Зураг
Зураг
Индэр    
2018 оны 10 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

Цалингийн ӨСӨЛТИЙН эсрэг шатахууны үнийн ӨСӨЛТ = ИРГЭД ЯДУУ ХЭВЭЭРЭЭ ...!

Зураг
ЗЭС, АЛТ, НҮҮРС ... ХАРИН ОДОО ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ

2018 он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ таван удаа өслөө. Шатахуун импортлогчид үнэхээр ашиггүй ажиллаад байна уу? Эсвэл ашгаа нэмэх гээд ард түмэн, төр хоёрыгоо зэрэг шантаажлаад байгаа хэрэг үү.  График 1-т  шатахуун импортлогч голлох долоон компанийн дундаж шатахууны өртгийн бүтцийг харуулж байна.

График 1, Шатахууны өртгийн бүтэц- 2016, хувиар, Эх үүсвэр: Монгол банк

 

 

2016 онд нөхцөл байдал яг ямар байсныг эргэн харцгаая. 2014 оноос хойш дэлхийн газрын тосны үнэ тасралтгүй буурч 2016 онд ёроолдоо хүрч байв. Манай эдийн засгийн идэвхжил сул байсан үед ам.долларын ханш ч харьцангуй тогтвортой байсан. Ийм нөхцөлд шатахуун импортлогчдын өртгийн бүтцийн зургаа орчим хувийг ашиг эзэлж байв. Тэгвэл өнөөдөр хилийн үнэ өсч, долларын ханш чангарсан нөхцөл байдалд дээрх зургаан хувийн ашиг 0-рүү дөхөх магадлал бий. Энгийн тооцоолол хийж үзэхэд валютын ханшийн зөрүүн дээр хүлээж буй алдагдал, хилийн үнийн өсөлтөөс хүлээсэн алдагдал нь Засгийн газрын хөнгөлсөн татварын дүнтэй ойролцоо гарч байгаа юм. Үнэ өсөхөд голлон нөлөөлж буй хилийн үнэ, ам.долларын ханшийг шатахууны үнэтэй харьцуулсныг дараах хэсгээс харцгаая.

ЯСТ МЭЛХИЙ, ТУУЛАЙ ХОЁРЫН УРАЛДААН

Яст мэлхий, туулай хоёр уралддаг үлгэрийг та бид мэднэ. Өнөөдөр долларын ханш, шатахууны үнэ хоёр яг л ийм байна. Долларын ханш хэсэг тогтвортой байж байгаад л нэг огцом савладаг яг туулай шиг, харин шатахууны үнэ түүнд зохицон аажим аажмаар өсч байдаг. 2018 оноос хойшх шатахууны жижиглэнгийн үнэ, ам.долларын ханш хэрхэн хоорондоо уралдаж байна вэ?

График 2-т цэнхэр хүрээтэй саарал нь ханшийн өсөлтийг, ягаан нь шатахууны өсөлтийг харуулна.

График 2, Шатахууны 7 хоногийн дундаж үнэ, валютын ханш,

 

• 2018 оны зургаадугаар сард Дим Сам бондын эргэн төлөлттэй холбоотой манай нөхдүүд(Сангийн яам) доллар бүрдүүлэхдээ зах зээлээс татаж, улмаар ам.долларын эрэлт нэмэгдсэнээр 60 төгрөгөөр ханш суларсан. Энэхүү өсөлтөөс нэг сарын дараа шатахууны жижиглэнгийн үнэ дунджаар 36 төгрөгөөр нэмэгдэв. Тухайн цаг үе нь баяр, наадмын үе байсан бөгөөд хүмүүс энэ тухай бодох цаг завгүй учраас чоно борооноор гэгч л болсон. 

• 2018 оны есдүгээр сард ам.долларын ханш гадаад нөхцөл байдал, мөн төгрөгтөө итгэдэггүй ард түмэн бидний долларын ханш өснө гэсэн хүлээлтээр 106 төгрөгөөр ханш суларсан. Учир нь ханш жаахан хөдлөхөд л бид банк руу гүйж долларын хадгаламж нээх хүсэлт үүсгээд эхэлдэг. Энэ явдлын дараа аравдугаар сар гарсаар нефть импортлогчид шатахууны жижиглэнгийн үнийг дахин өсгөв. Энэ удаад  дунджаар 84 төгрөгөөр нэмлээ.

Онцгой албан татвар 2016 онд литр тутамд дунджаар 400 төгрөг байсан бол 2017 онд 200 төгрөг, 2018 онд онд голлох шатахууны үнийг тэглэсэн. Тэгвэл яагаад ҮНЭ буухгүй байна вэ? Хэдийгээр хилийн үнэ өсч, буурч байгаа хэдий ч ханшийн тогтмол өсөлтөөр тайлбарлаж болох юм. 

График 3, Шатахууны 7 хоногийн дундаж үнэ, хилийн үнэ

 
БҮХ БУРУУГ БУСАД РУУ ЧИХЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ... ЭДИЙН ЗАСАГ БОЛ ЁО ЁО ТОГЛООМ

Хэдийгээр Засгийн газар нь татварын бодлогоо уялдуулж, Монголбанк нь ам.долларын огцом савлагааг хааж, улмаар шатахууны энэ өсөлтийг хязгаарлах хэрэгтэй ч энэ нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. 

Эдийн засаг идэвхжиж байгаа нь шатахууны эрэлтийг нэмэгдүүлж байна. Шатахууныг ус, ундаа мэт хэрэглэдэг тээвэр, уул уурхай, барилгын салбаруудын үйлдвэрлэл өссөнөөр энэ нь эргээд шатахууны эрэлтийг бий болгож байна. Нөгөө талаас манай оронд импортоор орж ирж буй суудлын автомашин өмнөх жилтэй харьцуулахад 40 хувиар өсчээ. Бид хоол иддэг шиг машин ч гэсэн бензинээ л хэрэглэнэ. Жижиглэнгийн үнээр авч буй иргэд маань нийт шатахууны хэрэглээний дунджаар 18 хувийг бүрдүүлдэг. Тиймээс эрэлт өссөнөөр үнэ өсөх боломжтой.

ТӨСВИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ... ТӨР НЭГ ГАРААРАА ӨГСӨН Ч НӨГӨӨ ГАРААРАА АВАВ

2019 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг өсгөхөөр тусгасан. Хэрвээ энэхүү шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан янз бүрийн татаас импортлогчдод олгох юм бол бидэнд нэг гараараа юм өгч нөгөө гараараа авч байгаа хэрэг болно. Гэхдээ энэ үед нийгэмд бий болгох хор хохирлыг нь судалж шийдвэр гаргавал зохистой. Учир нь цалингийн өсөлтийг инфляцийн өсөлтөөр үгүй хийчих эрсдэл бидэнд байна. Шатахууны үнийн өсөлт нь аж ахуй нэгжийн зардлыг нэмэгдүүлж, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх нөлөөтэй байдаг.

Хэрвээ Засгийн газар ямар нэгэн татаас өгөхгүй гэсэн нөхцөлд шатахууны үнэ дахин жилийн 15 хувиар өсвөл ДНБ-н өсөлтийг 0.99 хувиар буулгахаар байна. 

Хамгийн их сөрөг нөлөөнд автах салбар нь тээвэр, барилга, цахилгааны салбарууд байна. Нөгөөтэйгүүр өрхүүд нийт түлш, шатахууны 18 хувийг хэрэглэдэг учраас өрхийн хэрэглээг 2.4 хувиар буулгахаар байна. 

Хэдийгээр энэхүү тооцоолол нь нэг удаагийн статик загварын үр дүн боловч бидэнд ямар эрсдэл хүлээгдэж байгааг харах боломжийг олгох юм.

График 4, Импортын шатахууны үнэ дахин 15 хувиар өсвөл салбарын үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө

 

 

ХЭЛДЭГ ГУРАВ ХИЙДЭГ ГАНЦ...

2018 оны нэгдүгээр сард Сангийн сайд Хүрэлбаатар голлох шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэсэн тухай ярьж байв. Тухайн үед ард түмэн бид чинь бөөн баяр л болж байв. Маш энгийн логикоор бодоод үзэхэд Монголбанк, Сангийн яамны бодлогын уялдаагүй байдал нь л эндээс тод харагдана. 

Шатахууны үнийн инфляцид үзүүлэх шууд нөлөө өндөр байдаг. Шууд бус нөлөө нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг дагаж өсгөдөг. Хэрвээ үнэхээр л ам.долларын ханш чангарах нь шатахуун импортлогчдын өртгийг нэмэгдүүлж, бензиний үнийг өсгөх нөлөөтэй юм бол Монголбанк илүү алсаа харсан бол ам.долларын ханшийн энэ огцом өсөлтийг сааруулах ёстой байж. Учир нь энэ огцом өсөлтийг тогтоосон бол өнөөдөр шатахууны үнэ өсөхгүй байсан ч юм бил үү. 

Хэрвээ шатахуун импортлогчид ашгаа нэмэх зорилгоор ажилласан бол төрийн байгууллагад шалгах нөөц, боломж бололцоо нь бий. Ингээд л гурван талаас сайн муугаа хэлэлцээд, учраа ололцохын оронд хэвлэлээр хурал зохион байгуулаад хэнд ч хэрэггүй бие биенээ шүүмжилж мэднэ. Тэгээд эцэст нь хэлдэг гурав, хийдэг ганц өгүүллэг шиг л ард түмэн бид чинь энэ бүхнийг нь үүрдэг.