Индэр    
2018 оны 10 сарын 2
Зураг
Freelance journalist

С.Молор-Эрдэнэ: Мэргэжлийн дипломыг боловсролтой андуурч болохгүй

Зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Эцэг эх болгон л хүүхдийнхээ боловсролд санаа зовж байна. Аль нь зөв, аль нь буруу, ямар сургуулиуд оруулах вэ, гадагшаа явуулах уу, яах уу гээд толгойгоо гашилгасаар. Гадаадад сурч,  ажиллаж,  амьдарч байгаа Монголчууд ирэх ёстой юу, ирээд хэрэг байна уу, үгүй юу. Энд хэцүү байдаг, явах уу, яах уу. Ламаас очиж асуух уу, бөө дээр очиж замаа засуулах уу. Ер нь боловсрол хэрэггүй, хичээл зүтгэл, ар тал байхад болоод байх юм болов уу...

- Боловсролгүй байж болно гээд байдаг...  

- Боловсролгүй хүн ойр орчин, нийгэмд маш их дараатай, хортой, гайтай. Монгол орны олон асуудлууд боловсролгүй хүмүүс маш их болсонд байна. Манай улс орны, гэр бүл, ээж аав, үр хүүхдүүдийн асуудал боловсролгүйгээс л болдог. Боловсролтой болвол бидний амьдрал гоё хөнгөн болно.  Боловсролгүй учраас мухар сүсэгтэй, цаанаасаа ийм, угаасаа тийм, зурсан зураг, хувь заяа яриад сууж байна. 

- Боловсрол гэж яг юуг та хэлж байна вэ?

- Монголын их сургуулиуд зөвхөн мэргэжил олгодог байгууллага. Мэргэжил гэдэг нэг л төрлийн мэдлэг. Боловсрол гэдэг олон төрлийн мэдлэг. Ёс суртахуун хүн төрөлхтөнд ямар их хэрэгтэй билээ. Гоо зүйн хүмүүжил хүнд ямар их хэрэгтэй билээ.  Танин мэдэхүйн хөгжил, мэдлэг ямар их хэрэгтэй билээ. Танин мэдэхүй байхгүй учраас бид мухар сүсэгтэй, аймхай. Тиймээс бид нар мэргэжлийн дипломыг боловсролтой андуурч болохгүй. Өөрөө боловсролгүйгэээ мэдэхгүй, диплом авсанаа, докторын зэрэг авсанаа, Америкт очоод Харвардын диплом авсанаа их юманд бодох хэрэггүй. Тэр бол юу ч биш. 

- Аймхай?

- Сонинд юм өгч, намыг шүүмжилсэн байж болохгүй. Ямар ч телевиз, сонин ерөнхий сайд, ерөнхийлөгчийг шүүмжилж болохгүй. Яг үнэндээ бол Хятадаас ч илүү диктатуртай байна гэсэн үг. Хэн нэгэн сайдыг шүүмжлээд очвол буруудна, амаа таглуулна. Тэд нарыг шүүмжилж сайжруулах ёстой, даанч шүүмжилж чадахгүй. Ингэж их улс төржсөн, бугшсан, ялзарсан төр муухай. Идэвхтэй, сэргэг төр бол оюунлаг, дэвшилтэт зүйлийг дэмжиж, тусалж, хөгжүүлдэг. Манайд оюунлаг, сэхээтэнлэг юм бүрийг дарж байна. Дараагийн том аюул бол шашин сүм хийдийн ноёрхол. Оюунлаг, чөлөөт боддог, эрх чөлөөт хүмүүсийг сүм хийдүүд боодог. Нийгэмд сэхээтэнлэг, оюунлаг давхарга үүсэхэд гандан, сүм, хийд, мухар сүсэг маш их саад болж байна. Нэг талд улс төрийн намаас гарсан төрийн боловсролгүй хүмүүс. Нөгөө талд бас л боловсролгүй, оюунлаг биш, ёс суртахуунгүй сүм хийд. Зөвхөн мөнгөний төлөө, ашиг харсан, ёс суртахуунгүй төр шашинтай нийлээд Монгол улсыг барьчихсан байна шүү дээ.  

- Монгол оронд ёс суртахуун байна уу? 

- Байхгүй. Нэгэнт улс орноороо байхгүй юм бол шаардаад ч хэрэггүй. Ерөнхийлөгч, парламент ёс суртахуунгүй бол нийгэмд ёс суртахуун шаардаад яах юм. Бүгдээрээ л ёс суртахуунгүй байцгаая. Нэгэнт дээгүүр хууль дүрэмгүй бол доогуур хууль дүрмээр яах юм. Дээр дүрмээ барихгүй бол доогуур замын дүрмээр яах юм. Ямар ч шаардлагагүй. Тэгээд л замбараагүйтээд, өөрийхөөрөө байна биз. 

- Хүн болгон л одооны боловсролын системийг шүүмжилж, санаа зовниж байгаа үзэгдэл байна? 

- Манайд боловсрол тэр чигээрээ буруу замаар явж байна. Нэгдүгээрт, төр боловсрол гэж юу вэ гэдгийг тодорхойлоогүй. Хоёрдугаарт, төр ямар сургууль боловсрол эзэмшүүлж чадна, чадахгүйг батлаж чадахгүй. Ерөнхийдөө сургуулиуд компани шиг мөнгөний байгууллага болчихсон. 10 жилийн сургууль ёс суртахууны байгууллага байх ёстой болохоос, ашгийн, эдийн засгийн байгууллага биш. 

- Гадны улс орнуудад хувийн арван жилийн сургуулиуд байдаг ш дээ?

- Гадаадын сургуулийг харьцуулж ярьж болохгүй. Тэнд бол төрийн хяналттай явж байгаа. Манайд төрийн хяналт байхгүй. Кэмбрижийн системээр яах юм бэ. Энэ бол Монгол орон болохоос Англи биш. Английн боловсролын систем бидэнтэй ямар ч хамаа байхгүй. Улс орон бүр ард түмэндээ таарсан өөрийн онцгой, улс орныхоо хөгжилд таарсан боловсролын бодлоготой байх ёстой.

- Эцэг эхчүүд санхүүгийн боломж л байвал хүүхдээ хувийн сургуульд оруулж байна...

- Хүүхдүүдээ дэлхийн зах зээлийн наймааны тоглоом болгож байна гэсэн үг. Тэр хүүхдүүд хэзээ ч иргэн болж чадахгүй. Яагаад гэвэл Монголын нийгэмд ямар ч хэрэггүй, ашиггүй. Англидаа очихоороо гадаадын хүн. Тэгэхээр саармаг оронцог л болно. Тэр хүүхэд ямар ч ирээдүйгүй. Ямар ч ирээдүйгүй, амьдралын утга учиргүй, ямар нэг юмны төлөө сураагүй хүүхдүүд. Улсын 10 жилийн сургуульд сурж байгаа хүүхдүүд ядаж л Монгол улсын төлөө, улсдаа зориулж сурч байгаа. Улсынхаа бүтээгдэхүүн болж байгаа. Дараа нь энэ улсдаа ажиллаж хөдөлмөрлөнө. Америк, Кембриж, Туркийн сургуульд сураад яах юм, тийшээгээ л явсан дээр байхдаа.

- Цаашдаа энд амьдруулахгүйн тулд дэлхийд өрсөлдөх чадвартай болгоно гэж зорьж байх шиг байна? 

- Харамсалтай. Тэр бол улс орныхоо эсрэг, улс орноо үзэн яддаг хүмүүс л байх. Ямар ч анхан шатны боловсролыг хүн эхлээд эх хэл дээрээ авах ёстой. Гадаад хэл бол хоёрдогч. Яагаад гэвэл бидний тархи, ухаан эх хэл дээр явагддаг. Бодол  эх хэл дээрээ явагддаг учраас Монгол хэл сайн байх ёстой. Дээд сургуульд хоёрдахь, гуравдахь хэл байж болно. 10 жилийн сургууль дандаа эх хэл дээрээ байх ёстой. Хүний тархи 20 нас хүртэл хөгжихөд эх хэл дээрээ бодохгүй бол тархи бүр замбараагүйтнэ. Хүүхдээ 8 настайд нь Англи, Турк сургуульд оруулвал мангар л болно. Толгой муутай, деффекттэй хүмүүс болно. Тэрний оронд муу ч гэсэн улсын сургуульдаа эх хэлээрээ явж байвал сэргэлэн байна. 

- 10 жилийн боловсролын хамгийн гол зорилго юу байх ёстой юм бэ? 

- 10 жилийн сургууль хүүхдийг мундаг математикч,  химич болгох зорилгогүй. 10 жилийн хүүхэд юмыг уншиж, бодож, сууж, төвлөрч чаддаг, ерөнхийдөө ёс суртахуунтай, зөв хүн л болох хэрэгтэй. Биеийн тамирын хичээл сайн орох хэрэгтэй. Бие бялдар нь хөгжинө, эрүүл болно. Манайд биеийн тамирын хичээл муу болохоор оюутнууд их бие муутай, өвчлөмтгий. Өвдөхөөрөө ээжийгээ дагаад  Дашчойлин хийд орно. Хөгжмийн хичээл орох ёстой. Гоо зүй, эстетикийн хүмүүжил хэрэгтэй. Их дээд сургуульд ёс суртахууны хичээл маш чухал. Багшийн лекцийг зөв ойлгох, сууж сурах, төвлөрч сурах, биеэ дааж сурах, хүнд номнуудыг тэвчээртэй суугаад унших. Тэвчээр хатуужлыг 10 жилийн сургуулиасаа хүн эзэмшээд гарах ёстой. 

- Хувийн, төлбөртэй сургуульд хүүхдээ өгөөд дэмий гэж зөвлөж байгаа юм уу? 

- Гадаадад хүн нийлүүлэх гэж байгаа бол хамаагүй. Тэгэхдээ тэндээ очоод ч баталгаатай биш. Хүүхэд  өөрөө янз бүрийн хүүхдүүд дотор ороод, төвөгтэй нөхцөл байдлаас өөрийн ухаанаар гарч чаддаг болох хэрэгтэй. Тэгтэл эцэг эх нь  урдуур нь ороод бүх юмыг нь  хэлж өгөх гээд байна. Бүх юм нь бэлэн, ямар ч зөрчилгүй, төвөггүй орчинд оруулах гээд байна. Амьтан ч гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байж хөгждөг. Монголын аав ээж нар хүүхэддээ гай болоод байгаагаа ойлгохгүй байна. Хэтэрхий их заагаад байна. Ээж аавын цаг үе өөр байсан,  туршлага хүчингүй болох тохиолдол байна.  Албаар хүүхдээ гоё орчинд тусгаарлаад байвал хүүхэд юу ч сурахгүй. Мундаг сургуульд ороод  мундаг мэргэжилтэй болчихвол л аз жаргалтай болно гэсэн баталгаа биш. Эцсийн эцэст хүн юунаас аз жаргал авдаг вэ гэхээр, чадахгүй юмаа чадаж, хэцүү нөхцөл байдлыг давж чадаж байгаагаараа аз жаргалтай болдог. 

- Ээж аав ямар хэмжээнд байвал зохих вэ? 

- Би ээж аавынхаа мөнгөөр сурсан, би ээж ааваараа бүх юмаа бэлдүүлдэг, заалгадаг. Тийм амьдрал гоё уу. Юм л бол би ээжийхээ, аавынхаа мэргэжлээр сурсан гэдэг ямар том ялагдал вэ. Хүүхэд өөрийнхөө замаар явж өөрийнхөөрөө амьдрах ёстой. Өөрийнхөө мэргэжлийг өөрөө сонгоно. Өөрийнхөө авьяас чадварт тулгуурлахгүй, ээж аавын шахалтаар сураад аз жаргалгүй нийгэм үүсч байна. Аз жаргалгүй гэр бүл үүсч байна. Суух хүнийг нь хүртэл шийдэж болохгүй. 

- Гадаадад их дээд сургуульд төгссөн хүмүүс ирэхгүй тэндээ ажиллах, ирсэн нь шантраад буцах хандлага ажиглагдаж байна?

- Одоо яахав дээ, шантарсан л байна. Амьдрал гэдэг чинь хатуу. Төрсийн өдрийн бэлэг биш. Өдөр бүр торт идэх гээд байгаа юм уу. Жил торт идэхгүй байж байгаад ганц өдөр л торт иднэ. Торт идэхгүй явахыг тэвчихгүй, өдөр болгон торт идье гээд  явж байгаа юм байлгүй. Гол нь тэнд нь ёстой торт нь байхгүй шүү дээ. Гадаадад очоод хар ажил хийнэ, зовно, зүдэрнэ. Нэрэлхүү хүмүүс л мөнгөтэй болсон, аймар гоё байсан гэж худлаа ярьж байна. 

- Нийгмийн бүхий л салбарт асуудлууд хүнд, амьсгалах агаар хэцүү, эрүүл мэндийн салбар хэцүү, шударгаар амьдрах боломж байхгүй гэх мэт наад захын олон асуудлаас болоод хүмүүс явж байж болох юм?

- Тэртээ тэргүй улс орон ингэж л явж ирсэн. Хэн ч хаана ч бэлэн торт бэлдэж өгөхгүй. Тортоо өөрсдөө л хийж иднэ. Хаанаас ч аз жаргалыг хайхгүй. Хүн аз жаргалыг өөрөө л бүтээнэ. Аз жаргал гэдгийг хаашаа ч яваад олохгүй. Гадаад оронд аз жаргал байхгүй. Гадаад оронд очоод хүний боол л болно. Тэгэж хүний дор орж, эх хэлээрээ ярьж чадахгүй амьдрах гоё гэж үү. Манайд дайн болж, бөмбөг дэлбэрээгүй. Засахын төлөө явах хэрэгтэй. Юмнаас зугтаах бол шийдэл биш. Зугатаагаад, зугтаагаад хайчих юм. Дэлхийн аль ч орон диваажин биш. Очсон орон болгондоо доод түвшинээс эхлэнэ. Гадаад хүн үргэлж харийнаараа явсаар дуусна. 

- Та Монголдоо амьдарсаар л дуусна гэж боддог уу?

- Тэгнэ. Философич хүний амьдрал тийм л байдаг. Амьдарлын утга учир хаанаа байгаа юм гэдэг. Энэ чинь л амьдралын утга учир. Ер нь хүний амьдрал гэдэг чинь ажиллах. Ажиллах чинь амьдрах. Бид амьдралын сайн сайхныг ажиллаж байгаа ажил дээрээсээ олох ёстой. Тэрнээс ажлаас тусдаа дахиад нэг амьдрал байгаа гэж бодоод байна. Үгүй. Би философийн лекц уншиж, ном бичиж байгаагаараа утга учиртай амьдарч байна. Монголчууд Хятад, Японд очоод яагаад эд нар ингэж чин сэтгэлээсээ ажлаа хийгээд байна вэ гээд гайхаад байдаг биз дээ.  Ажил муухай, явж аз жаргалаа хөөе гэсэн тийм юм энэ хорвоод хаана ч байхгүй. Ёстой Монгол хүнд л байдаг байж магадгүй.

- Гадаадад байгаа Монголчуудад хандаж үг хэлээч...

- Монгол хүн тэгж цагаачилж дүрвэх шаардлагагүй. Яахав дээ, хүний үгэнд хууртаад явчихсан. Буцаж ирж чадахгүй болсон. Гэр орныхон, аав, ээж, ах, эгч нар нөлөөлж байна. Гадаадад гоё гээд онгоц руу түрж оруулаад суулгаад нисгэчихэж байгаа. Тэр хүмүүс ацан шалаанд ороод ирж чадахгүй байна. Энд байгаа хүмүүст мөнгө явуулна. Тэр мөнгөөр нь цагаан сараар, наадмаар сайхан  дээл хийж өмсөнө.

Ерөнхийдөө гадаадад байгаа Монголчууд энд байгаа  “гадаадуудыг” жаргаадаг хүмүүс. Тэндээ хэзээ ч жаргахгүй, сайхан ч байхгүй. Монголд байгаа ах, эгч, эмээ, өвөөгөө мөнгө явуулаад л. Тэр Монголчууд өрөвдмөөр, хөөрхий. Яахав төрөөс мөнгө аваад зугтаасан хүмүүс бол өөр байх.