Зураг
Зураг
Индэр    
2018 оны 11 сарын 11
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

Улаан вино зүрх хамгаалах үйлдэлтэй

Зураг

Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “www.unsick.me” сайт ээлжит нийтлэлээ хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.

Бие организмын эрхтэн бүр юугаарч орлуулашгүй чухал зүйл. Ялангуяа зүрх бол их чухал эрхтэн учраас зүрхээ байнга хайрлах хэрэгтэй. Тухайлбал, хүчилтөрөгч болон тэжээлийн бодис агуулсан цусыг хүний биеийн 75,000,000,000 эс рүү түгээх шахуургын үүргийг гүйцэтгэдэг. Зүрх нь цусыг эд эс рүү тасралтгүй шахаж байхын тулд цаг үргэлж ажиллаж байдаг. Жилд 37 сая удаа агшиж, сулардаг байна.

Эрт дээр үеэс улаан виног эрүүл мэндэд тустай гэдгийг мэддэг байж. Гэхдээ 1979 онд улаан виног зохих тунгаар тогтмол хэрэглэхэд зүрх судасны эмгэгийн нас баралтыг бууруулдаг болохыг судалгаагаар анх нотолжээ. Улаан вино бол 3 механизмаар зүрх хамгаалах үйлдэлтэй.

Нэгдүгээрт, спирт агуулсан уусмал учраас бага тунгаар цусны зуурамтгай чанарыг багасгаж, улмаар цусны хөдлөлзүйг сайжруулдаг. Энэ нь судсанд цус бүлэгнэхээс сэргийлж бичил судасны цусан хангамжийг нэмэгдүүлнэ. 

Хоёрдугаарт, улаан өнгөтэй жимс жимсгэнэ антиоксидант буюу хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй учраас зүрх судасны эрхтэн тогтолцоог залуужуулах үйлчилгээтэй. Улаан виног усан үзэм зэрэг жимснээс гаргаж авдаг тул ихээхэн хэмжээний антиоксидантыг агуулж байдаг.

Гуравдугаарт, улаан вино нь ресвератрол (resveratrol) хэмээх бодисын тусламжтайгаар зүрх хамгаалах үйлдлээ илүүтэй үзүүлдэг. Ресвератрол нь цусны судас гэмтэхээс хамгаалах, муу холестериныг (БНЛП холестерин) бууруулах, үрэвсэл болон цус бүлэгнэлтийг дарангуйлах үйлчилгээтэй ажээ.

Судалгаагаар улаан виног насанд хүрсэн хүн 7 хоногт 1-2 удаа 100-200мл-ээр хэрэглэхэд хамгийн тохиромжтой хэмээн үздэг. Уг хэмжээгээр улаан виног хэрэглэхэд зүрх судасны эмгэгийн нас баралтыг бүр 37% бууруулсан судалгааны үр дүн гарсан байна.

Гэхдээ хамгийн чухал зүйл бол тохиромжтой хэмжээгээр хэрэглэх явдал юм. Зүрхээ хамгаалж байна хэмээн хэтрүүлэн хэрэглэж тун болохгүй. Иймд, улаан виноны стандарт зүрх хамгаалах тун нь 7 хоногт 1-2 удаа 150мл хэмжээ юм. Европчууд улаан виног зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж заншсан байдаг.

 

Эх сурвалж: www.unsick.me