Индэр    
2018 оны 8 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Арнауд Суарат: ЗГ 4 жилд багтаа гэвэл Оюутолгойд цахилгаан станц барих хувилбар байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Рио Тинто" группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцлаа. Тэрбээр нэн тэргүүнд Цахилгаан станц барих байршлыг хамтран тогтож, хугацаа өгч ажиллах нь чухал байгааг тэмдэглээд Дубайн гэрээ монголчуудын хувьд үр ашигтай гэрээ болсныг онцолсон юм. 

Уурхайд ашиглаж буй ус ундны цэвэр усанд огт нөлөөгүй гэдгийг шинжлэх ухааны олон аргачлалаар баталж болно

-Цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхлүүлье. Өнөөдөр “Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-өөс Говийн гүний усыг уул уурхайд ашиглаж байгааг зогсоож, зөрүүтэй байгаа тоон мэдээллийг нэгтгэх шаардлага тавьсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-“Рио Тинто”-гийн хувьд дэлхийн хаана ч үйл ажиллагаа явуулсан байгаль орчин, тэр дундаа усны асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулдаг. Ялангуяа, Өмнөговийн онцгой нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа учраас илүүтэй анхаардаг. 

“Рио Тинто” 145 жилийн түүхийг бүтээхдээ усыг ариг гамтай ашиглах чиглэлээр арвин туршлага хуримтлуулж, олон ноу-хау, шинэ технологийг эзэмшиж ирсэн. “Оюутолгой”-н хувьд ч баяжуулах үйлдвэрийн технологийн бүтэц, загварыг гаргахдаа л усны байж болох хамгийн үр ашигтай зарцуулалтыг тооцож, төлөвлөсөн. 

Хэрэв та судлаад үзвэл “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн нэг тонн хүдэр боловсруулахад ашигладаг усны хэмжээ дэлхий дээрх ижил төстэй уурхай болон үйлдвэрүүдтэй харьцуулахад даруй гурав дахин бага байгаа. Мөн ашигласан усныхаа 86 хувийг бид дахин ашигладаг бол энэ үзүүлэлт салбарын хэмжээнд 52 хувьтай байдаг. 

Одоогийн “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглаж байгаа ус нь бидний эрэл хайгуулын дүнд Говийн бүсээс олж илрүүлсэн нөөц. Энэ ус маш их хэмжээний эрдэсжилттэй учраас хүн, малын унданд ашиглах боломжгүй юм. 

-Гүний цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хориглодог байхад манайд л ашиглаад байна гэсэн шүүмжлэлийг иргэний нийгмийнхэн хэлж байсан. Тийм ч учраас Улаанбаатар хотоос хоолой татаж, Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй саарал усыг ашиглах технологи нэвтрүүлэх шаардлагыг тавьсан байсан. Ийм боломж бий юү?

-Хэрэв бэлэн боловсруулсан тийм усыг үйлдвэр рүү нийлүүлэх бололцоотой бол бид үйлдвэрлэлдээ тохирох, эсэхийг судалж үзэх шаардлагатай. Ямар нэгэн судалгаа хийгдээгүй учраас одоо байгаа мэдээллийн түвшинд шууд болно, болохгүй гэж хэлэхэд эртдэнэ.

-Тэгвэл уурхайд ашиглаж буй гүний эрдэст ус Говийн зарим сумдын ундны ус хомстоход дам байдлаар нөлөөлөх боломжтой юу? Нутгийн иргэд ингэж харддаг юм билээ.

-Оюутолгойн орд газрыг нээж олж, тэнд хүдрийн биет ямархуу байрлалтай болон яаж ашиглах талаар судалсан шигээ бид усны талаар ч хангалттай эрэл хайгуул хийж, нарийвчлан судалсан. Тийм ч учраас бид хангалттай хэмжээний мэдээлэлтэй, түүнийгээ баталгаажуулах мониторингийн үйл ажиллагааг байнга явуулдаг. 

Манай ашиглаж байгаа ус гүний, маш их эрдэстэй, эртний ус юм. Энэ нь малчид, ард иргэдийн хэрэглэж байгаа ундны цэвэр усанд огт нөлөөгүй, ямар ч холбоогүй гэдгийг бид шинжлэх ухааны олон аргачлалаар баталж болно. Усны хэрэглээ, ашиглалтад олон  байгууллага хяналт тавьж, аудит хийдэг бөгөөд манай хариуцлагатай байдалд бүрэн дүүрэн итгэлтэй байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.  

-“Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийж, танилцуулсан. Ингэхдээ Монголд эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Гэтэл манайд нэмүү өртөг шингээж, аль болох боловсруулах үйлдвэр байгуулж, эдийн засгаа төрөлжүүлэх нь ашигтай гэж ойлгож байгаа. Яагаад ашиггүй гэж үзсэн тухайгаа ярихгүй юу?

-“Рио Тинто” АНУ-д зэс хайлуулах үйлдвэр ажиллуулдаг учраас технологи, ноу-хау бидэнд бий. Тиймээс бид судалгаа хийж, Засгийн газарт хоёр жилийн өмнө танилцуулсан. Өмнөговь аймагт зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн үр ашигтай, тогтвортой, удаан хугацаанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь байршилтай нь холбоотой. 

Хэрэв Монгол Улсын Засгийн газар улс орны хувьд зэс хайлуулах үйлдвэр хэрэгтэй гэж үзээд, барихаар шийдвэл “Рио Тинто” групп тухайн үйлдвэрт ашиглагдах технологийг санал болгохоос гадна “Оюутолгой”-гоос гарч байгаа зэсийн баяжмалыг зах зээлийн үнээр нийлүүлэхэд бэлэн байгаа. Гэхээ судалгааны үр дүнгээс харагдсан гол зүйл нь зэс хайлуулах үйлдвэрийг Засгийн газар барих сонголт хийлээ гэхэд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгө, зардлыг дандаа татаас хэлбэрээр өгөх байдлаар л үйлдвэрээ авч явах шаардлагатай болохоор байсан. 

Монгол Улсад эдийн засаг төрөлжих үйл явц өрнөж байгаа гэж харж байна

Эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулахын тухайд бол “Оюутолгой” хэдийнэ хувь нэмрээ оруулаад явж байгаа. Бид өнөөдөр 1,100 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний нэлээд хувь нь “Оюутолгой” төсөл эхлэхээс өмнө огт байгаагүй компани, энтерпренерүүд юм. Манай төсөл эхэлж, бүтээн байгуулалт явагдсантай холбоотой олон шинэ бизнес төрж, уул уурхай дагасан олон ханган нийлүүлэлтийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд бий болсон. Үүнийг дагаад Монгол Улсад эдийн засаг төрөлжих үйл явц өрнөж байгаа гэж харж байна. 

Уул уурхайн хөгжлөө дагаад зөвхөн “Оюутолгой” гэлтгүй уул уурхайн бусад компанийг дагасан ханган нийлүүлэлтийн сүлжээ ч цаашдаа улам бүр нэмэгдэж, улсын хэмжээнд эдийн засгийг тэтгэж, дэмждэг, ЖДҮ-ээс бүрдсэн маш том сүлжээ бүрдэх бололцоотой. 

Татвар болон рояалти чухал сэдэв ч Монгол Улсын эдийн засагт оруулж буй “Оюутолгой”-н өгөөжийн багахан хэсэг юм

 
Гэрэл зургийг MPA.mn

-УИХ-ын даргын 57 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр мэдээлэл хийхдээ 150 сая ам.доллар байтугай асуудал байна хэмээн мэдээлсэн. Тэгэхээр “Рио Тинто” Засгийн газартай татварын асуудлаар одоо болтол нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй гэж ойлгож болох уу?

-УИХ-ын даргын томилсон Ажлын хэсгийг бид маш эергээр харж байгаа. Учир нь таван дэд хэсгээс бүрдсэн тус Ажлын хэсэг “Оюутолгой” дээр хамтран ажиллаж, асуулт тавьж,  шаардлагатай бүх мэдээлэлтэйгээ танилцсан. Тиймээс иргэд, олон нийтэд тоо, судалгаанд тулгуурласан бүрэн дүүрэн мэдээлэл өгч, төслийн үр ашгийг сайжуулахад чухал ач холбогдол өгнө гэж харж байгаа. Миний бодлоор Ажлын хэсэг өмнө нь олон зүйлийн талаар ташаа ойлголтыг залруулах боломжтой.

“Рио Тинто” татвар төлөлтөд маш хариуцлагатай ханддаг. “Рио Тинто” томоохон корпорациуд дундаас анхлан санаачилж, татвар төлөлтийн тайлан мэдээгээ олон нийтэд нээлттэй болгосон, манлайлагч компаниудын нэг. Жил болгон манайх татвар төлөлтийн тайлан гаргаж, аль улсад ямар хэмжээний татвар төлж байгаагаа нээлттэй мэдээлдэг. 

Төсөл эхэлснээс хойш 1.9 тэрбум ам.долларын татвар, хураамжийг төлсөн. Энэ бол маш их мөнгө

“Оюутолгой” компанийн хувьд жилдээ 200-300 сая ам.долларын татвар төлж байна. 2010 онд төслийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш нийт 1.9 тэрбум ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны хураамжийг Монгол Улсад төлжээ. Энэ бол маш их мөнгө. Тиймдээ ч бид Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ. 

Энэ мөнгө улсын төсөвт хуримтлагдаж, төрийн албан хаагч, багш, эмч, сувилагч нарт цалин болж очиж байгаа. Давтаад хэлэхэд бид хэдийнэ Монголын хамгийн том татвар төлөгчийн нэг болсон байна. 

Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар хэмжээний татвар хураамж төлөх талаар маш нарийн заасан байгаа. Үүний үр дүнд бид 8 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийгээд ажиллаж байна. Энэ үйл ажиллагаагаа цаашид тогтвортой явуулахад татварын тогтвортой орчин маш чухал байгаа. 

Өнгөрсөн хугацаа болон ирээдүйд хийж, хэрэгжүүлэх бүх хөрөнгө оруулалтын үндэс суурь нь Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ. Нөгөө талаар бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа төлж ирсэн гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Тэгвэл одоо яригдаж байгаа 150 сая ам.долларын татварын тухайд ямар тайлбар өгөх бол?

-Сүүлд явагдсан татварын шалгалтаар 155 сая ам.долларын татварын торгуулийн акт шинээр тавигдсан. Энэхүү шалгалтын материалуудтай бид танилцаад 5 сая орчим ам.долларын актыг хүлээн зөвшөөрч, хэдийнэ төлж барагдуулсан. Харин үлдсэн 150 сая ам.доллар нь анхлан байгуулсан суурь гэрээнүүдтэй зөрчилдөж байгаа тул санал нийлэхгүй байгаа. 

Нэмж хэлэхэд гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилснээр өнөөдрийнхөөс гурав дахин их хэмжээний зэс үйлдвэрлэх боломжтой. Тэр хэрээр цаашид төлөх татвар маань ч нэмэгдэнэ. Тиймээс гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн явуулах тал дээр маш сайн дэмжих нь ирээдүйн татварын орлогыг нэмэгдүүлэхэд хамгийн их ач холбогдолтой байх юм. 

Хэдийгээр татвар болон рояалти татвар чухал сэдэв ч энэ нь Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа “Оюутолгой”-н нийт үр өгөөжийн багахан хэсэг юм гэдгийг хэлмээр байна. 2010 оноос хойш “Оюутолгой”-н гэрээт ажилтнууддаа төлж байгаа цалин мөнгө, дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулсан нийт мөнгө 7.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй.  Энэ бүх мөнгө Монгол Улсын эдийн засагт шингэж, хөгжлийн дараагийн шатанд гарах хөдөлгүүр болсон нь дамжиггүй. 

Хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум орчим ам.доллараар тэлж буй нь Дубайн гэрээний үр ашигтай болсныг илтгэх болов уу

 
Гэрэл зургийг MPA.mn

-Дубайн гэрээ байгуулахад байлцсан хүмүүсийг АТГ шалгаж байгаа нь энэ гэрээний талаар улам их хардлага төрүүлэх болсон. Энэ гэрээ үнэхээр монголчуудад хохиролтой гэрээ болсон юм уу?

-”Рио Тинто”-гийн хувьд дэлхийн аль ч улсад баримталдаг үндсэн зарчим бол хуулийг дээдлэн хэрэгжүүлэх. Бидний хувьд аливаа гэрээг тухайн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хэлэлцэн байгуулдаг. Тиймээс байгуулсан гэрээгээ аль аль талаасаа хүндэтгэж, хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажиллахыг аль аль тал нь эрмэлздэг байх нь бидний хувьд маш чухал.

“Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” хэмээх эл гэрээ нь яг дээр дурдсан зарчмаар хийгдсэн. Энэхүү гэрээгээр Монгол Улс маш их хэмжээний үр ашиг хүртэх юм. Одоо ч үр дүн нь гарч буй. Хамгийн гол нь Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь оршиж байгаа гүний уурхай бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Ингэснээр Монгол Улс дахь хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум орчим ам.доллараар тэлж буй нь Дубайн гэрээ ямар үр ашигтай болсныг илтгэх болов уу. 

Гагцхүү бидний хүсч буй зүйл бол тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц, урт хугацааны төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж болох бизнес, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл. Энэ бол зөвхөн “Рио Тинто” биш, олон улсын төдийгүй дотоодын ямар ч хөрөнгө оруулагчийн хүсдэг зарчим. 

Дэлхий, гадаадын хөрөнгө оруулагчид, олон нийт Монголыг анхааралтай ажиглаж байгаа. “Оюутолгой” амжилттай явбал Монгол Улсад амжилттай ажиллах боломжтой гэсэн шууд утгыг илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл, цаашдаа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг улам бүр татаж, нэмэгдүүлэх, тэр хэрээрээ үйлдвэрлэл, шинэ төслүүдийг хэрэгжүүлж, ажлын байр олноор бий болгох хамгийн гол түлхүүр нь “Оюутолгой” амжилттай хэрэгжих.  

-Дубайн гэрээгээр “Оюутолгой”-н Цахилгаан станц байгуулах үүргийг хассан гэсэн ойлголт яваад байсан. Мөн Хятадаас эрчим хүч авахгүй бол Оюутолгойн зэсийг авахгүй гэсэн хаалт тавьсан тухай албан бус мэдээ байсан. Иймэрхүү зүйлүүд үнэхээр байсан уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” Монгол Улсын дотоодоос цахилгаан эрчим хүчээ авах үүрэг хүлээсэн. “Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээнд цахилгаан станцтай холбоотой ямар ч зүйл байхгүй. 

Эрчим хүч бол маш чухал. Цахилгаан, эрчим хүч байхгүй бол уурхай байхгүй. Ялангуяа, гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор цахилгаан эрчим хүч бүр ч чухал хэрэгцээний нэг болно. 

“Рио Тинто” болон “Оюутолгой” гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, дотоодоос цахилгаан эрчим хүч авах амлалтаа хэрэгжүүлнэ. Бид Монгол Улсад ЦС барьж, дотоодоос эрчим хүчээ авах болно. Энэ нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээний хүрээнд Монгол Улсын хүртэх өгөөжийг хэрхэн нэмэгдүүлж буй нэг сайн жишээ болох юм. 

“Оюутолгой” жилд 120-140-сая ам.долларыг Өвөрмонголын цахилгаан эрчим хүчний сүлжээнд төлж байгаа. Дотооддоо станцаа барьчихвал ийм хэмжээний мөнгө Монголд үлдэх боломж бүрдэнэ.

-Цахилгаан станцын байршлын талаар шийдэлд хүрсэн болов уу? 

-Бид Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлийн байдлаар Оюутолгой, Таватолгой гэсэн хоёр хувилбарыг ярьж байгаа. 

Хэрэв Засгийн газар дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэдэг шаардлагаа тавибал Оюутолгойд барих хувилбар л байна. Харин Тавантолгойг цогцоор нь хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд, Тавантолгойд цахилгаан станц барья гэдэг шийдэл гаргавал бидний хувьд дөрвөн жилээс арай илүү цаг хугацаа шаардлагатай болно. Энэ талаар Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. 

-Оюутолгойд ЦС барих юм бол дахиад усны асуудал босож ирэх үү? Цахилгаан бол өөрөө  усны маш том хэрэглэгч шүү дээ.

-Дөрвөн жилийн тоолуур маань аль хавраас гүйгээд эхэлчихсэн. Дөрвөн жил хүрэхгүй энэ хугаанд Оюутолгойд ЦС барьж чадна хэмээн итгэлтэй хэлж буйн учир нь бид уурхай орчмынхоо газар дээр хангалттай хэмжээний судалгаа хийчихсэнд байгаа юм. Үүн дотор  мэдээж усны асуудал хамгийн чухалд тавигдсан. Өнөөдөр “Оюутолгой”-д олгогдсон байгаа ус ашиглах зөвшөөрлийнхөө хүрээнд, нөөцийг нэмэхгүйгээр ил уурхай, гүний уурхай, мөн ЦС-ыг усаар хангах бүрэн боломжтой. 

Харин Тавантолгойд ЦС барих хувилбар их цаг шаардана гэж байгаа нь нэлээд их судалгаа, ялангуяа усны талаар суурь судалгааг нарийн тооцоолох ёстой учраас тэр. Усны судалгааг хангалттай сайн хийснээр орон нутгийн иргэд, малчдын ундны ус, бэлчээрт нөлөөлөхгүйгээр ус ашиглах боломжтой болно. Энэ л цаг хугацаа шаардана гээд буйн гол шалтгаан.

Гүний уурхайн бүтээн байгуулалт жигдрэхээр “Оюутолгой” дангаараа Монгол Улсын ДНБ-ий 30 хүртэл хувийг эзлэхээр байгаа

 
Гэрэл зургийг MPA.mn

-"Оюутолгой"-н гол бүтээгдэхүүн бол зэс. Зэсний үнийн дунд болон урт хугацааны төлөвийг та сайн гэж харж байна уу?

-Зэсийн зах зээлийн суурь нөхцөлүүдийг маш сайн гэж тооцож болохоор байгаа. Эрэлт талаасаа дэлхийн хэмжээнд маш том өөрчлөлтүүд өрнөж буй. Ялангуяа, аж үйлдвэржих үйл явц хурдтай үргэлжилж байна. Мөн хүмүүс улам л хот суурин газар амьдрах эрмэлзэлтэй болж байгаатай холбоотой хотжих үйл явц мөн өрнөж байна. Түүний зэрэгцээ эрчим хүчний цэвэр эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх үзэгдэл, цахилгаан авто машины үйлдвэрлэлийн тэлэлт нэмэгдсээр. Энэ бүхнийг базаад дүгнэхээр зэсийн эрэлт жилдээ 2-3 хувь өсөх тооцоо байна. 

Өөр нэгэн ажиглагдаж буй сонирхолтой өнцөг нь нийлүүлэлт. Зах зээл дээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа зэсийн гол үйлдвэрлэгчдийн уурхай дахь нөөцийн агууламж аажмаар буурж байгаа. Манай өрсөлдөгч компаниуд ийнхүү буурч буй нөөцөө нөхөх хэмжээний шинэ орд хайж олох зэргээр хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадаагүй гэсэн дүр зураг харагдаж буй. 

Тэр тусмаа шинээр томоохон хэмжээний зэсийн орд олох нь хүндрэлтэй даалгавар болж хувирсан. Оллоо ч гэсэн дийлэнх нь гүний уурхайгаар ашиглах бололцоотой ордууд байгаа. Гүний уурхайгаар олборлох боломжтой орд газрыг нээж олоод, түүнийгээ уурхай болгон хөгжүүлж, үйлдвэрлэл эрхлэхэд дунджаар 25 жил орчим хугацаа шаардагдана. 
Хангалттай хэмжээний шинэ төсөл, шинэ уурхай байхгүй байгаа нь эндээс харагдаж байгаа тул эрэлт нь нийлүүлэлтээсээ давах, үүнийг дагаад үнэ өсөх болов уу хүлээлт байна. Ийнхүү эрэлт нийлүүлэлтээсээ давж, үнэ өсөх хүлээлт 2020, 2021 оны орчимд үүснэ гэж тооцож байгаа. 

Нөгөө талаар, Оюутолгойн гүний уурхайн анхны бүтээгдэхүүн 2020 онд гарна гэсэн төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэл эхлүүлэх энэ цаг хугацаа маш тохиромжтой цаг болж таарч байгаа биз. Тиймээс төсөл хэрэгжүүлж байгаа талууд аль аль нь энэ үр өгөөж, таатай нөхцөл байдлыг хамтдаа хүртэхийн төлөө “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг энэ далайц, эрч хүч, хурдцаар нь үргэлжлүүлэн явуулах нөхцөл бололцоог хангах шаардлагатай байгаа юм. 

-Монголд нэг үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал, Өмнөговьд, уурхайн ойролцоо суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг эмэгтэй сард 3-4 удаа шалаанзаар бараагаа татдаг гэж байгаа хэрнээ уул уурхайн нэмэр огт алга хэмээн ярьж суугаа нь хүртэж байгаа өгөөжөө олж харахаас илүүтэй уул уурхайг үзэн ядах сэтгэлгээ давамгайлж буйг илтгэж байх шиг. Товчхондоо баялгийг өмчирхөх үндсэрхэг үзэл буюу resource nationalism. “Рио Тинто”-гийн үйл ажиллагаа явуулж буй бусад оронд иргэдийн хандлага, сэтгэл зүй ямар байдаг вэ. Монголын энэ нөхцөл байдлын талаар та юу гэж бодож байна вэ?

-Дэлхийн аль ч өнцөг буланд үйл ажиллагаа явуулсан бай, тогтвортой байдлыг хангаж ажиллах нь бидний гол зорилго. Орон нутагтайгаа нягт хамтран, тэдний дэмжлэгийг хүлээж ажиллах нь бидний үйл ажиллагааны салшгүй хэсэг. 

Тийм ч учраас уул уурхайгаас хүртэх өгөөжийг орон нутагт ч, улс оронд ч, бүх талд хүртээж, нэмэгдүүлэх нь чухал асуудал. Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээнийхээ хүрээнд үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүртээх тал дээр улам бүр гар нийлж ажиллах хэрэгтэй. 

Оюутолгойд бид дэлхий дээрх хамгийн сайн тэргүүн туршлага, ноу-хаугаа нэвтрүүлэхийн зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд дэлхийд тэргүүлэгч 15 банктай хамтран ажиллаж байгаа. Энэ бүгд эргээд “Оюутолгой”-г урт удаан хугацаанд Монголд баялаг, үнэ цэнэ бүтээх томоохон компани болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт болж буй хэрэг юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалт жигдрээд явахаар “Оюутолгой” дангаараа Монгол Улсын ДНБ-ий 30 хүртэл хувийг эзлэхээр байгаа. Энэ бол маш том боломж. Тиймээс бүх тал гар нийлж ажилласнаараа монгол хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах бололцоотой. 

Дэлхий нийтэд тулгарч байгаа эдийн засгийн суурь асуудлуудын улмаас янз бүрийн байдлаар зардал өсөж байгаа нь “Оюутолгой”-г тойрохгүй

“Оюутолгой” төсөл эхлэхээс өмнөх болон дараах үеийг харьцуулаад харахаар асар зөрүүтэй байгаа тухай олон хүн надад ярьдаг. “Оюутолгой” зөвхөн Өмнийн говьдоо уурхайгаа ажиллуулахаас гадна дам нөлөөллөөрөө Улаанбаатарт шинэ бүтээн байгуулалт өрнөх, шинэчлэл бий болох, амьдралын хэв маягийг өөрчлөх зэрэг үзэгдэлд хувь нэмрээ оруулсан гэж болно. Тэгэхээр цаашид “Оюутолгой”-г улам дэмжиж, дэлхийн шилдэг, хамгийн тогтвортой үйл ажиллагаатай зэсийн уурхайнуудын нэг болоход нь гар нийлэх шаардлага байна. Ингэснээр энэ том баялаг ордыг олон жил дамжин өвлөгдөх, үр ашигтай бизнес болгон хөгжүүлэх юм.

Үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд бид Монгол Улсад урт хугацаанд, олон үе дамжин түншлэх бүрэн дүүрэн эрмэлзэлтэй байгаа. 

-"Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак уул уурхайд нүүрлэж буй хоёр том эрсдэл нь баялгийг өмчирхөх үндсэрхэг үзэл болон зардал өсөх хэмээн хэлсэн байсан. Хэрэв үнэхээр ийм эрсдэл байгаа бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөх эрсдэл байгаа гэсэн үг үү?

-"Оюутолгой" олон улсын зах зээл дээр өрсөлдөж байгаа компанийн хувьд зардал өсөх эрсдэл мэдээж адилхан тулгамдаж байгаа. Жишээ нь, Оюутолгойн уурхай дээрх бүх машин механизмууд дизель түлшээр хөдөлдөг. Тэгвэл сүүлийн жил орчмын хугацаанд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор “Оюутолгой”-н хэрэглэж байгаа дизелийн үнэ дагаад өссөн. 

Дэлхий нийтэд тулгарч байгаа эдийн засгийн суурь асуудлуудын учир шалтгааны улмаас янз бүрийн байдлаар зардал өсөж байгаа нь “Оюутолгой”-г тойрохгүй. Тиймээс бид  дотоодын ханган нийлүүлэх бодлогоо улам эрчимжүүлж, аль болох их бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, худалдан авах бололцоог бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр олон улсын зах зээл дээр зардал өсөж байгаа үзэгдлээс өөрсдийгөө тодорхой хэмжээнд хамгаалах боломж бүрдэнэ. 

Үүний зэрэгцээ Оюутолгойд бид зардлыг бууруулах, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүхний үндсэн дээр “Оюутолгой” дэлхийн зах зээл дээр чанараар өрсөлдөх төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

-Яг энэ цаг үед Засгийн газрын зүгээс “Оюутолгой”-д ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Дээр дурдсанчлан УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг бодит тоон мэдээлэлтэй танилцсан хүмүүсийн хувьд “Оюутолгой”-н улс орны эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг олон нийт, ард иргэд, төрийн түшээдэд тайлбарлан таниулах маш том боломж гэж бид харж байгаа. Үүний үндсэн дээр бид цаашаа гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэн явуулах тогтвортой орчныг бүрдүүлж өгнө гэж найдаж байна. 

Засгийн газраас томилогдсон хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд бид хэд хэдэн асуудлаар ажиллаж буй бөгөөд хамгийн эхний ээлжинд цахилгаан станцынхаа байршлыг нэн тэргүүнд тохирч, тэр дагуу ажлаа эхлүүлэх шаардлагатай байгаа. Аль ч хувилбарыг сонгосон бай, бидэнд хангалттай хэмжээний цаг хугацаа өгч, бүх зөвшөөрлийг олгож, хамтдаа шийдлээ тодорхойлох замаар энэ бүх яриаг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байгаа. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.