Зураг
Зураг
Индэр    
2018 оны 7 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Д.Баярхүү: Эрдоган үндсэн үнэт зүйлээ ойлгоогүйгээс бүх гай эхтэй

Зураг

Монгол Улс дахь Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайг өнгөрсөн Баасан гарагт хулгайлахыг завдсан нь олон асуулт үлдээгээд буй. Үүнтэй холбогдуулан хоёр орны харилцаа, Туркийн гадаад бодлогын талаар олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. 

-Баасан гарагт Турк улсын иргэн, Эмпати сургуулиудын захирал Вэесел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг гарсан нь нийгэмд нэлээд шуугиан тарилаа. Энэ үйл явдлын талаар Та олон улс судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд хатагтай Б.Батцэцэг албан ёсны байр сууриа тов тодорхой илэрхийлсэн байна билээ. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдсэнийг Та бүхэн харсан байх. Монгол Улсын Элчин сайд явсан миний хувьд төр, засгийнхаа энэ байр суурийг давтаж хэлэхээс өөр аргагүй. Бас АН-ын дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн хурал зарлаад хийсэн мэдэгдлийг нь уншигчдадаа олж үзэхийг санал болгоё. 

-Турк улс Монгол Улсаас үнэхээр зөвшөөрөл аваагүй бол яах ёстой гэж та бодож байна вэ. Яг одоогоор манай төрийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл огт хийхгүй байгаа ч олон нийтийн сүлжээгээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлж байна. Ялангуяа, гаднын улс орнууд манай ардчиллыг шагшиж байна. Процедурын хувьд манай улс одоо юу хийх ёстой вэ?

-Төрийн зүгээс эхний алхмаа хийчихсэн. Гадаад харилцааны дэд сайд Туркийн ЭСЯ-ны төлөөлөгчийг урьж уулзаад мэдэгдлээ хийчихсэн. Дараагийн хурц алхмыг хүлээж байгаа бол тэр чинь хоёр улсын харилцааг хөндөх ноцтой алхам бүү байгаасай гэж л ерөөх ёстой. Одоо зөвхөн Туркийн талын байр суурийг харзнах үлдлээ. АН-ын дарга нарын хэвлэлийн хурлаас тэр ардчиллын талаар ярьсныг харж болно гэж би хэлэх байна.

-Бусад улс оронд мөн ийм ажиллагаа өрнөсөн талаар гаднын хэвлэлүүд бичиж байна. 

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна.
 
-Эрдоганы талаар Та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ. Энэ хүн анх улс төрд орохдоо ямар замналаар явж өнөөдөр хэн болсон талаар сонирхолтой мэдээлэл өгөх байх? 

-Энд би Элчин сайд асан хүний хувьд биш, цэвэр судлаач-эрдэмтний байр сууриа илэрхийлье. Эрдоган бол маш азтай, бас маш эмгэнэлтэй улстөрчийн дүр зураг. XXI зууны эрчимтэй хөгжлийн энэ цаг үед төрсөн нь бүр ч том эмгэнэл. Тэрээр соёлжиж гэгээрсэн, Европын холбооны гишүүнээр элсэх шалгуурыг давж буй, НАТО-гийн гишүүн Турк орныг өнөө цагт удирдан жолоодох гэж хөглөж байгааг дэлхий нийтээрээ гайхширан харж байна. Тэрээр олон улсын харилцааны маш том, идэвхтэй, бас зөрчилтэй тоглогч.

 

Үхэн хатан тэмцсээр Ерөнхийлөгчийн засаглалтай болж авсан, бүх нийтийн сонгуульд нам нь ялаад байгаадаа асуудал нь байгаа биш юм. Нэг хүнд эрх мэдэл төвлөрөх, тэр нөхөр хугацаагүй засаглах дээр ч асуудлын гол нь биш. Гол нь Өрнөдийн үнэт зүйлсийг мөрдлөг болгосон, европжиж гэгээрсэн, шашинжаагүй, мөн ардчилал, хүний эрхийг дээдлэн хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдсэн НАТО гэх эвслийн гишүүн улсад нийгмээ лалжуулах бодлого явуулж байгаад л гол асуудал оршиж байгаа болов уу.    

Үнэндээ цаад нөхөр бол тэгтлээ шашинжсан исламист биш болов уу. Жинхэнэ исламист нь Эрдоган өөрөө

 
-”Гүленист” хэмээн түүний жигшин зэвүүцээд байгаа тэр үзлийн талаар Та ярихгүй юу. Үнэхээр тэр Гүлен гэж хүн дэлхий даяар сургууль байгуулчихаад терроризмыг санхүүжүүлээд байгаа юм уу, Эрдоганы хувийн өс хонзонгоос болж олон мянган гэмгүй багш нар хэлмэгдээд байна уу? 

-Турк орон авторитаризм руу гулсах нь ч гулссан л даа. 2016 оны зун юу боллоо. Цэргийн эргэлт дэгдсэн, дарагдсан. Алагдсан, хэлмэгдсэн хүний тоо ч учир тоймоо алдсан. Эргэлт хийх гэсэн нь л өөрөө том асуудал юм. Нийгмээ лалжуулаад, эсвэл дарангуйлах зам руу ороод байвал цэргийнхэн улс орноо авардаг уламжлал Турк, Тайланд, Филиппин зэрэг улсад байсан шиг тийм үйл явдал 2016 онд давтагдаад бүтэлгүйтсэн гэж үзэх нь буй. Тэр үеэр л энэхүү Гүлен гэж өвгөний нэр дуулдсан, эсрэг талынхандаа “гүленист” гэсэн малгай өмсгөж байгаад л намнаад байх шиг. Үнэндээ цаад нөхөр бол тэгтлээ шашинжсан исламист биш болов уу. Жинхэнэ исламист нь Эрдоган өөрөө юм. 
 
-Та үүнийгээ жаахан тодруулаад ярихгүй юу?

-Түүх сөхье л дөө. Энэхүү Эрдоганы исламист үзэл санааны галыг өрдөгч нь Шадар сайд, Ерөнхий сайд асан Нежметтин Эрбакан гэгч байсан юм билээ. Тэрээр орчин үеийн Туркэд (Ататюркээс хойш) улс төрийн исламын үзэл суртлыг үндэслэгч ба номлогч, 1980-1987 онд улс төрийн эрхээ хасуулагч, 1987 онд лалын шашны намаа буй болгогч, 1995 онд лалын нам нь сонгуульд ялаад 1996 онд Ерөнхий сайд болсон, “Лалын 8” гэх олон улсын эвслийг санаачлагч, ийм л намтартай нэгэн байсан. Харин тэр үед цөхрөнгөө барсан Туркийн цэргийнхэн, шашинжаагүй хүчнийхэн тэр нөхрийг ганц жил Засгийн газар толгойлуулаад цэргийн эргэлтээр 1997 онд авч хаяж, 1998 онд улс төрийн эрхийг нь 5 жилээр хориглож, хожим 2004 онд залилангийнх хэргийн төлөө 5 жилээр ял сонсгож байсан түүх хуучраагүй байна. 

Шоронгийн ялтнаас шууд Ерөнхий сайд болсон дуулиантай эр

Ийм нэгэн үл бүтэх нөхрийн үнэнч шавь Эрдоган улс төрийн тавцанд мэндэлж, өсч дэвжиж, өнөө хүрчихээд төр бариад байна. Сайн багшийн нөмөр нөөлгөөр Шударга ёс, хөгжлийн нам гэдгээ Эрдоган байгуулалцаж, 1994 онд бүр Стамбул хотын дарга хүртэл болж үзсэн. Тэгтэл цэргийнхэн намыг нь хориглож, Эрдоганыг лалын экстремист үзэл бодлынх нь төлөө, үндэсний хагарлыг номлосных нь төлөө ял сонсгон гянданд хорьж байсан. 

Гянданд дөрвөн сар суусан Эрдоган 2001 онд “Шударга ёс, хөгжлийн нам”-аа дахин сэргээн байгуулж, 2002 оны сонгуульд ялуулж засгийн эрх авсан. Шоронгийн ялтнаас шууд Ерөнхий сайд болсон дуулиантай эр. Түүнээс хойш Эрдоганы нам тасралтгүй засгийн эрх барьж байна. Намынх нь нэр их гэгээлэг, харин үйл ажиллагаа нь тэс өөр. Өөрийнх нь толгойлсон Шударга ёс, хөгжлийн намыг бүх мусульманчуудыг мандуулдаг сонгодог жишээ, сургамж хэмээн Эрдоган өөрөө бахархалтайяа зарладаг. 

“Аллахын хуулиар залуурдаж байх лалын иргэншсэн нийгэм байгуулах, тэр нийгэмд бүгдэд нь лалын шударга ёсны дор цэнгэл жаргалыг эдлүүлнэ” хэмээн намынх нь нөхөд ярьдаг, ухуулдаг, тэр ухуулга нь ч сонгогчдын талаас илүүгийнх нь сэтгэлд хүрсэн болоод ялаад байгаа хэрэг л дээ. 

 

-Төрийн эргэлтийг Р.Т.Эрдоган өөрөө зохион байгуулсан хэмээн НАТО үзсэн талаар мэдээллүүд байсан. Энэ талаар та юу гэж бодож байна. Хүмүүсийг дарахын тулд өөрийнхөө эсрэг ийм хэрэг хийсэн хэмээн шалтаглаж, төрийн эргэлтийг зохион байгуулсан байх магадлалтай юу?

-2016 оны төрийн эргэлтийн талаар би дээр хэлснээсээ цаашхыг нэмж хэлэх боломж алга. Магадлалтай эсэх, тэр өөрөө зохион байгуулсан эсэхийг ирээдүй л шүүх байх.

-Р.Т.Эрдоган манай улсын боловсролын салбарт гар дүрж байгаа шигээ өөрийнхөө улсын боловсролын салбарыг ч мөн орвонгоор нь эргүүлж байгаа талаар мэдээллүүд их байна.

-Туркийн боловсролын системийг энэ нам, энэ лидер ёстой алж өгч байна. Туркийн дунд сургуулиудын өглөөний хичээл Турк эх орондоо үнэнч байх тангаргаар эхэлдэг бол олон сургуулиуд “Аллах акбар”-аар эхэлдэг болсон. Европын лицейнүүдийг хаасан. Европын ба гадаадын багш нарыг шахсан. Шашинжаагүй гэгээлэг сурах бичгүүдийг өөрчилсөн. Эрдоган маш олон энгийн ердийн сургуулийг шашны сургууль-имам хатиб болгож хувиргасан. Эцэг,  эхчүүдийн огт хүсээгүй үй олон багш нар сургуулиудыг атгаж байна. Гудамжинд мянга мянган сурагч, эцэг эхчүүд гарч жагсан “Бид физикийн хууль судалмаар байна. Коран судалмааргүй байна” хэмээн уриа лоозон хашгирч байсныг бид зурагтаар харсан шүү дээ. Ийм кампанит ажлын хүрээнд гадаад дахь түрэг сургуулиуд хэлмэгдэж байж болно. Монголд ч ялгаагүй.
 
-Энэ нөхцөл байдал таны бодлоор Монгол-Туркийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх бол? 

-Хоёр орны харилцаа онцгой хүйтрээд сүйд болно гэж байхгүй л дээ. Гэхдээ Туркийн талын байр суурийг харах хэрэгтэй. Баривчлах гэсэн нөхрийг нь баривчлуулаагүйнх нь төлөө хоёр орны харилцааг сүрхий муутгачихна гэж би бодохгүй байна. 
 
-Ер нь хоёр орны харилцааны түүхийг та ярихгүй юу. Энэ жилийнх шиг ийм “дотно” байсан үе бий юү? 

-Монголын ардчилал, шинэчлэл, нээлттэй бодлогыг дэмжсэн өрнөдийн орнуудын дотор Турк багтаж ирснийг бид мэднэ. Туркийн дэмжлэгийг энд зориуд тэмдэглэж, баяр талархлаа хүргэж байх нь зүй ёсны хэрэг. 

1993 онд анхлан УИХ-ын тэр үеийн дарга Н.Багабанди томхон хэмжээний төлөөлөгчдөө ахлан Туркэд, 1995 онд Туркийн тэр үеийн Ерөнхийлөгч Сулейман Демирель төлөөлөгчдөө дагуулан Монголд айлчилснаас энэ түүх эхлэлтэй. Манай улсын гуравдагч хөрш хэмээн бид Туркийг үзэж, итгэж, харилцаж ирсэн нь л гол ач холбогдол нь юм. Мэдээлэл талаас нь бол хоёр орны харилцааны түүхийг ГХЯ-ны албан ёсны вэб сайтаас сонирхохыг уншигчдадаа зөвлөх байна. 
 
-Хоёр орны дипломат харилцаанаас гадна түүхэн сурвалж нь уншигчдад сонирхолтой байх болов уу. Түрэг үндэстэн, түүний түүхэн замналын талаар Та юу гэж хардаг вэ. Монгол Улсаас салж явсан түрэгүүдийг өнөөгийн Туркчүүд гэж үзэх үү?

-Энэ талаарх миний мэдлэг ерийн иргэний мэдлэгээс хэтрэхгүй. Харин ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо илүү нарийн мэдээлэл өгөх байх. 
 
-Хэдхэн жилийн өмнө Исламын шашинт орнуудаас Турк улс л хамгийн ардчилсан, тайван орон байсан бөгөөд Европын холбооны гишүүн болохын ирмэг дээр байсан улс өнөөдөр ийм байдалтай болсон нь ганц хүний нөлөө гэж хэлж болох? 

-Эрдоган гэдэг улстөрч, түүнийг тойрсон намын нөхдийнх нь хийсэн ажил үйлс энэ орныг юу болгож тавьж байгааг би дээр зарим баримтаар шүүмжиллээ. Лалын ертөнц дотор хошуучлагч явсан ардчилсан улс өнөөдөр дарангуйлагч хэлмэгдүүлэгч дэглэм бүхий улс болоход тун ойртсон байна. Авторитари дэглэмийн ерөнхий дүр зураг бэлхнээ харагдаж байна. 

НАТО-гийн гишүүн улс гэхэд гадаад бодлого нь тэс хөндлөн ч юм шиг, бүр эсэргүү ч юм шиг гажих нь ердийн үзэгдэл болж байх шиг. Турк маань “Хүйтэн дайн”-ы ид эхлэл үед НАТО-гийн гишүүн болсныг нь ойлгож болно. Гэхдээ өрнөдийн орнуудтай үнэт зүйлсээрээ эрхбиш нэгдэж нягтраад явсансан. Тэгвэл эдүгээ Турк нь цаадуултайгаа  үнэт зүйлсээ нэгтгэж байна уу гэвэл бас тийм биш байна. Геополитикийн тоглолтод оролцохоо урьтал болгоод, бас ертөнцийн суннит мусульман ахан дүүсээ дэмжиж тэтгэхээ ариун зорилгоо болгочихвол НАТО-гийн гишүүн нэг орны гадаад бодлого, аюулгүй байдал хэрхэн хувьсаж өөрчлөгдөж, заримдаа халтай болж ирдгийг Турк нотлоод байх шиг. 

Эрдоганы өнгөн дээр Турк гэж энэ их улс юм юм л ийнхүү үзэж байна. Үзэх ч болно

Эдүгээ Турк нь ШХАБ-д элсэх болоод явчихлаа. Оросын албан бус сувгийн хүрээнд энэ талаар элдэв яриа хөөрөө чамгүй өрнөсөн, өрнөж байна. Турк тийшээ хандаж буйг илтгэх эшлэлийг Эрдоганаас өөрөөс нь авъя. Эрдоганы 2016 онд хэлсэн үг байна:

  • Европын Холбоо бидэнд 53 жил горьдлого төрүүллээ.
  • Европын Холбоо, Туркийн хоорондын элсүүлэх яриа хэлэлцээ мухардлаа. Ерөөсөө аль эртнээс л мухардсан даа.  
  • Европын Холбоонд элсэнэ хэмээн Турк горьдож суух өнгөрлөө, тэгэхийн оронд ШХАБ-ын нэг хэсэг болж болох юм.
  • Туркчүүд бид тайвшрах ёстой. Ямар ч үнээр хамаагүй Европын Холбоо гэж ярихаа болих хэрэгтэй. Тэгж ярихын оронд яагаад Турк нь “Шанхайн тав”-д нийлж нэгдэж болдоггүй юм бэ? Би энэ тухай Путин, Назарбаев нарт хэлсэн. 

2013 онд Турк нь ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай болсон. Тэгснээрээ  өөрсдийнх нь ярьж байгаагаар Шанхайн эвслийн гишүүдтэй ижил хувь заяатай, тийм хувь заяаг хуваалцагч болсон гэж өөрөө хэлж байна. Хоёр гурван улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэхийг Орос шахсан, уриалсан, лоббидсон, лоббидож эхэлсэн гэдэгт  Иран, Турк хоёрыг оруулж нэрлэхэд л хангалттай. Мань хүн сая бас хэлнэ лээ. “Хэрэв Та нар биднийг авбал энэ бүлэг маань БРИКСТ гэсэн нэртэй болно” гэж ирээд л “Hurriyet Daily News” сонинд ярилцлага өгсөн байгааг саяхны сайтуудын хуудаснаас олж үзэж болно.

 

Эрдоганы Ерөнхийлөгчийнх нь эрх мэдлийг өргөжүүлэх асуудлаар санал асуулга явуулахад Герман дахь түрэгүүд чухал нөөлөг болох ёстой гэж үзээд заяатай л Турк-Германы харилцааг бусниулчихаагүйг бид мэднэ. Тэрийг нь эс зөвшөөрсний төлөө Европ тэр чигээрээ фашист, харгисаараа дуудуулсан даа. Түүний цогтой үгс:

  • Энэ Европ гэж Дэлхийн II дайны өмнөхтэйгээ яг адилхан: арьсны үзэлт, фашист, харгис, лалын эсрэг, Туркийн эсрэг Европ болжээ.
  • Референдум хийснээрээ бид Европт зохих хариуг нь барина.
  • Европын Холбооны эрх баригчид Туркийг Европын Холбоонд элсэхэд ямар ч саад хийж чадахгүй.
  • Европын нэг ч улстөрчийг Туркэд нэвтрүүлэхгүй.

Эрдоганы өнгөн дээр Турк гэж энэ их улс юм юм л ийнхүү үзэж байна. Үзэх ч болно.

-Ярилцсанд баярлалаа.