2018 оны 3 сарын 7
Entrepreneur

Агуу ээжүүдийн хүчирхэг илтгэл

Монголын Дауны холбооны санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх, асран хамгаалагчид болон боловсрол, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-ний өдөр Дархан, Эрдэнэт хотуудад амжилттай зохион байгуулагдлаа. 
Энэхүү сургалтанд Монголын дауны холбоо, Монголын аутизмын холбоо, Монголын тусгай олимпийн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Дархан салбарын удирдлагууд сургалт явуулж, Монголын дауны холбооны сэргээн засалч их эмч Х.Байгаль ганцаарчилсан үзлэг хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө. Дарханы Найрамдал JCI сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг, сургалт хүмүүмжлийн “Тэмүүлэл” төслөө танилцуулж, орон даяар хэрэгжүүлэх уриалга гаргав.

Монголын дауны холбоо 2017 оны сүүлээс эхлэн хөдөө орон нутгуудад, үүнд Дундговь, Сэлэнгэ аймгуудад энэхүү сургалтыг зохион байгуулсан  билээ. Жил болгоны 03-р сарын 21-ний олон улсын дауны өдрийг угтан Дархан-Уул, Орхон аймгийн эцэг эхчүүдэд хөгжлийн бэрхшээл тэр дундаа оюуны бэрхшээлийн талаарх мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцов.

Монголын дауны холбоо, Монголын аутизмын холбоо, Монголын тусгай олимпийн хороо хамтран нийслэлийн Чингэлтэй, Сонгино-Хайрхан, Хан-Уул дүүргүүдийн Эрүүл мэнд, боловсрол, халамжийн ажилтнуудыг чадваржуулах, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой сургалтуудыг зохион байгуулсан  ба оролцогсдын зүгээс өндөр сэтгэгдэлтэй байгаа билээ. 

Энэхүү сургалтын үеэр Монголын тусгай олимпийн хороо Дархан-Уул, Орхон аймгийн эрүүл мэндийн газруудтай хамтран ажиллах гэрээг байгуулан, эдгээр аймгийн харъяа оюуны бэрхшээлтэй хүмүүс, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах, шаардлагатай эмчилгээг орон нутагт хийх, цаашид тэднийг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд оруулах, эрүүл мэндийн аливаа үзлэгт хамрагддаггүй явдлыг таслан зогсооход хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжин тусалсан Дархан-Уул, Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт эцэг эх, асран хамгаалагч нарын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Түүнчлэн орон нутагт хийж буй эдгээр сургалтуудыг дэмжин тусалж буй Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын удирдлага, нийт ажилчдад олон зуун хүүхдүүд, эцэг эхчүүд баярлалаа гэж дамжуулсныг энэхүү мэдээгээр уламжилж байна. 

Даунтай, аутизмтай хүүхдүүдээ үлгэр жишээ өсгөж буй ээжүүдийн сэтгэгдэл, туршлага, олон нийтэд хандан чин зүрхнээсээ хэлж буй уриалгыг доорх бичлэгээс та бүхэн хүлээн авч үзнэ үү!

ВИДЕО:

 

x