Индэр    
2018 оны 8 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Б.Отгонтөгс: Улс үндэстний хувьд хүний нөөц, хүний хөгжлөө нэгэнт алдаад эхэлбэл засахад улам хэцүү болно

Боловсрол, эрүүл мэндийн салбар нэмэх нь соёл урлагийнхан удаан хугацааны туршид цалингаа нэмүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн. Үүний үр дүнд тэдний цалинг ирэх сарын 1-нээс 8-30 хувийн шатлалтай нэмэхээр болсон ч багш, эмч нарын хувьд энэ удаагийн цалингийн нэмэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж есдүгээр сарын 3-наас ажил хаях болсноо мэдэгдээд байна. 

Тэгвэл цалингийн нэмэгдлийг хэрхэн оновчтой зөв хийх, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь ажиллагсдын цалингийн хэмжээ бидний нийтлэг эрх ашигтай ямар холбоо, хамааралтай тухай Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцсанаа хүргэж байна. 

Мөн цалингийн өсөлт нь нийт эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг тухай, ажилгүйчүүдийн талаар бид нэмж ярилцлаа. 

 

- Багш хүний хувьд багшийн цалинг яагаад нэмэх ёстой талаар яриагаа эхэлье. Засгийн газрын зүгээс багш нарын цалинг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргасан ч тэд хүлээж авахгүй, ажил хаяна гэдгээ мэдэгдээд байна. Нөгөө талд цалинг өндөр хувиар нэмэгдүүлбэл инфляци өсөх магадлал бий болоод байгаа шүү дээ.

- Засгийн газар өөрсдөө нэгэнт цалин нэмэх шийдвэр гаргасан учир тэдэнд инфляциа онилсон өөр зэрэгцээ бодлого бий байх гэж найдаж байна.

Эдийн засагч хүний хувьд төсвийн байдал, эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын тогтвортой байдал зэрэг тоонуудыг харахад 2018 оны сүүлийн улиралд цалинг нэмэх нь зөв шийдэл биш байж болох юм. Нэгдүгээрт хуулийн хүрээнд авч үзвэл төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай болно. Хоёрдугаарт, инфляцийн түвшин зорилтот түвшиндээ аль хэдийнээ хүрээд байна.

Тэгэхээр хэсэг хүний цалин нэмэх нь инфляцид нөлөөлж таарна. Тиймээс ч 2018 оны сүүлээр цалин нэмэх нь бодит үр дүнд хүрч чадах эсэхийг хэлэхэд хэцүү.  Зарим хүн инфляцийн түвшин хэнд хамаатай юм гэх байх. Гэтэл инфляци гэдэг нь хөдөөний малчин, хотын ажилчин, дарга сайд гээд бүх хүний бодит орлогод нөлөөлдөг зүйл. Тиймээс ч Төв банкны гол зорилго инфляцийн нам тогтвортой байдал байдаг.

Хэсэг хүний цалинг нэмэгдүүлэхийн тулд нийт инфляцид нөлөөлж, бүгдийнх нь бодит орлогод хохирол авчрах уу гэдэг бол эдийн засагчдын хувьд “trade-off” буюу жингийн туухайны алийг нь сонгох вэ гэдэг сонголт юм.

Засгийн газар ч бас энэ санаагаар цалинг их хэмжээгээр нэмэхээс болгоомжлоод байгаа байх гэж бодож байна. Нөгөө өнцгөөс нь авч үзвэл бид багш нарын цалинг нэмэхгүй бол маш их хор хохиролтойБагш нар зуны амралтыг тохиолдуулаад дийлэнх нь Солонгос руу явж ажиллаж байна.  Виз авч чадсан нь Солонгост очоод хар ажил хийж байгаа. Ингэж гурван сар ажиллаад 7-8 сарын цалинтайгаа тэнцүү мөнгө олоод ирдэг. Багш нарын хувьд маш рациональ хүмүүс. Тэд би ийм бага цалингаар Монголд ингэж ажиллаж байхаар мэргэжлээрээ эсвэл ядаж ийм хар ажил хийгээд гадаадад ажиллах нь дээр юм биш үү гэх тархины нүүдэл болж байна. Өөрөөр хэлбэл, бид мэргэшсэн багш нараа олноор нь алдах эрсдэлтэй.

Маш их хөрөнгө оруулалт хийчихсэн боловсон хүчнээ бид хэдхэн жил цалингаа нэмэхгүй байсаар байгаад алдах уу

Гэтэл Монгол Улсын хувьд багш нараа бэлдэх гэж маш их цаг хугацаа, хөрөнгийг зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс багшийг цэцэрлэгээс нь эхэлж бэлдэж эхэлсэн. 40-50 жилийн улсын хөрөнгө оруулалт орсон байдаг. Тэр байтугай эхийнх нь хэвлийд байхаас нь хөрөнгө оруулалт хийж эхэлдэг. Юу гэхээр, Монгол Улсад жирэмсэн эмэгтэй төрөөс эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ  үнэ төлбөргүй авдаг шүү дээ. Вакцин үнэгүй хийлгэнэ. Хүүхэд төрснийхөө дараа ч цэцэрлэгт үнэгүй хамрагддаг. Ерөнхий боловсролын сургуульд ч үнэгүй сурна. Зарим нь их сургуульд сурахдаа тэтгэлэг авна, зарим малчны гурван хүүхэд их, дээд сургуульд нэг зэрэг сурвал нэг нь үнэгүй сурдаг. Гэх мэт маш их хөрөнгө оруулалт хийчихсэн боловсон хүчнээ бид хэдхэн жил цалингаа нэмэхгүй байсаар байгаад алдах уу гэдэг өөрөө бас “trade-off” сонголт юм.

Тиймээс ч хүний нөөц, олон жил үнэгүй бэлтгэсэн боловсон хүчнээ алдаж байснаас инфляциа нэг, хоёр хувиар нь өсгөх нь илүү дээр гэх сонголт руу хазайж байгаа байх. Учир нь бид хүний нөөц, хүний хөгжлөө нэгэнт алдаад эхэлбэл үүнийг засахад хэцүү. 

Багш нарын цалин нэмэх тухайд ийм хоёр тал байна. 

- Эмч, эрүүл мэндийн ажилчдын хувьд байдлыг ижилхэн тайлбарлаж болох уу?

- Эмч нарын хувьд бүр илүү нарийн тайлбар, судалгаа хэрэгтэй. Боловсролын эдийн засаг судалдаг хүний хувьд эмч, сувилагч нарын боловсрол бол маш үнэтэй олддог. Яагаад гэхээр эмч нар маш удаан сурдаг. Удаан сурахаас гадна сургуулиа төгсөөд шууд хөдөлмөрийн зах зээл дээр гарч чаддаггүй. Арав орчим жилийн дараагаас цалинтай ажилтай золгодог.

Маш олон удаагийн хүнд шалгалтыг даваад тэгж их махран зүтгэж байгаа нарийн мэргэжлийн эмч, сувилагчдын хувьд ямар нэгэн байдлаар ялгаатайгаар дэмжиж өгөхгүй л бол өнөө маргаашгүй бид сувилагч, их эмчийн хомсдолд орно. Маш олон ажилгүй эмч, сувилагч байхад юу яриад байна вэ гэж магадгүй. Гэтэл яг ажлын талбар дээр буюу туршлагажсан боловсон хүчний тухай би ярьж байна. Хүн тухайн мэргэжлийн боловсролыг нь эзэмшихээс гадна мэргэжлээрээ ажилласан, ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин гэдэг хамаагүй үнэ цэнэтэй. Ийм хүмүүсийн хомсдолд орвол Монгол Улсын нийт 3.2 сая иргэнд хохиролтой. Өөрөөр хэлбэл, туршлагажсан эмч, багш нараа алдах нь Монгол Улсын 3.2 сая иргэнд хохиролтой. 

Өөрөөр хэлбэл, инфляцийн 10 хувь байтугай хамгийн үнэтэй эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тэгэхээр цалин нэмлээ гэхэд миний хувьд эмч, эрүүл мэндийн ажилчдыг багш нарын цалингаас арай илүү хувиар нэмэх хэрэгтэй гэж хэлнэ.

Эрүүл мэндийн салбарын зардлын өсөлтийн том хэсэг нь цалин биш, үнэтэй тоног төхөөрөмж рүү явж байна

Нөгөө талд, эрүүл мэндийн салбар дахь төсвөөс өгч байгаа хувийн тухайд тасралтгүй өсч байгааг бид тооцох хэрэгтэй. Энэ өсөлтийн хувийг нарийн харахаар ажиллагсдын цалингийн биш, тоног төхөөрөмж, барилга байшинд буюу хатуу дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа.

Бүх аймаг, дүүрэгт оношлогооны маш үнэтэй тоног төхөөрөмжүүд тавьж байна. Тэгвэл эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтын судалгаа бий юү. Саяхны борооноор гэхэд маш үнэтэй төхөөрөмжөө бид эвдчихсэн байдалтай байна. Бид ийм том хөрөнгө оруулалтуудаа үр ашиггүй зарцуулаад байгаа бол тэр их мөнгийг эмч, сувилагчдын цалингийн багахан хувийн өсөлтөд уг нь зарцуулж болохоор байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт очиж байгаа хөрөнгө оруулалт танагдаагүй, өсч байна. Гол нь юунд, ямар судалгаатай зарцуулж байна вэ?!

Эрүүл мэндийн салбарын зардлын өсөлтийн том хэсэг нь цалин биш, үнэтэй тоног төхөөрөмж рүү явж байна. Учир нь анагаах нь боловсролыг бодвол технологийн маш үнэтэй хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Тэгэхээр үнэтэй техник технологийн хөрөнгө оруулалтын үр өгөөж, ашиглалтыг бид зайлшгүй судалж үзэх хэрэгтэй. Улстөрчдийн хувьд цалин нэмэхээс илүү хөдөө орон нутагтаа гоё тоног төхөөрөмж аваачиж өгөөд л тууз хайчлаад зургаа татуулж, хэвлэлд гарах нь илүү үр дүнтэй байдаг байж магадгүй юм.

Хоёрдугаарт, цалин нэмэхэд учир бий гэдэг дээр бас нэг санаа нэмэхэд Монгол Улсын хувьд цалин нэгэнт нэмбэл эргээд бууна гэсэн ойлголт байдаггүй. ​Өөрөөр хэлбэл, энэ жил цалин нэмлээ гэхэд ирэх жилийн төсөвт нэмэгдсэн дүнгээрээ тусгагдаад л явна гэсэн үг. Гэтэл 2019, 2020 онд дэлхийн зах зээл дэх нүүрс, зэс, алтны үнэ өнөөдрийнх шиг хэвээрээ байж чадах уу гэдэг асуудалтай.

Хэрэв манай орлогын гол эх үүсвэр болсон эдгээр бүтээгдэхүүний үнэ уначихвал бид дахиад л хямарна. 2015, 2016 оны хямрал давтагдана гэсэн үг. 2015, 2016 онд Монгол Улсын төсвийн орлого буурсан учир гаднаас зээл авсан, гадаад өр маань хурдацтай нэмэгдсэн. Гадаад өрөө хугацаанд нь төлж чадахгүй байх эрсдэлтэй тулсан учраас бид Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орсон шүү дээ. Тэгэхээр бидэнд дахиад тийм зүйл рүү орчих вий гэсэн болгоомжлол байх ёстой.

Тиймээс цалингийн өсөлтийг хатуу тогтсон хувиар бус, төсвийн орлогын өсөлт, бууралттай уялдуулсан, заримдаа өсдөг, заримдаа буурдаг уян хатан зохицуулалт дэлхий дээр бас байдаг гэдгийг бид мэдэж байх учиртай.

ҮР ДҮНТЭЙ НЬ УЯЛДУУЛСАН САНХҮҮЖИЛТ хийх ёстой

 

- Цалин нэмэх ямар ч боломжгүй байсан учир нэг удаагийн бэлэн мөнгө тараах арга хэмжээг өнгөрсөн жил авсан шүү дээ. Тодруулбал, 2017 оны төгсгөлд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараасан. Энэ шийдвэрийн үр дүн өнөөдөр ч тодорхойгүй байна. Энэ оновчтой шийдвэр болж чадсан гэж та боддог уу?

- Хэрэглээний онол гэж бий. Хүн насан туршийн тогтвортой орлогоо, эсвэл түр зуурын богино хугацаанд орж ирсэн гэнэтийн орлогыг яаж зарцуулдаг вэ гэдэг дээр тодорхой тогтсон ойлголт байдаг. Ихэнх хүмүүс насан туршийн тогтмол орлогодоо тулгуурлаж хүүхдийнхээ сургалтын төлбөр, байшин авах, гэрээ дулаалах зэргээ төлөвлөж байдаг. Харин гэнэтийн орлогын хувьд маш богино хугацаанд хэрэглээд дуусгачихдаг. Тэгэхээр богино хугацааны орлого бол эдийн засгийг нэг донсолгоод инфляцийг хөөргөдөж өгөөд л өнгөрдөг . Улстөрчдийн хувьд харин сайн арга байж магадгүй.

- Цалингийн өсөлтийг ажлын үр дүнтэй холбогдуулан нэмэгдүүлэх олон арга байдаг тухай та “Өглөөний хүн” буланд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан. Тухайлбал, багш нарын хувьд аймаг бүрт өөр өөр аргачлалаар санхүүжилтийг нэмэгдүүлэх туршилт хийх гэх мэт.

- Монгол Улсын эдийн засгийн шийдвэр, бодлого дөрөв дөрвөн жилээр явдаг. Тэгэхээр аль болох сонгуулийн бус буюу цаг хугацаанд баригдахгүйгээр багш нарын цалинг нийтээр нь нэмчихсэний дараа буюу магадгүй энэ цаг үед хэд хэдэн аймгийг сонгоод нэгэнд нь багш нарын цалинг дахин нэмэгдүүлээд нөгөө аймагт нь илүү их технологийн хувьд дэвшилттэй хичээлүүд оруулах эсвэл сургалтын хэрэглэгдэхүүний хувьд сайжруулаад харьцуулаад туршиж үзэх хэрэгтэй. Үүнээс хаана хийсэн хөрөнгө оруулалт илүү үр өгөөжтэй байна вэ гэдэг нь харагдана.

Миний хувьд эдийн засагч, судлаачийн хувьд нэгтгэсэн, хавтгайруулсан, нэг аргаар аливаа зүйлийг хийхэд үр дүн бага л гардаг юм байна гэдгийг анзаарсан. Өөрөөр хэлбэл, Монголд яг аль арга нь зохимжтой байна вэ гэдгээ бид судалж, тогтоох хэрэгтэй. 

- Багш нарын цалинг нэмэгдүүлснээр сурагчдын боловсролын үзүүлэлт сайжирдаг, эсвэл үр дүнгүй байдаг эсэх талаар олон улсад хийгдсэн судалгаануудыг та харж судалж байсан байх. Бага цалинтай багштай боловсролын салбараас бид илүү ихийг хүсээд хэрэггүй гэдэг шүү дээ. 

- Энэ бол сүүлийн 30 жил явж байгаа боловсрол судлалын маргаантай сэдвийн нэг.

Миний мэдэхийн хоёр талд хуваагдчихсан байдаг. Нэг хэсэг нь багшийн цалинг өсгөөд байх тусам хүүхдүүдийн сурлагын чанар ерөөсөө өсөхгүй байна. Хүүхэд сургууль дээрээ 5-6 цагийг л өнгөрөөдөг. Гэртээ 10 гаруй цагийг өнгөрөөдөг. Бямба, Ням гараг гээд бүтэн 48 цагийг, зуны амралтын 2-3 сарыг гэртээ өнгөрөөдөг. Тэгэхээр гэр бүлийн боловсрол, эцэг, эхийн хүмүүжил, аав, ээжтэйгээ гэрийн даалгавраа хийдэг эсэх, хүүхэдтэйгээ цагийг их өнгөрөөдөг эсэх, музей үздэг, хамт ном уншдаг зэрэг л хүүхдэд илүү нөлөөлдөг гэсэн судалгаанууд байдаг. Нөгөө хэсэг нь багшийн цалинг өсгөх, нэг ангийн дүүргэлтийн тоо зэрэг нь хүүхдийн сурлагын чанарт нөлөөлдөг гэдгийг баталчихсан хоёр талын судалгаанууд байдаг. Монгол Улсын хувьд яг аль нь тохиолдоод байна вэ гэдгийг бид мэдэхгүй байгаа учраас судлах хэрэгтэй гэж хэлээд байгаа минь тэр шүү дээ.

Тэгэхээр нэгэнт одоо салбар салбаруудад цалинг жигд нэмэх гэж байгаа бол үүний дараа багш, эмч нарын хүсээд буй өндөр өсөлттэй цалинг өгөхийн тулд ажлын үр дүн буюу бид улсаараа юунд хүрэх гэж зориод байгаа вэ гэдэгтэйгээ цалингийн өсөлтөө уялдуулах нь хамгийн үр дүнтэй.

Үнийг барьсаар л байвал хөрөнгийн үнэ цэнэ бодитоор тогтохгүй 

 
Гэрэл зургийг MPA.mn

- Инфляци нэмэгдэх эрсдэлийг Засгийн газар давхар тооцож, шийдвэр гаргасан байх гэж та хэлсэн. Ер нь бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн өөрчлөлтийг тогтвортой байлгахын тулд төв банк хэрэглэгчдийн эрэлт, нийлүүлэлт тал дээр бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг. Тухайлбал, инфляци дахь шатахуун, махны үнийн нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газар, төв банк үе үе арга хэмжээ авч хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн эрчим хүчний үнэ байна. Зарим хүн үнэ барих нь чөлөөт зах зээлийн эсрэг зүйл гэж үздэг. Таны хувьд аль талд нь байдаг вэ?

- Би энэ тал дээр айхтар сайн судалгаа хийдэг хүн биш.

Ер нь цахилгааны үнэ, шатахууны жижиглэнгийн үнийг хатуу барихын хэрээр бид илүү хялбархан аргаар л инфляциа барьж байгаа хэрэг юм. Олон жил ийм аргаараа явлаа.

Бид эдгээр үнийг барьсаар л байвал хөрөнгийн үнэ цэнэ бодитоор тогтохгүй, жаахан гажуудалтай л яваад байна гэсэн үг. Энэ гажуудлаас гарч байгаа зөрүү мөнгийг татвар төлөгчид тэртээ тэргүй төлж байгаа. Бүх хүн л энэ гажуудлын үнийг төлж байгаагаа ойлгох цаг болсон.

Үнийг хөнгөлж байгаа юм шиг мөртлөө бид татвараараа л тэр татаасыг нь төлсөөр байгаа гэдгийгээ л ойлгох хэрэгтэй.

Бид наанаа шатахуун, цахилгаандаа бага мөнгө төлж байгаа юм шиг мөртлөө цаанаа бидний өгсөн татвараар тэр татаасыг төлж байгаа шүү дээ.

Тэгэхээр бүгдийг нэг зэрэг биш юм гэхэд ядаж нэгийнх нь үнийг чөлөөлөх л хэрэгтэй.

Бид Төрийн банкин дээр очоод цахилгааныхаа үнийг төлөхөд боломжийн мөнгө төлж байгаа юм шиг санагддаг байх. Гэтэл бид тэр зөрүүгээ аль хэдийнээ татвараараа төлж байгаа шүү дээ.

Бодит үнэ төлж авахгүй байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөрүү буюу компаниудад олгож байгаа татаасыг бид арай илүү чухал зүйлд зарцуулж болох байсан. Жишээ нь, бидний хүсээд байдаг эрүүл мэндийн хүртээмжтэй сайн үйлчилгээ. Сайн, чанартай ерөнхий боловсрол. Эсвэл мод сайн тарихад ч юм уу, эрүүл, аюулгүй орчин бий болгоход ч юм уу зарцуулах ёстой байсан байж магадгүй.

Гэхдээ миний санаа өнөө маргаашгүй зарим бүтээгдэхүүний үнийг чөлөөл гэж байгаа юм биш. Үнэ чөлөөлөх хамгийн тохиромжтой үе гэвэл ийм өөрчлөлт хийх нь зайлшгүй юм байна гэдгийг ойлгосон буюу тодорхой бэлтгэлтэй иргэдтэй болсон үед хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүлээлт эерэг болсон үед гэсэн үг. Жишээ нь, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс аль нэг үнийг чөлөөлнө гэдгээ зарлаад түүнийгээ бүх хүнд ойлгуулж, таниулах нь чухал. Хүлээлтэд бэлэн байгаа иргэдийн хувьд шокт орох нь бага. Өөрөөр хэлбэл, хувийн сектор, өрх гэрүүд өөрчлөлтөд бэлдээд бэлтгэлээ базаах хугацаа өгдөг. Нарны цахилгаан үүсгэвэртэй болох нь болоод бэлтгэлээ базаачихдаг. Улстөрчдийн хувьд ийм ойлгон таниулалт хийх нь хамгийн чухал ажлын нэг шүү дээ.

- Инфляцийн өсөлт буюу үнийн өсөлтөөс дундаж болон эмзэг давхаргынхныг хамгаалах тусдаа бодлого байх ёстой юу. Үүнийг хэрхэн зэрэгцээ хийж байх ёстой вэ. Юу гэхээр шатахууны жижиглэнгийн үнэ, эрчим хүчний үнийг чөлөөллөө гэхэд энэ нь эмзэг ядуу өрхүүд мөн дундаж давхаргын өрхүүдэд халтай гэдэг шүү дээ.

- Аливаа бодлого, хөтөлбөр, шийдвэр судалгаатай хийгдэж байж сайн үр дүнд хүрдэг. Тухайлбал, Монгол Улсад дундаж өрх гэж хэнийг хэлэх вэ, хэчнээн мянган дундаж өрхтэй вэ гэсэн тоо бидэнд байхгүй л байна. Осолдохгүй бид ядуу өрхийн тоогоо дэлхий нийтэд тогтсон аргачлалаар гаргаж байгаа. Ямар ч эдийн засгийн бодлого явуулсан эдгээр өрхийг хамгаалах бодлогоо хамт явуулах шаардлагатай.

Тухайлбал, 2012-2016 онд Монголбанкнаас явуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үрээр шатахуун, махны үнэ тогтвортой байж, үүний нөлөөгөөр хэчнээн дундаж өрхийг хямралаар бид ядуу гэдэг ангилал руу оруулалгүй хамгаалж авч үлдсэн бэ гэдгийг хэзээ нэг өдөр нэг судлаач хийх байх. Мөн 2013-2016 оны хямралын үед ядуу гэдэг ангилалд байгаа хэчнээн өрхийг нэн ядуу гэдэг ангилал руу орохоос сэргийлж чадсан бэ гэдгийг судлах шаардлагатай. Юу гэхээр, Монгол Улс гадаад эдийн засгаас болж буй энэ өсөлт, бууралтын үед явуулж байсан бодлогын үр дүнг судалж байж бид дараа дараагийн учирч болох эрсдэлийн үеэр авах бодлогоо тодорхойлж байх ёстой.

Аливаа улс үндэстэнд 15-24 насныхан буюу орь залуу үеийнхний ажилгүйдэл өндөр байх нь санаа зовоох асуудал юм

 

- Манай улсын иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэгт ажилгүйдэл жагссаар байдаг. 2012-2016 оны хямралын үеэр барилгын салбарт тодорхой бодлогууд хэрэгжүүлж 70-80 мянган ажлын байрыг хадгалж чадсан гэдэг. Тэгвэл эргээд энэ салбарын өсөлт зогсохоор тэндээс ажилгүйчүүд ихээр гарч байгаа судалгаа гарсан байсан. Одоогийн Засгийн газар ажилгүйдлийг буруулахын тулд яг юу хийх ёстой вэ?

- Ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг тогтсон аргуудтай. Хамгийн чухал ажил олгогч бол хувийн хэвшил. Тиймээс ч хүн ажилд авахаар тийм эдийн засгийн эерэг нөхцөл боломжийг бий болгож чадвал л тэртээ тэргүй хувийн хэвшил дэх ажлын байр өснө. Манай нөхцөлд хувийн хэвшил Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 68 орчим хувийг бий болгож байгаа.

Тэгвэл эдгээр бизнес эрхлэгчдэд ажлын байраа нэмэгдүүлэх нөхцөл үүсэхгүй байна.

Нөгөө талд, хүмүүс Монголд боловсролын чанар муу учраас ажилгүйдэл их байна гэдэг. Энэ бол зөвхөн нэг л тайлбар. Яг үнэндээ ажил хийх хүн бүгдээрээ зайлшгүй дээд боловсролтой ч байх албагүй. Дунд боловсролтой, магадгүй дөрвөн жилийн боловсролтой хүн ч ажилд орох боломжтой тийм нөхцөл бий болох ёстой. Жирийн үйлчилгээний ажил, нийтийн хоолны үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, эсвэл жолоочийн ажилд өндөр боловсрол хэрэггүй. 12 жилийн ерөнхий боловсрол ч зарим тохиолдолд хэрэггүй. Өөрөөр хэлбэл, систем байж чадвал бүх хүнд заавал өндөр боловсрол хэрэггүй. Гэтэл тийм ажилчид авдаг эх үүсвэр нь манайд байхгүй байгаа юм.

Ер нь аливаа улс үндэстэнд 15-24 насныхан буюу орь залуу үеийнхний ажилгүйдэл өндөр байх нь санаа зовоох асуудал юм​. Манайд энэ хувь өндөр байгаа. Яагаад гэхээр 15-24 насныхны ажилгүйдэл их байх нь эдийн засагчдын хэлээр урам нь хугарсан ажилгүйчүүдийн эгнээг бий болгож байдаг.  Хүн 24, 25 наснаасаа жинхэнэ тогтвортой, бүтэн цагийн ажилтан болж бэлтгэгдэхийн тулд 15-24 насандаа хийсэн ажил хамгийн чухал байдаг.

Монголд 25-40 насныхны ажил эрхлэлт их сайн үзүүлэлттэй. Эдгээр насныхан манай эдийн засгийг авч яваа. Тэгэхээр эдгээр насны ажиллагсдын үзүүлэлттэй 15-24 насныхны ажил эрхлэлтийн хувийг ойртуулах хэрэгтэй.

15-24 насны сургуульд ч сураагүй, ажил ч хийгээгүй хэсгийг би хэлж байгаа шүү. Сургуульд сурч байгааг нь хасч тооцоод үлдсэнээс нь ажилгүйдлийн түвшинг гаргадаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Юу гэх гээд байна вэ гэхээр, нэгэнт сургуульд суралгүйгээр ажил хийхээр шийдсэн 15-24 насны хүмүүсийн ажилгүйдэл өндөр байхаар үргэлжлүүлээд л насаараа ажилгүй байх хандлага давамгайлах эрсдэлтэй тул төр засаг үнэхээр бодлого гаргаад энэ насныхны ажил хөдөлмөрийг дэмжээсэй гэж боддог.

Мөн дундаж наслалт өндөрсөж байгаатай холбоотойгоор 55 наснаас дээш хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт анхаарах ёстой асуудал болж байна. Хүн 55-тайдаа магадгүй 60-тайдаа маш туршлагатай, мэдлэгтэй болчихсон үедээ ажилгүй болдог. Эдгээр үе нь тухайн нийгэм, эдийн засагт маш чухал үүрэгтэй байх ёстой. Тэд одоогоор төр засгийн гүйцэд үзүүлж чадахгүй байгаа хүүхэд харах үйлчилгээг үзүүлж байна. Сургуулийн өмнөх насны боловсрол зэрэг төрийн олгож чадахгүй байгаа зүйлийг нөхөж, орлож, олгож байна. Гэхдээ төр засгийн зөв бодлого байсан бол бид илүү их эдийн засгийн нөлөөтэйгөөр эдгээр насныхныг ашиглаж болох байсан байх гэж би боддог.

Манай нөхцөлд ажилгүйдлийг бууруулах хамгийн чухал алхам бол нэгдүгээрт, төр бизнес дэх оролцоогоо багасгах. Хувийн хэвшлийн хийх ёстой зүйлийг хувийн хэвшил нь л хийдэг болох.

Төр засгийн зүгээс бодлогоор томоохон бизнесүүдээ дэмжээд том бизнесүүд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ дэмжээд явдаг зарчим үйлчилдэг

Хоёрдугаарт, мэдээж хувийн хэвшлээ дэмжих. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр засаг хувийн хэвшлийг дэмжээгүй биш дэмжсэн. Өнгөрсөн хугацаан дахь төсвийн зардлын хэсгээс харвал, хувийн хэвшлийг дэмжсэн маш том тоо гарна. Маш олон тооны сан бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдыг дэмжих, атрын аян, сүү үйлдвэрлэгчдийг дэмжих гэх мэт маш олон сан, хөтөлбөр бий. Тэгвэл ингэж дэмжсэний хүчинд яг ямар үр дүнгүүд гарч, хэчнээн жижиг, дунд бизнес хөл дээрээ тогтож, татвар төлөгч болсон бэ гэдэг статистик миний хувьд олж харсангүй. Бодитой, ил тод байдлаар төрөөс дэмжлэг авч хэчнээн хэмжээний том бизнесүүд үүссэн бэ гэдгийг ч бид нээлттэй ярилцдаггүй.

Маш олон жижиг, дунд бизнесүүдэд мөнгө тарааж өгсөн нь өнөөдөр яг ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг бид судлах хэрэгтэй.

Зүүн Өмнөд Азийн хөгжсөн орнуудын туршлагаар төр засгийн зүгээс бодлогоор томоохон бизнесүүдээ дэмжээд том бизнесүүд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ дэмжээд явдаг зарчим үйлчилдэг. Том бизнесүүдийг дэмжинэ гэдэгт тодорхой салбарт тодорхой зорилт тавьж, санхүүгийн хөнгөлөлттэй зээл л үзүүлэхийг хэлдэг. Гэхдээ мэдээж тодорхой хугацааны дараа төр мөнгөө эргүүлж авдаг байх ёстой.

Одоогийн өндөрлөгөөс харахад, монголчууд маш олон жижиг бизнест татвар төлөгчдийн мөнгийг наагаад, Монгол Улсыг авч явах уу, үгүй юу гэдэг үр дүнг харсан болов уу. Үүний оронд салбар болгондоо алсын хараатай томоохон бизнес эрхлэгчдийгээ дэмжих замаар жижиг, дунд бизнесээ урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой арга юм.

Яагаад гэхээр Монгол Улс мэргэшсэн, туршлагатай хүний нөөц, боловсон хүчний хувьд маш дутмаг улс. Тэгэхээр нэгэнт бий болчихсон институт, системд оновчтой хөрөнгө оруулалт хийгээд ажлын байраа нэмэгдүүлэх, мөн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх боломжтой харагддаг. Би өнөөдөр нэгэнт том болчихсон MCS, АПУ, Таван Богд, Оюу Толгой зэрэг бизнесийг өмөөрөөд байгаа юм биш. Эдгээр томоохон компанийн хувьд мөнгө аваад цаг алдахгүй урагшлах боломж нь илүү. Цаг алдах нь бидний хөгжилд ямар их саад болдгийг бид харж байна шүү дээ.

Нөгөө талд, томоохон бизнес эрхлэгчдэд мөнгө байхгүй биш, байгаа. Гэхдээ тэд тийм ч зоригтой хөрөнгө оруулалт хийгээд бизнесээ өргөтгөх, эсвэл шинэ салбар руу орохгүй байна уу даа гэж ажиглаж байна. Яагаад гэхээр тэдэнд болгоомжлол байна. Хувийн хэвшлийнхний болгоомжлол нэмэгдээд л хөрөнгө оруулалт хийгдэхгүй л бол ажлын байр нэмэгдэхгүй. Нэмэлт орлого бий болохгүй. Эдийн засгийн идэвх сулардаг. Борлуулалт, худалдан авалт буурдаг. Энэ болгоомжлолын гол буруутан нь олон улсын зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзэл гэж би бодохгүй байна. Уул уурхайн компаниудад бол ийм болгоомжлол бий байх. Харин бусдад нь нөлөөлж байгаа зүйл бол эдийн засгийн бодлого тогтворгүй байгаатай холбоотой. 

Хэрэв бид хувийн хэвшлээ боомилох шийдвэр гаргаад л байвал хэн сар болгон настангуудад өгдөг тэтгэврийн мөнгийг өгөх вэ, хэн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний зардлыг төлөх вэ, багш, эмч, сувилагчийн цалинг хэн өгөх вэ. Улстөрчид маань шийдвэр гаргахдаа үүнийг бодолцож байх ёстой. 

- Томоохон бизнесүүдийг байнга дэмжих нь олон сөрөг талтайг ч та бас судалж, ажигладаг байх.
- Тэгэлгүй яахав. Тиймээс ч монополийн эсрэг хууль хүртэл бий. Монголд ч бас бий. Томоохон бизнес эрхлэгчдээ дэмжихийн хэрээр тэдний зохицуулалт хуулиа зэрэг сайжруулж, хэрэгжилтийг нь чангатгах нь чухал.

Ер нь ямар ч эдийн засгийн бодлого эерэг, сөрөг талтай. Гэхдээ аль тал нь давамгайлж байна вэ гэдгээ л судлах хэрэгтэй. Анх Монголд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжэцгээе гэхэд монголчууд бүгдээрээ л алга ташаад дэмжсэн байх. Талхчны цех, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ дэмжицгээе гээд бүгд л дэмжсэн. Тэгвэл энэ бодлого нь өөрөө нэгдүгээрт, яг нүдээ олж хэрэгжиж чадсан уу гэдгээ яаж судлав. Үр дүн нь хэр байв. Эдийн засгийн өсөлтөд ямар нөлөө үзүүлэв гэдэг тодорхой судалгаа гарсангүй.

- Ажилгүйдлийн эсрэг Монголд маш олон ажлын байр зарлагддаг. Зарим нь мэргэжил шаардахгүйгээр сургаад авъя гэсэн ч ажиллах хүн ирдэггүй гэдэг. Тэгсэн мөртлөө Солонгос руу явж ажил хийх болохоороо дарааллаж зогсож байгаад явчихдаг. Энэ нь Монгол дахь хөдөлмөрийн үнэлгээ үнэхээр багаас болж байна уу эсвэл зүгээр л залхуугийнх уу?
- Хүн ерөнхийдөө л рациональ шийдвэр гаргадаг талаар би дээр ярьсан. Юу гэхээр хүн алдагдсан боломжийн өртөг нь авч байгаа цалингаасаа ялгаагүй болчихвол ажил хийхээ болиод эхэлдэг. Хүн ажил хийгээд хийгээд 500 мянган төгрөгийн цалин авч байхад хийхгүй байгаа үетэйгээ адил хэмжээний хоолоо идээд, яг ижил байрандаа амьдраад, өмсдөг хувцсаа өмсөөд яваад байх боломжтой юм байна гэдгээ тооцож чаддаг. Үүнд манай дорнын соёл буюу хүүхдээ насан туршид нь авч явдаг сэтгэхүй нөлөөлдөг л байх. Хүүхдээ хэд ч насалсан хамаагүй гэртээ байлгадаг, хайрладаг, энэрэнгүй, хамаг зүйлээ үр хүүхдийнхээ төлөө зориулдаг хүмүүс учраас тухайн хүүхэд нь насанд хүрсэн ч байр, хашааны түрээс гэж толгой өвдөхгүйгээр аав, ээжийндээ амьдраад л байдаг.

Тэгэхээр авч байгаа цалин нь ажил хийхгүй байх үеийнхээс амьдралыг нь өргөж чадахгүй тохиолдолд хүн ажил хийхгүй байх сонголтыг хийгээд байх магадлалтай. Дээрээс нь Монгол шиг сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцрээгүй нийгэмд ажилд орлоо гэхэд хүүхдийг нь авчих бэлэн, хүрэлцээтэй цэцэрлэг байхгүй байх жишээтэй. Тэгэхээр ажил хийхгүй байх ч олон шалтгаан байгааг бид мөн судлах хэрэгтэй юм шүү. Хүн бол алдагдсан боломжийн өртгийг байнга л тооцож байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Гэхдээ рациональ бус хүн ч бий. Өөрөөр хэлбэл залхуу хүмүүс ч олон.

- Нөгөө талд хувийн хэвшил хүмүүсийн хүсээд байгаа шиг өндөр цалинг хүн болгонд өгөх боломж хязгаартай. Өөрөөр хэлбэл, эрэлт, нийлүүлэлт уулзалдахгүй байгаа энэ үед яах ёстой вэ?
- Тийм ээ. Тэгэхээр л хувийн хэвшил нь ч тэр тооцоо, судалгаагаа хийж, хүний нөөцөө тооцоолж шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, бага цалинтай олон хүн ажиллуулах уу, өндөр цалинтай цөөн хүнийг өндөр бүтээмжтэй ажиллуулах уу гэдгээ л тооцох хэрэгтэй болж байгаа юм.