Индэр    
2018 оны 9 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

НИЙТИЙН СОНСГОЛ хийхийг дэмжсэн гишүүд 4+2

 
mpa.mn

iKon.mn сайт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ хийх санаачилга гаргаад байгаа билээ. Бидний санаачилгыг дэмжсэн УИХ-ын Б.Пүрэвдорж, А.Ундраа нарын байр суурийг хүргэж байна. Дашрамд дурдахад, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол хийхийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд, М.Оюунчимэг, Н.Учрал нар дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.  


Асуулт №1 Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 


Асуулт №2 iKon.mn сайт Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлыг онцгой анхаарах цаг болсныг сануулж, үүнд төсөвлөгдсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсанд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор Нийтийн сонсгол зохион байгуулах санаачлага өрнүүлээд байгаа. Та бидний санаачилгыг дэмжих үү? 


Асуулт №3 Нийтийн сонсголыг хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар хийе гэж байгаа ч нөгөө талдаа төсвийн үрэлгэн байдлыг ил болгох, дүгнэлт хийх ач холбогдолтой гэж бид харж байгаа. Ингэснээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг асуудалд хяналт тавьж чадах болов уу?


Б.Пүрэвдорж: Татвар төлөгчид өөрсдийнх нь мөнгөөр хүүхдүүдийг нь хамгаалах ямар ажил хийгдсэнийг мэдэх эрхтэй

 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

1. Хүүхдийг хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалахад зориулж тодорхой хэмжээний төсвийг тавьж байгаа. Хуулийн хуүрээнд нэлээд сайн ажид хийгдсэн.

Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн, Зөрчлийн тухай гэсэн таван хуулийн хүрээнд хүүхэд хамгаалах боломжийг Их хурал баталсан. Энэ дээр санхүүгийн асуудал хүндрэлтэй байна гэдэг асуудлыг тавьдаг.

Урд жилүүдэд тэрбум гаруйхан төгрөг төсөвлөдөг байсныг З.Нарантуяа тэргүүтэй эмэгтэй гишүүд санаачлан, таван тэрбум төгрөг нэмж тусгаж чадсан.

Гэвч нэмэгдсэн төсөвийг яаж зарцуулсан, гэр бүл, цахим орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ямар ажил хийв гэдэг нь тодорхой биш байна.


2. Мэдээж. Нийтийн сонсгол явуулахыг дэмжинэ. Татвар төлөгчдийн мөнгийг тодорхой зүйлд хуваарилаад түүнээс нь үр дүн гарч байвал зөв зүйлд зарцуулагдаж байна гэсэн итгэл үнэмшилтэй болно.

Гэтэл өнөөдөр хэдийгээр төсөв батлагдсан ч гэсэн хүүхэд хамгааллын асуудал боломжийн түвшинд хүрч чадсан уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна.

Дээрх таван хуулийн хүрээнд хариуцаж байгаа байгууллагууд ямар ямар ажил зохион байгуулсан бэ гэдгийг сонсох зайлшгүй шаардлагатай.

Дээрээс нь 6.4 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ гэдгээ татвар төлөгчдөд тайлагнах ёстой.

Татвар төлөгчид өөрсдийнх нь төлсөн мөнгөөр хүүхдүүдийг нь хамгаалах ямар ажил хийгдсэнийг мэдэх эрхтэй.


3. Хүүхэд хамгааллын төсөв хангалттай биш байгаа нь үнэн. Гэхдээ Нийтийн сонсгол хийж үр дүн нь ямар байсан бэ гэдгийг харах нь чухал.

Цаашдаа хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зориулах төсвийг бууруулахгүйгээр илүү оновчтой зүйлд зарцуулдаг болох шаардлагатай байна.

Зөвхөн хүүхэд хамгаалалд төсөвлөсөн мөнгө бус татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа маш олон кейс байна. Тэр болгоныг ярих хэрэгтэй.

Жишээ нь, өнгөрсөн жилийн төсөв 499 тэрбум төгрөгийн ашигтай гарахад бүгдийг нь сайд нарын багцад хуваарилсан. Тэр мөнгөөр сайд нар өөрсдийнхөө болон намынхаа Пи Ар-ыг хийж, тойрогтоо л зарцуулсан.

Энэ мэт жишээ олон бий. Нийтийн сонсгол хийж таны татварын мөнгийг ингэж үр ашиггүй зарцуулж байна гэдгийг мэдэгдэх ёстой.

А.Ундраа: Төсөв хүрэлцэхгүй байна гээд суухын оронд хандлагаа жаахан өөрчлөхөд л бид хүүхдүүдээ хамгаалж чадна

 
УИХ-ын гишүүн А.Ундраа

1. Хүүхэд хамгаалал, хөгжилд зориулсан төсвийг нэмүүлэх талаар УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилгатай ажиллаж тодорхой амжилтанд хүрсэн. Хүүхдийн байгууллагуудаас талархал ч ирүүлж байсан. Хэдийгээр хуучин байснаас нь нэмсэн боловч бодит дүнгээрээ хүүхэд хамгааллыг сайжруулахад энэ төсөв хүрэлцэхгүй.

Хүүхдийн эрүүл, аюулгүй өсч торних нөхцөл хангагдаагүй, утаа, агаарын бохирдол хүүхэд, жирэмсэн эхчүүдэд хүндээр тусч байна. Дээр нь гэмт хэрэг, хүчирхийллийн асуудлуудаас гадна хүүхдийн тоглох орчин хязгаарлагдмал, сурах орчин давчуу, боловсролын чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн чанар сайнгүй байгааг бид харж байна. Өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхцөл байдал бүр илүү хүнд байдаг.

Ийм байхад зөвхөн төсөв нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Төсөв хүрэлцэхгүй байна гээд суухын оронд хандлагаа өөрчлөхөд л бид хүүхдүүдээ хамгаалж чадна.

Жишээ нь, бага насны хүүхдээ машины урд суудалд суулгахгүй, бүсийг нь заавал зүүлгээд хэвшүүлчихвэл гэнэтийн осолоос тодорхой хэмжээгээр хүүхдээ хамгаалж чадна шүү дээ. Эцэг эхчүүдээс гадна төрийн байгууллагууд ч хүүхэд хамгааллын ажилд хувь нэмрээ оруулж байна. Үүний жишээ бол Цагдаагийн Ерөнхий Газраас цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зорилготой Unfriend аян юм.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдсэн. Танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөхгүй байх, нүүрээ нуусан болон хуурамч аккаунтаас болгоомжлох зэргээр цахим орчинд аюулгүй байх мэдлэгийг хүүхдүүддээ олгож байгаа нь дэвшилттэй алхам.

Мөн НҮБ-ын жендерийн тэгш байдлын HeforShe аяныг энэ оны долоодугаар сард Монголд эхлүүлсэн. Тус аяны зорилго нь хөвгүүдийн боловсрол, эрэгтэй хүүхдүүдэд багаас нь тэгш боломж олгох асуудал юм. Манай улсад хөвгүүдийн боловсрол ихээхэн хоцрогдолтой байдаг. Анх сургуульд орохдоо ижил түвшинд эхэлдэг ч явцын дунд хөвгүүд орхигдсоор, дээд сургуульд орох үед дунджаар 100 охин, 72 хөвгүүн гэсэн харьцаатай болдог гэсэн судалгаа бий.

Сургууль завсардсан, цаашаа үргэлжлүүлэн сураагүй хөвгүүд гэмт хэрэгт холбогдох, ажилгүйчүүдийн эгнээнд шилжих зэрэг сөрөг байдал ажиглагддаг. Тиймээс хөвгүүдэд тэгш боломж олгох зорилготой уг аяныг Монголд эхлүүлсэн.

Түүнчлэн Замын цагдаагийн газраас зохион байгуулж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх бодит сургалт үзүүлэнг жишээ болгон дурдмаар байна. Энэ мэт эерэг санаачилгууд цөөнгүй гарч байгаа нь сайшаалтай.

Хүүхэд гэр бүл хөгжлийн газрыг бэхжүүлэн, хүүхдийн хөгжлийг дэмжих чадавх нөөц бололцоог нь дэмжсэн бодлого шаардлагатай байна. Бид хүчирхийлэл, эрсдэлийн талаар л ярьж, хамаг анхаарлаа тэр зүгт хандуулаад байна. Үүнээс гадна хүүхдээ хөгжүүлэх, хөгжих боломжоор хангах асуудлаа орхигдуулсан. Хэдийгээр хүчирхийлэлтэй тэмцэх зөв боловч бүх хүүхдийг жигд хөгжүүлэх нь хувь хүн болон тухайн улсын хөгжлийн суурь болдог гэдгийг мартчихсан.

Давхцалыг арилгах, илүү үр дүнтэй ажиллах, салбар хоорондын уялдааг сайжруулах, бизнес хувийн секторыг татан оролцуулах, хандлагаа өөрчлөх, хариуцлагыг сайжруулах гээд олон ажил хийж байж хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал үр дүнд хүрэх байх.


2. Ийм санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлье. Дэмжиж байна.


3. Хүүхэд хамгааллын асуудал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна. Байдал ийм байхад байгаа багахан төсвөө үр ашиггүй зарцуулбал бүр дордох нь тодорхой. Төсвийн үр ашгийг хянаж нээлттэй авч хэлэлцэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, Хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай байна.