Зураг
Зураг
Индэр    
2018 оны 6 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

БАРИМТУУД: Зохион байгуулагчдын алдаанаас болж ХҮҮХДҮҮД ХИМИЙН шалгалтаа өгч чадаагүй нь нотлогдов

Зураг
Гэрэл зургийг MPA.mn, ЭЕШ

Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт буюу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн шалгалт таван өдөр болж өнгөрсөн ч бүтэлгүйтэл, алдаа ихтэй болов. 

Монголчууд алдаатай, хуудуутай, хариуцлагагүй олон зүйл хийдэг ч ядаж хүүхэд, залуусын ирээдүй, амьдралыг нь шийдэх тэдний 12 жилийн турш олж авсан боловсролыг гэрчлэх тавхан өдрийн шалтгалтанд ядаж хариуцлагатай байж чадахгүй гэж үү. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг (ЭЕШ) 11 төрлийн хичээлээр авчээ.

2018 оны ЭЕШ зургаадугаар сарын 16-ны 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж зургаадугаар сарын 20-нд орос хэлний шалгалтаар өндөрлөжээ. 

 Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)  11 хичээлийн шалгалтын хуваарийг дөрөвдүгээр сарын 11-нд зарласан байна. Ингэж зарлахдаа зургаадугаар сарын 20-нд болох орос хэл, химийн шалгалтын хуваарийг 09:00 цагаас Орос хэл, 13:00 цагаас Химийн шалгалт болно гэж зарласан байна. 

Зураг 1, БҮТ-ийн анх зарласан хуваарь:

 

ЭЕШ-ын хуваариа догдлон хүлээж байсан олон хүүхэд энэхүү хуваарийг утсандаа хадгалж авчээ. 

Гэвч БҮТ удалгүй энэ хуваариа алдаатай мэдээлсэн үү эсвэл хуваарь солих шаардлага гарсан уу ямар ч байсан зургаадугаар сарын 20-ны өдрийн хоёр шалгалт болох орос хэл, химийн шалгалтын цагаа сольсон байна. 

Зураг 2, БҮТ-ийн зассан хуваарь: 

 

Тиймээс ч 13:00 цагаас химийн шалгалтаа өгөхөөр тооцоолсон хүүхдүүд шалгалтаа өгөхөөр холбогдох сургууль дээрээ очиход аль хэдийнээ шалгалтыг нь аваад дуусчихсан байж. 

Боловсролын Үнэлгээний Төвийн өгсөн мэдээллээр химийн шалгалтад энэ жил 7,800 орчим хүүхэд шалгуулахаар бүртгүүлсэн ч 150 гаруй хүүхэд шалгалтаа өгөөгүй байна. 

Хамгийн инээдтэй нь Ikon.mn сайт энэхүү үйл явдалтай холбогдуулан зургаадугаар сарын 21-нд сурвалжлага хийхээр очиход Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат бид мэдээллээ огт өөрчлөөгүй гэж байв. Бүр хүүхдүүд хуурамч мэдээллийн хэрэгслээс худал мэдээлэл олж авсан одоо ямар ч аргагүй ухааны зүйл ярьсан бичлэг манай редакцид үлджээ.

Гэвч түүний ярьсан бүхэн худал болох нь хэд хэдэн баримтаар үгүйсгэгдэх ажээ. 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ХУДАЛ МЭДЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭХ БАРИМТУУД

Зарим төгсөгчдийн шалгалтын бүртгэлийн хуудас дээр тодоос тодоор ХИМИЙН ШАЛГАЛТ 13:00 цагаас гэж бичсэнийг хааш нь хийх вэ. Тэд өөрсдийн засаж залруулсан мэдээллийг нуугаад нуугаад хүүхдүүдийн гарт байгаа энэ баримтыг хааш нь хийх вэ?

Манай редакцид хоёр ч хүүхдийн 13:00 цаг гэдэг бүртгэлийн хуудас одоогоор ирээд байна. 

Зураг 3, Өөрийн бүртгэлийн хуудас дээрх 13:00 цагаас химийн шалгалт болох ёстой хуваарийн дагуу хүүхдүүд очсон ч шалгалт аль хэдийнээ дууссан байв. (Бүртгэлийн хуудас дээрх хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэл, тамга дээрх сургуулийн мэдээллийг арилгав)

 

Зураг 4, Өөрийн бүртгэлийн хуудас дээрх 13:00 цагаас химийн шалгалт болох ёстой хуваарийн хүүхдүүд очсон ч шалгалт аль хэдийнээ дууссан хоёр дахь хүүхэд. (Бүртгэлийн хуудас дээрх хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэл, тамга дээрх сургуулийн мэдээллийг арилгав)

 

Мөн зарим хүүхдийн бүртгэлийн хуудас дээр огт цагийн хуваарь гараагүй байгаа юм. Боловсролын Үнэлгээний Төвийн ажилтны өгсөн мэдээллээр хуваарь тодорхой болоогүй тохиолдолд бүртгэлийн хуудас дээр цаг гардаггүй гэв. Ер нь анхнаасаа бүртгэлийн хуудсаа яагаад нэг стандарт мэдээлэлтэй болгож чадахгүй байна вэ гэдэг асуудал бас л яригдах ёстой.

Өөрөөр хэлбэл химийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн хуудас нэг хэсэг нь цаггүй, нэг хэсэг нь 09:00 цаг, нөгөө нэг буюу түрүүлж бүртгүүлсэн хэсэг нь 13:00 цаг гэсэн хугацаа бичигджээ. Тавхан өдрийн 11 хэн хичээлийн хуваарийн цаг, минутыг яс биччих нэгдсэн стандарт яагаад байхгүй байна вэ. Хүүхдүүдийн хувьд бүртгэлийн хуудас хамгийн чухал баримт бичиг буюу хүүхэд бүрт очих мэдээллийн хуудас болж буй. Гэтэл энэхүү бүртгэлийн хуудас хэд хэдэн янзаар хэвлэгддэг ямар учиртай вэ?

Зураг 5, Бүртгэлийн хуудас дээр ямар ч цаг хугацаагүй мэдээллүүдтэй төгсөгчийн хуудас,  (Бүртгэлийн хуудас дээрх хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэл, тамга дээрх сургуулийн мэдээллийг арилгав)

 

2018 оны дөрөвдүгээр сарын 11-нд БҮТ мэдээллээ гаргангуут зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэдний анхны хуваарь бүхий мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, төр засгийн гол эх сурвалж МОНЦАМЭ агентлаг БҮТ-ийн анхны зарласан химийн шалгалт 13:00 цагаас гэдэг хуваарийг мэдээлжээ. ЭНД дарж үзэх боломжтой. Бид МОНЦАМЭ агентлагаас энэ талаар тодруулахад тэд тухайн өдөр Боловсролын Үнэлгээний Төвийн албан ёсны веб хуудсаас мэдээллийг бэлтгэж оруулсанаа хэлж байв. 

Өөрөөр хэлбэл, Боловсролын Үнэлгээний Төв шалгалтын хуваариа нэг ч солиогүй гэж ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГАА нь дээрх баримтуудаас нотлогдож байна. Тэд өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам нуун дарагдуулах гэж байгаа оролдлогодоо ямар хариуцлага хүлээх ёстой  вэ?

Хамгийн чухал нь, эдгээр хүнээс илүү хохирсон хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Химийн шалгалт өгөөгүй 150 хүүхэд бүгд Боловсролын Үнэлгээний Төвийн энэхүү хариуцлагагүй үйлдлээс болж шалгалтаа өгч чадаагүй эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Ялангуяа орон нутгийнхан энэ талаарх мэдээлэл муу учир шалгалтаасаа хоцорсон сурагчид өнөөдөр юу бодож явааг мэдэх боломжгүй болоод байна. 

Өнөөдрийн байдлаар 17 хүүхэд хуваарь солигдсон шалтгаанаар шалтгалтдаа орж чадаагүй гэж Боловсролын Үнэлгээний Төвд өргөдөл гаргаад байгаа юм. 

Шалгалтаас хоцорсон нэгэн сурагчийн ээж Н манай сэтгүүлч Б.Намуунцэцэгт өгсөн ярилцлагадаа “Зургаадугаар сарын 20-ны өдөр 13.00 цаг өнгөрөөгөөд 28-р сургууль руу ирэхэд 8 орчим хүүхэд ирээгүй гэж хэлж байсан. Сандраад БҮТ-д ирэх үед 20 орчим хүүхэд цуглачихсан цагийн хувиар нь яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байсан. Эцэг, эхчүүдийн хэлснээр  өмнө нь  10 орчим хүний өргөдөл ирсэн гэж хэлж байсан. Бид яахаа мэдэхгүй тэр өдөр уйлаад л харьсан. Дахин лавлахад хамгийн их хоцорсон аймаг Баянхонгор, Увс гэсэн. 

Мөн тус шалтгаанаар Говь-Алтайгаас охинтойгоо нэг ээж ирсэн байсан. Түүний хэлснээр тус аймагт 14 хүүхэд шалгалтнаас хоцорч ихэнх нь сумын хүүхэд байсан учраас буцсан гэсэн. Сумд ямар нэгэн интэрнэт байхгүй. Тэгэхээр яаж хүүхдүүд хувиар нь өөрчлөгдсөнийг мэдэх юм билээ. Хөдөө орон нутгаас тоо гаргахад хэцүү байх” гэж байв. 

Хоцорсон сурагчийн бас нэг ээж Г “Зарим хүүхэд шалгалтаасаа хоцорсоноо ээж, аавдаа ч хэлж чадахгүй л явж байгаа. Биднийг анх БҮТ-ийнхэнтэй уулзахад хувиар нь гурван удаа өөрчлөгдсөн гэж хэлсэн. Ямар учиртай ингэж хуваарь өөрчлөөд байдаг юм бэ” гэж байлаа. 

Зургаадугаар сарын 19-нд Яармагийн гүүрэн дээр болсон ослын улмаас зарим хүүхэд мөн ЭЕШ-аасаа хоцорсон. Эдгээр хүүхдэд өмгөөлөл үзүүлэхээр ажиллаж байгаа Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнэйс" ХХНөхөрлөлийн хуульч Ж.Мөнхжаргалтай холбогдон химийн шалгалтдаа хоцорсон хүүхдүүдийн асуудлаар тодруулахад “Ямар ч байсан Боловсролын Үнэлгээний Төв алдаагаа хурдан хүлээн зөвшөөрөөд хүүхдүүдээс шалгалт дахиж авах шаардлагатай. Учир нь долоодугаар сар гараад л ЭЕШ-ын дүн гарч их сургуулиуд элсэлтээ эхлүүлчихнэ. Тиймээс эдгээр хүүхдийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Хэрэв Боловсролын Үнэлгээний Төвийн энэхүү хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдүүд нэг жилийн хугацаанд өөрсдийн хүссэн сургуульдаа орж чадахгүй өнжвөл асуудлыг шүүхэд хандаж хохирлоо нэхэмжлэх боломжтой” гэж байв. 

Яг одоогийн байдлаар Боловсролын Үнэлгээний Төв эдгээр хүүхдийн хувь заяаг хэрхэн шийдэх талаар хариу өгөөгүй удаашруулж байгаа нь асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа юм. Ер нь 150 ч гэлгүй НЭГ Ч ХҮҮХЭД/ХҮН зохион байгуулагчдын алдаанаас болж хувь заяагаараа тоглуулах ЁСГҮЙ биз дээ?!