Индэр    
2018 оны 7 сарын 19
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

“ДАВАО-ГИЙН ХӨНӨӨГЧИД”

Зураг

Филиппиний хоёр дахь том арал Минданао мужийн нийслэл Давао хотын даргаар хориод жил ажилласан Родриго Дутарте 71 насандаа, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 39 хувийн санал авч ялав.

Харьцангуй ядуу, 10 гаруй сая исламын шашинтны дийлэнх нь амьдардаг, гэмт хэрэг түүний дотор хар тамхины хэргээр улсдаа тэргүүлж байсныг дэлхийн аюулгүй хотын жагсаалтын 9-рт оруулсан аргаа тэрээр “гэмт хэрэгтнийг газар дээр нь алах” явдал гэж мэдэгджээ. Цагдаа нараа энэ хотынхон “хөнөөгчдийн салаа (death squad)” гэдэг болжээ.

Би Ерөнхийлөгч болвол “Хар тамхитай дайн зарлана, Манила төвтэй “эзэнт гүрнийг” холбооны улс болгоно” гэж амласнаа тэрээр тангараг өргөсний маргаашнаас нь шууд хэрэгжүүлж эхлэв. Цагдаа нар хар тамхитай холбоотой 7,000 хүнийг газар дээр нь хагас жилийн дотор буудан хороосныхоо дараа үхлийн статистикийг олон нийтэд зарлахаа зогсоов.

Хар тамхины ХАР ДАЙН

Хүний эрхийг ажиглагч (Human right watch) олон улсын, төрийн бус байгууллагаас 2016 оны 10-р сараас 2017 оны 1-р сар дуустал хугацааны Үндэсний цагдаагийн газар оролцож 32 хүн алагдсан, 24 хэргийг шалгасан тайлан гаргажээ. Хар тамхины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан, зэвсэггүй хүмүүсийг буудаж хороосноо цагдаа нар “өөрийгөө хамгаалах” шаардлагатай болсон гэж бүртгэснийг тогтоожээ. Буудаж алаад дэргэд нь буу зэвсэг, боодолтой хар тамхи тавих зэргээр хэргийн бүртгэлийг хийх болсныг хэн ч шалгахгүй байгааг тус тайланд бас дурджээ.

Филиппин даяар хар тамхитай холбоотой хэнийг ч гэсэн газар дээр нь буудах зөвшөөрлийг цагдаа болон армийн бие бүрэлдэхүүн, хэв журам сахиулагч сайн дурынханд олгож, зэвсэг тарааснаар хар тамхины хэргүүд далд нууц болж, дагалддаг халдварт өвчин тарах нь ихэссэн ч, жижиг гэмт хэрэг, хулгай дээрэм эрс багассан ажээ. Ерөнхийлөгч DU30-ийн(Дутарте англиар Ду гуч гэсэнтэй төсөөтэй дуудлага) нэр хүнд өсч, ялангуяа ядуу хүмүүсийн дунд дэмжлэг нь 80 хувьтай болоод байна.

Гэвч ардчиллын суурь зарчим болох шүүх засаглалыг үгүйсгэж, гэм буруутайг шүүх биш, хүчний байгууллагууд өөрсдөө тогтоох болсноор нийгэмд айж цочирдсон байдал газар авч байна. Хар тамхины энэ дайныг далимдуулан олон нийтийн газар улс төрийн өрсөлдөгч, уураа хүргэсэн хүнийг ил далд буудаж алах явдал ихсэж байна. DU30 төрийн эрх барьсан хоёр жилийн хугацаанд 10 хотын дарга, 6 дэд дарга алагдсаны 4 нь шоронд, бусад нь албан тушаалаа хашиж байжээ.

Хар тамхины энэхүү дайныг 2022 он буюу хугацаагаа дуустал үргэлжлүүлэхээ Ерөнхийлөгч амалсан бөгөөд хүний эрх ямар ч хамаагүй, шахаад байвал НҮБ-аас гарч Хятад, Орос болон Африкийн орнуудтай хамтарч олон улсын шинэ бүтэц байгуулах болно гэж тэрээр мэдэгдээд байна.

Холбооны улс болгох замд 

 

Филиппиний хүн ам эдүгээ 104 сая, ДНБ нь 305 тэрбум ам. дол, нэг хүнд 3,000 ам.дол ногдож байна. Хүн амын 21 хувь нь ядуу. Газар нутаг нь 7,641 арлаас бүрддэг, хуурай газрын нийт талбай нь 343 мянган кв. км ажээ. Газар зүйн байршил, хүн амын нягтрал, дэд бүтцийн хөгжлөөс хамаараад бүс нутгийн амьдралын түвшин эрс ялгаатай болсон учир засаг захиргааны бүтцээ илүү тэнцвэржүүлэн шинэчлэх, татвар хураах, зарцуулах эрхийг Манилад хэт төвлөрүүлэхийг багасгаж, орон нутагт илүүтэй олгох талаар улс төрчид шинэ зуун гараад санал болгож, одоо хүчин төгөлдөр буй 1987 оны Үндсэн хуулийг өөрчлөхийг оролдох болжээ.

Харин энэ удаагийн оролдлого нь хэрэгжих магадлал өндөр байна. DU30-ийн идэвхтэй санаачилга, Конгрессын дийлэнх гишүүдийн зүтгэлээр 2019 онд болох төлөөлөгчдийн хагасын сонгуулийг явуулахгүй, оронд нь иргэдийн санал асуулга (плебецист) явуулж төр засгаа Ерөнхийлөгчийнхөөс Парламентын хэлбэрт шилжүүлэн, улмаар нэгдсэн улсаа холбооны улс болгохыг улс төрчид нь зорьж байна. Газар нутаг төлөөлдөггүй 24 гишүүнтэй Сенат, Төлөөллийн 297 гишүүнтэй танхим нь (238 нь тойргуудаас, 59 нь намын жагсаалтаар) хоёулаа хэвээрээ байх ч, Сенатын танхимд бүс нутаг бүрээс 2 сенатор сонгох ажээ.

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах төслийг боловсруулахын тулд DU30-ийн санаачилгаар Зөвлөлдөх хороо байгуулсан бөгөөд хэрэв бүх зүйл тэдний хүссэнээр болвол олон нийтийн санал асуулга явуулж Холбооны улс болох бэлтгэлийг хангах ажээ. 2022 онд төрийн гол эрх мэдэл Ерөнхийсайдын гарт төвлөрч, Ерөнхий сайд дөрвөн жилээр нэг удаа улиран сонгогдож болох ажээ. Улс төрийн шинжээчид энэ бүх өөрчлөлтийн үр дүнд DU30 одоогийн үндсэн хуулийн дагуу нэг удаа 6 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллаад, дараа нь улирч 8 жил Ерөнхий сайд болж төрийн эрхийг 14 жилээр барих учир, дахин нэг Маркос гарна гэж үзэж байна. Сая 6-р сард явуулсан санал асуулгаар насанд хүрэгчдийн 67 хувь нь Үндсэн хуулийг өөрчилж холбооны улс болохыг эсэргүүцсэнийг Засгийн газар нь холбооны улсын тухай хүмүүс маш бага мэдлэгтэй байгааг харуулж байна, тийм учраас мэдээлэл, мэдлэг олгох ажлыг орон даяар эхлүүлэх гэнэ.

Ямар ч гэсэн төр засгийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх тусам, эрх мэдлээ авч үлдэхийн тулд үндсэн хуулиа санал асуулга нэрээр өөрчилж болдгийн бас нэг жишээ нь Филиппин ажээ.

Орос, Хятадын удирдагчид мөн л энэ замыг сонгож хэдэн арван жилээр эрх барих болсон билээ. Өөр нэг сонгодог жишээ болох Азербайжаны тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн. Үндсэн хуулиндаа санал асуулга явуулан өөрчлөлт хийхийн тулд эдгээр орны бодит жишээг сайн судлаж, бүх талаас нь харах шаардлага ардчилсан Монгол Улсын иргэдийн өмнө тулгараад байна.

2018.07.18 Манила хот