Индэр    
2018 оны 11 сарын 12
Зураг
Улс төрийн мэдээ, мэдээлэл

Б.Батзоригийг авч үлдэхээс өөр сайн сонголт эрх баригчдад "байхгүй"

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

-УИХ-ын гишүүдийн “донгио”-дуухан уулчлал гуйлт бухимдсан иргэдийг тайвшируулсангүй-

У.Хүрэлсүхийн танхимын хоёр дахь сайдын хувь заяа өнгөрөгч долоо хоногийн улс төрийн гол сэдэв байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ хэрхэн шийдэх бол? Монголын улс төрд хариуцлагын салхи сэвэлзэх нь үү, үгүй юу гэсэн асуултын хариуг нийгэм хүлээж байсан юм. 

Улсын төсвийн 31 хувь нь төвлөрч байдаг тусгай сангуудын нэг ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгө эрх мэдэлтнүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр очсон. Хууль бус үйлдэл хийсэн албан тушаалтнуудад ногдох хариуцлагын машин ажиллах болов уу? гэсэн хүлээлтэд эрх баригч МАН сонгогчдоос оноо авах биш эсрэгээр тэднийг улам бүр нүүрээ буруулах хариултыг өгөөд байна.

Мягмар гарагт (2018.11.06) УЕП-оос ирүүлсэн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлтийн дагуу хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын гишүүнээс огцорч байгаа ХХААХҮ-ийн сайдыг УИХ-ын гишүүн хэвээр нь авч үлдэнэ гэж шийдсэн.

УИХ-ын Байнгын хороод болон УИХ чуулганаас ч Б.Батзоригийг Прокурорын байгууллагын мэдэлд шилжүүлэхээс татгалзсан шийдвэр гарсан нь улстөрчдийн улсын төсвийн хөрөнгийг халаасны мөнгө шигээ зарцуулах явдлыг өөгшүүлэн дэмжсэнтэй адил хэрэг болов.  

УИХ-ын нэг гишүүнээ хуулийн байгууллагын мэдэлд шилжүүлэх нь эрх баригч намд том эрсдэл дагуулна. Б.Батзориг гэдэг хүнээр эхэлсэн албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглагчдын гинжин холбоо цааш хөврөхдөө хамгийн багадаа парламентын 4-5 гишүүнийг АТГ болон Прокурорын мэдэлд аваачна гэсэн үг. Энэ болгоомжлол нь хоёр хуваагдаад жил тойрч байгаа УИХ дахь МАН-ын бүлгийг дахин нэгтгэхэд хүргэжээ. 

Яалт ч үгүй нэгдэж гаргасан шийдвэр нь МАН-ын нэр хүндийг улам уруудуулж, дордуулна гэдгийг эрх баригчид мэдээгүй биш мэдэж байсан. Гэхдээ тэдэнд Б.Батзоригийг хуулийнханд шүүрүүлэлгүй авч үлдэхээс өөр сайн сонголт угаасаа байхгүй.  

Гэрэл зургийг mpa.mn

Нэг үйл явдал нөгөө үйл явдлаа тодотгодог жишгийн дагуу энэ өдрүүдэд УЕП олны анхаарлын төвд орж ирлээ. Сайдыг Прокурорын байгууллагын мэдэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн үг иргэдээс өндөр оноо цуглуулж байна. 

Хуулийн дагуу шалгах шаардлага үүсэн учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татах хүсэлтээ явууллаа. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай УИХ яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ” хэмээн мэдэгдсэн УЕП-ын үг харин төсвийн хөрөнгийг хувьдаа завшдаг улс төрчдөөсөө салах ёстой гэсэн нийгмийн хүсэлтэй давхацан хууль тогтоогчдод багагүй цочироо өгөх шиг болов.

Сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж байх өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад барьсан УИХ-ыг өөрөө тарахыг санал болгосон зөвшилцөх бичгийн хариуг өглөө. Чадамжгүй болсон УИХ тарах ёстой гэж үзсэн Ерөнхийлөгчийн байр суурьд УИХ-ын дарга “Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. УИХ дахь олонхын бүлэг асуудлыг хэлэлцэж, ижил байр суурьтай байгаагаа илэрхийлж” байна гэсэн хариуг бариад байна. 

 

Долоо хоногийн дундуур Монгол бахархлын өдөр тохиож хэт халсан улстөржилт түр намжсан ч Ням гарагт зарим ТББ-уудын жагсагчид ЖДҮ-ийг эсэргүүцэн жагсаал хийлээ. Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсаал, Зөрчлийн хуулийг эсэргүүцсэн нүцгэн хүний жагсаалтай өнгөрч долоо хоног У.Хүрэлсүхийн танхимд чамгүй дарамт өгч чадлаа. 

Хот суурин, хөдөө гадаагүй ЖДҮ-ийг жигшсэн давалгаа үүсч шийдвэр гаргагчдын үйлдлийг буруушаасан өдрүүд үргэлжилж байгаа ч зээл авсан УИХ-ын гишүүдийн “донгио”-дуухан уулчлал гуйлт бухимдсан иргэдийг тайвшируулсангүй. Олны шүүмжлэл, эсэргүүцэл Засгийн газрыг чиглээд ирэхээр тэр танхим нэг их удахгүй сэнтий, тамгаа хүлээлгэж өгдөг жишиг Монголд бий.  

Бужигнааны цаана дахин өөр Засгийн газар байгуулах төлөвлөгөө зурагдчихсан. Тэр нь ч хожим ил болдог зуршил бараг уламжлал болсон гэхэд болно. Засгийн газар түүний гишүүдийн амбиц нэлээд давамгайлсан Монгол Улсын нэгдсэн төсвийн хуваарилалтаар эхэлсэн улстөржилт юугаар төгсөхийг таахад эрт байна. 

Хэдийгээр улсын төсвийг УИХ баталсан ч Ерөнхийлөгч болон сөрөг хүчин АН хориг тавих тал дээр нэгдэж мэдэх байр суурь, үйл явдлууд болж өнгөрсөн гэдгийг мартаж болохгүй. 

Д.ШАТАРБАЛ