Индэр    
2018 оны 10 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг нэмэгдүүлж НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГТ хүргэж чадлаа

Зураг
Гэрэл зургийг MPA.mn, Зүүн гар талаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ikon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа, Ikon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий нар,

Ikon.mn сайт 2018 онд таван тэрбумаар нэмэгдүүлж 6.4 тэрбум төгрөгт хүргэсэн хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийн хяналтын Нийтийн сонсгол явуулах санаачлага гаргасан билээ. 

Энэ нь хүүхэд хамгаалал, хөгжлийн төсөв нэмэгдсэнээр бодит үр дүн гарсан эсэх, энэ чиглэлийн төсөв оновчтой зарцуулагдаж байгаа эсэхээр асуудал хариуцсан бүх албан тушаалтныг нь оролцуулан сонсгол хийх зорилготой юм. Тэгтэл 2019 оны төсвийн төсөлд Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг энэ оноос дөрвөн тэрбумаар бууруулж 2.4 тэрбум төгрөгөөр төсөвлөж оруулж ирээд байсан юм. 

Тиймээс ч нийтийн сонсгол хийх, мөн 2019 онд хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг ядаж энэ оныхоос бууруулахгүй байх санаачлагыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэмжиж ажил хэрэг болгох, УИХ-д санаачлага гаргах ажлыг хариуцан ажиллаж байна. Улмаар түүний санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж тэр дундаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ санаачлагыг дэмжиж идэвх чармайлт гаргаснаар 2019 оны төсвийн төсөлд хүүхэд, хамгаалал хөгжлийн төсвийг найман тэрбум болгож нэмэгдүүлээд байна. 

Д.Оюунхорол “Хүүхэд хамгааллын зардлыг Засгийн газраас оруулж ирэхдээ өмнөх жилийн 6.4 тэрбумаас 2.4 тэрбум төгрөг болгон бууруулж оруулж ирсэн. Өнгөрсөн жил УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хамгааллын төсвийг 6.4 тэрбум төгрөгт хүргэсэн байсан. Гэхдээ энэ зардал нь ч хуулийн хүрээнд хангалттай арга хэмжээ авахад хүрэлцэхгүй байсан. Гэтэл Засгийн газраас 2.4 тэрбум төгрөг болгон бууруулсан. 

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл их байгаа энэ цаг үед бодитой арга хэмжээ авахын тулд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оруулж ирсэн саналыг үндэслээд энэ чиглэлийн төсвийг найман тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зардлыг анх оруулж ирсэн төслөөс нь бараг гурав дахин нэмэгдүүлж байна" гэсэн юм. 

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн холбогдолтой хуулиудыг бүрэн хэрэгжүүлэхэд 22, бүр багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг танилцуулсан. Тэгэхээр 2019 оны төсвийн төсөлд туссан найман тэрбум төгрөг энэ чигтээ батлагдаж чадвал хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар дорвитой, үр дүнд хүрэхүйц ажлууд хийж болохоор байна. 

Тиймээс ч энэхүү найман тэрбум төгрөгийг хэрхэн оновчтой үр дүнтэй зарцуулж болох вэ, 2018 онд төсөвлөгдсөн 6.4 тэрбум төгрөгөө мөн оновчтой зарцуулж чадсан эсэх асуудлаар Ikon.mn Нээлттэй хэлэлцүүлгийг уламжлалт бус аргаар явуулах санаачлагыг гаргаж нэр бүхий УИХ-ын гишүүдтэй тохиролцоонд хүрлээ.