Индэр    
Өнөө жилийн НАЧНЫ ХАНШ ХЭДЭЭР ТОГТСОН БЭ?
Зураг
2018 оны 7 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Өнөө жилийн НАЧНЫ ХАНШ ХЭДЭЭР ТОГТСОН БЭ?

"Монгол Наадам" 2010 онд ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгджээ. 

Монгол наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан Монгол ардын зан үйлийн цогц ёслол гэж ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссийн тэмдэглэлд дурдсан байх юм. 

Өөрөөр хэлбэл,  энэ баяр наадмыг нэгийг бусдаас нь салгах боломжгүй Монгол ардын зан үйлийн цогц ёслол гэжээ. 

Тэгвэл олон зуун жилийн түүхтэй Монголчуудын Эрийн гурван наадмын нэг спортын төрөл болох үндэсний бөхийн барилдаан уналтад ороод олон хаврыг үджээ. 

Начны найраа гэх зүйлийг бүр сүүлд гэхэд л аварга бөхчүүд нь жишим ч үгүй инээд, хөөр болгон дэлгэн ярих. 

Бөхчүүдийн барилдаандаа хандаж буй энэхүү хүндэтгэлгүй, жудаггүй байдал нь энэ төрлийн спортоо улам бүр бөхөөж байна. Юу гэхээр бөхчүүд хэвэндээ үлдсэн бол түүнийг үздэг, үзэгчид нь харин өөрчлөгдсөн. 

Үзэгчдийн хувьд тэднээс ёс зүй, жудаг, мэдээллээ орчин үежүүлэх, ил тод болгохыг шаардах нь тэр. 

Харин эрэлтдээ нийцэхгүй байгаа тэдний спорт/бүтээгдэхүүн улам бүр хоцрогдож үзэгчээ алдсаар байна. Дээрээс нь тэдний хэрүүл маргаан нь залуусын сонирхлыг татах нь бүү хэл үзэн ядалтыг нэмэх аж. 

 Бөх үзэхгүй байхыг уриалсан хэн нэгэн биш бөхийг өөрийг нь мөхүүлж буй нь бөхчүүд, тэдний дүрэм, журам, жудаггүй байдал. 

Монголчууд арлын орон Японы Үндэсний бөх сүмог шимтэн үзээд олон жил болсон. Эндээс бид тухайн улс үндэстэн өөрийн түүх, соёлын нандин уламжлалыг түгээн дэлгэрүүлж байгаагаас илүү их зүйл сурч болно. 

Арга барил, үзэгдэл, соёл түгээх дээр бид тэднийг даган дуурайж болох ч нэг зүйлийг одоогийн бөхчүүд маань бүр анхнаас нь огтоос сайн ойлголгүй олон жил болжээ. 

Хүчит бөхийн барилдаан нь үүсэл гарлын хувьд ч хүч чадлын, эр бярыг харуулсан буюу нэг талаар цэрэг, дайны эрдмийг харуулж буй нэг хэлбэр. Бүх л хүчний спортын үүсэл, утга учир ийм л учиртай. Японы кэндогийн спортоор хичээллэгчдэд зэвсэг, бичгийн чадварыг төгс хослуулан эзэмшсэн байхыг сургадаг байна. 

"Бүн Бү Рёодо" буюу:

  • Бүн- Бичиг, Эрдэм (Боловсрол),
  • Бү- Тулааны чадвар, эрдэм,
  • Рёодо- Хос Зам гэх энэ үгийг кэндочид даган мөрдөх ёстой.

 Юу гэхээр хүн хүч чадал ихтэй, зэвсгийн эрдмийг гүнд нь хүртэл эзэмшихийн хажуугаар ёс зүй, бичиг номтой байхын чухлыг энэ спортын философиос харж болно. Сүмогоос ч бид энэ зүйлийг олж хардаг нь сүмочид дэвжээн дээр гараад барилдахдаа хүч, бяртай, уран, гоё мэхээр олныг баясгах ёстой бол тайзнаас буугаад ч ёс зүйтэй байхыг шаарддаг нь тухайн спортыг олон нийт нь хайрлан, хүндэтгэх, даган баясах шалтгаан болдог ажээ. 

Харин Монгол бөхчүүдийн хувьд хүч, бяр ихтэй, уран гоё барилдах ч зүлэг ногоон дэвжээнээсээ гарж амжилгүй найраа, булхайгаа хийж эхлэх нь энэ спортыг улам бүр үзэгчгүй, хүндлэлгүй болгож байна. Ердөө ганцхан жишээ гэхэд өнгөрсөн жилийн наадмын бөхийн ам авахыг үзэгчдэд ил тод болгох төдийд л начин болох ханш 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа талаар эх сурвалжууд дурдсан. Өнөө жилийн НАЧНЫ ХАНШ ХЭДЭЭР ТОГТСОН БЭ?

Уг нь Монголчууд ч "Хүчээр мянган жинг өргөхөд Аргаар түмэн жинг өргөдөг" гэх зүйр үгтэй. Энэ зүйр үгийг Монгол хэлний их тайлбар тольд "Ухаанаар хүч хождог гэсэн санаа" гэж тайлбарлажээ. 

Тэгвэл бидний хайгаад байгаа ухаан гэж юу вэ. 

Ухааныг нь олох гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар тольд "Хэрэг үзэгдлийн цаадах учир шалтгаан, санаа зорилго, төрөлх агуулгыг нь бүрэн ойлгох" гэжээ. 

Манай үндэсний хүчит бөхийн барилдааны тэгвэл санаа зорилго, төрөлх агуулга нь юу вэ?!