Индэр    
2018 оны 9 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Их гүрнүүдийн худалдааны "дайн"-д Монгол яаж “тулалдах” вэ

Зураг
© Reuters

2018 оны гуравдугаар сараас эхлүүлсэн Д.Трампын гадаад худалдааны бодлогын цочмог шийдвэрүүдийг Ши Жиньпин зүгээр харж суусангүй. Хариу арга хэмжээ авсан нь үргэлжилсээр долдугаар сараас үндэндээ “Худалдааны дайн” өрнөж эхэлсэн билээ. Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж байгаа энэ дайн улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар янз бүрийн дүгнэлт таамаг байна. 

Манай орны хамгийн том худалдааны түнш, өмнөд хөрштэй хийж буй АНУ-ын худалдааны "дайн" дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа бол Монголд Улсад хэрхэн тусах вэ гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй.

Тэр тусмаа Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн гол бүтээгдэхүүнүүд буюу эрдэс баялаг нийт экспортын 90 хувийг эзэлж байгаа энэ үед гадаад худалдаа гол сэдэв байх нь гарцаагүй. Тиймээс бид уул уурхай, эдийн засаг, геополитик талаас нь мэргэжилтэн, судлаачдын байр суурийг авсан юм. 



Чили, Австрали улс худалдааны "дайн"-д хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг сайтар ажиглах ёстой



АНУ-ын худалдааны "дайн" дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа бол Монголд Улсад хэрхэн тусах вэ? гэсэн асуултад Эдийн засагч Б.Дөлгөөн:

 

АНУ болон БНХАУ-ын худалдааны "дайн" манай улсад нөлөөлөх, эсэх нь эргээд бусад улс орон ямар бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авах вэ гэдгээс хамаарна.

Тэр дундаа Австрали болон Чили улсын бодлого, авч байгаа арга хэмжээг сайтар ажиглаж байж энэхүү асуултанд бүрэн дүүрэн хариулж чадна. 

Бид эхлээд өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа АНУ-БНХАУ-ын болон Монгол-БНХАУ хоёрын гадаад худалдааны нөхцөл байдлыг илэрхийлэх статистикийг юун түрүүнд харах хэрэгтэй. 

АНУ-БНХАУ-ын гадаад худалдаа:

Зураг 1БНХАУ-ын экспортлогч орнууд 2016 онд

 

2016 онд л гэхэд БНХАУ-ын нийт экспортын хэмжээ $2.3 их наяд ам.долларт хүрч, үүний 18.68% буюу $429 тэрбумыг АНУ-руу гаргасан байна. Тэгэхээр нийт экспортын тавны нэг буюу ойролцоогоор 20% нь АНУ-руу гардаг гэсэн үг.

Зураг 2. БНХАУ-ын импортлогч орнууд 2016 онд

 

Нөгөө талаас 2016 онд БНХАУ-ын импортын хэмжээ $1.5 их наяд ам.доллар байгаа бөгөөд үүний 8.17% буюу $120 тэрбумыг АНУ-аас импортолсон байдаг. 

Зураг 3. АНУ-ын экспортлогч орнууд 2016 он

 

Харин АНУ-ын хувьд 2016 онд $1.44 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж байгаагаас 8.29%-ийг БНХАУ-руу гаргасан байна.

Зураг 4. АНУ-ын импортлогч орнууд 2016 он,

 

АНУ 2016 онд $2.13 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж байгаагийн 20.14%-ийг БНХАУ-аас импортолсон байна. 

Эндээс бид анхан шатны харьцуулалт хийхэд, БНХАУ-ын хувьд АНУ хамгийн чухал экспортын хамтрагч улс, харин импортын хувьд хамгийн их хэмжээтэйд тооцогдохгүй. АНУ-ын хувьд БНХАУ бол импортын хамгийн чухал хамтрагч улс мөн. Гэвч экспортын хувьд тийм чухал биш.

Тэгэхээр ямар энгийн дүгнэлтэд хүрэх вэ гэвэл, хэрэв АНУ, БНХАУ хоёр харилцан бие биенийхээ импортод өндөр тариф тавибал БНХАУ-д илүү хохиролтой нь харагдаж байна. Учир нь АНУ-ын хамгийн том экспортын зах зээл бол Канад, Мексик хоёр юм. БНХАУ гуравт бичигдэж байна. Тиймээс АНУ-ын импортын тарифын нөлөө БНХАУ-ын нийт үйлдвэрлэлтэд сөргөөр нөлөөлөх байх. 

Харин Монгол Улсад энэхүү нөлөө хэрхэн тусах вэ гэдэг ауултад хариулахын тулд Монгол-БНХАУ-ын худалдааг эхлээд харъя. 

Монгол-БНХАУ-ын гадаад худалдаа:

Хоёр улсын худалдаанд чухал гэсэн хэдэн баримт дурдъя.

Зураг 5. Монгол Улсын экспортын барааны бүтэц 2016 он

 

Монгол Улс 2016 онд 4.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсноос 82%-ийг БНХАУ-руу экспортолсон байдаг. Нийт БНХАУ-руу экспортолсон хэмжээг 100% гэж үзвэл 43% нь зэсийн баяжмал, 26% нь нүүрс 8% нь нефть байна.

Зураг 6. БНХАУ-ын зэс импортлогч орнууд 2016 он

 

2016 оны БНХАУ-ын нийт импортыг харахад зэсийн баяжмал 1.34%-ийг, харин нүүрс 0.75%-ийг эзэлж байна. 2016 оны БНХАУ-ын импортолсон нийт 10 тэрбум ам.долларын зэсийн баяжмалын 57%-ийг Чили, 16%-ийг Монгол Улс, 12%-ийг Мексик нийлүүлжээ.

Зураг 7. БНХАУ-ын нүүрс импортлогч орнууд 2016 он

 

Харин нүүрсний хувьд 2016 оны БНХАУ-ын импортолсон нийт 11 тэрбум ам.долларын нүүрсний 46%-ийг Австрали, 18%-ийг Индонез, 11%-ийг Хойд Солонгос, 9%-ийг Монгол нийлүүлсэн байна. 

Зураг 8. БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүн 2016 он

 

Дээр дурдсан нөхцөл байдлын талаарх баримтуудыг нэгтгээд дүгнэхэд, Монгол Улс бол БНХАУ-ын хувьд зэсийн баяжмал болон нүүрсний импортод илүү чухал үүрэг гүйцэтгэх хэдий ч тэргүүн зэргийн ач холбогдолтой улс бас биш байна. Тиймээс ч зэсийн баяжмал дээр Чили улс, нүүрс дээр Австрали болон Индонез улсын бодлого, эдгээр улсуудын экспортлогч компаниудын стратегийг мөн харгалзан байж эцсийн дүгнэлтэд хүрнэ. 

Худалдааны "дайн"-ы нөлөө манай улсын түүхий эдийн экспорт, үнэд нөлөөлөх тухайд: АНУ-ын тарифын нөлөө нийт үйлдвэрлэлд тусаж, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ буурахад хүрвэл энэ байдал нь эргээд зэсийн баяжмал болон нүүрсний импортыг бууруулахад хүргэж мэднэ. Гэхдээ эргээд эдгээр ашигт малтмалын үнэ хэр буурах нь Чили болон Австрали улс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарна гэдгийг дахин хэлье. 

Зураг 9. Австралийн нүүрс экспортлогч орнууд 2016 он

 

Жишээлбэл, хэрэв Австрали улс Япон, Энэтхэг рүү нүүрс нийлүүлэх гарцаа нэмэгдүүлж, улмаар БНХАУ-д үүсэх нүүрсний эрэлтийн бууралтыг өөр улсад, зах зээлд их хэмжээгээр нөлөөлөхгүйгээр шийдэж чадвал Монгол Улсын хувьд өндөр эрсдэл үүсэхгүй болов уу. 2016 онд Австрали улс нийт 30 тэрбум ам.долларын нүүрс экспортолсноос 29%-ийг Япон руу, 17%-ийг БНХАУ-руу, 16%-ийг Энэтхэг рүү тус тус гаргажээ. 

Нэмж хэлэхэд нүүрсний экспорт дээр манай Монгол Улс зах зээлийн үнээр зарж чадахгүй байгаа нь юунд байна гэдгийг нарийвчлан тогтоож, улмаар энэхүү асуудлыг шийдэж чадвал ямар ч үнийн уналтын сөрөг нөлөөг ажрахгүй давж чадна. Учир нь бидний зарж байгаа үнэ, зах зээлийн үнээс доогуур хэмжээнд байна шүү дээ.

Мөн түүхий эдийн үнийн хувьд ямарваа нэг улс орны импортын тариф нэмэгдсэн, нэмэгдээгүй маш их савалгаатай байдаг. Санхүүгийн хувьд энэхүү савалгаанаас хамгаалах олон хувилбар бий. Үүнийг харин манай улс өөрт ашигтайгаар ашиглаж чадаж байна уу гэдэгт л илүү ач холбогдол бид өгөх ёстой болов уу. Сая 2018 оны долдугаар сард гарсан ОУВС-ийн тайланд дэлхийн эдийн засгийг 2018 болон 2019 онд 3.9% өсөлттэй байна гэж таамагласан. Тэгэхээр өнөөдрийн АНУ-БНХАУ-ын худалдааны "дайн" нь 2009 онд болсон санхүүгийн хямрал шиг асуудлыг үүсгэхгүй. 

2009 оноос эхлэн дэлхийн худалдаанд чанарын өөрчлөлт орж байгаа. Дэлхийн нийт гадаад худалдааны өсөлт жил ирэх тусам буурч байна. Энэ нь эргээд Global Value Chain гэдэг ойлголттой холбоотой. Чухам яагаад буурч байгааг судлаачид янз бүрээр тайлбарлаж байгаа. Жишээлбэл, экспортын зах зээлтэй ойрхон үйлдвэрлэлт хийх нь илүү хялбар болж байна. Өмнө гарсан Меккензей компанийн судалгаагаар өнөөдөр АНУ-руу аж үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортлохын тулд БНХАУ-д үйлдвэрлэснээс Мексикт хийх нь ажилтны зардлын хувьд хямд болчихлоо. Тиймээс ч БНХАУ-д биш харин бусад улс руу аж үйлдвэрлэлийн ажлын байрууд шилжиж байна. Үүний зэрэгцээ аж үйлдвэрлэлийн ажлын байруудыг роботууд булааж эхэллээ. Тэгэхээр цаашид энэ хандлага улам л газар авах шинжтэй харагдаж байна. 



Үүссэн орон зайг Монголоос нөхөөд явчихад хангалттай ашигтай байх болно



“Гложекс консалтинг” компанийн Ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар харин энэ тухай:

 

АНУ-ын эхлүүлсэн энэхүү худалдааны "дайн" нэг талаас Хятадын гангийн үйлдвэрүүдэд дарамт шахалт үүсгэж байна. Гэхдээ Хятад бол ганцхан Америк гэдэг улсад гангаа нийлүүлдэг орон биш. Хятадын ганг импортолдог бусад орон худалдааны "дайн"-ыг сөргүүлээд татварын таатай орчныг тавьдаг ч юмуу, илүү давуу тал олгох боломжийг урд хөрштэй хэлэлцэж болох юм. Бараг тийм нөхцөл үүсэх байх. Тухайлбал, үүнд Энэтхэг нэлээд тэргүүлэх байр суурьтай оролцоно гэж бодож байгаа. 

Хоёрдугаарт, БНХАУ гангийн үйлдвэрлэлийнхээ дийлэнхийг дотооддоо хэрэглэдэг улс. Тэгэхээр энэ бол тийм айхтар мэдрэмжтэй нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. 

Гуравдугаарт, Хятад АНУ-ыг сөргүүлээд яг коксжих нүүрсэн дээр 25 хувийн татвар ногдуулахаар болсон. БНХАУ нийт импортолж байгаа коксжих нүүрснийхээ 2-3 хувийг л Америкаас авдаг. Тиймээс энэ нь нийт хэрэглээнд төдийлэн цочмог нөлөө үзүүлэхгүй болж таарах нь. Хамгийн ихдээ жилийн 4-5 сая тонн коксжих нүүрс л авдаг. Тиймээс үүссэн энэ орон зайг Монголоос нөхөөд явчихад хангалттай ашигтай байх болно.

Ер нь томоор нь харвал зах зээл дээр тийм ч мэдрэмжтэй нөлөө үзүүлэхгүй. Тэгээд ч Америкаас авч байгаа коксжих нүүрс нь Индонези, Астрали, Монголоос нийлүүлж байгаа коксжих нүүрснээс 35-40 хувийн өндөр үнэтэй байгаа. Өртгийн хувьд өрсөлдөх чадвар багатай гэсэн үг. Тиймээс айхтар доргио үүсгээд, том өөрчлөлт оруулаад, эрэлтийн цочмог дутагдалд  оруулаад байх нөлөөлөл үзүүлэхгүй. Харин манай улсын хувьд үнэлж болох 10 сайн үйлийн нэг гэж болно. 

Геополитик талаас нь харвал манай хөршүүдийн эдийн засагт эрсдэл үүсэхэд Монголд сайнаар нөлөөлөх үзэгдлүүд болж байсан. Хятад улс БНАСАУ-д нүүрсний хориг тавихад жилийн 20-24 сая тонн антарцид нүүрсний хэрэглээгээ өөр улсаас авах хандлага гарсан. Хэдийгээр Монголд антарцид нүүрс байхгүй ч чанар стандарт дөхүү чулуун нүүрсний экспорт нэмэгдсэн талтай. Үүнтэй холбоотойгоор УБТЗ дагуух жижиг хэмжээний чулуун нүүрсний ордууд эдийн засгийн эргэлтэд орох нөхцөл үүссэн. Энэ бол их гүрнүүдийн геополитикоос Монголд үзүүлсэн дам нөлөөлөл мөн. 



Манай улсын экспортын хэмжээнээс гадна таваарын үнийн ханш худалдааны "дайн"-аас үүдэж буух магадлалтай



АНУ-ын худалдааны "дайн" дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа бол Монголд Улсад хэрхэн тусах вэ гэсэн асуултад  МIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн: 

 

АНУ болон БНХАУ нь 2017 онд нийт 635 тэрбум гаруй ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс 505 тэрбум долларын үнэлгээ бүхий бүтээгдэхүүнийг БНХАУ нь АНУ руу экспортлон нийлүүлдэг. Харин АНУ-аас БНХАУ уруу 130 орчим тэрбум ам.долларын экспорт хийжээ.

Одоогоор АНУ болон БНХАУ-ууд 50 тэрбум долларын бүтээгдэхүүнүүд дээр харилцан гаалийн татвар ногдуулаад байгаа. АНУ-ын зүгээс цаашлаад БНХАУ-ын 200 тэрбум ам.доллар, магадгүй бүр 500 тэрбум долларын экспортод гаалийн татвар ноогдуулна хэмээн сүрдүүлж байгаа нь санхүүгийн зах зээлүүдэд сѳргѳѳр нөлөөлөөд эхэллээ.

Мэдээж БНХАУ-ын хувьд АНУ-ын бүхий л экспортод гаалийн татвар тогтоовч 500 тэрбум ам.долларт хүрэхгүй тул БНХАУ-ын зүгээс АНУ-ын хөрөнгө оруулалт бүхий компаниудад өндөр хяналт, шаардлага тавих болов уу хэмээн эмээж байна. ИБУИНВУ-ын Оксфорд Экономикс байгууллагын судалгаагаар энэхүү худалдааны "дайн" нь хоёр улсын эдийн засгийн тэлэлтийг 0.1-0.2% удаашруулна хэмээн үзжээ. Хэдийгээр энэ нь төдийлэн их хэмжээний тоо мэт харагдахгүй байж болох ч бодит эдийн засгийн хохирол нь өнөөгийн ам.долларын ханшаар 30-60 тэрбум доллар байна гэсэн үг юм.

Тиймээс манай улсад энэхүү худалдааны "дайн" олон хэлбэрээр нөлөөлөх болно. Нэн тэргүүнд ажиглагдаж буй үзэгдэл бол олон улсын хөрөнгө оруулагчид АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд итгэл алдрахтай зэрэгцэн эрдэсийн түүхий эдийн ханш унаж эхэллээ. Мөн цаашлаад Туркэд үүсч буй улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хөгжиж буй орнуудын валютын ханш ам.доллар болон евро бүсийн валютуудын эсрэг хурдтайгаар унаж байгаа нь олон улсын таваарын болон хөрөнгийн захууд болзошгүй худалдааны "дайн"-аас хэрхэн эмээж буйн илрэл юм.

Зэсийн үнэ л гэхэд өнгөрсөн зургаадугаар сард тонн нь 7,200 ам.доллар давж байсан бол одоогийн байдлаар 6,000 ам.долларт хүрэхгүй байна. Бусад өнгөт металлуудын ханш мөн л адил унаж байгаа нь таваарын захад хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сулрана гэж хүлээснийх. 

Мөн сүүлийн үед алтны ханш БНХАУ-ын юанийг дагаж хөдлөх болсон нь энэхүү худалдааны "дайн" манай улсын аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнүүдийн үнэлгээнд хэрхэн нөлөөлөхийг илхэн харуулна. Тэгэхээр энэхүү үйл явц нь манай улсад сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Нэгдүгээрт, шууд байдлаар манай экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэлгээ буурна. Хоёрдугаарт, манай улсад хөрөнгө оруулагчдын итгэл сулрах магадлалтай.

Зарим нэг сонирхолтой санаа байдаг. Тухайлбал, АНУ-ын хоригт өртсөн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад үйлдвэрлэж, БНХАУ руу экспортлох, мөн БНХАУ-д хоригт өртөөд буй АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах гэх мэт газар зүйн байрлалын давуу талууд дээрээ суурилсан санаанууд байдаг хэдий ч бодит амьдрал дээр хэрэжихэд бэрх. Магадгүй манай улсын гадаадын хөрөнгө оруулалт татах хууль эрх зүй, татварын орчин, банк санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэл ба найдвартай байдал нь хангалттай сайн хөгжсөн байсан бол дээрх санаа илүү бодитой сонсогдож болох.

Товчхондоо бол, XXI зуунд олон улсын эдийн засгууд болон зах зээлүүд нэг нэгнээсээ хэт өндөр хамааралтай болсон. Тиймээс хөрш улсуудад маань эдийн засгийн хямрал нүүрэлбэл бидэнд ч гэсэн сөрөг нөлөөлөл мэдрэгдэж л таарна.