Индэр    
2018 оны 3 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"ТАНЫ ХҮҮХЭД ХАРАНХУЙ ШӨНӨӨР хурдан морь унаж яваад МАШИН МӨРГӨЖ ухаан алдаж унасан"

Зураг

Жил бүр олон хэвлэл мэдээллийн байгууллага өвөл, хаврын хүйтэн болоод тоосжилт ихтэй улиралд хурдан морь уралдуулахгүй байх дээр сэдэв хөнддөг, бичдэг.

Аль ч хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн архиваас шүүж үзвэл хурдан морины уралдааны үеэрх гэмтэж бэртсэн хүүхдүүдийг хамгаалах, тэдний эрхийн асуудлаар хөндсөн мэдээ, сурвалжлага гарах нь гарцаагүй биз.
 
Харамсалтай нь, энэ асуудал огт шийдэгдэхгүй одоо бүр харанхуй шөнөөр морь уралдуулдаг болжээ. 

Өнгөрсөн жилийн яг өдийд буюу 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нууж хийсэн Ховд аймгийн Дөргөн суманд нэгэн буддын сүмийн "Майдар эргэх ёслол" гэх шашны зан үйлийн үеэрх нутгийн иргэдийн зохион байгуулсан хурдан морины уралдаанд морь унасан 11 настай П гэх хүүхэд мориноосоо унаж хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан мэдээллийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх тухайн үед баталж байв. 

2017 оны гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр өнгөрсөн хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа нь гэмтэл аваад байсан талаар бид мөн мэдээлж байлаа. 

Өнгөрсөн жилийн туршлага дээр үндэслэсэн үү яасан ямар ч байсан Засгийн газраас энэ жил хаврын уралдаанд 12 наснаас дээш хүүхэд уралдуулах тогтоол гаргажээ. 

Харамсалтай нь энэ тогтоол нь мөн л хэрэгжсэнгүй. 

2018 оны гуравдугаар сарын 18-нд болсон "Дүнжингарав" уралдаанд нийт 16 хүүхэд мориноос унаж гурван хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэл авсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) мэдээллээ.  Эдгээр хүүхдийн хоёр нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж уралдааны үеэр машин мөргөж унаад ухаан алдсан гэж ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдэгдлээ. 

А.Энхбаатар "Уралдааны зохион байгуулалт маш муу байсан гэдгийг хэлмээр байна. Тэнд байгаа цагдаагийн алба хаагчид хаа хаанаа хүрэхгүй, хяналтаа тогтоож чадахгүй байсан.  Дугаар нь мэдэгдэхгүй машинууд морьтойгоо хамт нэг зам дээр ямар ч хяналтгүй орж ирж байсан.  Цаг агаар хэдий дулаан байсан ч орчны тоосжилт өндөр байсан. Уралдаж байсан хүүхэд урдаа явж байгаа тээврийн хэрэгслийг харахгүй очиж мөргөсөн гэхээр л ойлгомжтой" гэв. 

Түүний өгсөн энэ тодруулгаас үзвэл жил бүр хэвлэл мэдээлэл, хүний эрхийг хамгаалагчид, хуульчид уламжлал нэртэй хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй энэ бусармаг зугаа цэнгэлээ зогсоохыг шаардсаар байхад байдал улам дордон харанхуй шөнөөр ч хамаагүй айлын хүүхдүүдийг хурдан морины нуруун дээр мордуулаад машин тэргүүдтэйгээ холиод туусан дүр зураг буух аж.  Нөхцөл байдал улам дордсоор. 

Харамсалтай нь иймэрхүү орчин цагт хоцрогдсон уламжлал нэрээр зөвхөн өөрсдийнхөө гаж таашаалыг хангах зугаанд нийтийн сонгуульт алба хашдаг олон албан тушаалтан хамтран нэгдэж бүр мэргэжлийн холбоодыг нь толгойлж байна. 

Бүр тодорхой хэлбэл, МАН-ын дарга асан, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд гэж хүн өнөөдөр Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгааг Монголын ард түмэн бүгд л мэддэг.  Түүний оролцоо нөлөөг батлах мэт М.Энхболдын хүү Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар өчигдрийн уралдаанд хурдан морио уралдуулжээ. Энэ талаар Үндэсний Олон нийтийн телевизийн сайт ч мэдээлжээ. 

М.Энхболд тэргүүтэй олон ч төр засагт ажилладаг, олны танил хүн уяачдын холбоог тэргүүлж байна. 

Хамгийн инээдтэй бөгөөд харамсалтай нь энэ бүгдийг МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА БОЛОХ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НЬ ТЭРГҮҮЛДЭГ. 

Олон нийтийн дургүйцлийг өдөөдөг, олон хүүхдийн эрхийг зөрчиж буй улаан цагаандаа гарсан энэ тэнэглэлээ зүгээр яагаад ядаж ТЭВЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ?!

Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар тогтмол байр сууриа илэрхийлж ирсэн хуульч О.Мөнхсайхан "Одоо бүр хүүхдээр хурдан морийг хахир хүйтэнд төдийгүй хар шөнөөр унуулж зугаацдаг болоо юу.  Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй нь хэнд ч ойлгомжтой. Өвөл, хавар хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрх зөрчих төдийгүй уламжлал биш гэдгийг шүүхийн шийдвэр тогтоосон.

Шөнө уралдуулах бол уламжлал биш төдийгүй жинхэнэ Монголоо алдсан, хүүхэд адуу мал тамласан үйлдэл. Хурдан морины уралдааны тухай тусгайлсан хууль гаргах шаардлагатай гэдэг нь жил ирэх тусам тод харагдаж байна. Уг хуулиар өвөл, хавар хурдан морийг хүүхдээр унуулахыг ХАТУУ хориглоод зуны уралдааны асуудлыг нарийвчлан зохицуулах, уг хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй" гэсэн байр сууриа илэрхийлээд байна. 

Өвөл, хаврын цагт албан бусаар аймаг, сумдын нэрэмжит олон янзын хурдан морины уралдааныг нууж хийдэг. Нууж хийдэг учраас бэртсэн, гэмтсэн унаач хүүхдүүдийн тоо баримтыг гаргах нь маш хүндрэлтэй байдаг. Харамсалтай нь, хүүхэд нас барж л нуугдмал уралдаанууд ил болж байна. УИХ-ын даргын хүүтэй нийлээд уралдаан зохион байгуулаад байхад аймаг, сумдын, элдэв жижиг уралдаанууд одоо бол тасралтгүй явах биз ээ. 

"ТАНЫ ХҮҮХЭД ХАРАНХУЙ ШӨНӨӨР хурдан морь унаж яваад МАШИН МӨРГӨЖ ухаан алдаж унасан" гэвэл ямар байх вэ. Зүгээр л САЙН БОД.