2017 оны 5 сарын 25
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Нью Акландаас Монгол хүртэл ...

 

“Бидний харж байгаа энэ том нүх буюу нүүрсний олборлолт хийж байгаа газар гурван жилийн дараа гэхэд битүүрч, таван жилийн дараа гэхэд өвс ногоо халиурсан, онгон төрхөндөө буцаж улмаар үхрийн аж ахуй эрхлэхэд бэлэн болно доо” гэж Нью Хоуп группын Нью Акланд нүүрсний уурхайн менежер Дэвид Айдуэр ярихад нь Монголын сэтгүүлч нар "За арай ч үгүй байлгүй дээ" гэж гайхацгаана.

Үнэхээр тус уурхайн нөхөн сэргээлт гэж үлгэр жишээ болохуйц. 

Уурхай гэхээр Монголтойгоо адил тоос, шороо боссон, хуурай газар гэж төсөөлж байвч Австралид энэ ойлголт эсрэгээрээ. Бараг л амьтны хүрээлэнд зочилсон мэт. 

Юу гэхээр уул уурхайн олборлолт явуулж буй хэсэгтээ залгаа нөхөн сэргээсэн талбайд имж, тогос, туулай, мэлхий зэрэг амьтадтай бид таарав. 

Тэнд харсан мэлхийний өнгө нов ногоон байна гэж бид ярьж байтал хажуунаас уурхайнхан “Мэлхий ийм гоё байгалиараа өнгөтэй байгаа нь энэ дэх экологийн тэнцвэрт байдал сайн хангагдаж буйн илрэл” гэсэн нь үнэхээр анхаарал татлаа. 

 
Нью Акландын уурхайн үхрийн аж ахуй,

Нью Акланд нүүрсний уурхай нь нөхөн сэргээлтээ олборлолтойгоо зэрэгцүүлэн явуулдаг. Улмаар нөхөн сэргээсэн газраа үхрийн аж ахуй эрхэлдэг юм байна. 

“Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Монголын сэтгүүлчид Австрали Улсын Квийнсланд мужид туршлага судлах сургалт, дадлага хийж хэвлэл мэдээлэл болон уул уурхайн компаниудтай танилцсан юм.  Бид нүүрсний Нью Акландын уурхай, Рио Тинто групп, метаны хийн хоёр ч уурхай болон орон нутаг, мужийн төр захиргааны уул уурхайн салбар хариуцсан байгууллагуудтай мөн уулзаж, мэдээлэл авсан юм.

Нэг. Австралийн УУЛ УУРХАЙН САЛБАРЫН амжилтЫН НУУЦ

Манай улсын хувьд дэд бүтэц дутмаг дээрээс нь маргаан, талцал ихтэй сэдэв учраас Монголын сэтгүүлчдэд Австрали төмөр замын асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг сонирхолтой байв. 

Австралид уул уурхайн бизнесээр хамгийн томд тооцогдох Квийнсланд муж нийтдээ дөрвөн далайн боомттой. Тэдгээртээ хүрэх төмөр замуудтай. Төмөр замуудыг нийт 32 компани хуваан эзэмшиж тээвэрлэлтээ хийдэг.  

Төмөр замыг бүгдийг Засгийн газрын зүгээс барьсан ч энэ төлбөрөө компаниудаас гаргуулах замаар ашигтай ажиллаж чаджээ. 

“Нүүрсний орд боомтоос 200-300 км-ийн зайд байдаг учраас ганц нэг компани төмөр зам тавиад ямар ч ашиггүй байдаг. Тиймээс төрийн оролцоо ордог. Төр компаниудтайгаа гэрээ байгуулдаг. Таван жилийн хугацаанд төмөр зам ашиглах эрх өгдөг. Жишээ нь төмөр замыг засахад жилд нэг тэрбум ав.доллар зарцуулдаг. Компаниудтайгаа гэрээ байгуулаад хэчнээн хэмжээний төлбөр төлөх вэ гэдгээ тогтдог. Төрийн бие даасан хөндлөнгийн шинж чанартай байгууллага үүнийг хариуцаж ажилладаг. 

 Төрөөс төмөр замаа эзэмшиж байгаад найман жилийн өмнөөс хувьчилсан. Төмөр замаа хувьчилсан ч гэсэн компаниуд хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг төр тогтоодог. Үнээ тогтоох үйл явц маш нарийн төвөгтэй, бүх хүний дургүйг хүргэсэн ажил байдаг. 

Тэгсэн ч компаниуд зохицоод мөнгөө төлөөд төмөр замаа ашигладаг. Австралийн нүүрсний экспорт яагаад ийм хүчирхэг байдаг вэ гэхээр тээврийн асуудлаа бид маш бага өртгөөр шийдчихдэг юм. Зарчим нь хооронд нь өрсөлдүүлэх замаар үр ашигтай, бага өртгөөр нүүрсээ тээвэрлэдэг нь экспортын зах зээлд сайнаар нөлөөлдөг” гэж Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер ярьж байлаа. 

 
Квийнсландын газрын зураг, төмөр замуудыг харж болно,

Квийнсландын тухайд нүүрсийг ачааны машинаар зөөхийг зөвшөөрдөггүй байна. Гэхдээ мэдээж төмөр зам хүртэлх багахан зайнд хар замаар тээвэрлэлт хийдэг. Тухайлбал, бидний зочилсон Нью Акландын уурхай 18 км хар замаар нүүрсээ тээвэрлэн галт тэргэнд ачуулдаг байна. 18 км замыг тус компанийхан өөрсдөө барьсан бөгөөд арчилгаа, засвар үйлчилгээгээ мөн өөрсдөө хариуцаад явдаг гэнэ. 

Хэрэв уурхай тухайн орон нутгийн хар замыг ашиглахаар бол тодорхой төлбөр төлөх, засвар үйлчилгээг нь хариуцах, эсвэл шинээр зам барих зэрэг арга замуудаас аль нэгийг нь сонгож орон нутгийн удирдлагатай нь тохиролцдог аж. 

Хамгийн гол нь нүүрс боомт хүртэл төмөр замаар тээвэрлэгдэх ёстой. 

Тиймээс ч “Уул уурхайн олборлолт явагдахаас өмнө дэд бүтцийн энэ бүх асуудлаа тодорхой болгочихсон хойно зөвшөөрөл олгож компани ажилдаа ордог” гэж Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ангела Харпер ярьсан юм. 

Монгол Улсын хувьд ч дөрвөн боомтоор нүүрсээ экспортолж байгаа. Энэ талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын (АМГТГ) мэргэжилтэн Б.Алтсүхийн яриаг дараах бичлэгээс сонсоорой.  

Энэ тухай яриаг сонсоно уу:

Хоёр. Квийнсландын Засгийн газар бүх баялгийн эзэн

- Холбооны Засгийн газар
- Мужийн Засгийн газар
- Орон нутгийн Засгийн газар гэсэн гурван түвшний засаглал Австралид үйлчилж байна. 

“Орон нутаг, ихэнх тохиолдолд мужийн засгийн газар уул уурхайн асуудал хариуцдаг ч байгаль орчин, усны асуудлыг Холбооны Засгийн газар хариуцдаг. Квийнсланд мужийн Засгийн газрын хувьд өөрийн газар нутаг дээрх бүх баялгийн эзэн. 

 
Квийнсландын Уул Уурхай, Байгалийн Нөөцийн Газрын Геологи Хайгуулын Хэлтсийн захирал Саймон Кроуч,

Уул уурхайн хайгуул, олборлолтын компаниуд биднээс түрээслэж ашигладаг гэсэн үг” гэж Квийнсландын Уул Уурхай, Байгалийн Нөөцийн Газрын Геологи Хайгуулын Хэлтсийн захирал Саймон Кроуч хэлсэн юм. 

Өөрөөр хэлбэл, Мужийн хувьд Холбооны Засгийн газраас ямар ялгаатай вэ гэхээр уул уурхайн эзэмших эрхийг олгож байдаг болохоор түрээсийн орлого, ашигт малтмал ашигласаны орлогыг муж олдог аж. 

 “Австралид уул уурхайн бизнес эрхлэхэд уугуул иргэд, байгаль орчин, газар эзэмшигчид, хөдөө аж ахуйн бүх л хэрэгцээг хангаж байж энэ төрлийн бизнесийг эрхэлж байна. Уугуул иргэд, төрийн бус байгууллагууд тэмцсээр байдаг нь УУ-н бизнесийг саармагжуулсаар байна” гэж хатагтай Ангела Харпер ярьсан нь Монгол ч гэлтгүй уул уурхайн бизнес хаана ч хамгийн их асуудалтай сэдэв байдаг нь харагдана. 

Нөхөн сэргээлт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ, мониторонгийг компаниуд өөрсдөө мэргэжлийн байгууллагаар хийлгэж Засгийн газартаа хүргүүлэх ёстой. Нөхөн сэргээлтийн хувьд уул уурхайн компаниуд Нью Акланд шиг олборлолттойгоо зэрэгцээ хийгээд явахаас гадна нөхөн сэргээлтийн эрсдлийн бонд банканд байршуулдаг. Хэрэв компани ямар нэгэн байдлаар нөхөн сэргээлтээ хийгээгүй тохиолдолд төр банканд байршуулсан мөнгөөр нөхөн сэргээлтийг нь хийнэ.

Монголд ч мөн энэ загвараар явдаг талаар АМГТГ-ын мэргэжилтнүүд хэлсэн бөгөөд харамсалтай нь манайд зарчмаараа нөхөн сэргээлт хийгдэж чадахгүй байгаа талаар ярьж байлаа. 

Тодруулбал, хуулийн дагуу нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг Байгаль орчны санд төвлөрүүлдэг бөгөөд энэ нь одоогоор 11 тэрбум төгрөг болсон боловч эвдэрсэн газартайгаа харьцуулахад бага мөнгө аж. Тиймээс ч нөхөн сэргээлт, уурхайн хаалтын тухай холбогдох хууль, дүрэм журмыг зайлшгүй сайжруулах шаардлага Монголд тулгарч байгаагаа ярьж байв. Гэхдээ холбогдох хууль дүрмийг сайжруулах ёстой гэж яриад бид багагүй хугацааг үдэж байгааг хэлэх хэрэгтэй.

Энэ тухай яриаг сонирхож байвал сонсоно уу:

Гурав. Энэ бүх баялгийг нийт газар нутгийн ердөө 0.1 хувиас бүрдүүлж байгаа бол Монголд түүнээс ес дахин их... 

Квийнсландын хувьд 32 төрлийн ашигт малтмал олборлож байна. Нутгийн баруун хойд хэсгээрээ нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь төвлөрсөн. 

Хэдийгээр олон төрлийн ашигт малтмалын нөөц, олборлолтоороо дэлхийд эхний байруудад ордог ч тус мужийн хувьд борлуулалт, орлогоороо ч хамгийн их жин дардаг түүхий эд бол яах аргагүй нүүрс юм.

 
Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер,

Тиймээс ч энэ төрлийн бүтээгдэхүүний ирээдүйн үнэ ханшийн талаар бид сонирхоход Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер “Эдийн засаг өсөх тусам гангийн хэрэгцээ өсдөг. Цаашид ч гэсэн Энэтхэг, Хятад, Вьютнам, Индонез улсад гангийн хэрэгцээ их байх хандлагатай учир манай коксжих нүүрсний хэрэглээ ч өндөр байна байх” гэж байлаа.

Мөн үе үе болдог хар шуурга, үерээр “Австралийн Засгийн газар ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Нүүрсний үнэ буусан үед компаниуд харгис цомхотгол хийж, зардлаа бууруулсан. Үнийн хувьд жилийн гэрээ хийдэг байсан ч энэ хандлага өөрчлөгдөж байна. Яагаад гэхээр үнэ тогтворгүй байна. 3-12 сарын хугацаатай үнийн гэрээ хийж байгаа” гэж ноён Эндрю Баджер ярилаа. 

 
Квийнсландын Геологийн нэгдсэн схем,

Квийнсланд мужийн уул уурхайн салбартай холбоотой сонирхолтой 9 мэдээллийг багцалж хүргэвэл:

1. Квийнсландын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувь буюу 20.6 тэрбум ав.долларыг уул уурхайн бизнес бүрдүүлж байна. 

2. 2017 оны хоёрдугаар сарын байдлаар уул уурхайн салбарт тус мужийн хэмжээнд гэхэд 59 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нэг хүний цаана дам нөлөөллөөр буюу ханган нийлүүлэгч зэрэг бизнесүүүдийг оролцуулаад 1*3 буюу 180 мянган УУ-аас хамааралтай ажиллаж амьдарч байна. Харин тус муж өөрөө дөрвөн сая хүн амтай. 

3. Шинэ хөрөнгө оруулалтын 40 хувь нь буюу 10 орчим тэрбум ав.доллар УУ-н салбарт хийгдэж байгаа аж.  

4. 32 өөр төрлийн ашигт малтмал олборлож байна. Нутгийн баруун хойд хэсгээрээ нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь төвлөрсөн.
 
5. Далайн тээврээр зөөж байгаа коксжих нүүрсний экспортоороо дэлхийд нэгт жагсаж байна. 

6. Квийнсландаас экспортолж байгаа нүүрс Австралийн экспортын нүүрсний 57 хувийг эзэлж, олон улсад 16 хувийг эзэлж байна. 

7. Дэлхийн хэмжээнд арилжаалагдаж байгаа коксжих нүүрсний 54 хувийг тус муж гаргаж байна. 

8. Жилд 242 сая тонн нүүрс олборлож байгаагийн  220 орчим сая тонныг нь экспортолж байгаа.

График 1, Квийнсландын экспортын нүүрсний хэмжээ, (График мэдээлэл дээр хулганаа гүйлгэж дэлгэрэнгүй харна уу)

9. Япон, Хятад, Энэтхэг, Солонгос хамгийн том зах зээл нь бол Индонез, АНУ, Өмнөд Африк эдний өрсөлдөгчид гэж хэлж болно. 

График 2, Квийнсландын нүүрсний экспортлогч орнууд, (График мэдээлэл дээр хулганаа гүйлгэж дэлгэрэнгүй харна уу)

Тэгвэл Монгол улсын зөвхөн нүүрсний салбарыг салгаж харвал 2015 онд 23.9 сая тонн нүүрс олборлож үүнээс 10.4 сая тонныг нь дотооддоо хэрэглэж, 13.5 сая тонныг экспортлосон байна. Монголын нүүрсний экспортын 85 орчим хувийг коксжих нүүрс эзэлж байна. Нийт нүүрсний экспортийн 96.8 хувийг хятад руу экспортложээ. Монголын нүүрсний салбарын талаар өмнөх өгүүллээс дэлгэрэнгүй уншина уу. 

Монгол, Австралийн  уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар Монгол Улсаас Австрали Услад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү “Хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа бусад хамтын ажиллагааны салбаруудын манлайд яваа. Манайд үйл ажиллагаа явуулж буй Австралийн том, жижиг олон компани бий. Тэд техник, технологийн аль шинийг манайд нэвтрүүлж байгаа. Газар дээр нь заахаар очиж байгаа гэж хэлж болно.

Энд уул уурхайн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл нь Монголтой төстэй. Манайд байдаг шиг нутгийн уугуул иргэд нь газар орон сүйтгэлээ, нөхөн төлбөр авна гэгчээр түмэн зүйлийн бэрхшээлтэй тулгарч байх жишээтэй. Усны нөөцийн асуудал энд маш их анхаарал татсан сэдэв. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбартаа борооны ус ашиглах технологи нь өндөр түвшинд хөгжсөн.  Энд байгаль орчиндоо ээлтэйгээр уул уурхайгаа хөгжүүлэх тал дээр дээд зэргээр анхаардаг. Мөн уул уурхайгаас олсон ашиг орлогоо улс орны тогтвортой хөгжил, дэд бүтэц зэрэгтээ ашиглаж байгаа нь гайхалтай. Жишээ нь, энэ та бидний ярилцан буй Брисбэн хот хэдхэн жилийн дотор уул уурхайн ачаар өндөр хөгжилтэй хотуудын тоонд орж ирсэн” гэж байлаа. 

 
Брисбэн хот, Квийнсланд муж,

Уул уурхайн бизнест тулгардаг бүх л бэрхшээл тус улсад тулгарч, бас л олон сорилтыг даван туулж байна. Гэхдээ тус улс УУ-аас олж буй орлогыг улс орныхоо тогтвортой хөгжилд зарцуулж чадаж байгаа нь бидний суралцах ёстой хамгийн чухал зүйл юм. 

График 3, Байгалийн баялгийн засаглалын индекс, (График мэдээлэл дээр хулганаа гүйлгэж дэлгэрэнгүй харна уу)

Дээрх графикаас харвал, Австрали Улс байгалийн баялгийн засаглалын индекст дөрөвт жагсаж байна. Байгалийн баялаг ихтэй 58 улсаас Монгол Улс харин 26-р байрт жагсжээ. 

“Австралийн хувьд уул уурхай нь 100 гаруй жилийн түүхтэй. Гэхдээ сүүлийн 25 жилийн хугацаанд энэ салбарын үр шимийг Австрали улс эдэлж байгаа гэж би харж байна" гэж "Оюу Толгой"-н Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс хэлж байлаа.

Квийнсландын мужийн хувьд л гэхэд уул уурхайн энэ бүх ашиг тус, баялгийг нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.1 хувийн талбайгаас л нийлүүлж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлж байлаа. Харин Монгол Улсын хувьд ашиглалтын буюу “А” лиценз бүхий талбай нийт нутгийн 0.9 хувь буюу тус бүрийн газар нутагтай харьцуулсан тоогоор Квийнсланд мужаас ес дахин их том талбайд уул уурхайн олборлолт явагдаж байна. 

Өөрийн газар нутагтай харьцуулахад ердөө 0.1 хувийг ашиглаж байгаа ч Квийнсланд мужийн дотоодын нийт бүтээгдэхүүнд 20.6 тэрбум ав.доллар буюу 37.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбар нь бүрдүүлж байна. Харин Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.9 хувь буюу харьцуулбал 9 дахин их газраас олборлолт хийж байгаа ч энэ салбараас 2016 онд гэхэд 3.9 их наяд төгрөг буюу Квийнсланд мужаас гэхэд 9.5 дахин бага баялгийг бүтээж байна. Өөрөөр хэлбэл бид газрын нутгийн 0.9 хувийг ашигласан ч 0.1 хувийг ашиглаж байгаа Квийнсландаас ЕС дахин бага баялгийг уул уурхайгаас бүрдүүлж байгаа сонин дүр зураг харагдана.  Энэ нь харьцуулахад тийм тохиромжтой тоо биш ч Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг илтгэх сонирхолтой жишээ болов уу. 

Монголчууд хэзээ уул уурхайгаа ном ёсоор нь, үр ашигтай эрхэлж, мал сүргээ хариулан тэдэнтэй зэрэгцэн эвтэй, найртайгаар аж төрөх бол. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x