Индэр    
2018 оны 10 сарын 29
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТӨРӨХ ҮНЭН ҮХЭХ НЬ ҮНЭН – BABY BOOMERS

Зураг
 

Номхон далайн Марианы арлуудын нэгт орших Гуам хэмээх улс нь Америкийн нэгдсэн улсын харьяанд байдаг. Ердөө 160 мянган хүн амтай, 540 км2 газар нутагт амьдардаг энэ улсад дэлхийн 2-р дайны нөлөө их шингэжээ.

Учир нь дайны дараа төрсөн хүүхдүүд нь өнөөдөр насжиж, 2020 онд 160 мянган хүн амынх нь 25 мянга нь 60-с дээш настай болох бөгөөд тэдэнд зориулсан тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ нь том асуудал болж байгаа аж.  

Энэ жижигхэн улс ч гэлтгүй дэлхийн хүн ам хэдийн насжаад эхэлсэн. Дэлхийн 2-р дайны дараа олон мянган цэргүүд эх нутаг руугаа буцаж, улс орнуудад төрөлтийн түвшин маш их нэмэгдсэн. 1945-1964 оны хооронд төрсөн хүүхдүүдийг “baby boomers” гэх бөгөөд өнөөдөр тэд 54-72 насныхан болжээ. Доорх графикаас тус АНУ-ын төрөлтийн түвшинг харах боломжтой. Энэ тоо өнөөдөр даруй 2 дахин буурсан байна.

График 1, Эх үүсвэр: NVSS

 

“Baby boomers” ахмадын эгнээнд шилжиж байгаа нь дэлхийн ажиллах хүчний тоог бууруулж байна. Дэлхийн ажиллах хүчний оролцооны түвшин 1990 онд 75 хувьтай байсан бол 2017 онд  68 хувьд хүрч буурсан бөгөөд дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас гаргасан таамаглалаар 2030 он 57 хувьд хүрэхээр байгаа юм.

Дэлхийн ажиллах хүч буурах нь бидний баялаг хэмээн итгэдэг Дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулах нөлөөтэй. Мөн настай хүмүүсийн тэтгэвэр, эрүүл мэнд үйлчилгээ гэх мэт зардлыг төсвөөс санхүүжүүлдэг нь тухайн үеийнхээ ажиллах хүчний ачааллыг нэмэгдүүлж, албан татварын ачааллыг өсгөдөг. Хэдийгээр өнөөгийн технологийн дэвшил бий болж, хүний оролцоо багасч байгаа ч baby boomers шиг туршилгатай ажилчдыг орлоно гэдэг юу л бол... 

График 2, Ажиллах хүчний оролцооны түвшин, улс орноор, Эх үүсвэр: Дэлхийн банк

 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2015 оны байдлаар дэлхийн хүн амд 60-с дээш наснынхан 12 хувийг эзэлж байгаа бол 2050 он гэхэд дэлхийн хүн амын 22 хувь буюу 2 тэрбум хүрэхээр байна. 

График 3, Дэлхийн хүн амын насны бүтэц, Эх үүсвэр: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

 

Өндөр орлоготой орнуудаас авч үзвэл, Японы хүн амын 30 хувийг 60-с дээш насныхан эзэлж байгаа юм. Харин 2050 он гэхэд яг ийм хувь заяаг Хятад, Чили, Иран, Орос гэх мэт улс орнууд туулахаар байна. Харин бага болон дунд орлоготой орнууд 2050 он гэхэд насжилтын түвшин нь нэмэгдэж, дэлхийн настай хүн амын 80 хувийг бий болгохоор байна. Дэлхий ч, хүн ам ч насжиж байна.

Манай улс тэгвэл ямар түвшинд байна вэ? бид газраа ухаж гаргадаг хэдэн чулуу, 4 жил тутамд солигддог хөх, улаан өнгөө ярьсаар байх уу? 

2045 ОН ГЭХЭД МОНГОЛЫН ХҮН АМЫН 19 ХУВИЙГ 60-С ДЭЭШ НАСНЫХАН БҮРДҮҮЛНЭ

Манай улс бусад улстай харьцуулахад залуу үе ихтэй. Өнөөдөр манай baby boomers хүн амын 9 хувийг эзэлж байна. Харин 2045 он гэхэд 60-с дээш насныхан 19 хувь болж өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Гуам улс шиг нөхцөл байдал биднийг тойрч биш дайрч өнгөрнө.

Монгол улсын хувьд, 2015 онд ажиллах насны хүмүүсийн хүн амд эзлэх хувь хамгийн их буюу 65 хувь байсан бол 2045 онд 55 хувьд хүрч буурахаар байна.

Энэ нь бидэнд юуг хэлэх вэ? Ажиллах насны хүмүүс буурч, эсрэгээрээ хүүхэд хөгшдийн эзлэх хувь нэмэгдсэнээр хүн ам зүйн ачаалал ихсэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд бид илүү их ажиллаж, илүү их татвар төлөх шаардлагатай болно. Доорх графикаас 2045 онд Монгол улсын хүн амын насжилт хэрхэн нэмэгдэж буйг харах боломжтой.

График 4, Хүн амын насны суварга, Монгол улс, Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

 

Улсын хөгжлийг алхаж буй залуусынх нь хөлний хурдаар хэмждэг гэдэг. Ажиллах насны хүн ийм их үедээ бид улс орныхоо орлогыг нэмж, амьжиргааг дээшлүүлэхгүй л бол цаашид энэ боломж улам л бүдгэрсээр байх болно. 

Ийм чухал үе дээрээ манай залуучууд цэнхэр, улаан өнгөнд хууртаад цүнх барьдаг, залхуу нийгмийн армийг хүртэл бий болгож амжсан. Эдийн засаг нь чулууны үнэ буурснаас болоод дампуурах шахаад, арга бараад л ОУВС-н хөтөлбөрт хамрагдсан. 

Би худал хэлээгүй гэдгээ батлахын тулд энэ үгсийг тоон утга руу шилжүүлбэл, хөдөлмөрийн насны хүн амын 62 хувь нь ямар нэгэн байдлаар ажиллаж болон ажил хайж байна. Насжиж буй дэлхийн дунджаас доогуур байна. 

Харин эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш тасралтгүй буурч 46 хувьд хүрээд байна. Хэдийгээр зарим эмэгтэй ажил мэргэжлийн хувьд амжилт гаргадаг ч ажил, амьдралаа хослуулан тэнцвэртэй авч явах шаардлага тулгардаг. Өндөр настай аав, ээжээ асрах, хүүхдээ өсгөх зэрэг нь тэдний ажиллах боломжийг нь бууруулдаг. Угаас л цэцэрлэгтээ сугалаа татаж, аз таарвал хамрагддаг бүтэцтэй юм чинь эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харахаас биш яахав дээ. 

График 5, Ажиллах хүчний оролцооны түвшин, Монгол улс, Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

 

Энэ талаар төрөөс авч хэрэгжүүлж буй Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030 д ажиллах хүчний оролцооны түвшинг 2020 онд 65 хувь, 2030-онд 70 хувьд хүргэнэ гэжээ. Гэвч бид суурь шалтгаанаа шийдэхгүй бол насжилтыг багасгаж, шидийг бүтээж чадах биш. Энэхүү суурь шалтгаан нь манай хөдөлмөрийн зах зээлд байдаг гажгаас хамааралтай. Энэ талаар та бүхэн уншихыг хүсвэл дараагийн нийтлэлийг дагаарай. Манайд хэдий болтол чулуу, солонго, доллар гэдэг үгнүүд моданд байх юм. Бүгдээрээ хөдөлмөрийн зах зээлийг харин моданд оруулцгаая. Тэгвэл дуншиж дуншиж ямар нэгэн байдлаар ажил хэрэгч болох юм бил үү.

Эцэст нь дэлхий насжиж, хүн ам ч насжиж байна. Энэ үзэгдэл удахгүй Монголд ч бий болно. Тухайн үзэгдлийн голлох сөрөг нөлөө нь ажиллах хүчин багасах, хүн ам зүйн ачаалал нэмэгдэх, татварын дарамт өсөх зэрэг байх болно. Бид харин хувь тавилангаас зөрж чадахгүй. Бидэнд ямар бодлого байна?