Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд цахим талбарт оролцох боломжтой болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Арилжааны нэгдсэн платформыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. “Цахим талбар нь энгийн үгээр хэлбэл банк хоорондын валют арилжааны цомхон хэмжээний биржийн систем” хэмээн тэрбээр тодотгов.

-Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг нэвтрүүлэх болсон шалтгааныг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улсад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн дөрвөн жилд хэрхэн хэлбэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Үүний шалтгаан нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байсан хэдий ч валютын захын дэд бүтцийн хөгжлөөс хамаарч байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Иймд төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Гадаад валютын дотоодын захын дэд бүтцийг сайжруулах” арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран авахаар тусгасан. Үүний дагуу энэ ажлын анхны бодит алхам болгож Монголбанк “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг албан ёсоор нэвтрүүллээ.

-Цахим талбарын онцлог юу вэ?

-Энэ нь энгийн үгээр хэлбэл, банк хоорондын валют арилжааны цомхон хэмжээний биржийн систем юм. Цахим талбарт Монгол Улсын арилжааны банкууд шууд оролцох бол иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон банк бус санхүүгийн байгууллага нь өөрсдийн харилцагч банкаар дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийт 11 банк цахим талбарт шууд оролцож, арилжаа идэвхтэй хийгдэж байна.

-Цахим арилжааны талбар нэвтрүүлснээр ямар давуу талууд бий болох вэ?

-Өмнө нь дотоодын банк хоорондын валютын захын арилжаа нь банк тус бүр хоорондоо утсаар холбогдож, ханш, хэмжээ тохирсноор хийгддэг нэлээн цаг хугацаа шаардсан, төлбөр тооцооны эрсдэл өндөр үйл ажиллагаа байсан. Үүнээс шалтгаалан банк хоорондын валютын зах төдийлэн идэвхгүй байж ирсэн юм. Харин банк хоорондын валют арилжааны цахим талбарыг нэвтрүүлснээр бүх банкууд нэгдсэн цахим орчинд төвлөрч, банк тус бүр валютын захын эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг нэгэн зэрэг, тэгш эрхтэйгээр хүртэх нөхцөл бүрдсэн.

Цаашилбал, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, банк бус санхүүгийн байгууллага харилцагч банкаараа дамжуулан цахим талбарт оролцох боломжийг бүрдүүлсэн нь валютын захын хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж байна. Үүнээс гадна өдрийн турш идэвхтэй валютын спот ханш бий болсноор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, энэ нь ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог бий болгоход эерэгээр нөлөөлөхөөр байна.

-Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм, түүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Монголбанкнаас “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”- ийг санаачлан, Монголын банкны холбоотой хамтран боловсруулсныг Монголын банкны холбооны Удирдах зөвлөл цахим талбарын нээлтийн үйл ажиллагааны үеэр баталсан.

Энэхүү ёс зүйн дүрэм нь санхүүгийн зах зээлийн нэгдмэл байдал, захын нийт оролцогчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, валют арилжааны стандарт, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, арилжаанд оролцогчид илүү мэргэжлийн хүрээнд хандах суурь хэм хэмжээг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой.

-Монголбанкнаас цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаас дурдвал?

-Өмнө хэлсэнчлэн банк хоорондын валют арилжааны цахим талбар нь валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын эхний бодит алхам болж байна. Бид цаашид энэ цахим талбарын үйл ажиллагааг өргөжүүлж, иргэн, аж ахуйн нэгж болон банк бус санхүүгийн байгууллага шууд оролцох боломжтой арилжааны нэгдсэн платформыг байгуулахаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг арилжааны нэгдсэн платформыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь валютын зах төдийгүй Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэх томоохон үйл явдлын эхлэл болно гэж харж байна.