр. 

Нийслэлийн энэ хэрэгцээг нөгөө талаас хангадаг үйлчилгээ нь уг нь такси. Манай хотод такси үйлчилгээ 1990 онд өмч хувьчлалын нөлөөгөөр түр зогссон боловч 1993 оноос эхлэн үйл ажиллагаа нь сэргэж, 2003 онд нийслэлийн такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн тоо дээд цэгтээ хүрсэн түүхтэй юм билээ.

Энэ үед 61 байгууллагын нийт 3,960 тээврийн хэрэгсэл буюу нийслэлийн 1,000 иргэн тутамд дөрвөн такси ногдох болсон нь дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрсэн үзүүлэлт байв.
 
Гэрэл зургийг: mpa.mn

Гэтэл энэ тоо өнгөрсөн оны байдлаар 11 аж ахуйн нэгжийн нийт ердөө 539 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээг нийслэлийн иргэдэд үзүүлэх хүртэл буурсан статистик гаржээ. Үлдсэн орон зайг хувийн автомашинаараа буюу бидний хэлж заншсанаар "халтуур"-ны таксинууд нөхөх болсон учраас өнөөдөр хэчнээн такси үйлчилгээнд явж буй тоог гаргахад хүндрэлтэй болоод буй юм. Хэдийгээр хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж байгаа ч тогтсон үнэ ханшгүй, нэгдсэн стандартгүй, эвдрэл гэмтэлтэй байж болзошгүй автомашинаар үйлчилгээ үзүүлж байгаа зэрэг сөрөг талуудыг иргэд мэднэ.   

Аливаа хотын 1,000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт, хэрэгцээ хангагдана гэж үздэг ба өнөөдрийн байдлаар манай хотын такси үйлчилгээний хүртээмж дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгаа юм. Мөн төлбөр тооцоо, үйлчилгээний хувьд ч бусад хотын жишгээс хол хоцорсон гэж болно.

Тэгвэл мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж буй энэ үед ихэнх хөгжилтэй улс ухаалаг утасны хэрэглээнд суурилсан шинэ төрлийн, дэд бүтэцтэйгээ уялдуулсан үйлчилгээг аль хэдийнэ нэвтрүүлээд байна.

Тухайлбал, нийт 65 улсын 600 хотын гурван сая гаруй жолоочийг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж буй Uber үйлчилгээ хөдөлгөөн, нягтаршил ихтэй хотын иргэдийн ухаалаг шийдэл болсон.

Тус үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг авахыг хүсвэл ухаалаг утас, автомашинтай болон компанийн зүгээс тавигдаж буй шаардлагыг хангаж байхад л болох юм. Мөн Uber-ийн гол давуу тал нь бэлэн бус системтэй холбогдсон картаар төлбөр тооцоо хийдгээрээ онцлог.

Ухаалаг утсанд суурилсан, иргэдийн амьдралыг хөнгөвчлөх зорилготой ийм төрлийн апп, системүүд бусад хотод маш олноороо бүтээгдэж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын хувьд дэд бүтэц нь хангалттай гэж болно. Энэ оны эхний есөн сард давхардсан тоогоор ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 4.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 505.5 мянган хэрэглэгчээр (13.9%) өсжээ. Үүний 2.8 сая нь үүрэн телефоны интернэт буюу датаг өдөр тутамдаа хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарсан байна.

Хүн амаасаа олон тооны гар утас хэрэглэгчтэй, байнгын тасралтгүй дата ашиглах болсон нь бидний өдөр тутмын амьдралын нэг асуудал болоод байгаа нийтийн тээвэр, таксины үйлчилгээг бусад улс шиг цахим хэлбэрт шилжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг илтгэнэ. ​

Тэгвэл иргэдийн эдгээр асуудлыг хөнгөвчилж, шийдвэрлэхэд тусалж, өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж буй зарим гарааны бизнес эрхлэгч, хувь хүмүүсийн бүтээсэн шинэхэн аппликейшн, санаачилгаас сонирхуулъя.

1. BEECO-Замын унаа аппликейшн

"Цувж явж түгжирснээс цуглаж Beeco-доод хэмнэе" уриатай энэхүү аппликейшн нь shared economy буюу оролцогч талуудад бүгдэд нь ашигтай байх замаар асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ.

Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарт нэг зүгт явах хүнийг үнэ төлбөргүй, эсвэл өөрийн хүссэн үнээ оруулан дайх боломжийг олгодог юм байна.

Нэг ёсондоо жолооч та хаашаа явахаа оруул, харин зорчигчдыг Beeco танд олж өгнө гэсэн үг.  

Давуу тал: Жирийн таксинаас илүү хямд, эсвэл бүр үнэгүй, зам нийлэх хүнтэйгээ таарна.

Үнэ: жолооч оруулна

2. ABA такси- яг л UBER шиг

Дээр дурдсанчлан дэлхийн олон улсад өргөнөөр хэрэглэгддэг Uber такси үйлчилгээтэй адил ABA хэмээх тус аппликейшн хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа ч олон үйлчлүүлэгчтэй болсон байна.

Баруун талдаа жолооны хүрдтэй бүх машины жолооч нар энэхүү такси дуудлагын үйлчилгээнд нэгдэж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой юм.

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг тус аппликейшн нь улс бүрт зориулан тохируулан апп-аа өөрчилж сайжруулдгаараа онцлогтой аж.

Аппликейшнийг татаж аваад, дуудлага өгөх товчлуур дээр дарахад ойр явж буй бүх жолоочид дуудлага очно гэсэн үг.

Хэрэв дуудлага бүртгэгдэж, баталгаажсан бол таны байгаа газарт 10 минутын дотор очих ба таныг авахаар ирж буй жолоочийн байршлыг газрын зураг дээр, бодит цаг дээр харуулж, хянах боломж олгоно.

Эдгээрээс гадна тус аппликейшн нь жолооч, зорчигч хоорондын үүсэх таагүй харилцаанд цэг тавьж, бие биенээ харилцан үнэлэх системээр ажилладгаараа онцлогтой.

Жолооч зорчигч хоёр бие биедээ харилцан үнэлгээ өгснөөр муу үнэлгээтэй жолоочид аппликейшний зүгээс шилжүүлэх дуудлагын тоог багасгах, хэрэглэгчийн хувьд илүү сайн үнэлгээтэй жолооч дуудах зэрэг боломжийг олгодгоороо давуу талтайг онцолъё. Иймд жолооч, зорчигч харилцан бие биедээ хүндэтгэлтэйгээр зорчих шаардлагатай аж.

Давуу тал: Жолооч илүү мөнгө авахгүй, таны явсан км-ээр төлбөр нарийн гарах тул задгай мөнгөө бэлдээд суугаарай.

Үнэ: Дуудлагын хөлс 1,000 төгрөг, нэг километрийн үнэ мөн 1,000 төгрөг

3.Дайх хөдөлгөөний нам

Машин бүрийг дүүрэн хөдөлгөөнд оролцуулах уриатай Фэйсбүүкийн "Дайх хөдөлгөөний нам" групп нь өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр агаарын бохирдлыг бууруулж, ажлын цагийг түргэсгэж, замын хөдөлгөөнийг багасгах зорилготойгоор байгуулагджээ.

Тус групп нь өнөөдрийн байдлаар нийт 6,341 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энгийнээр тайлбарлавал, өмнө дурдсан Beeco аппликейшнтэй төстэй боловч Фэйсбүүкийн группт суурилсан, сайн дурын, хувь хүмүүсийн дайх үйлчилгээ юм. Группт хэзээ, хаашаа явах гэж буй талаараа пост оруулснаар зүг таарч буй нэгнийхээ машинд дайгдах боломжийг олгодог байна.

 

Группт пост оруулахдаа өөрийн байгаа байршил, очих байршил, дайгдана/дайна болон утасны дугаараа үлдээх дүрэмтэй юм байна.

Энэхүү сайн дурын группт өдөр бүр олон хүн дайх, эсвэл дайгдах зараа оруулдаг ба дайгдсаны дараагаар талархсан, баярласнаа бичиж илэрхийлдэг эерэг хандлагатай групп аж.

Үнэ: Үнэгүй, үнэ тохирж ч болно. Эсвэл гоё зүйлээр дайлна.

4. UBCAB

Технологийн дэвшилт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан UBCAB такси тээврийн үйлчилгээ нь аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ.

Тэгвэл саяхан аппликейшнээ шинэчлэн, шинэ хувилбараа гаргасан тус апп нь НӨАТ-ын урамшууллын системтэй болж, Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-баримт олгох боломжийг бүрдүүлснээрээ ижил төрлийн бусад үйлчилгээ эрхлэгчдээс давуу талтай аж.

 

Ингэснээр таксигаар үйлчлүүлэх бүртээ E-баримт авахаас гадна жолооч нарт бодит үр нөлөөгөө өгч эхлэх аж.

Энэхүү аппликейшнийг татсанаар өөрт хамгийн ойр байрлаж байгаа таксины байршлыг харж, дуудах боломжтой юм.

Үнэ: Нэг километр 1,000 төгрөг

5.Хөршийн холбоо

Манай улсад хөршийн холбоо гэх ойлголт тийм ч сайн хөгжөөгүй ч сүүлийн үед идэвхтэй хөндөгдөх болсон.

Хөршийн холбоо гэдэг нь нэг байр, эсвэл хотхонд амьдарч буй хүмүүс хоорондоо нягт харилцаатай байснаар нэг зүгт явдаг, эсвэл хүүхдүүд нь нэг сургуульд явдаг бол хоёр талын эцэг, эх нь ээлжлэн хүргэж өгөх зэргээр хоёр талдаа ашигтай байдлаар асуудлаа шийдвэрлэх, хоорондын харилцаагаа бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Энэ бол Улаанбаатар хотын хамгийн том хүндрэлийг хялбархан давж гарах ухаалаг шийдэл болж байна.