2018 оны 11 сарын 15
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Сэтгэлгээний "СУББОТНИК"

Зураг

Энэ өдрүүдэд ЖДҮ хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мөнгө завшсан тухай орон даяар ярьж байна. Нийгмийн сүлжээгээр “Бид уучлахгүй” гэх давалгаа өрнөжээ. Цөөн хүмүүс нийслэлийн төв талбай дээр цуглаж Их Хурлыг тараахыг шаардав.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө өөрийгөө тараах санал даргад нь хүргүүлжээ. Дээрх сангаас гадна төрийн 27 сангийн тайланг ил тод болгохыг иргэд Засгийн газраас шаардаж эхлэв. Мөн Чингис болон бусад бонд, үнэ тогтворжуулах нэрээр Монголбанкнаас тараасан олон их наяд төгрөг хаана, хэнд, яаж очсон, эргэж төлсөн эсэхийг асууж байна.

Уг нь эрх мэдэлтнүүд нийтийн хөрөнгө завшаад байгааг монголчууд бүр эхнээс нь мэдэж байсан. ХМХ-үүд энэ тухай их, бага хэмжээгээр хааяа дуугарч ирсэн. Нийслэлийн газрыг завшиж байгаа тухай миний бие удаа дараа баримттайгаар нийтлэл бичиж “зайсандах” гэж нэр томьёо гаргаж байлаа. Үүнийг зарим хүн интернет орчинд дэмжиж байсныг эс тооцвол монголын нийгэм бараг чимээгүй явсаар ирсэн. Харин өнөөдөр яг өөрийнх нь жижиг, дунд бизнест очих мөнгийг УИХ-ын гишүүд хулгайлчихсан болохоор арай олон хүн дуугарч байна. Тэгээд тэгээд, ихэнх иргэд, ялангуяа мэдлэг боловсролтой нь чимээгүй харсаар л сууна.  

Монголд эдийн засгийн биш, авлигаас угшилтай улс төрийн хямрал нүүрлээд байна. Авлигын цаад эх үүсвэр нь улс төрийн намуудын санхүүжилт, түүнийг ил тод болгохыг шаардъя гээд би бараг арван жил, долоо хоног бүр цахим хуудас, сонин, телевиз, нийгмийн сүлжээгээр тасралтгүй ярьж, бичсээр ирсэн. Гэвч иргэд маань үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, дүлий дүмбэ оргиж, гишүүд нь намын даргынхаа эсрэг үг дуугарах тэнхээгүй явж ирлээ.

Хамаг хөрөнгө мөнгө, газар, байгалийн баялагийг нь хулгайлаад, дээрэмдээд байхад монголчууд яагаад зүгээр л хараад суугаад буйг би үргэлж гайхах юм. Энэ бүхнийг иргэд мэдээгүй, сонсоогүй дээ биш, өөрийнх нь урдах ажил төрөл явж байгаа бол бусад нь хамаагүй, өөрсдөө болгоно биз гэж бодсоор байна. Монголчууд бид амин хувиа хичээсэн, арчаагүй бэртэгчин болчихжээ.

Яагаад ийм болчихсон, хаана нь яаж өөрчлөх тухайг системийн онолын “мөсөн уулын” загвараар дөрвөн түвшинд жишиж тайлбарлахыг хичээе.

Харагдах түвшинд

Энэ бол одоо өрнөж буй үйл явдлуудыг буюу нийт асуудлын 10 хувь болох, усны гадаргуу дээрх ил харагдаж буй мөсөн уулын оройг хэлж байна. Үүнд эдүгээ илэрч буй ЖДҮ-ийг хөгжүүлэх санг шийдвэр гаргагчид намдаа өгсөн хандивын төлбөр болгон хэрхэн зохион байгуулалттайгаар хувааж авсан, 60 тэрбумын хэрэг, их өрийн төлбөр гэх зэрэг олон үйл явдлууд орно.

Эхнэрийнхээ компанид хөнгөлөлттэй зээл авсан сайдыг албан тушаалаас нь чөлөөлнө, гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь үлдээнэ хэмээн шийдвэр гаргаж байгаа гишүүд өөрийнх нь халдашгүй эрхийг удалгүй хураана гэж айн чичирч байна. Эдгээр гишүүд авсан зээлээ төлөөд, гишүүнээсээ татгалзсан ч, нийтийн засаглалын хямралын асуудлыг энэ түвшинд шийдэх боломжгүй. Дараагийн төр засгийн түшээд өөр нарийн арга хэлбэрээр хулгай хийсээр байх юм.

Давтагдах түвшинд

Усны гадаргуун доорх нь, усан дээр оршихтой төсөөтэй олон үйл явдал өрнөж, бүгд л хэзээ нэгэн цагт ил тод болох ажээ. Хэлбэр нь өөр ч агуулга нь адилхан, төр засаг нь сонгосон иргэддээ биш улс төр бизнесийн бүлэглэлд үйлчилсэн үйлдэл хөшигний цаана давтагдсаар байна.  

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хулгайч нарыг барьсан ч, бүх зээл, хохирлыг төлүүлсэн ч цаана нь 20 гаруй сан, бондын болон, гоё нэртэй түмэн хөтөлбөрийн хэргүүд нэг нэгээрээ усан дээр хөвөн гарч ирэх юм. Тэр бүрийн араас орж, нийтийн хөрөнгийг хувьдаа завшсан бүх этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн ч (үнэн зөв тэгж ялахыг МАНАН төрийн эрхэнд байгаа цагт монголчууд үзэхгүй бололтой), эсвэл улс төрийн цоо шинэ хүчин төрийн эрхэнд гарсан ч, төсөөтэй бусармаг үйл ажиллагаа явагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь ийм бусармаг үйл ажиллагааг бий болгож, төрүүлж байгаа тогтолцоо нь доор нь бий. Асуудлыг давтагдах түвшинд нь урт хугацаандаа шийдэх боломжгүй.  

Тогтолцооны түвшинд

Ар араасаа давтагдах хэргүүд, үйл явдлуудыг түүний доор буй тогтолцоо нь төрүүлдэг. Монголын төрийн өнөөгийн инститүцүүд, тэдгээрийн уялдаа холбоо, манай хууль журам, түүнийг мөрдүүлж сахиулах ёстой цагдаа, хүчний байгууллагууд, бизнесийн зохицуулалт, дэд бүтэц, татвар гэх мэт өнөөгийн тогтолцоо нь дараа дараагийн хэргүүдийг “үйлдвэрлэсээр” байгаа юм.

Энэ тогтолцоог өөрчлөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилга гаргасан. Гэвч ямар ч шинэ тогтолцоо нь гэмт үйлдлийг гаргахгүй, төрд хулгай нүүрлэхийг таслан зогсоох баталгаа бас өгч чадахгүй. Гэмт хэрэгтнүүдээ шийтгэж, тогтолцоогоо шинэчилсэн ч дараагийн тогтолцооны эрх мэдэлтнүүдийн хулгайлах арга нь улам бүр нарийсах юм.

Сэтгэлгээний түвшинд

Тогтолцоог хамгийн сайн боловсронгуй болгох арга бол түүнийг бий болгодог сэтгэлгээний түвшинд байдаг. Зөвхөн энэ түвшинд асуудлыг шийдэж чадах юм бол дээшээ мөсөн уулын орой хүртлээ систем цэгцэрдэг. Өндөр хөгжилтэй орнууд чухам энэ түвшиндээ өөрчлөлт хийж чадсан учир иргэд нь харьцангуй элбэг хангалуун, аз жаргалтай, урт удаан амьдарч байна. Тийм ч учраас монголчууд боломж л гарвал тэдгээр орныг зорин тэмүүлж байна. 

Энэ түвшинд улс үндэстний сэтгэлгээ, хандлага, үнэт зүйл, ёс зүй, хүлээлт ордог. Энэ бүхнээс тогтолцоо, түүний дээрх үйл явдлууд хамаарна. Монголчууд бид сэтгэлгээний түвшиндээ ихээхэн өөрчлөлт хийхгүйгээр нийгмийн хөгжлийнхөө олон асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Бид өөрсдийн хандлагаа өөрчлөх, үр хүүхэд, хойч үеэ хэрхэн хүмүүжүүлэхээс бүх зүйл хамаарна. Жишээ нь юунд анхаармаар байгааг хэдхэн зүйлээр тодруулж болно.

  • Бид хүүхдээсээ амьдралд овсгоо, самбаатай хандах, хүний дор орохгүй байхыг шаардаж байна. Үүнтэйгээ зэрэгцээд шударга, зөв байхыг шаардахгүй, өөрсдөө үлгэрлэн харуулдаггүй учир хүүхдүүд маань ямар ч үнээр хамаагүй бусдын дээр гарах сэтгэлгээтэй болж, бусдаас түрүүлэх, илүү байхын төлөө юу ч хийхээс буцахгүй болдог. Тийм учраас “цүнх барьж”, дарга дагаж, гэнэт баяжих хүсэл, боломж нийгэмд өргөн таржээ.
  • Монголд дунд сургуулийн шалгалтанд сайн сурдаг сурагч нь муу сурдгууддаа шалгалтын бодлогоо хуулуулахыг багш нар нь үүрэгдэж байна. Энэ нь оюуны өмчийн хулгай хийхийг дэмжиж, хүүхдүүд курс, дипломын ажилдаа бусдын ажлыг шууд л хуулаад тавьчихдаг соёлыг (plagiarizing) нэвтрүүлж байна.
  • Өөр нэг жишээ, гуравдугаар ангийн нэг хүүхэд ангийн дарга болохын тулд хүүхэд бүрт мянган төгрөг өгчээ. Бид бас хүүхэддээ хамт олноо дага, хүчтэйд ойр бай, түрүүлж битгий дуугар гэх мэтээр сургаж хулчгар, өөртөө итгэлгүй болгож байна.

Шударга ёсыг хамгаалах, хүнийг хайрлах, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, бусдын хөрөнгө нэр төрийг хүндлэх, хамгаалах зэрэг сэтгэлгээ манай нийгэмд үгүйлэгдэж байна. Монголд шударга бус явдалтай тэмцэх, “шүгэл үлээх” зэрэг соёл хэвшихгүй байна.

Монголчууд бид сэтгэлгээний түвшиндээ өөрчлөлт хийж, хүнлэг орших, хамтран ажиллах, амьдрах соёлыг хэвшүүлэх шаардлагатай. Ингэж чадсан цагт тогтолцоогоо эрүүлжүүлнэ. Төр засаг, хууль журмаа боловсронгуй болгож, нийтээрээ чанд сахин мөрдөж, зөрчсөндөө хариуцлага хүлээлгэдэг болчихвол монголдоо бид сайхан амьдрах юм.

Зураг
x