Монгол 2017 оны ДНБ-ийхээ 3 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ. Манай улс 3.1 сая хүн амтай, дундаж нас нь 70 (эмэгтэй 75, эрэгтэй 66) болжээ. Бидний 70 хувь нь хот сууринд, 30 хувь нь хөдөөд амьдарч байна.
Дэлхийн хамгийн бага нягтралтай орон учир эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүртээ хүргэх нь тун амаргүй ч, төр засаг бүх чадлаараа хичээж ирлээ. “Эрүүл мэндийн төвийн” 2016 оны тайлангаар монголд 3,500 эрүүл мэндийн байгууллага (төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273, өрхийн эрүүл мэндийн төв 220, ортой хувийн эмнэлэг 234, оргүй хувийн эмнэлэг 1,076) ажиллаж, тэдгээрт 48,173 эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нэг их эмчид 309 хүн, нэг сувилагчид 269 хүн ногдож, эмч сувилагчийн харьцаа 1:1.2 болжээ.
Эмч, сувилагч, эмнэлгийн орны хүрэлцээгээрээ манай улс хөгжиж буй орнууд дотроо толгой цохидог. Гэвч асуудлын гол нь тоондоо биш, чанарт юм. Чанарын хувьд эрүүл мэндийн салбарт хийх ажил маш их байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар муу учраас сүүлийн хориод жилд иргэд гадаад явах нь жил бүр өсч байсан бол 2014 оноос буурах хандлага ажиглагдаж байна. Монголбанкны 2015 оны судалгаагаар жилд 50,000 орчим (давхардсан тоогоор) иргэд гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж, жилд 70-130 сая ам. долларыг эмчилгээний импортоор алдаж байна.
Монгол Улсын эмчилгээний импортын шалтгаан, бүтэц, хандлагыг нарийвчлан судалж, боломжоороо бууруулах нь иргэдийн хөрөнгө санхүүг хэмнээд зогсохгүй, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад бодитой хувь нэмэр болох ажээ.
Монголд эмчилж чадахгүй өвчин эмгэгээс гадна, эмчилж чаддаг өвчнийг ч эмчлүүлэх гэж чанар, тав тух, эрсдэлээ тооцон монголчууд гадаадад “эмчилгээний аялалд” явсаар байна.
1990 онд монголд эмчилж чадахгүй 40 өвчин эмгэгийн жагсаалт гарч байсан бол 2017 онд уг жагсаалтад 26 өвчин эмгэг үлджээ. Эдгээр нь өндөр технологийн багаж, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан, манайд ховор тохиолддог мэс заслын аргаар ихэвчлэн эмчлэгдэх өвчин эмгэгүүд юм.
Эмчилгээний импортын шалтгааныг багцалбал:
а) дээрх жагсаалтад орсон ба ороогүй ч манай улсад хийдэггүй шинжилгээ, оношилгоо, эмчилгээ;
б) ашиглаж байсан техник, технологи нь хоцрогдсон, эрсдэл өндөр оношилгоо, эмчилгээ;
в) хийж чаддаг ч, үйлчлүүлэх дараалал нь урт оношилгоо, эмчилгээ;
г) үйлчлүүлэгчийн итгэл алдах - нэг өвчтөнд өөр өөр онош тавих, шинжилгээний хариунууд зөрөх;
д) тав тухтай үйлчилгээг эрэлхийлэх, халдвар авах эрсдэлээс зайлсхийх зэрэг болно.
Харин нутагтаа хийж байгаа ч, хамгийн их гадагшаа явж эмнэлгийн тусламж авч буй үйлчилгээг төрлөөр нь үзвэл:
Эдгээр шалтгаан, бодит байдлаас болоод манай иргэд ихэнх тохиолдолд БНХАУ, БНСУ, БНЭУ, Тайланд, Сингапур, Тайвань, АНУ, Япон, ОХУ зэрэг улс орнуудад очиж эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Солонгос, Энэтхэгийн томоохон эмнэлгүүдийн төлөөлөгчийн газар УБ хотод олноор байгуулагдаж, 2017 оноос хөдөө орон нутаг руу үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
ДЭМБ-ын 2014 оны тайланд монгол хүн жилд дунджаар эрүүл мэндийн боловсрол, хөрөнгө оруулалт, эмнэлгийн үйлчилгээ, эм, спортоор хичээллэх гэх мэт бүх зардлыг тооцоод 200 ам. доллар зарцуулдаг гэжээ. Энэ үзүүлэлтээр бид 216 орноос 134-т Туркменистан, Украйн, Ангол, Египт, Морокко, Болив, Фижи зэрэг улсуудтай ойролцоо жагсжээ. Энэ үзүүлэлт БНХАУ-д 420, ОХУ-д 893, АНУ-д 9,402 доллар ажээ.
Монголчууд эмнэлэгт очих “дуртай”, нэг иргэн жилд дунджаар 5.5 удаа эмнэлгийн хаалга татдаг (улсын эмнэлэгт 4.7, хувийн эмнэлэгт 0.7 удаа), сонирхолтой нь зарим нь огт очдоггүй байхад, зарим нь эмнэлэгт бараг л амьдардаг ажээ.
Үйлчлүүлэгч талаасаа бол манай иргэд эрүүл мэндээ тэр бүр үнэлэхгүй, түүнийгээ хамгаалахын тулд зохих зардал гаргахыг хүсэхгүй, мөн боломж тааруу тул улсын болон хувийн эмнэлгүүдийн орлого муу, өрсөлдөх чадвар сул, ажилтнуудын цалин хөлс бага хэвээрээ байна.
Монголд олон тооны эмнэлэг байгаа ч чанарын ялгаа их байна. Эрүүл мэндийн даатгалын (ЭМД) үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эм тариа, эмчилгээ, хоолыг оруулаад хоногт 35,000 төгрөгөөр зардлыг тооцдог. Хувийн эмнэлэгт түүний талыг нь олгодог. Энэ дүнд зардлаа багтаахын тулд эмнэлгүүд эм тариа, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, ариутгалын бодис, дээр нь эмч ажилтны цалин хөлснөөс хэмнэдэг. Үр дагавар нь чанаргүйдлийн тойрог үүсгэдэг.
Эмчилгээ, үйлчилгээг өвчтөндөө биш, санхүүдээ тааруулж хийсээр хориод жил явж ирсний үр дүнд эрүүл мэндийн систем бүхэлдээ суларч, иргэдийн итгэл алдарч буйгаас сэтгэл дундуур болсоор, санхүүгийн боломжтой нь гадагшаа явсаар байна.
Улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын өрсөлдөөн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд зөв түлхэц болж эхэллээ. Мөн хувийн эмнэлгүүд төрөлжин мэргэших хандлагатай болж буй нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт ихээхэн шаардлагатай байна.
ЭМД-ын системээ чадавхжуулах, сангаа арвижуулан, өртөг зардлыг тооцоог сайжруулан, нөхөн төлбөрийг улс ба хувийн эмнэлэг гэж ялгахгүй, чанартай эм, хэрэгсэл хэрэглэх боломжоор хангах хэрэгтэй.
Эмчилгээ үйлчилгээний чанарыг нэгдсэн стандарт, бодлого, зохицуулалтаар хангах, чанд хэрэгжүүлэхийг шалгах, сургалт явуулах, чанарын үзүүлэлт ба статистик мэдээллээ зөв тодорхой болгох, эмнэлгийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хувийн улсын гэж ялгахгүй адилхан нөхцөлтэй болгох цаг.
Чанартай эм, хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох, тэр болтол АНУ-ын болон Европын холбооны хүлээн зөвшөөрсөн эм хэрэгслийг импортлохыг хөнгөвчилбөл цаг зав, цаас үрсэн явцыг багасгах юм.
Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг бодитой үнэлэх, үнэлэмжийг нь өсгөх. Иргэдээ гадагш нь явуулах биш, гадаадын чадварлаг эмч, мэргэжилтнийг монголд авчирч хамтран ажиллах, технологи ноу-хаугаас нь суралцах нь зүйтэй.
Эцэст нь гадаадад явж эмчлүүлж буй иргэдийн зардлын тодорхой бага буюу 5 хувийг нөхөн төлөх замаар эмчилгээний импорттой холбоотой бүх мэдээ, мэдээллийг цуглуулан, судалж, дүгнээд, зөв шийдлийг гаргах цаг болжээ.