Индэр    
2018 оны 4 сарын 12
Зураг
Freelance journalist

Бид эрчүүдийн асуудалтай орон

Зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Философич С. Молор-Эрдэнийн “Тэгш Эрх, Тэгш Боломж” шинэ номонд эрх чөлөөтэй амьдархын тулд тэгш эрх хэрэгтэй тухай бичжээ. Тэгш эрх гэдэг тэгш боломж. Тэгш эрхийн долоон дайсантай тэмцэхэд, ялж, давж гарахад энэ ном туслана. Энэ долоон дайсны нэг болох Орхигдуулах бүлэгт “Хүйсийн ялгааны тэгш эрх”ийн тухай бичсэнийг дэлгэрүүлэн ярилцаж, жендэрийн өнөөгийн байдлын тухай түүний бодол шүүмжийг сонслоо.

-Монголд жендэрийн тэгш байдал зөрчигдөж байна уу?

- Биологийн хувьд эр эм хүйс гэж байгаа. Жендэр бол социологийн ойлголт. Монгол бол ерөнхийдөө эрэгтэйчүүд дарлагдаж, эмэгтэйчүүд ноёлсон нийгэм болж хувираад байна. Ганцхан улс төрд л эрэгтэйчүүд олноороо байгаа. Тэр бол улс төрийн намын дотоод дүрэмтэй хамаатай зүйл. Бусад салбарт дандаа эмэгтэйчүүд л байна. Их сургуулийн багш нар дийлэнх нь эмэгтэйчүүд. 

- Яагаад ийм байдалд хүрсэн юм бол…

- Бид нарын мухар сүсэг, зан заншил, уламжлалт ёс гурваас эхлэж байгаа. Манайхан маш их мухар сүсэгтэй учраас  хүүхдийн өөрийнх нь авъяас чадварын хөгжлийг зогсоож дандаа лам дээр очиж мэргэжлийг нь асуун  хувь заяаг нь шийдүүлнэ гэдэг. Эрэгтэй хүүхдийг багаас нь өөрөө өөрийгөө аваад явчихна гэж хаядаг. Эмэгтэй хүүхдүүдээ их дээд сургуульд оруулаад, харин эрэгтэй хүүхэд ихэвчлэн хар ажил хийнэ. Такси бариулна гэх мэт. Эрэгтэй хүүхэд хар ажил хийх ёстой, хар бор ажилдаа сайн гэсэн зан заншилтай улс орон. Эрэгтэй хүүхдэд сурах мөнгө бараг өгөхгүй, охидуудад бол харьцангуй гайгүй. 

Бүх  хүүхэд адилхан боловсролтой болох ёстой. Хөдөөнөөс ах дүү хоёр ирлээ гэж бодоход эрэгтэй нь такси барьж мөнгө олоод эмэгтэй нь их сургуульд сурч байх жишээтэй. 

- Энэ тэгээд хэний  буруу вэ?

- Аав ээжийн, зан заншлын буруу. Манай зан заншил боловсорлын зан заншил биш. Хүнд боловсрол мэдлэг хэрэгтэй гэдэггүй. Бие томтой, чадалтай, тэнхээтэй, мөнгөтэй байх хэрэгтэй гэдэг. Булчин шөрмөс, хар ажил залуу насанд л байдаг. Тэгэхээр эрчүүд боловсорлоос хоцрогдоод, архичин болох аль эсвэл улс төрийн намын тоглоом болж байна. Эрэгтэй хүнд мэдлэг боловсрол хэрэггүй, ном уншаад сууж байх юм бол бос юм хий гэдэг. Ном уншаал хэвтээд байх юм гэдэг. Энэ чинь малчин амьдарлаас л гаралтай. Хүн хөдөлж байгааг л хөдөлмөр, оюуны хөдөлмөрийг хөдөлмөр гэж ойлгож сураагүй. Ном унших чинь хамгийн том хөдөлмөр. 

- Ихэнх тохиолдолд, эрчүүд ажил хийж, эмэгтэйчүүд хүүхдээ хараад гэртээ суугаад байгаа талаар яригддаг…

- Социализмийн үед л тийм байсан байх. Эргэн тойрны эмэгтэйчүүдээ хар л даа. Бүгд эмэгтэйчүүдийн баяр гээд л явчихаж байгаа. Өдөржин гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй тийм ч олон биш . Тэгэж худлаа яриад хэрэггүй. Монгол эмэгтэйчүүд гэртээ сүүгээ самраад суудаг амьдрал устчихсан. Одоо эрчүүд портер бариад л явж байгаа. Их сургуулийн тэнхим дээр очоод  хар л даа. Долоо найман эмэгтэй багш нар, нэг эрэгтэй багш байна. Нөгөөх нь торт хоолонд гүйгээд л байж байдаг. 

 

- Энэ үзэгдэл эмэгтэйчүүдээс болоод байгаа юм уу? 

Эмэгтэйчүүдээс болоогүй. Монгол хүнд сурган хүмүүжил гэж байхгүй. Эсгий гэрийн сурган хүмүүжил бол адуучныг сургаж байна. Нийгмийн амьдралд, математикч, физикч, эмч, багш хүн болоход зориулсан сурган хүмүүжил байхгүй. Ээж бол биологийн ээж болохоос, ёс суртахууны ээж биш шүү гээд би номондоо бичсэн байгаа. Аав бол мэдлэг боловсролын аав биш шүү. 

- Яагаад эрэгтэйчүүд нь  орхигдсон гэж үзэж байна?

- 1990 онд манайх чинь ардчилал нэртэйгээр соёл сэхээтэн хоёроо устгаад одоо буцаад феодализм болсон. Үүний хажуугаар  мухар сүсэг, бөө хөгжлөө. Эрэгтэй хүмүүс ажилтай сэхээтнүүд байсан. Тэд нар одоо ажилгүй болж, эрэгтэй хүний үнэ цэнэ унасан. Тэр сэтгэлээр унасан хүмүүс өвгөнтийн хөндийд архи ууж ихэнх нь үхэцгээсэн. Зарим нь социализмийн үеийн үйлдвэрийг зараад баяжсан феодал аль эсвэл бөхчүүд. Эрэгтэйчүүд ажилгүй болоод гэртээ суугаад мөнгө авчирч өгөхгүй бол эхнэр нь гарахаас өөр аргагүй.

Эр хүнийг хүндэтгэхээ больсон. Үлгэр дуурайлал болохоо больсон. Тэгэхээр нөгөө хүн сэтгэлээр унана, архинд орно. Бүтэц нь уначихсан учраас эмэгтэйчүүдэд хариуцлага ирж байна. Нөгөө нөхрүүд нь архичин болоод, зарим нь өвгөнтийн хөндийд үхчихээр эмэгтэйчүүдийн толгой дээр хариуцлага ирээд  тэд зүтгэсэн. Тийм учраас ялгаа гарчихаад байна. Зарим эмэгтэйчүүд тэр эрчүүдээ хажуудаа аваад явж байгаа байх л даа. Архины эмчилгээнд явуулаад, хувцаслаад, нүүр амыг нь угаагаад, шүдийг нь янзлаад. Ерөнхий дүр зураг ийм байна. Нэг айлд заавал нэг асуудалтай эрэгтэй байдаг биздээ. Зарим гайгүй яваануудынх нь ард эхнэрүүд нь эгч нар нь байна. Эрэгтэй хүүхдийг сурган хүмүүжүүлэх ухаан алга.

- Яаж сурган хүмүүжүүлэх вэ?

- Эцэг эхчүүд  хүүхдүүдэд битгий зааж мэдэмхийр гээд номондоо бичсэн. Ерөөсөө хүүхэд өөрийнхөө хүслийн дагуу мэргэжил эзэмшиж сурах ёстой. Баян босс бол, бөх бол гэж болохгүй. Мундаг бол гэж тэнэгтэж бүр болохгүй. Хүүхэд өөрийн хүсэл мөрөөдлөөрөө л сурах хэрэгтэй, авъяасаа нээх хэрэгтэй. Дуртай юмаа хийж байгаа хүн аз жаргалтай байдаг. Хэзээ ч өөрийнхөө мэргэжил болоод хүслээ хүүхэддээ тулгаж болохгүй. Хэзээ ч өмнөөс нь сонгож шийдвэр гаргаж болохгүй, зөвлөж болно, туршлагаасаа хэлж өгч болно. Хүнтэй суухад нь хүртэл нөлөөлж, бүх юманд нь оролцож хэзээ ч болохгүй.

Орчин үеийн амьдрал эхэлчихээд байхад ламаар суудлаа засуулаад, хэнтэй суухаа заалгаад яваад байж болохгүй. Ийм техник технологи ирчихсэн байтал хэн ч үнэмшихийн аргагүй аймар мухар сүсгийн юмнуудаа ярьсаар л байна. Өнөөдөр эрэгтэй хүмүүст урам зориг өгч ажил хөдөлмөртэй болгох хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх, насанд хүрэгчийн боловсролтой болох, англи хэл сурах, ном унших хэрэгтэй. Тэгэхгүй бол цүдийсэн, цагаан сараар дээл өмсч золгосон, юм ярихын эцэсгүй тийм л  эрчүүд  байна.

- Гэртээ хүүхдээ харж аль эсвэл цэвэрлэгч хийгээд явж байгаа эрчүүдэд нийгэм их шүүмжлэлтэй хандаж шооглодог, эргээд тэр хүмүүс энэ байдлаасаа ичдэг тал ч бий…

- Хүний эрх чөлөөнд халдаж байна. Өөрийнхөө хүслээр, ажил амьдарлын шаардлагаар хүн яаж ч болно. Тэр гадны хүмүүсийн нөлөөлөлд орж гутарч тэнэгтэх ямар хэрэг байна. Найзынхаа хэлснийг тоох хэрэггүй. Найзтайгаа баярлаж шар айраг уу, тэгээд л баяртай. Харин хамтран ажилдаг, сонирхол нэг, мэргэжил нэгтэй хүмүүстэйгээ найзлаад явж болно. Ямар ч утгагүй хамт баяр тэмдэглэдэг, найз гэсэн нэртэй хэнд ч хэрэггүй , гайтай хүмүүсээс хол явах хэрэгтэй. Хүслээрээ хүүхдээ хараад байж байхад найз гэж ирээд хүн доромжилно гэдэг бол тэгш эрхийг зөрчиж халдаж байна. Нөгөөх нь ч тэгш эрхээ мэдэхгүй гутарч тэнэгтэж болохгүй. Амьдарлын шаардлагаар тухайн цаг хугацаанд хүн хүүхдээ харж болно. Гэхдээ эмэгтэйчүүд хажуугийнхаа  олон хүмүүсийг хохироож, өөрийнхөө золиос болгож болохгүй. Хажуудаа байгаа хүмүүсийн тэгш эрхийг эвдээд супер болохын тулд нөхрөө, эхнэрээ, хүүхдээ золиослож болохгүй.

Бид эр хүний асуудалтай орон. Эрчүүдийн тэгш эрх зөрчигдөж байгаа улс үндэстэн. Энэ асуудлыг шийдэхгүй бол эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрхтэйгээр хамтран амьдрах боломжгүй болно. Монгол эмэгтэйчүүд гадаадуудтай их суух байх. Эр хүнгүй болчоод байгаа болохоор л суугаад байгаа. Тэрнээс дажгүй эрчүүд олон байсан бол тэгэхгүй.

- Бидэнд ямар шийдэл, цаашдын төлөвлөгөө  хэрэгтэй вэ? 

- Одоо хамгийн түрүүнд бүх их сургуулиуд эрэгтэй професоруудынхаа квотыг гаргаж ирэх хэрэгтэй. Оюутнуудад бас квот тогтоож эрэгтэй хүүхдийг нэмэх ёстой. Тодорхой нэг үе л тийм байж байгаад, баланс нь бариад ирэнгүүт больчихно. Баланс барихын тулд авч байгаа яаралтай арга хэмжээ, богино хугацааны шийдэл. Онцгой байдал зарлаж байгаатай адил. Бидэнд сэхээтнүүд хэрэгтэй байна. Эмэгтэй хүүхдүүд ээж ааваасаа мөнгө авч сургуульд орж байна. Эрэгтэй хүүхдүүдэд бага мөнгө өгч байна. Элдэв зүйлд уруу татагдахдаа амархан байна. Компьютер тоглоомын газар шагайгаад үзэхэд л мэдэгдэнэ дээ. Эрэгтэй хүүхдүүд л сууж байгаа. 

- Эрэгтэйчүүдийг юу гэж уриалах вэ? 

- Богино хугацаандаа квот. Өөр шийдэл одоохондоо байхгүй. Хүмүүжил дээр бол битгий заа,  битгий мэдэмхийр. Хүүхдийн хүслийг битгий боож урдуур нь ор. Олимпиадуудыг болиул. Энэ бол атаархал, дундажуудыг л үйлвэрлэнэ. Гэр бүл дотор эцэг эхүүд хэзээ ч хүүхдээ мундаг бол гэж дайрч шахаж болохгүй. Монголд бол эрчүүдийн тэгш эрхийг хамгаалах өдөр зарлах болчихоод байна. Эрчүүдийг дэмжих өдөр, эрчүүдийг боловсролтой болгох хөтөлбөр ч гэдэг юмуу. Эрчүүд өөрсдөө л тэмцэх хэрэгтэй. Ийм зүйл даруй шаардлагатай болсон. Францад эмэгтэйчүүд оюутан болох гээд анхны эмэгтэй оюутан гээд тэмцэж байсан. Манайд чинь эрэгтэйчүүдээ оюутан болгох хэрэгтэй байна. Ээж аавууд үнэнээрээ байх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ ээж нь хэлдэг. Аав нь ч гэсэн би мэдэхгүй, аавынх нь боловсрол дутуу гээд хэлж чаддаг байх хэрэгтэй. 

 

Жич: “Тэгш Эрх, Тэгш Боломж” шинэ номын танилцуулга лекц 2018.4.13-ний өдрийн 18:30 цагт, Улаанбаатар зочид буудлын 6 давхарт болно. Бүртгүүлэх дугаар 99980004