Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японд устөрөгчийн түлш нийлүүлэхээр Австрали, Норвеги улсууд өрсөлдөж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Цэвэр эрчим хүчээр бүрэн хангагдсан анхны үндэстэн болох Японы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд оролцохоор Австрали, Норвеги улсууд өрсөлдөж эхэлжээ.

2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа ерөнхий сайд Шинзо Абэ улс орноо устөрөгчийн түлшнээс эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болгох зорилт тавьсан юм. Хэдийгээр одоохондоо зардал өндөр, технологи нь гүйцэд боловсроогүй байгаа ч автомашин, айл өрх, цахилгаан станцууд бүгд устөрөгчийн түлшээр ажилладаг болох ажээ.

Японы устөрөгчийн түлшний жилийн эрэлт 2030 онд 1 их наяд иен ($9 тэрбум) болох тооцоо байгаа ба 2050 онд энэ тоо 8 их наяд иен болох гэнэ. Kawasaki Heavy Industries (KHI) компани 2020 оны Токиогийн Олимпийн үеэр устөрөгчийн хангамжийн сүлжээг туршилтаар үзүүлэх гэж байгаа юм.

Одоогоор Японы энэхүү хэтийн зорилтыг гүйцэлдүүлэхэд устөрөгчийн түлшний нийлүүлэгчээр хамтран ажиллахаар Австрали, Норвеги улсууд өрсөлдөж байна. Австраличууд хүрэн нүүрснээс устөрөгч ялгаж авах төсөл дээр ажиллаж байгаа. Харин Норвегичууд саяхан сэргээгдэх эрчим хүч ашиглан устөрөгч гаргаж авах төлөвлөгөөгөө зарлажээ.

Норвегийн устөрөгч шоо метр нь 24 иений үнэтэй болохоор байгаа бол Австралийн түлш 29.8 иен болно гэсэн тооцоо бий. Одоо эдгээр орнуудын хэн нь түрүүлж бодит үйлдвэрлэл явуулан Япон руу савласан шингэн түлш илгээхээ үзэхээр уралдаж байгаа юм.

Австраличууд хүрэн нүүрсийг хий болгон хувиргахдаа хүхэр, мөнгөн ус, нүүрсхүчлийн давхар ислийг салгаж, устөрөгчийг үлдээх юм байна. Харин Норвегичууд өндөр температурын электролизийг сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулан уснаас устөрөгч, хүчилтөрөгчийг салгах ба хүчилтөрөгчийг нь агаар мандалд гаргах юм.

Өнгөрсөн сард Шинзо Абэ танхимын сайд нартаа хандан “устөрөгчийн нийгмийг байгуулж болохыг дэлхий нийтэд харуулахыг” даалгасан байна.

Тэр бас 2020 оны Токиогийн Олимпийн үеэр устөрөгчөөр ажилладаг 40,000 автомашинтай болох зорилт тавиад байгаа юм

Тоёота корпораци 2014 онд анхны устөрөгчийн түлштэй автомашин Mirai-ыг үйлдвэрлэсэн бол одоогоор Япон даяар 100 хүрэхгүй түгээх станц ажиллаж байна.

 

Эх сурвалж: Japan Times