Индэр    
2018 оны 6 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Лхамсүрэн: Блокчэйн нь авлига, хээл хахуулийг тогтолцоогоор нь үгүй хийх боломжтой

Зураг

Монгол Улс технологийн хөгжлөөрөө дэлхийтэй хөл нийлүүлж байгааг батлан харуулж буй компани бол ICT групп юм. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө компанийнхаа талаар танилцуулаач. Itools компани нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? 2017 онд IPO хийж нээлттэй хувьцаат компани болсон.

- Манай ICT групп нь мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд программ, вэбсайт хөгжүүлэлт, data science, big data гэсэн чиглэлээр тусдаа үйл ажиллагаа явуулдаг охин компаниудтай.

Хүмүүс манай охин компани болох Itools-ээр биднийг сайн мэддэг.  Itools компани нь 2017 онд IPO хийж, Дархан хотод Нөөц дата төв байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. 

Манай компани нь Монголын мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэр хүндийг өргөх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, дэлхийд өрсөлдөх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

-Танай компанийн үйл ажиллагаа блокчэйн технологитой хэрхэн холбогдож байна вэ? 

- Бид блокчэйн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, бусад салбарт ашиглах боломжийг нээх зорилготойгоор 8 төсөл хэрэгжүүлж ажиллаж байна. 

Тухайлбал, эхний төслөөрөө бид Trade.mn гэх Монголын анхны криптовалютын арилжааны платформыг нээн ажиллуулсан. Дараа нь cloud mining буюу криптовалютыг олборлох платформын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн UBEX буюу  Улаанбаатарын хөрөнгийн биржийн цогц платформыг хийсэн.

Блокчэйнийг аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал буюу интернэтийн дараагийн хамгийн том технологи гэж дэлхий нийт үзэж байгаа. Тиймээс бид ч мөн компанийнхаа чиг хандлага, цаашдын зорилго, зорилтоо блокчэйн технологитой хослуулж, ажиллана гэсэн стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Блокчэйн технологийн талаар тайлбарлаж өгөөч. Блокчэйн үнэхээр хувьсгал хийх технологи мөн үү?

- Хүмүүс блокчэйн гэхээр биткойн, криптовалют гэх зэргээр ойлгодог. Гэхдээ биткойн, криптовалют зэрэг нь блокчэйн технологийн зүгээр л нэг хэсэг нь юм. Биткойн бол блокчэйн технологи дээр үүссэн криптовалют. 

Цахилгаан, нефть, интернэт гэх мэт нээлтүүд бидний амьдралд нэвтэрснээр асар том хувьсгал авчирсан шүү дээ. Үүнтэй адилаар, блокчэйнийг дэлхий нийт шинээр хувьсгал хийх, өөрчлөлт авчрах технологи гэж үзэж байгаа.

Миний хувьд ч мөн блокчэйнийг хувьсгал хийх технологи мөн гэж хэлнэ. Зарим хүмүүс үүнийг байгалийн үзэгдэл гэж хүртэл тайлбарлаж байна. Блокчэйнийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд маш амжилттай байх дүр зураг технологийн гигантуутад ажиглагдаж эхэлсэн.

Жишээ нь, саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин мэдэгдэл хийлээ. Блокчэйн бол үнэхээр чухал технологи мөн юм байна.  Хятад улс блокчэйнд зориулж маш том судалгааны лаборатори байгуулж, ойрын 5 жилийн төлөвлөгөөндөө зөвхөн Блокчэйн гэсэн том сэдэв оруулсан.  

-Одоогоор блокчэйн нь криптовалютын дэд бүтэц болж байгаа. Дараагийн хамгийн ойр нэвтрүүлж болох салбар юу вэ?

- Тийм ээ. Блокчэйн дээр үүссэн криптовалютууд нь маш том маркетинг болж өгсөн. Хүмүүс биткойноор дамжуулж блокчэйн гэдэг технологийг мэдэж авлаа.  Криптовалютаас чухал зүйл гэдгийг улс үндэстнүүд ойлгож эхэлж байна.

Цаашид блокчэйн технологи бүх салбарт нэвтэрч орно. Одоогоор бүх төрлийн бүртгэлийн системүүд блокчэйн дээр суурилан хийгдэж байна. MIT гэх дэлхийд алдартай их сургууль дипломынхоо бүртгэлийг блокчэйн болгохоор ажиллаж байна. Хятад, Япончууд хүнсний аюулгүй байдалдаа энэ технологийг ашиглаж байна. Мөн том брэнд компаниуд хуурамч бүтээгдэхүүнээс татгалзах зорилгоор блокчэйнийг ашиглаж эхэлсэн. Энэ мэт маш олон салбарт хүч түрэн орж ирж байна.

- Мэдээлэл нэг цэгт төвлөрснөөс олон цэгт тархмал байхын ач холбогдол, давуу тал юу вэ? Блокчэйний суурь зарчим нь decentralized буюу тархмал байдал гэдгээс үндэслэн энэ асуултыг асууж байна.

-Энэ нь маш энгийн. Тухайлбал, компьютер эвдрэх, хакердуулах, файлууд устах үед хадгалсан өөр газраасаа дахин тэр мэдээллээ сэргээгээд авах боломжтой. Энэ нь мэдээллийн үнэн зөв, итгэлцэл гэж зүйлийг ханган өгч байгаа юм. Ижил мэдээллийг нэгэн зэрэг олон хүнд хүргэснээр тухайн мэдээллийн үнэ цэнэ нэмэгдэнэ. 

Блокчэйний суурь зарчим нь decentralized байснаараа дундын зуучлагчийг үгүй хийж, хурд, итгэлцэл, олон нийтэд эрх мэдэл шилжүүлэх том давуу талтай.

-Та Эдийн засгийн форумын үеэр “Монголын хувийн хэвшлийн компаниуд блокчэйний хөгжлөөрөө дэлхийтэй хөл нийлүүлж байгаа. Зарим талаараа түрүүлж байгаа” гэж ярьж байсан. Энэ талаар тайлбар өгнө үү.

 
Гэрэл зургийг Mpa.mn

- Монголчууд бид өөртөө итгэх итгэл багатай байдаг. Гадаад хүн шинэ технологи нэвтрүүлсэн гэвэл шууд л итгэнэ. Монгол хүн шинэ зүйл хийлээ, нэвтрүүллээ гэхээр эргэлзэж эхэлдэг. Энэ ч утгаараа Монголчууд блокчэйн технологиор дэлхийтэй хөл нийлүүлж байна гэхээр олон хүн эргэлзэж байгаа байх. 

Би яагаад форумын үеэр ингэж ярьсан гэвэл бид дэлхийд анх удаа блокчэйн дээр суурилсан Хөрөнгийн биржийн платформыг хийсэн. Өнөөдөр дэлхийн том Хөрөнгийн биржүүд блокчэйн болгох гээд ажлаа эхлүүлчихсэн явж байгаа. Харин бид бусдаас түрүүлж блокчэйн технологи дээр суурилсан платформыг хийсэн. Энэ талаараа форумын үеэр зарласан. 

Үүнийг төр засаг, Сангийн яамны удирдлагууд маш нааштайгаар хүлээн авч бидний хийсэн платформыг ашиглах санал тавьсан. Одоо бид Сангийн яамтай хамтран платформыг тестлэх түвшинд ажиллаж байна. 

Энэ дашрамд хэлэхэд, Монгол залуустаа итгэн энэ технологийг ашиглахаар болж буй төр засаг, яам, тамгын газрынханд талархлаа илэрхийлж байна.

Монголчууд дэлхийд анх удаа блокчэйн технологийг ашиглан Засгийн газрын бондоо арилжаалах нь Монгол Улс технологийн хөгжлөөс хоцроогүй гэдгийг дэлхий нийтэд уламжилж буй юм.

-Хэрхэн энэ бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой вэ?

- Биржийн платформ ашиглан эсвэл ухаалаг гар утастай бол UBEX аппликэйшныг татаад хэдхэн секундын дотор бонд худалдаж авах боломжтой. 

-Монголд нэгэн хувийн их дээд сургуулийн бүртгэлийн системд блокчэйн технологи нэвтрүүлэх ажлаа эхэлсэн гэж байсан. Энэ талаар?

-Оюутан нэгдүгээр курст орсон цагаас эхлэн тухайн хүн дээр бүртгэл үүснэ. Тухайн оюутан төгсөх хүртлээ тэр бүртгэлээрээ явна. Төгсөх үед нь дипломынх нь кодыг блокчэйн дээр хийчихнэ. Ингэснээр дипломыг ямар ч эрх мэдэлтэн хуурамчаар үйлдэх боломжгүй болно.  

Төгсөөд ажил олгогч их сургуулийнх нь вэбсайт руу орж оюутны дипломыг хуурамч үгүйг мэдэх боломжтой болно. Мөн диплом нотариатаар батлуулдаг асуудлыг шийдэж, итгэлцэл бий болж  байгаа юм. 

Яг үүн шиг бид блокчэйн технологийг сонгуулийн системдээ ч ашиглаж болно. Ингэснээр нэг хүн нэг л санал өгнө, хэн ч тэр саналыг устгах боломжгүй. Учир нь тухайн хүний санал дэлхийн блокчэйн сүлжээнд орж, олон нийтэд нээлттэй болно.  

Блокчэйн нь технологид итгэх итгэлцлийг нийгэмд авчирч буй том давуу талтай.

- Сүүлийн үед Блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй. Ингэснээр ямар давуу талтай вэ?

- Бүртгэлийн систем дээрээ алдаа гаргадаг бүх төрийн үйлчилгээнд блокчэйнийг нэвтрүүлбэл ямар ч эрх мэдэлтэй албан тушаалтан юуг ч засаж залруулах боломжгүй болно. 

Блокчэйн нь авлига, хээл хахуулийг тогтолцоогоор нь үгүй хийх боломжтой. 

Тухайлбал, барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Мөн газрын гэрчилгээ давхарддаг асуудлыг блокчэйнээр шийдэж болно. 

- Сүүлийн үед танай компанийн хэрэгжүүлж буй төсөл?

- Манай компани Монгол залуучуудын оюуны бүтээлийг Австралийн зах зээл дээр экспортолдог. 

Мөн дэлхийн том  технологийн компаниудын датаг Монголдоо хадгалж байна. Дата хадгалах нь асар их цахилгаан эрчим хүч шаарддаг. Цахилгаан эрчим хүч нь Монгол Улсын том нөөц. Энэ боломжоо ашиглан Монгол Улсыг дэлхийн дата төв болгох зорилготой. Гадны улсын датаг Монгол Улсад хадгалснаараа үндэсний аюулгүй байдал болон бусад улсад өөрсдийгөө сурталчлан таниулах нөлөөтэй.

Сүүлийн үед хийж буй өөр нэгэн зүйл гэвэл бид UBEX-тэй адилхан Comodex гэх уул уурхайн платформыг блокчэйн технологийг ашиглан хийж байгаа. Бид блокчэйн технологийг ашиглан нийгмийн асуудлуудыг шийдэх зорилго тавин ажиллаж байна.

Ер нь одоогоор блокчэйн технологийг ашигласан 7-8 төсөл эхлүүлчихсэн байна.  Эдгээр нь эхнээсээ иргэдийн гар дээр хүрч, Монголчууд эергээр хүлээж авч байгаад туйлын талархалтай байгаагаа илэрхийлье.