Индэр    
2018 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

"64"-ийн бүлэг Монгол Улсын ӨРИЙГ сүүлийн 3 жилийн хугацаанд 7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ!

Зураг
Гэрэл зургийг MPA.mn
Алдагдалтай төсөв баталсан парламент 2013 оныхоос ч том хямралын үүдийг нээчихэв үү

Монгол Улсын Их Хурал түүхэндээ анх удаа Төсвийн тухай хуулийг хугацаанаас нь 13 хоногийн өмнө ба дөрөв биш, гурван удаагийн хэлэлцүүлгээр маш богино хугацаанд баталж чадлаа. Браво! Лав сүүлийн найман жилд ийм үзэгдэл тохиогоогүй ажээ. Парламент маань байнга ийм маягаар шуурхай ажиллаад байвал хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ДНБ-ий хэмжээ өсөж, эдийн засаг ч тэлэх найдлага байна шүү.

Гэвч “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр бүхэл бүтэн 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг засаж залруулах ямар нэгэн оролдлогогүйгээр сандчин баталснаараа УИХ-ын “эрхэм” гишүүд 2013 оныхоос хавьгүй том хямралын хаалгыг нээсэн байж мэдэх юм. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийн үе шувтрах тал руугаа хандаж, гадаад зах зээлүүд таагүй болж буй ийм үед мөчлөг сөрсөн бодлого барих учиртай байв. Байж болох үр ашиггүй зардлуудаа танаж, шинэ хөрөнгө оруулалтуудыг огт эхлүүлэхгүйгээр өрөө аль болох нимгэлнэ гэсэн үг. Харамсалтай нь эсрэгээрээ төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 66 хувиар нэмэгдүүлж, улсын өрийг 1.9 их наяд төгрөгөөр дахин нэмэгдүүлснээр 2010 онд гаргасан алдааг тэр чигт нь давтаж байна. Энэ бол ЖДҮХС-аас түшээд өөрсдөө хулгайлснаас ч том гэмт хэрэг болж мэдэх юм.

Яагаад гэж үү? Үүнийг тайлбарлахын өмнө 2010 оны алдаа, 2012 оноос эхэлсэн эдийн засгийн хямралыг эргэн сануулъя. Уул уурхайн бүүм болж байсан 2008-2011 онд Засгийн газар Хүний хөгжил сангийн орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг, өсөн нэмэгдэх роялтигаас бүрдүүлж байсан. Гэвч 2012 оны сонгууль угтуулж,  910 тэрбум төгрөгтэй байсан тус сангаас 1.95 их наяд төгрөг “зарцуулсан”-аар нэг их наяд төгрөгийн алдагдал бий болж байв. Энэ мөнгө товчхондоо 2010-2012 онд халамж хэлбэрээр бэлнээр тараагдсан буюу эдийн засагт үр ашиггүй зардал байв.

Яг түүнтэй адил энэ удаа баталсан 2019 оны төсвийн “хасах” утгатай 1.9 их наяд төгрөг бодит өсөлт авчирч, ажлын байр нэмэгдүүлэхэд биш харин өнөөх л олон жил дамнан үргэлжилдэг дуусдаггүй барилгуудын тоог шинээр нэмэгдүүлж, Засгийн газрын хэрэглээг өсгөнө. Цаашилбал, 2020 оноос төсөвт дарамт учруулж эхлэх зардал.

График 1,  Нэгдсэн төсвийн өөрчлөлт 2018-2019 он (тэрбум төгрөгөөр)

 
Дэлхийн худалдааны дайн болон бусад шалтгаанаас үүдэн ам.долларын зээлийн хүү гадаад зах зээлд өсөж, түүхий эдийн үнэ сулрах мөчлөг эхэлж буй ийм үед улсынхаа өрийг 1.9 их наяд төгрөгөөр ийнхүү нэмчихсэн улс 2020 онд хаашаа харах вэ? Засгийн газрын хэт өөдрөгөөр төсөөлж төлөвлөсөн орлогоос зөвхөн 42 сая тонн нүүрсний экспорт биелэхгүй байхад л бид бүдэрнэ.

Зарцуулна гээд хуульчилчихсан тэр их мөнгийг олохын тулд дахиад л зээл авах хэрэгтэй болно. Мэдээж өнөөдрийн төлөвлөснөөсөө илүү өндөр өртгөөр авах болно. Зээл нэмэгдэж, Засгийн газрын хэрэглээ огцом өсөх нь инфляци огцом өсөх, гадаад худалдааны алдагдал нэмэгдэх, төлбөрийн урсгал тэнцэл сөрөг гарах шалтгаан болдог. Гэвч дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ ханш ийм байгаа үед Монгол Улсад зээл олдох уу гэдэг нь өөрөө маш том асуудал.

Айлаар аваад үзье. Таныг ажилтай орлоготой үед хэн ч байсан итгээд хэдэн төгрөг зээлүүлчихдэг. Харин орлогогүй болоод ирвэл хялайж харах хүн ч олдохгүй. Яг үүнтэй адил экспортын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханш манай Засгийн газрын мөрөөдлөөс зөрөхөд л угаас алдагдалтай баталсан Монгол Улсын төсөв улам дарамтанд орно.

Зээл олдохгүй бол хүссэн хүсээгүй Засгийн газар хэрэглээгээ хязгаарлаж, бүсээ чангална. Харин энэ бүхнийг иргэд л нуруундаа үүрнэ. Төсвийн зардал танагдаж, эдийн засаг тамираа барахад хамгийн түрүүнд ажлын байр хумигддаг гэдгийг 2008, 2013-2014 онд бид харсан. Тухайлбал, 2008 онд 80,000 хүн ажлын байраа алдсан бол 2013-2014 оны хямралаар олон мянган аж ахуйн нэгж үүдээ барьж, 100 гаруй мянган хүн ажилгүй болох эрсдэл үүсэж байв. Үүний улмаас өрхийн орлого огцом буурч, иргэдийн амьжиргаа эрс дордсон гашуун сургамж тийм ч их хуучраагүй билээ.  

График 2,  Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн ханшийн өөрчлөлтийн түүх, 

Нүүрсний үнийн өсөлт, түүхий эдийн эерэг циклээс орж ирсэн алтан боломжийг иргэдийн амьдралд нааж, хувийн хэвшлийг дэмжиж, өөрсдийн зардлаа бууруулан, адаглаад төсвөө алдагдалгүй баталсан бол алга таших байлаа.

Гэтэл ажлын байрын хамгийн олноор бий болгож, эдийн засагт бодит өсөлт авчирдаг ЖДҮ-ийн салбарыг дэмждэг сангаа өөрсдөө хувааж авчихаад мэдсээр байж улсынхаа өрийг нэмж буй УИХ-тай байгаа нь эмгэнэл.   

Тэд 2017 онд 2.7 их наяд, 2018 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан бол энэ жил 1.9 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталснаар сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын өрийг 7 их наяд төгрөгөөр нэмэв. 

Учир нь алдагдал/дутагдалтай төсөв батлах бүрт Монгол Улсын өр хэрхэн нэмэгддэг тухай бид УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #1 -рээ тайлбарлаж байсан билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаан дээр төсвийн талаар үг хэлэхдээ “2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарах гэж 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч, 5,000 дахин өсжээ” гэдгийг үгийнхээ эхэнд шахам тодотгоод сонгууль угтсан төсөв болсныг шүүмжилсэн.

Өмнөх оныхтой харьцуулахад энэ удаагийн төсвийн хөрөнгө оруулалтын ЗАРДАЛ 66 хувиар өссөн нь яах аргагүй дээрх үгийг баталж байна. УИХ-ын гишүүд 2020 онд сонгогчдодоо гоё харагдаж, бетонон барилга эхлүүлсэн нэр зүүхийг л илүүд үзэж, явцуу эрх ашгаа тэргүүнд тавилаа.

Монгол Улсын Их Хурал болоод Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт яагаад орсноо ийм хурдан мартсан бол иргэдэд ЦАГААН СОНГОЛТ л үлдэж байна даа.