Индэр    
2018 оны 11 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

“Бидний эрх чөлөөнд яагаад аюул учирч байна вэ? & Хэрхэн аварч үлдэх вэ?”

Зураг

"Хэрвээ чи хүн бүгдийн уншдаг номыг уншвал бусдын боддогийг бодохоос хэтрэхгүй" хэмээн Японы орчин цагийн нэрт зохиолч Харуки Мураками тэмдэглэсэн байдаг.

Ном бол ертөнцийг харах цонх гэж ч мөн ярьдаг...

Орчин цагийн завгүй амьдралын хэмнэл дунд хүмүүс ном уншихдаа илүү сайн номыг олж, өгөөж өндөртэйг сонгож уншихыг эрмэлзэх болсон. 

Үүнтэй холбогдуулан уншигч та бүхэнд сар бүр салбартаа манлайлж, бусдад үлгэр дуурайл болж, өөрийн дуу хоолойгоо хүргэн нөлөөлөл үзүүлж буй эрхмүүдийн уншиж буй эсвэл өмнө уншсан бүтээлүүдээс тэдэнд хүчтэй сэтгэгдэл өгсөн номыг сонгон авч уншигч олондоо хүргэхээр "ТАНЫ ОНЦЛОХ НОМ"  буланг нээж байгаадаа баяртай байна.

Шинэ булангийнхаа анхны дугаарт Хөгжлийн Эдийн Засагч Б.Дөлгөөнийг урьж оролцуулж байна.

 

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн бичсэн “Мөхөшгүй Найдварын Гал”, Томас Фрийдманы “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий”, “Херман Шерийн “Эрчим хүчний бие даасан байдал”,”Хятадыг нэг цагт” зэрэг олон ном монгол хэлнээ хөрвүүлсэн, номын хорхойтон нэгэн гэж хэлж болно. Өмнө нь тэрбээр өөрийн уншиж судалсан бүтээлүүдээс сонирхолтой арван номыг уншигч та бидэнд санал болгож байсан удаатай.

Энэ булангийн хамгийн анхны дугаарын зочин Хөгжлийн Эдийн Засагч Б.Дөлгөөн бидэнд Харвардын Их Сургуулийн профессор Яаша Монк (Yascha Mounk)-ийн “Хүмүүс хийгээд Ардчилал: Бидний Эрх Чөлөөнд Яагаад Аюул Учирч Байна & Хэрхэн Аварч Үлдэх вэ” (“The People Vs.Democracy: Why Our Freedom is in Danger & How to Save It”) хэмээх сонирхолтой номыг санал болгосноор уншиж, ярилцсанаа та бүхэнд хүргэе.

2018 оны 3 дугаар сард анх хэвлэлтнээс гарсан уг бүтээлд зохиолч “ардчилал болон либералзм”-ны талаар гарч буй үл ойлголцлыг нэг мөр цэгцлэн тайлбарласнаас гадна, өнөөдөр либерал ардчилсан тогтолцоонд учирч буй бодит аюул, мөн сүүлийн үед олон улсуудад ихээр хүчээ авч буй популист эрх баригчдын дэлгэрэлтийн цаад шалтгаан болоод үүнтэй хэрхэн тэмцэж болох саналыг тусгажээ.

 

Ингээд тус номын гол утга санааг гарган, уншигч та бүхэнд хүргэхээр зорьсон товч ярилцлагаа хүргэе.

-Тус номд ардчилал болон либерализмын тухай асуудлыг хөндсөн байсан. Эдгээр хоёр ойлголтыг хүмүүс нэг зүйл гэж ойлгох нь элбэг байдаг. Гэвч энэхүү номд тус хоёр ойлголт нь тусдаа салангид ойлголт тул адилтгаж болохгүй гэжээ. Таны бодлоор либерализм болон ардчиллын ялгаа юу вэ?

- Ардчилал гэж юу юм бэ? Ганц сонгууль хийснээр ардчиллыг тогтоож байгаа хэрэг мөн үү гэвэл тийм биш.

Үнэндээ зөвхөн Монголд гэлтгүй, дэлхийн бусад улсын иргэд ч адил “ардчилал” гэдэгт маш олон сайн сайхан ойлголтуудыг нэгтгээд ойлгочихдог.

Тэгээд эдгээр олон үнэт зүйлсээс аль нэг нь болохгүй болохоор ардчилал болохгүй байна гэдэг. Угтаа "ардчилал" гэсэн дээвэр дор оруулсан үнэт зүйлсээ ялгаж салгаад, яг одоо юу нь болоод байна, юуг нь сайжруулах вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй.

Уг номд Ардчилал гэдгийг тодорхойлохдоо “Хүмүүсийн хамтын хүсэл эрмэлзлийг улсын бодлого болгож хөрвүүлдэг сонгуульт институцийн бүтцийг хэлнэ” гэжээ.

Манай Монгол Улсад бол сонгууль хийх тогтолцоо бий, гэхдээ сонгосон хүмүүс маань гарч ирээд амлалтаа биелүүлэх тэр бүтэц, эргээд хариуцлага тооцох механизм алга.

Номын зохиолч либерализм гэдгээр хууль дээдлэх ёс, хүний эрх /үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шашин шүтэх эс шүтэх эрх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх зэрэг/-ийг хамгаалах институцийн бүтэц гэж тодорхойлж өгсөн байна лээ. 

-Ийнхүү салгаж байгаагийн цаад учир юу байна вэ?

-Ингэж салгаж ойлгосноор уншигчид маань ардчиллын талаар ойлголтоо улам лавшруулах боломж олдож байгаа юм болов уу.

Жишээлбэл, либерал улс орон тогтмол сонгууль хийдэг мөртлөө ардчилсан биш байж болно. Ялангуяа улс төрийн тогтолцоо нь зөвхөн нийгмийнхээ элит хэсэг рүү чиглэсэн байх юм бол хүмүүсийн хүсэл эрмэлзлийг төрийн бодлого руу оруулахдаа хойрго байдаг.

Номд оруулсан доорх хүснэгтээр ардчилал-либерал хоёрын хоорондын уялдааг илүү ойлгомжтой тайлбарласан байна.

 

-Либерал гэхээр манайхан олон талаас нь ойлгодог. Энд эдийн засгийн гэхээс илүү эрх чөлөө гэдэг талаас либерал үзлийг тайлбарласан байна. Номд оруулсан уг ойлголтоор бол хэн нэгэн хүн либерал үзэл бодолтой байна гэхээр яг ямар үзэлтэй, хэнийг хэлэх вэ?

-Либерал үзэл бодолтой байна гэдэг нь эрх мэдлийн зохистой хуваарилалт, хүний эрхийг хамгаалах зэрэг үндсэн үнэт зүйлсэд үнэнч хүнийг хэлж байгаа юм. Энэ утгаар ойлговол, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш ч тэр, Барак Обама ч тэр, Роналд Рейган ч тэр бүгд Билл Клинтонтой адил либерал үзэлтэй болж таарна. 

-Дэлхий даяар 2004-2017 он хүртэл “популист” намууд 20 хувиар өссөн, цаашид ч мөн өсөх хандлагатай байна хэмээн зохиолч тэмдэглэсэн байсан. Үүний гол шалтгаан юу бол?

-Дэлхий даяар ардчилсан тогтолцоонд аюул учраад байна гэдэг санааг номын зохиолч илэрхийлсэн. АНУ-ын Дональд Трамп, Унгар улсын Виктор Орбан зэрэг бол үүний жишээ юм.

Зөвхөн АНУ, Унгарт л хоёр популистууд засгийн эрхийг аваад байгаа хэрэг биш юм.

Герман болон бусад Европын Холбооны улсуудад хүртэл популистуудын авч байгаа санал хурдтай өссөнөөс гадна, либерал ардчилсан нийгэмд амьдрах зайлшгүй шаардлагатай гэсэн хүмүүсийн тоо буурч байгаа нь харагдаж байна.

График 1, Европын Холбооны иргэдийн одоогийн тогтолцоог эсэргүүцэгч намуудад өгсөн саналын хувь

График 2, Ардчилсан нийгэмд амьдрах нь чухал гэж хариулсан АНУ-ын иргэдийг төрсөн он, цагаар нь харуулбал

Энэхүү популистууд засгийн эрхэнд гарч байгаа нь тохиолдлын хэрэг бол биш, харин шинэ хандлага бий болж байна гэж зохиолч үзэж байгаа юм.

Үүний шалтгааныг тайлбарлахдаа орлого, хөрөнгийн тэгш бус байдал нэмэгдэж, интернет технологи хүн бүрийн амьдралд нэвтэрч, мөн цагаачдын давлагаатай холбож тайлбарласан.

Дэлхийн эдийн засаг сүүлийн 50 гаруй жил хурдтай өссөнөөр олон шинэ боломж гарч, хөрөнгийн хуримтлал үүссэн хэдий ч энэ нь нийгмийн бүхий л давхарга үүнийг адил тэгш хүртэж чадахгүй байгаа юм.

Мөн интернет, шинэ технологи гарч ирснээс хойших жилүүдэд энэхүү тэгш бус байдал улам нэмэгдэж, хөгжсөн эсвэл хөгжиж буй болон ядуу буурай улс гэдгээс хамаарахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт улам хурцдаж байгаа нь олон хүмүүсийн дургүйцлыг төрүүлэхээс гадна популистуудын гарт ороход нөлөөлж байгаа юм. 

-Өнөөдөр дэлхийн хамгийн эртний ардчилалтай гэх АНУ-д Дональд Трамп, мөн Монголчуудтай хамт зах зээл рүү шилжээд өнөөг хүртэл маш амжилттай яваа Унгарт Виктор Орбан зэрэг авторитар популистуудын эрхэнд орсон гэж бичжээ. Энэ талаар таны бодол?

-Өнөөдөр популистууд газар авч байна.

Энэ хандлагыг хараад надад төрч буй сэтгэгдэл бол яагаад өмнө нь популистууд ингэж их эрх мэдэлд хүрч чадаагүй юм бол, өнөөдрийн нөхцөл байдал юугаараа өөр байна вэ гэдэг асуулт урган гарна.

Тэгвэл энэ номыг уншаад надад ойлгогдсон зүйл бол өмнө популистуудыг гаргадаггүй хоёр шүүлтүүр буюу тогтолцооны бүтэц байсан байна. Эхнийх нь гэвэл хэвлэл мэдээлэл дээр, хоёр дахь нь нам дотор.

Жишээлбэл, АНУ-д 20-р зуунд томоохон хэвлэл мэдээлэл, тэр дотроо радио телевиз өөрсдийн гэсэн редакцын бодлоготой байсан, тиймээс ч хоосон үг ярьсан популист сүгсэлзүүрүүдийг зурагт, радиогоор оруулдаггүй байсан. Тиймээс ч тэд олон нийтэд хүрч чаддаггүй, эсвэл өргөн цар хүрээгээр хүрэх боломж олддоггүй байжээ.

Одоо харин Фэйсбүүк, Твиттер гээд хэн ч, ямар ч хяналт тавьдаггүй олон нийтийн сүлжээгээр дамжуулаад хүмүүст чөлөөтэй хүрдэг болсон.

Улмаар хэн нь хэлснийг хийх чадавхтай, хэн нь чадавхгүй хоосон үг ярьж, чихэн дээр цэцэг ургуулж байгааг ялгах боломжгүй болоод байна.

Хоёр дахь бүтэц нь ардчилсан намууд доторх бүтэц.

Өмнө нь "туршлагатай" төр барьж байсан улс төрчдийн бүлэглэл нь дараачийн үеэ тодорхойлж, улмаар хоосон үгнээс цаашгүй популистуудыг эртхэн таньж, улмаар бусад чадавхтай хэсгээс ялгаж, нам дотроо дээшээ ахих замыг нь хязгаарладаг байсан аж.

Одоо энэ тогтолцоо хүртэл нуран унаж байгаагаас улбаатайгаар популистууд газар авч байх шиг байна. 

-Популистууд, сүгсэлзүүрүүд гээд ярьж байна. Эдгээр нь ардчиллын эсрэг хүмүүс гэсэн үг үү? Популизм гэж таны бодлоор яг юуг хэлээд байна вэ?

- Популизмыг би либерал бус, гэхдээ ардчилсан гэж томьёолно.

Би популизмыг ардчилсан гэж тодорхойлж байгаа нь үнэндээ популизм бол хүмүүсийн дургүйцлийг илэрхийлж, өнөөдөр болохгүй байгаа зүйлийг зөв заан чиглүүлж байгаагаараа ардчилсан гэж хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч, популист улс төрчид хүмүүсийн тэр болохгүй байгаа зүйлд маш хялбар шийдэл ярьж, тэд л эрх мэдэлд очвол эдгээр нийгэмд тулгараад байгаа бэрхшээлүүдийн учрыг олчих юм шиг төөрөгдөл үүсгэдэг. Нэгэнт гарч ирсэн хойноо, амласандаа хүрэхэд ардчилсан нийгэм дэх хараат бус, тэр дундаа хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан либерал институци садаа болж байгаа мэт жүжиглэж, улмаар эдгээр институцийг нурааж эхэлдэг.

Гэтэл үнэн хэрэгтээ ардчилал урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын тулд либерал институцийг бат бэх авч үлдэх нь зайлшгүй шаардлагатай юм.

Учирлавал, хэн нэгэн популист удирдагч гарч ирээд ард иргэдийн хүсэлтийг биелүүлэхийн тулд либерал институцийг нурааж дуусгавал, дараа нь удирдагчийн зорилго болоод ард иргэдийн хүсэл эрмэлзэл хоорондоо нийцэхгүй үед иргэдийнхээ эрх чөлөөг үл тоомсорлон, хөсөр хаяхад түүнийг хэн ч яаж ч чадахгүй дээрээ тулна.

Хамгийн тод жишээ бол Венесуель улс байна. Дарангуйлал тогтсон улс орныг түүхийг сөхөж харвал үнэндээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэггүй, нэг ёсондоо либерал биш удирдагч сонгоно гэдэг нь яваандаа авторитар дэглэм рүү шилжихийн өмнөх алхам болоод байгаа юм.

Хэвлэл мэдээллийг гартаа оруулж, хараат бус байгууллагуудад “өөрийн” хүмүүсийг томилох замаар “хараат” болгож дууссаны дараа эдгээр удирдагч нэг алхаад л популизмаас диктатор руу орчихож байна.

Тиймээс ч энэ нөхцөл байдлыг хүн бүр ойлгож таних ёстой учраас “Хүмүүс хийгээд Ардчилал: Бидний Эрх Чөлөөнд Яагаад Аюул Учирч Байна вэ & Хэрхэн Аварч Үлдэх вэ” номыг бусдад санал болгож байгаа юм.