Индэр    
2018 оны 10 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Д.Трампын дам нөлөө ба мөнгө төлж, баталгаатай мэдээлэл унших шинэ хандлага

 
Australian Financial Review сонины сэтгүүлч Петер Керр
Технологийн аваргуудтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өрсөлдөх сорилт дэлхий даяар нүүрлэсэн. Энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж буй. Хэвлэл мэдээллийн салбарт орж ирдэг байсан мөнгөн урсгал Twitter, Facebook, Google рүү цутгах болсныг нурших нь илүүц биз. Сүүлийн 10 жилд өрнөсөн энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд Австралийн хэвлэл мэдээллийн салбарын орлого гэхэд 70 хувиар буурсан тухай Australian Financial Review сонины уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч Петер Керр дурдсан юм.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг буюу GIZ-ийн, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Австрали улсад туршлага судалдсан монгол сэтгүүлчдийн баг Мелбурн хот дахь Fairfax медиа группийн Australian Financial Review сонины редакциар зочилж, нэртэй сэтгүүлч Петер Керртэй уулзах завшаан тохиосон билээ. 

Австралийн экспортын бүтцийг задлаад харвал уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван салбар жин дардаг. Тийм ч учраас энэ услад сэтгүүлчдийн барьж авдаг, уншигчдын анхаардаг гол сэдвийн нэг нь уул уурхай. 

 

Петер Керрийн хувьд ч энэ сэдвээр мэргэшсэн нэгэн. Тэрбээр долоон жилийн өмнө буюу Монгол дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засгаар нэрлэгдэж, уул уурхайн бүүм болж байсан 2011 онд анх манай улсад хөл тавьж байжээ. Тэр цагаас өнөөг хүртэл Монгол Улсын эдийн засаг, уул уурхай түүний нийтлэлийн нэг гол сэдэв хэвээр. Ажилдаа ирээд тэрбээр өглөө болгон Bloomberg terminal-ын хайлтын цонхонд “Mongolia” хэмээн бичиж хэвшжээ. Монголын улс төр, эдийн засгийн орчинд өрнөж буй үйл явдлуудтай ийн танилцахаас гадна манайдаа нөлөөтэй улс төр, бизнесийн эрхмүүдийн Твиттер хуудсыг дагадаг тухайгаа ярьсан юм.

“Тэдний жиргээг ойлгохын тулд google translate ашиглаж баримжаа авдаг” хэмээн Петер Керр инээмсэглэн өгүүлсэн юм. Түүнээс гадна таньдаг монгол хуульч, эдийн засагч нөхдөөсөө асууж сурдаг гээд эх сурвалжаа олон талаас бүрдүүлдэг тухайгаа сонирхуулав. 

Australian Financial Review сонины хувьд Австралидаа хамгийн том сонинуудын жагсаалтад багтдаг бөгөөд өдөрт 100-200 мянган хувь хэвлэгддэг байна. Харин Fairfax нь тус сониноос гадна зөвхөн Мельбурнд тараагддаг The Age сониныг эрхлэн гаргадаг Австралийн гурав дахь том медиа групп. 

Сонины сэтгүүлчид 10 жилийн өмнө зөвхөн нийтлэлээ бичээд л болчихдог байсан бол одоо сонины платформоо ашиглан нийтлэлийнхээ гарчиг, туслах гарчиг, зураг гээд бүхий хийцийг өөрөө дэглэж, макетаа гаргадаг болсон нь мөн л технологийн хөгжлийн нөлөө. Сонины хуудасны тоо мэдээж буурсаар ирсэн ч цахим хувилбартаа хэвлэгдээгүй нийтлэлүүдээ байршуулан уншигчдад хүргэж байна. 

Хэвлэл мэдээллийн салбар бизнес, эдийн засгийн салбараас "зуурах" нь ашигтай

 

Бас нэг авууштай зүйл бий. Australian Financial Review сонин Австралийн үндэсний хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын хувьд зар сурталчилгааны 30 хүний багтай. Харин энэ ажилд сэтгүүлчдийг огт оролцуулдаггүй нь нийтлэлийг “цэвэр” байлгах оновчтой зарчим ажээ.

Хэвлэл мэдээллийн салбарт нүүрлэж буй хувьслын дүнд мөнгөн орлого буурсан тухай дээр дурдсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд нэгэн таатай өөрчлөлт ажиглагдаж буйг Петер Керр бидэнтэй уулзахдаа онцолсон юм.

10 жилийн өмнө мөнгө төлж мэдээлэл авах нь хүмүүсийн ой тойнд буухааргүй зүйл байв. Харин сүүлийн хоёр жилд уншигчид олон эх сурвалж бүхий баталгаатай мэдээллийн төлөө мөнгө төлөхөөс гар татахаа больж байгаа нь анзаарагдаж байна” хэмээн тэрбээр яриад “Энэ бол Дональд Трампын ач” хэмээн хошигносон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп юм л бол “Хуурамч мэдээлэл”, “Худалдагдсан сэтгүүлч” гэх үгсийг унагадаг. Харин түүний энэ үйлдэл үй түмэн мэдээллийн урсгал дунд бүдчиж яваа нийгэмд төөрөхгүйн тулд мөнгө төлөөд ч болов бодит мэдээлэл авах үнэ цэнэтэй хандлагыг төлөвшүүлж байгааг сонсоход таатай байлаа. 

Эцэст нь, Петер Керрийн өгсөн нэгэн зөвлөгөөг хүргэе. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бизнес, эдийн засгийн сэдвээр дагнах нь ирээдүйтэй. Яагаад гэвэл томоохон бизнес эрхлэгчид энэ салбарыг анхааралтай ажиглаж, мэдээлэл авах сонирхолтой байдаг. Учир нь тэд хөрөнгө оруулж, хувьцаа худалдан авдаг гол хүмүүс шүү дээ” гэсэн юм.

Шинэ эриний шинэчлэлийг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн даван туулж буй сонирхолтой жишээнүүд ийм байлаа. 

Олон нийтийн телевизийн хараат бус байдал ганхжээ

 

Монголын сэтгүүлчид Австрали улсад туршлага судлах үе буюу есдүгээр сард нэгэн сэдэв шуугиан тарьж таарсан нь тус улсын олон нийтийн телевиз болох ABC-тэй холбоотой үйл явдал байв.

Ганцхан жилийн өмнө тус телевизийн Күйнсланд дахь салбарын Ерөнхий продюсер Хэйди Рэкс “ABC телевиз төрөөс санхүүжилтээ авдаг ч эрх баригчдын дуу хоолой болдоггүй. Нийтлэлийн хатуу бодлоготой. Хөндлөнгөөс редакцид ямар нэгэн нөлөөлөл байдаггүй” хэмээн ярьж байсан бол энэ удаа байдал орвонгоороо эргэжээ. Олон нийтээс буюу иргэдийн татварын мөнгөөр тус телевиз санхүүждэг ч татварын мөнгө төсвөөр дамжин ABC-д очдог тул Засгийн газар нь редакцид нөлөөлөх болсон төдийгүй ТУЗ-ийн гишүүд нь хараат бус байгааг иргэд нь хүчтэй эсэргүүцсэний эцэст ТУЗ-ийн даргыг огцруулсан үйл явдал сонинуудын тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн байв. 

Иргэдийн хүчтэй эсэргүүцэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлыг хангаж чадна

 
ABC радиогийн ахмад сэтгүүлч Жон Харрисон

ABC радиод насаараа ажилласан ахмад сэтгүүлч Жон Харрисон  “Үүнийг залруулах хамгийн чухал арга нь ердөө л олон нийтийн эсэргүүцэл, тэмцэл. Иргэд эсэргүүцлээ илэрхийлэн, хүчтэй дуугарвал энэ асуудал засагдах боломжтой” хэмээн Жон Харрисон хэлсэн. 

Оюун санааны хүчтэй зэсвэг болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгний эрх ашгийг хэрэгжүүлэх нь нийгэмд маш хор хөнөөлтэйн бодит жишээ манай улсад ч тулгамдаад буй.   

Күйнсландын сэтгүүлчдийн төвлөрч буй гол сэдэв нь уул урхайн байгаль орчин дахь нөлөөлөл болжээ. Сэтгүүлчид 20 жилийн өмнө газрын эздийн эрх ашгийн төлөө дуугардаг байсан бол газрын эзэд орон нутгийн иргэдтэй ойлголцох нь хамгийн чухал гэдгийг уул уурхайн компаниуд ойлгож, өнөөдөр тэд сайн харилцаатай болсон тухай Жон Харрисон тайлбарлав.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгамдаж байгаа бас нэг бэрхшээл нь нийтлэлийн эхэнд дурдсан технологийн компаниудын өрсөлдөөн болохыг тэрбээр ч мөн ярьсан юм. Гэхдээ үүнээс урган гарч байгаа сайн тал нь иргэд үнэн бодит мэдээлэл авахад мөнгө төлөх хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байгаа гэдгийг ч Жон Харрисон энд тодотгов. 

 

x