Индэр    
2018 оны 4 сарын 2
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

Lifestyle diseases буюу Амьдралын хэв маягийн өвчнүүд гэж юу вэ?

Зураг

Хувь хүний болон бүлэг хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаан үүсдэг өвчнүүдийг амьдралын хэв маягийн өвчнүүд гэнэ. Эдгээр өвчнүүдэд судасны хатуурал, зүрхний өвчин, таргалалт, чихрийн шижин хэв шинж II, тамхитай холбогдох эмгэгүүд, зарим төрлийн хавдрууд болон цаг бусын үхэл орно. Гадаад явдал зөв бол дотоод явдал мөн зөв хэмээн Догшин хутагт Данзанравжаа сургасан байдаг.

Бидний өмссөн өмд гутал, барьж буй цүнх, эдлэл хэрэглэл бидний гадаад байдалдаа хэр ач холбогдол өгдгийн илрэл бол  бидний идэж буй хоол, хийж буй дасгал хөдөлгөөн, ходоодонд орж буй бүхэн биеийн эрүүл мэнддээ хэр их ач холбогдол өгч буйн илрэл юм. Та өдөр тутамдаа хийсэн сонголт бүрээ өөрийнхөө эрүүл мэндэд өмсгөөд харвал ямар байх бол? Халловены баярын бүх юм нь таарсан сайхан чөтгөр стайл байна уу эсвэл бурхан багшийн гэгээн дүр өөдөөс тань мишээж байна уу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт нас баралтын шалтгааны 61% нь архаг хууч өвчин хэмээн үзсэн ба энэ тоо 2030 онд 70%-д хүрнэ хэмээн таамаглаж байна. Архаг хууч өвчин гэдэг нь бараг л амьдралын хэв маягаас улбаатай өвчнүүд юм. Эдгээр өвчнүүдийн шалтгааныг хянах боломжтой болон хянах боломжгүй гэж ангилдаг. Хянах боломжтой шалтгаанд буруу хооллолт, хөдөлгөөний хомстол, архи тамхи мансууруулах бодисын хэрэглээ, стресс зэрэг орно.

Хянах боломжгүй шалтгаан нь нас, хүйс, арьс өнгө болон удамшлын хүчин зүйлүүд юм. Таргалалт, цусны даралт ихсэх, цусан дахь сахар, холестерины хэмжээ ихсэх, таргалалт зэрэг нь амьдралын хэв маягийн өвчнүүдийн илрэл буюу таны эрүүл мэнд Халловены баярын бүх юм нь таарсан сайхан чөтгөр стайлтайн шинж.

ТАРГАЛАЛТ 

 

Таргалалт нь бие махбодын эд эрхтэн, арьсан дор өөхөн эд хуралдаж, биеийн жин нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Монголчуудын 54.4 хувь нь илүүдэл жинтэй ба таргалалттай,19.7 хувь таргалалттай. Бид таргалалтаараа дэлхийд 19-д жагсаж байна.

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд: Таргалалт нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 49%, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэлийг 38%, хавдраар нас барах эрсдэлийг 19% иар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна. Таргалалтаас үүдэн гарах зардалд Америкийн Нэгдсэн Улс нийт эрүүл мэндийн салбарын зардлынхаа 9%-ийг зарцуулдаг бол Бразил 3-5.8%, Хятад 3.4%, Япон 3.2%, Канад 2.9 хувьтайгаар тайгаар удаалжээ.

Та таргалалттай эсэхээ биеийн жин, өндрийн хэмжээс хэр нийцэж байгаа эсэхийг тодорхойлдог  Биеийн жингийн индексээ тооцож үзсэнээр мэдэх боломжтой юм.

Биеийн жингийн индексийг тодорхойлох  томьёо

БЖИ= жин(кг) : (өндөр х өндөр), өндрийн хэмжээг метрээр

Хэрвээ та 70кг жинтэй 175см өндөртэй бол БЖИ= 70: (1.75x1.75) буюу 22.8 болно.

БЖИ

Үнэлгээ

18.5 буюу түүнээс бага

Туранхай

18,5- 24,9

Хэвийн жин

25,0 - 29,9

Илүүдэл жинтэй

30,0 - 34,9

Таргалалт I  зэрэг

35,0 - 39,9

Таргалалт II зэрэг

40.0 буюу түүнээс их

Таргалалт III зэрэг

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ

Хөгшин залуугүй л цусны даралт гэх болж. Ер нь найзаа долоо хоногт хоёр удаа артерийн даралтыг хэмжихэд систолын даралт (дээд даралт) 140 мм.муб, доод даралт 90мм.муб-с хэтэрсэн байвал артерийн даралт ихэссэн гэж үзээд байгаа юм. Монголд Артерийн даралт ихсэлтийн тархалт нийт хүн амын дунд 27.5 хувьтай байдаг.  Бидний баагиулдаг тамхи, цайндаа хийдэг давс артерийн даралт ихсэлтийн гол шалтгаануудад ордог.

2013 онд хийсэн судалгаанаас үзэхэд нийт хүн амын 27.1%, эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тус тус тамхи хэрэглэдэг гэсэн байна. Тамхи эрүүл мэндэд хортой, эдийн засагт бүүр балагтай. Дэлхийн улс орнуудад тамхинаас үүдэлтэй зардал нийт эрүүл мэндийн зардлын 1.5-с 6.8% -г эзэлдэг байна.

Давсны хувьд, та төсөөлдөө, нэг жижиг цайны халбага давсыг нэг суурин дээр 50 мл бүлээн усанд хутгаад шууд ууж байна гээд. Аймааар уу, шорвог байгаа биз. Бага багаар хэрэглээд байгаа учир шорвог нь ч мэдэгдэхгүй, бас олигтой хордож ч өгөхгүй явсаар Монгол хүний хоногт хэрэглэх давсны дундаж хэрэглээ хоногт 11.1 грамм болчхож. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй 2.2 дахин их хэмжээ юм

ЦУСАН ДАХЬ ГЛЮКОЗЫН ХЭМЖЭЭ ИХСЭХ 

Та өдөрт хэдэн чихэр иддэг вэ? Кофендоо хэдэн шоо дөрвөлжин ёотон хийж тамшаалан уудаг вэ? Ам тань их цангаад, шээс тань их хүрээд, их идмээр санагдаад байна уу? Чихрийн шижинтэй юм биш биз. Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин.

Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог ба энэ нь гол оношилгооны шалгуур үзүүлэлтүүдийн нэг юм. Дэлхийн хэмжээнд 11 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй бол Монголд далд хэлбэрийн чихрийн шижинтэй буюу өлөн үеийн цусан дахь глюкозын хэмжээ нь ихсэх эрсдэлтэй (захын цусан дахь глюкозын хэмжээ 5.6-6.0ммоль/л) 25-64 насны хүн амын тархалт 8.3 хувь байна.

ЦУСАН ДАХЬ ХОЛЕСТЕРИНЫ ХЭМЖЭЭ ИХСЭХ

Би багадаа хонины сүүлний өөх (хонины сүүлний тосноос ханаагүй тосыг ялган авахад гарц нь 63 хувьтай байсан ) идэх их дургүй хүүхэд байж. Тэгсэн хамгийн хэрэгтэй зүйл байсан байгаа юм. Цусанд агуулагдах өөх тосыг холестерин гэдэг. Холестерин нь цусанд их хэмжээгээр хуримтлагдвал зүрхний шигдээс, харвалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.

Хүнд хоёр төрлийн холестерин байдаг ба Бага-нягтралтай липоуураг буюу найзалж боломгүй муу холестерин, Өндөр нягтаршилтай липоуураг буюу мөнхөд найзлах хэрэгтэй сайн холестерин. Муу холестерин нь элэгнээс холестериныг түүний хэрэг болж буй эд эсүүд рүү хүргэдэг. Хэрэв эд эсүүдэд хэрэглэхэд нь хэтэрхий их холестерин байвал энэ нь артерийн хануудад бөөгнөрч өвчлөл үүсгэдэг.

Харин сайн холестерин нь холестериныг эд эсүүдээс гадагш нь гаргаж буцаан элэг рүү хүргэдэг, ба энд тэрээр нэг бол задран устаж эсвэл биеэс ялгадас бүтээгдэхүүн мэтээр гаргагддаг. Монголд судалгаанд хамрагдсан хүн амын 61.9 хувь цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй эсвэл ихэссэн хэмээн судлагдсан. 

 

ДҮГНЭЛТ 

Бид дэлгүүр ороод хувцас авахдаа хэд дахин өмсөж үзэж, тайлж бас дахин өмсөж гэртээ хариад болохгүй бол буцаан тун хянамгай ханддаг. Харин та дэлгүүр ороод оройн хоолоо бэлтгэх хүнсээ авахдаа хянамгай хандаж чаддаг уу? Та бүтээгдэхүүний найрлага дахь давс, сахар, өөх тосны хэмжээг нарийвчлан хардаг уу? Энэ нь миний эрүүл мэндэд хэрэгтэй юу хэмээн тунгаан боддог уу?

Дээр бичигдсэн цусны даралт ихсэх, цусан дахь сахар, холестерины хэмжээ ихсэх, таргалалт зэрэг нь бид амьдралын хэв маягаа өөрчилж, зөв сонголт хийснээр бууруулах боломжтой архаг хууч өвчний анхдагч илрэлүүд юм. Хэрвээ бид архи тамхинаас татгалзаж/ зохистой хэрэглэж, зөв хооллож, стресс багатай амьдарч чадвал дээрх өвчнүүдээр нас барах эрсдэлээ буруулж чадна гэсэн үг.

АНУ-д 1998–2012 оны хооронд 50–89 насны 14,000 хүнийг судлахад тамхи татдаггүй, таргалалтгүй хүмүүс 4–5 жилээр урт насалж байжээ. Мөн огт архи уудаггүй, тамхи татдаггүй хүмүүс 11–12 жилээр урт насалж буйг тогтоосон байна. Эрүүл амьдралын хэв маягтай байснаар урт удаан аз жаргалтай амьдрах боломжтой. Эрүүл сонголт, Эрүүл энхийг хүсье.