Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

“Оюу толгой” ба Монгол Улс

Зураг

Өмнөговь аймгийн зам дагуух нэгэн дэлгүүрт өрнөсөн яриа:

-Уул уурхай хэр зэрэг өгөөжтэй байна вэ?

-Юу ч алга, хамаг баялаг ухаад л байдаг, бидэнд наалдаж байгаа юм алга. 

-Танай дэлгүүр бараагаа хэр удаж байж татдаг вэ. 1-2 сард нэг удаа татчихна биз?

-Юун сард, Улаанбаатараас долоо хоногт нэг удаа шалаанзаар татдаг шүү дээ...

Говь нутгийнхны амьжиргааг 10 жилийн өмнөхтэй нь зүйрлэхээргүй болсны ганц жишээ энэ. Зөвхөн Цогтцэций суманд л гэхэд “Ерөнхийлөгчийн өрөө” бүхий тансаг зэрэглэлийн зочид буудал бий. Сумын төвийн боломжийн зочид буудлуудын нэг өрөө л гэхэд 85 мянгаас дээш төгрөгийн ханштай. Аймгийн төвд байрлах автомашин угаалгын газрууд байнгын ачаалалтай бөгөөд өдөрт дор хаяж 200-300 мянган төгрөгийн орлоготой тухай нутгийн нэг танил маань хуучилж билээ. Зөвхөн үйлчилгээний салбарын зах зух ийм. Эрэлт байгаа учраас тэр шүү дээ.

Бараа эргэлт нь яагаад тийм сайн байгааг дэлгүүрийн эзэн эмэгтэй ойлгохгүй байгаатай адил өнөөгийн Монголын эдийн засаг хэрхэн өдий зэрэгт хүрснийг монголчууд нэгэнт мартсан гэлтэй.

Өмнөговь Монголыг “тэжээдэг” том аймаг болсон. 2017 оны байдлаар төсөв, санхүүгийн үзүүлэлт, үндсэн дэд бүтэц гэсэн гурван төрлөөр аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд тэргүүлсэн байна. Хүн амын амьжиргааны түвшнээрээ л гэхэд Улаанбаатар хотын ард бичигдсэн нь дээрх жишээнүүдийг нотолж буй юм. Тэгвэл 2018 оны Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар Эдийн засгийн өсөлтөөрөө Орхон аймагтай зэрэгцэн улсаа тэргүүлээд буй.

Тус аймгийг Монгол Улсын дөрөв дэх том “хот”-ын зиндаанд хүргэсэн гол хөшүүрэг бол уул уурхайн салбарын хөгжил гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Монголын говьд сүүлийн 10 гаруй жилд өрнөсөн уул уурхай дахь гаднын хөрөнгө оруулалтын нөлөө ийнхүү цоо шинэ үеийг эхлүүлж. Өмнөговь аймагт өнөөдөр уул уурхайн 14 компани үйл ажиллагаа явуулж байгаагийн хамгийн том нь “Оюу толгой” төсөл.

"Оюу толгой"-гүйгээр Монголыг төсөөлж чадах уу

“Оюу толгой” төсөл огт хэрэгжээгүй бол Монгол Улсын өнөөгийн дүр төрх ямар байх байсан бол гэж Та өмнө нь бодож байсан уу? Төсөөлөхөд нэлээд хугацаа, эргэцүүлэл шаардагдаж байгаа биз? Тэгэхээс ч аргагүй. Учир нь энэ төсөл өдгөө манай улсын эдийн засгийн салшгүй нэгэн том хэсэг, дэлхийд тодотгох брэнд нэгэнт болжээ. Тиймээс төслийн үр нөлөөний талаар монголчууд зайлшгүй мэдэж байх ёстой. 

Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, бэхжүүлэх зорилгоор компани, хөгжлийн агентлаг төдийгүй Засгийн газруудад бодлогын болон стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Эрго стратежи” групп Монголд хэрэгжиж буй “Оюу толгой” төслийн талаар маш өргөн хүрээний судалгааг хийснээ саяхан дүгнэсэн байна. Уг тайланд төслийн өнгөрсөн, одоо, ирээдүйг бүхэлд нь харж судалсан тул тоо, баримтыг нь бид нийтлэлдээ “Оюу толгой” компанийн зөвшөөрөлтэйгөөр авч ашигласан юм.

“Эрго стратежи” групп нь уул уурхайн олборлох салбар болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд харилцагчийн нөхцөл байдлыг үнэлэх, боломж болон эрсдэлийг нь судлан зөв шийдвэр гаргахад туслах, төсөл хэрэгжүүлэх чадамжийг нь хөгжүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг томоохон байгууллага болохыг энд тодотгоё. 

Төсөл хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт чухам ямар өөрчлөлт авчирсныг тоочихоос урьтаад түүнээс өмнөх Монголын эдийн засгийн төрхийг эргэн нэг саная!

“Цахилгаанд л холбоод өгчих”
 

Төсөл хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт авчирсныг тоочихын өмнө түүнээс өмнөх Монголын эдийн засгийн төрхийг эргэн нэг саная!

Одоогоос 20 жилийн өмнө манай эдийн засаг маш хүнд байснаас гадна Азийн хямрал нүүрлэж, богино хугацаанд нэлээн олон орны эдийн засаг сульдсан гэдэг. Оросын хямрал ч гэж нэрлэх нь бий. Рублийн ханш ёроолдоо тулж байсан үе. Монгол Улсын экпортын нүүр царай болсон “Эрдэнэт”-ийн зэсээ хойд хөршид гаргаж, төсвийн орлогын 30 шахам хувийг бүрдүүлдэг байсан ч гадаад зах зээлийн тэрхүү нөлөөгөөр төсөвт бүрдүүлдэг орлогын гүйцэтгэл нь 15-20 хувь хүртлээ унаж байжээ. 

Орон нутагт очиход иргэд “Цалингаа авалгүй гурван сар боллоо. Цагтаа цалингаа олгож өгөөч”, “Цахилгаанд л холбоод өгчих” гэж л хүсдэг байлаа

Тухайн үед буюу 1998 онд улсын төсвийн 30 хувийг “Эрдэнэт”, 30 хувийг нь Архины онцгой албан татвар бүрдүүлдэг байсан гээд бод доо. 10 орчим хувийг “Говь”, үлдсэн зарим хувийг дулааны болон цахилгаан станцууд, цөөн тооны банкууд босгодог байж. 

“Тэр үед архины хоёр том үйлдвэр, хэдэн банкнаас өөр хувийн хэвшил бараг байгаагүй. Улсад татвар төлөх аж ахуйн нэгж ховор. Орон нутагт ажиллахаар очиход иргэд хоёр зүйлийг л ярьдаг байсан. “Цалингаа авалгүй гурван сар боллоо. Цагтаа цалингаа олгож өгөөч”, “Цахилгаанд л холбоод өгчих” гэж л хүсдэг байлаа” хэмээн тухайн үед Сангийн яамны Төсвийн газарт ажиллаж байсан, одоогийн Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр ярьсан юм. 2000 он хүртэл Монгол Улс ийм л байдалтай байж. 2004-2005 оны үеэс дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өсөлтийн ачаар төсвөөсөө дотооддоо багахан хэмжээний хөрөнгө оруулах чадамжтай болж, улс орноо цахилгаанаар хангах, авто зам тавихад анхаарах сөхөөтэй болжээ.

Ердөө хоёрхон тэрбум ам.долларын эдийн засагтай байсан энэ л цаг үед “Оюу толгой” компани Монголын тал нутгаас зэс олборлож, баяжуулж, дэлхийн зах зээлд экспортолж эхэлснээр 11 тэрбум ам.доллар хүртлээ эдийн засаг тэлж, маш богино хугацаанд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын тоонд багтсан байдаг. 

Урьд өмнө үзэгдээгүй гадаадын том хөрөнгө оруулалтаараа тэд Монголын уул уурхайн хайгуул болон бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлээд зогсохгүй иргэдийн амьдрал эрс сайжирсан. Орон сууцнууд олноор сүндэрлэж, автомашины импорт нэмэгдэн, хаа сайгүй кофе шопууд үүдээ нээж, олон улсын сүлжээ, брэндийн дэлгүүрүүд Улаанбаатарт төвхнөж, манай нийслэл танигдахын аргагүй төрхөө зассан нь ердөө л уул уурхайн хөгжлийн үр шим байв. 

График: Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт Монгол Улсын макро эдийн засгийн удирдлагыг сорьсон юм.

 
Эх сурвалж: Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, ОУВС

Тийм ч учраас Монгол орны газрын гүнд “нойрсож” байсан дэлхийн хэмжээний томоохон баялаг Оюу толгойн бүлэг ордыг илрүүлж, дээр нь Монгол орон, өмнийн говийг олон улсад үнэгүй сурталчилж, гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж өгсний хувьд Фрийдландын тэргүүлж байсан “Айвенхоу майнз”-д талархах нь зүйтэй. Тэр тусмаа дэлхийд тэргүүлэгч, уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн, маш олон технологи, ноу хау, ялангуяа гүний уурхайн блокчлон олборлох хүнд аргыг эзэмшигч “Рио Тинто” энэ төслийг гартаа авсан нь монголчуудын хувьд аз мэт. 

Тэрхүү үйл явцын дүнд Монгол Улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдээд зогсохгүй бусад ашигт малтмалын олборлолтод хөрөнгө оруулах дуудлага яах аргагүй өрнөсөн. Өдгөө уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 90 хувийг эзэлж, энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 8 их наяд төгрөг давсны 40 гаруй хувийг зэсийн экспорт эзэлж байна. Энэ бол гарцаагүй “Оюу толгой” төсөл гараанаас гарсны, бүтээн байгуулалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсний гавъяа.

Бодит байдлаас гурав дахин үржигдэх өгөөж 
 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой”-н бүтээн байгуулалт 2010 онд хэрэгжиж эхэлснээсээ хойш 2018 оны хоёрдугаар улирал дуусталх хугацаанд Монгол Улсад татвар, хураамж болон бусад төлбөрөөр дамжуулан 1.6 тэрбум орчим ам.доллар төлжээ. Тэгвэл дотоодод зарцуулсан нийт хөрөнгө нь 8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Зөвхөн үндэсний худалдан авалтад л гэхэд 2.5 тэрбум ам.доллар зарсан талаар “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес танилцуулсан юм.

Дундчилаад тооцвол жил бүр 400 сая ам.долларыг "Оюу толгой" Монгол Улсын Засгийн газарт бэлэн мөнгө хэлбэрээр төлж байна. Энэ бол жил болгон 400 шинэ сургууль, эсвэл 2000 км хатуу хучилттай зам барих хэмжээний мөнгө.    

Орон нутгийн хөгжилд зарцуулсан хөрөнгийг аваад үзэхэд 50 гаруй сая ам.доллар гэсэн тоо тус компанийн тайланд байдаг. Тухайлбал, орон нутгийн иргэдийг аюулгүй, цэвэр ундны усаар хангах зорилгоор Ханбогд суманд 6.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Цэвэр ус хангамжийн цогцолборыг байгуулж, 87 оюутанд тэтгэлэг олгож, сумын айл өрхүүдийг цахилгаан сүлжээнд холбож, эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьсан гэхчлэн цааш тоочиж болно. Долоо хоногт нэг удаа шалаанзаар бараагаа татдаг дээр дурдсан дэлгүүр  мөн “Оюу толгой” төслийн үр ашгийг хүртэж буй билээ. Тийм ч учраас Өмнөговь аймаг өнөөдөр улсаас татаас авдаг биш харин улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг болсон хэрэг.  

Нийт орлогынхоо 6 хувийг цалин хөлс болгон ажилчдадаа олгож байгаа бол 18 хувийг татвар, нөөц ашигласны хураамж болгон төлж байна

Уул уурхайн компаниуд ажлын байр бий болгох, дотоодын ханган нийлүүлэгчдэд бизнесийн боломж олгох зэргээр эдийн засгийн тогтвортой өгөөжийг бий болгодог. 

Тус компани хэдийнээ Монгол Улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж болоод зогсохгүй ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болжээ. “Оюу толгой” төсөл дээр өнөөдөр 15,000 хүн ажиллаж байгаагийн 93 хувийг монголчууд эзэлж байгаа. Тус компани нийт орлогынхоо 6 хувийг цалин хөлс болгон ажилчдадаа олгож байгаа бол 18 хувийг татвар, нөөц ашигласны хураамж болгон төлж байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх нь. 

График: 2018-2103 оны жилийн дундаж орлогын задаргаа

Ийнхүү ажилчдын цалин, ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр, татвар зэрэг нь эргээд эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, мөнгөний урсгалыг эрчимжүүлэх замаар үнэ цэнэ нь хэд дахин үржигддэг. “Иргэдэд чухам юу наалдаж байгаа юм бэ” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Тэгвэл ханган нийлүүлэгч болон төслийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцож буй 45,000 хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд уул уурхайн үр шимийг хүртэж байгаа гэсэн үг.

Уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин Монголд хамгийн өндөрт тооцогдож буйг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Энэ орлогоороо тэд бараа бүтээгдэхүүн худалдан авч, байр орон, авто машин худалдан авах, банкны зээл төсөл зэргээр эдийн засгийг эрчимжүүлж байгаа хэрэг. “Банкны салбар ашигтай ажиллаж байгаагийн гол хөшүүрэг нь уул уурхайн салбар. Энэ салбар шиг томоохон эргэлт бий болгодог өөр салбар Монголд байхгүй. Банк ашигтай ажилласнаар эргээд хувийн хэвшилд зээл олгож, бизнес хөгжих боломжийг бүрдүүлдэг” хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр мөн хэлсэн.

Төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг хэмжье гэвэл эдийн засгийн “үржүүлэгч” хэмээх хэмжүүрийг харах хэрэгтэй болно. Энэхүү үржүүлэгч нь орон бүрт ялгаатай үнэ цэнийг үүсгэдэг байна. 

График: Ханган нийлүүлэгчдэд төлдөг төлбөрийг бусад улсын уурхайнуудтай харьцуулбал

Олон улсад зэсийн уурхайн ажлын байрны үржүүлэгчийн жишиг 4 байгаа бол Чилийн “Эксондида” уурхайд 3.8, Перугийн “Антамина” уурхайд 4.4-тэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой”-н үндсэн ажилчдын тоо 2,500 хүрэхэд дээр дурдсанчлан үржүүлэгчийн нөлөөгөөр шууд бусаар 10,000 ажлын байрыг эдийн засагт шинээр бий болгосон гэсэн үг. Энэ үзүүлэлтүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, Засгийн газар олон улсын зах зээл дээрээс бонд босгож чадаж байсныг сануулах юун.

Манай улсын хүн амын дунд эзлэх ядуурлын түвшин 2002 онд 36 хувь байсан бол 2014 онд 22 хувь болж буурсан нь бас нэг баримт. Хэрэв Та анзаардаг бол бидний амьдралын хэмнэл, хэв маяг эрс өөр болсон байгаа. 

Гэхдээ уул уурхайгаас орж буй бэлэн мөнгө нь бодит амьдрал, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн өчүүхэн хэсэг гэдгийг онцолмоор байна. 

“Үнэлж баршгүй хөрөнгө оруулалт бол мэдлэг ба соёл”
 

Хөрөнгө оруулалт дан ганц санхүүгийн шинэ эх үүсвэр бус шинэ мэдлэг, мэдээлэл, технологи, инноваци, бүтээмж гэх мэт мөнгөөр үл хэмжигдэх үнэтэй хувь нэмэр бас оруулдаг гэдгийг мартаж болохгүй.

Уул уурхайн ассоциацыг олон жил тэргүүлсэн Н.Алгаа “Үнэлж баршгүй хөрөнгө оруулалт бол мэдлэг ба соёл” хэмээн онцолсон. “Оюу толгой” гаднын хөрөнгө оруулагчид Монголыг зорих шанг татсан гэдгийг тэрбээр тэмдэглээд, үлдээж буй технологи, мэдлэг нь түүнээс ч илүү том хөрөнгө оруулалт болохыг сануулав.

“Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт газрын гадаргаас 1,300 гаруй метрийн гүнд өрнөж буй. “Рио Тинто” компанийн эзэмшдэг блокчлон олборлох аргыг гүний уурхайд ашиглахад маш нарийн технологи хэрэгтэй бөгөөд үүнийг манай монгол залуус өнөөдөр өөрсдийн гараар хийж байгаа билээ. “Оюу толгой”-д ханган нийлүүлэгчдийн өнгөрсөн оны хурлын үеэр мэдээлснээр 2023 оноос гүний уурхайн үйл ажиллагаа жигдрэхээр тэр том ноу хауг эзэмшсэн чадварлаг залуус дэлхий дээрх “Рио Тинто”-гийн бусад уурхайд ажиллах бүрэн боломжтой.

“Рио Тинто”-ийн хилийн чанад дахь ахлах, удирдах албан тушаалыг 32 монгол хүн хашиж байна

Бүтээн байгуулалтын хүрээнд монгол ажилчдын эзэмшсэн ур чадвар өнөөдөр олон улсын зах зээл дээр хөрвөх чадвартай болсныг “Рио Тинто”-ийн хилийн чанад дахь ахлах, удирдах албан тушаалыг хашиж байгаа Монголын 32 боловсон хүчин баталж байна. 

Улаанбаатар хот дахь “Рио Тинто”-ийн оффист энэ сарын эхээр нээлтээ хийсэн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дах салбар болох “Монголиа Дэливэри Центр” (MDC)-ийн 60 орчим монгол залуу дэлхийн даяар 137 уурхайтай “Рио Тинто” группийн мэдээллийн систем, технологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүх ажлыг амжилттай гүйцэтгэж, оюуны бүтээлээ экспортолж байгаа талаар “Рио Тинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, хатагтай Симон Нивен ярьсан.  

“Орчин үеийн уул уурхайд шууд дэд бүтцэд хөрөнгө оруулдаггүй. Дараа нь уурхай зогсоход эзэнгүй баахан суурин үлддэг” хэмээгээд “Харин жижиг, дунд бизнесийг хөгжүүлж, мэдлэг бий болгосноор уурхай хаагдсан ч хүмүүсийг амьдрах чадвартай болгож байгаа нь үнэлж баршгүй хөрөнгө оруулалт” хэмээн Н.Алгаа ярьсан. 

Алдаанаас үлдсэн сургамж
 

Монгол Улс харин цойлж байсан эдийн засгаа шалдаа буутал нь жолоог нь алдаж үзсэн нь саяхан. 2013 онд хөрөнгө оруулагч талуудын дунд үүссэн маргаанаас болж “Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсноор 2011 онд 17 хувь давтлаа галзуурч байсан Монголын эдийн засаг үндсэндээ зогсонги байдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалт манай жижиг эдийн засагт ямар их нөлөөтэйг тэр үед манай улс мэдэрсэн. 

График. Монгол Улсын ГШХО, эх сурвалж: ҮСХ

Тэр үйл явдлаас үүдэлтэй балаг өнөөдөр ч бүрэн арилаагүй, өсөлтийн голдиролдоо орж чадахгүй, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр урагшилж яваа гэдгийг хэлье. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын үйл ажиллагаа болон Монгол Улсад хөрөнгө оруулах таатай нөхцөлийг “Оюу толгой”-гоор баримжаалан төлөөлүүлж байсан тул энэ байдлаас үүдэн итгэл нь алдарч, Монголоос дайжсан. 

Энэ явдлаас үүдэн тухайн үед Монголын эдийн засагт нүүрлэсэн зарим бараан тоо баримтаас эргэн сануулбал:

  • 2013 онд 11.6 хувь, 2015 онд 7.8 хувь байсан эдийн засгийн өсөлт 2015 оны гуравдугаар улиралд 2.5 хувь болж саарав. 
  • Оргил үедээ 4.6 тэрбум ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 15.9 сая ам.доллар хүртлээ буурав. 
  • Олон хүнийг хоолтой нь залгуулдаг худалдааны салбар л гэхэд -7.6 хувь буурсан нь худалдан авах чадвар эрс саарсныг илэрхийлнэ. 
  • Барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд орж, банкны салбар дахь чанаргүй зээл нэмэгдэв. 
  • Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаагаас шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 2013 оноос суларсаар 2000-д хүрсэн. 
  • Өдгөө Монгол Улсад ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.

Энэ бүх тоонууд улс төрийн буруу бодлого Монгол Улсын иргэн нэг бүрийн амьдралд ямар хүнд туссаныг илтгэнэ. Цаашлаад “Оюу толгой” бидний амьдралд хэрхэн нөлөөлж, өгөөжөө өгч байсан, энэ төсөл зогссоноор ямар хүнд байдалд орж болдгийг мэдрүүлсэн.

Буруу бодлого явуулбал ямар хор уршигтай, эдийн засгийг хэрхэн доош чангааж болдгийг яг энэ цаг үед Индонези улсад өрнөж буй үйл явдал  бэлхнээ харуулж байна. Тус улсын эдийн засаг 2010 оноос хойш тасралтгүй уруудсаар өдгөө үндэсний мөнгөн тэмдэгт болох рупигийнх нь ханш ам.долларын эсрэг энэ онд л гэхэд 9 хувиар суларч, Азийн эдийн засгийн хямралаас хойших хамгийн доод цэгтээ тулчихаад буй.

Мөнгөний ханшийн энэхүү уналт нь эрчим хүчний томоохон төслөө зогсооход хүргээд буй. Төслийн хүрээнд их хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлох учраас тэр. Аргаа барсан Засгийн газар нь рупигийн ханшийг тогтворжуулахын тулд уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчдыг валютаа дотоодын банкууддаа байршуулах шаардлага тавьж, биелүүлээгүйд нь хориг тавихаар зэхэж буй гэнэ. 

“Саран дээр очих” Монголын төлөвлөгөө

Монгол Улсын уул уурхайн салбар 2008 оноос хойш хэдийгээр огцом өссөн боловч байгалийн нөөцөө хэрхэн улс орны хөгжлийн хөдөлгүүр болгох арга замаа хараахан тодорхойлж чадаагүй л байна. Уг нь өдгөө монголчуудад мэдэхгүйн зовлон алга. Олон улс орны алдаж, оносон туршлага тэртэй тэргүй хангалттай байна. Цаг алдвал өөрсдөө л хохирч, эдийн засгаа доош чангаана гэдгийг өнгөрсөн 2013-2015 онд үүссэн нөхцөл байдал тодорхой харуулж, эдийн засгийн 1.0%-ийн өсөлтийн түүхэн гэрч болцгоосон билээ. 

Өнгөрсөн онд дараалан болсон “Coal Mongolia”, “Discover Mongolia”-д сүүлийн жилүүдэд Монголоос жийрхээд байсан гаднын хөрөнгө оруулагч олноор оролцсон. Улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн таатай орчин чухал бөгөөд уул уурхайгаа түшиглэн хэрхэн хөгжих боломж байгааг тэд бас л ярьсан.

Мөн өнгөрсөн есдүгээр сарын 6-нд болсон Азийн бүс нутгийн тогтвортой хөгжлийн чуулга уулзалтын үеэр ч энэ сэдэв хөндөгдсөн. Колумбын их сургуулийн Дэлхийн хүрээлэнгийн захирал, профессор Жеффри Сакс энэ үеэр Вашингтоноос шууд холбогдон илтгэл тавихдаа нэгэн сонирхолтой жишээ татсан нь, 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди америк хүн сансарт нисгэх амлалт анх өгч, 1966 онд саран дээр хүнээ илгээж чадсан тухай байв. Хэдийгээр энэ нь асар том зорилт ч шат дараатай, зөв төлөвлөлт юунд ч хүргэж болдгийн жишээ бөгөөд Монгол Улсад бодлого, төлөвлөлт дутагдаж байгааг ноён Ж.Сакс сануулсан юм. 

Шулуухан хэлбэл, Монгол Улс экспортод ямар нэгэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргаж байж л мөнгөтэй болно. Экспортын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа ийм нөхцөлд үүнийгээ алдахгүй байх нь өнөөдрийн хувьд хамгийн чухал ажил болоод байна. Цаашлаад байгалиас заяасан энэ өгөгдөл, нөөц бололцоогоо ашиглаад эдийн засгаа тэлэх шаардлагатай.

График. Дэлхийн зэсийн хэрэглээ

"Оюу толгой"-н гүний уурхайн олборлолт 2020 онд төлөвлөгөө ёсны дагуу эхэлж, зэсийн агууламж өндөртэй хүдэр экспортолж эхэлснээр Монгол Улс дэлхийн топ зэс үйлдвэрлэгчдийн нэг болох бөгөөд уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлэх тооцоо бий.

"Оюу толгой" төсөл зогсвол юун эмч, багш нарын цалинг нэмэх. Одоогийнх нь цалинг ч өгч чадахгүй болно

"Монгол орон байгалийн баялгаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюу толгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий" хэмээх нийтлэлч Баабарын "Эдийн засгийн чуулган"-ы индрээс хэлснийг энд дурдмаар санагдлаа. Тэрбээр мөн "Хэрэв "Оюу толгой" төсөл зогсвол юун эмч, багш нарын цалинг нэмэх. Одоогийнх нь цалинг ч өгч чадахгүй болно" хэмээн хатуухан хэлнэ лээ.

Монголчууд газар доорх байгалийн нөөцийнхөө эзэд мөн. Гэхдээ ашигт малтмалыг олборлон боловсруулж, зах зээлд арилжиж байж л үнэ цэнэ бүхий бодит баялаг бий болдгийг мартаж болохгүй. Тиймээс баялгаас орж ирсэн орлогыг мэдлэг, технологи, боловсролд хөрөнгө оруулах бодлогоор уурхай хаагдаж, газрын хэвлий дэх баялгаа барсан ч улс орноо хөгжлийн дээд цэгт аваад явах сууриа бэлдэх нь тулгамдаж буй асуудал юм.   

График: Зэсийн ирээдүйн хэрэглээ

Тэр тусмаа дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр мөр зэрэгцэн нэгэн зүгт алхаж, зэсийн эрэлт огцом өсөлт рүү явж байгаа ийм түүхэн цаг үед баялгаа зөв ашиглах нь монголчуудад л ашигтай. Монгол Улс “Оюу толгой”-гүй байлаа гээд балрахгүй. Гэхдээ “Оюу Толгой” төсөл хэрэгжээгүй байсан бол, “Рио Тинто” энэ төсөл дээр орж ирээгүй бол наймаачин маягийн буюу зөвхөн ашиг хонжоо хайсан хөрөнгө оруулагчид л Монголыг сонирхох байсан болов уу гэдгийг MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн хэлсэн.  “Оюу толгой” төсөл Монголд амжилттай хэрэгжсэнээрээ

  • Монголчууд уул уурхайн шинэ технологийг хэрэгжүүлж, нэвтрүүлж чаддаг юм байна.
  • Уул уурхайн ийм мега төслийн гэрээ хэлцлийг хийгээд, ашиглалтад оруулж чаддаг юм байна. 
  • Ийм мундаг том орд Монголд олдож болдог юм байна гэдгийг нотолж, сайн жишиг тогтоосон”  

хэмээн онцолсон юм.