Индэр    
2018 оны 8 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Тэрбумаас хол давсан хохирол буюу борооноос үлдсэн сургамж

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголд ямар бороо орж шалих биш, далай тэнгисгүй бид усны аюулаас хэзээд хол оршино хэмээн найдаж, тэр сэтгэлгээнийхээ хэрээр эрсдэлийг үл тооцон бүтээн байгуулалтаа хийж ирсэн манай улсад энэ зуны бороо маш том сургамж үлдээлээ. Гамшгийн хэмжээнд хүртэл орсон өнгөрсөн зуны борооны улмаас үүссэн хохирол эхнээсээ тэрбум, тэрбумаар хэмжигдэж байна. 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийсэн судалгаанд дурдсанаар энэ сарын 16-ны өдрийн байдлаар манай улсын 19 аймгийн 46 байрлалд 195 км урт авто зам, замын байгууламжид НОЦТОЙ ЭВДРЭЛ үүсчээ. Өнгөрсөн долоодугаар сарын 5-наас эхлэн нийт нугаар үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас бараг бүх аймгийн зам эвдэрснийг дээрх тоо харуулж байна. Олон улсын болон улсын чанартай тэдгээр замын эвдрэл гэмтлийг засварлахад 3.3 тэрбум төгрөг шаардлагатай ч Засгийн газар хоёр удаагийн шийдвэрээр 1.8 тэрбумыг нь л олгожээ. Хамгийн их мөнгөн дүнтэй засвар шаардлагатай зарим аймгийн замаас дурдвал: ​

  • Архангай аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл, Хархорин-Цэцэрлэг, Лүн-Дашинчилэн гэсэн гурван чиглэлийн 6 км урт авто замын хөвөө угаагдаж, ус зайлуулах хоолой нь эвдэрч, зорчих хэсэгт шороо, чулуу овоорсон байна. Эдгээр зам нь 11-15 жилийн насжилттай. Шаардагдах мөнгө - 315.2 сая төгрөг
  • Завхан аймгийн мөн гурван чиглэлийн 11 км урт замын далангийн хажуу налуу, зорчих хэсгийн хөвөө угаагдаж, модон гүүрний хажуугийн далан сэтэрч эвдэрсэн. Ашиглалтад ороод тавхан жил болсон энэ замыг засахад 174.5 сая төгрөг шаардлагатай аж. 
  • Төв аймгийн замын сүлжээнд багтдаг УБ-Дархан, Зуунмод-Налайх, Налайх-Тэрэлж, УБ-Өндөрхаан, УБ-Авайхээр гэсэн таван чиглэлийн авто замд гарсан эвдрэлийг засахад 445.9 сая төгрөг шаардлагатай гэнэ. Үүнээс Налайх-Тэрэлжийн зам хамгийн “залуу” буюу таван жилийн насжилттай. 
  • Өвөрхангай аймгийн Хархорин-Цэцэрлэг, Хархорин-Өгийнуур чиглэлийн зам 5-10 жил болсон. Эдгээр замд гарсан эвдрэлийг засахад 312 сая төгрөг зарцуулах юм байна. 
  • Сүхбаатар аймгийн Баруун Урт-Чингис чиглэлийн дөрвөн жилийн өмнө барьсан замд 254 сая төгрөгийн өртөг бүхий хохирол учирчээ.

Өдгөө 30 жилийн нүүр үзэж байгаа УБ-Дархан чиглэлийн авто зам л гэхэд үерийн улмаас явахын эцэсгүй болж, олон арван хүний амийг авсан бөгөөд урьдчилсан байдлаар 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг ЗТХЯ-ны сайд асан Ж.Бат-Эрдэнэ цухуйлгасан.

 
Гэрэл зургийг MPA.mn

Бороо зөвхөн авто замаар зогсохгүй хамгийн аюулгүйд тооцож ирсэн төмөр замыг ч  шалгаад авсан. Энэ сарын 12-нд Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөнд болсон галт тэрэгний осол урьдчилсан байдлаар 200 сая төгрөгийн хохирол учруулсныг УБТЗ-ын удирдлагууд мэдэгдээд байгаа. 
Говьд л гэхэд өнгөрсөн зун 19 удаа үер буужээ.

Үүний улмаас Монгол Улсын экспортын гол урсгал болох Тавантолгой-Гашуунсухайт чилэлийн авто замаар нүүрс  тээвэрлэх боломжгүй болж, тодорхойгүй хугацаагаар хаасан. Стратегийн ач холбогдолтой уг замыг засаж, хэвийн байдалд оруулахад зориулан “Эрдэнэс Монгол” компани 5.1 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр хүртэл гаргасан.

Замын ажлыг чаддаг хүмүүсээр нь хийлгэе

 

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр бороо дахин орох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, энэ жилийн орсон бороо эхлэл төдий байхыг үгүйсгэх аргагүй юм. Цаашид, жил ирэх тусам үүнээс ч их бороо хур орвол манай улсын бүх зам урсаж мэдэхээр байгааг энэ зун хангалттай харууллаа. Бороо 30 мм-ээс дээш орвол байгалийн аюултай үзэгдэл хэмээн тооцдог бол энэ жилийн тухайд 90, зарим үед 100 мм давж оржээ. Нэг мм хур тунадас гэдэг нь 100 ам метр талбайд 10 тонн ус хуримтласныг томъёолсон нэр. 

Бусад улстай харьцуулахад Монголд тавьсан нэг км зам тутамд зарцуулахаар тогтоосон мөнгө хоёр дахин бага

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор аюулт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд ойртож, тоо нь нэмэгдсээр байгаагаас гадна урьдчилсан таамаг зөрөх нь цөөнгүй болсон. Тухайлбал, 2016 оны долоодугаар сард аадар бороо, үер орсон тохиолдол 11, өнгөрсөн оны мөн сард хоёр удаа л байгаа бол энэ жил 47 удаа оржээ.

Ингээд бодоод үзэхээр манай улсын авто замын стандартад шинэчлэл хийхгүй бол улам илүү хохирол учирна гэдгийг урьдчилан тооцоолохоос аргагүй болж байна. Эсвэл бүр хийж чаддагаар нь гаднынхнаар бариулах нь урт хугацаандаа эдийн засагт хэмнэлттэй бөгөөд үр ашигтай харагдаж байна. Нарны замыг л аваад үзье. Энэ замыг япончууд Улаанбаатар хотод барьж өгөөд бараг 20 жилийн нүүр үзэх гэж буй. Гэтэл өнгөрсөн хугацаанд үерийн усанд автаад өм цөм хагарсныг нь бид харсангүй. Увс, Ховд аймгийг холбосон авто замыг нутаг орноороо явсан хүмүүс нь шагшиж байсан. Хэдхэн жилийн өмнө бондын хөрөнгөөр барьсан замууд эхнээсээ хагарч, цөмөрч байхад хятадуудын тавьсан орон нутгийн тэр зам засвар хийх шаардлагагүй, дардан сайхан байгааг зарим иргэн твиттер хуудастаа жиргэснийг анзаарсан байх. 

Үнэндээ орон нутагт манайхны өөрсдөө тавьсан зам талхан дээр масло долоолгосон мэт нимгэн бөгөөд өндөрлөгөө, далан, шуудуу хангалттай өндөр, бат бөх биш байгаа учраас л бороо, шар усны үерт “живж” байгаа хэрэг. Адаглаад ус зайлуулах шугам хоолойг урьтаж барих ёстой байхад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг өнгөрсөн зуны борооны дараа дахин сэтэлж, хоолой гаргаж байх жишээтэй. 

НЭН ЧУХАЛ дэд бүтцэд НАЙДВАРТАЙ хөрөнгө оруулах сануулга

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол орон олон улс болон улсын чанартай 15,231 км замтайгаас 6,200 км нь хатуу хучилттай. Сүүлийн жилүүдэд замын ажил урьд өмнө байгаагүйгээр эрчимжсэн нь “Чингис” бондтой холбоотой байв. Энэхүү мөнгөнөөс 570 тэрбум төгрөгийг замын бүтээн байгуулалтад зарцуулсан гэсэн тоо байдаг. Тухайлбал, манай улс 1992-2012 онд 2,100 км авто замыг улсын хэмжээнд барьсан бол 2012-2016 онд 3,300, 2017 онд 377 километр авто замыг ашиглалтад оруулсан байдаг. 

Гэвч стандарт муу, эрсдэлийг тооцоолоогүй, эцэст нь хариуцлага хүлээх тогтолцоо нь тодорхой биш учраас хэчнээн шинэ зам тавиад нэмэргүй, жилийн жилд нөхөөс, засвар арчлалтад 40 орчим сая ам.доллар зарцуулж буй нь байх ёстой үзэгдэл мэт хэвшжээ. Түүнээс гадна бусад улс оронтой харьцуулахад манай тавьсан нэг км зам тутамд зарцуулахаар тогтоосон мөнгө хоёр дахин бага байгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанд тусгасан байдаг. Энэ нь мөнгөндөө таарсан чанаргүй зам тавих нэг шалтгаан байдаг байж болох юм. Тэгвэл 10 км муу зам барих мөнгөөрөө олон улсын стандартад нийцсэн 5 км чанартай зам тавьж яагаад болохгүй гэж. 

БНХАУ-ын албаны төлөөлөгч Монголд ирээд Төв аймгийн замаар хөдөө явахдаа ...-Энэ замыг тавьсан хүн одоо юу хийдэг вэ? гэж асуухад нь тухайн үед хамт явсан хүмүүс

-Төрд том алба хашдаг хэмээн хариулахад урд хөршийн төлөөлөгч толгой сэгсрээд

-Манай улсад ийм зам тавьсан хүн аль хэдийнэ шоронд орсон байгаа... гэсэн гэдэг. 

Хариуцлагын тогтолцоо байхгүй байгаагаас л чанаргүй, стандартгүй зам барьсан хүмүүс хөлжөөд явдаг нь үнэндээ нууц биш болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ “2017 онд Авто замын тухай хуулийг шинэчлэн баталсны хүрээнд холбогдох 15 журам гарч байгаа. Энэ оны гуравдугаар сард манайх удирдах ажилтны зөвлөлгөөнөө хийж, хариуцлага тооцох механизмыг журмуудад тусгасан байгаа. Тухайлбал, захиалагч байгууллага чанаргүй зам хүлээж авсан байвал Төрийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тухайн замын зураг төсөл болон дүгнэлт гаргасан этгээд буруутай нь  тогтоогдвол хохирлыг бүрэн барагдуулнах жишээтэй. Тийм учраас үүнээс хойш шинээр тавих замууд ямар ч байсан хариуцлагатай болж байгаа” хэмээн ярилаа.

Энэ оны зургаа болон долоодугаар сард болсон аюулт үзэгдлийн уршгаар аль хэдийнэ 31.1 тэрбум төгрөгийн хохирол учирчихаад байна

Уг нь авто тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн чухал салбар. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Монгол Улсын тээврийн салбар 2017 он” судалгаанд дурдсанаар ДНБ-ий 78.7 хувийг хувийн хэвшлийн ААН-үүд бүрдүүлсний 57.9 хувийг тээврийн салбар эзэлжээ. Тус салбар 2017 онд нийт 1.422 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 54 сая тонн ачааг тээвэрлэсэн байна. Энэ оны эхний зургаан сард л гэхэд авто зам болон төмөр замын салбарын орлого 683.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Хэрэв тээврийн салбар доголдвол эдийн засагт их хэмжээний алдагдал үүсэх нь эндээс харагдах биз ээ. Тиймээс нэгэнт хос төмөр зам, авто замын хос сүлжээтэй болох боломжгүй байгаа нөхцөлд одоо эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзлэх энэ салбарын стандартаа олон улсад нийцүүлэхгүй л бол харамч хүн хоёр дахин төлдгийн үлгэр болох нь. Энэ оны зургаа болон долоодугаар сард болсон аюулт үзэгдлийн уршгаар аль хэдийнэ 31.1 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Үндэсний статистикийн хороо гаргачихаад байна. Үер уснаас үүдэлтэй нийт хохирлын хэмжээг тухайлан эцэслэж гаргаагүй байгаа гэдгийг сануулъя.

Дэлхийн банк ч яг ийм сануулгыг энэ жил өгсөн. Тус банкнаас Монгол Улсын тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого ба улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр тухайлан судалгаа явуулснаа Улсын баяр наадмын өмнө танилцуулсан билээ. Уг тайланд дүгнэхдээ манай улсын Засгийн газрын ДНБ-нд эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ эдийн засгийн хөгжлөөр ойролцоо орнуудтай харьцуулахад хамгийн өндөр хэрнээ үр ашиг нь хамгийн сул байгааг онцолсон бөгөөд эдийн засгийн цаашдын өсөлтөд улс төр, бүс нутгийн тогтворгүй байдлаас гадна цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэл нөлөөлж болзошгүй байгааг анхааруулсныг сануулмаар байна. Тиймээс “Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар НЭН ЧУХАЛ дэд бүтцэд НАЙДВАРТАЙ хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн юм.