Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

THAAD системийн зардлыг АНУ даана гэдгээ мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Өмнөд Солонгост байрлуулж байгаа THAAD пуужингаас хамгаалах системийн зардлыг АНУ даана гэдгийг Вашингтон баталсан тухай Сөүл мэдээлжээ.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.МакМастер Өмнөд Солонгосын холбогдох албаны хүнтэй утсаар ярихдаа үүнийг баталж, АНУ-Өмнөд Солонгосын эвсэл нь Ази, Номхон Далайн бүс дэх тус улсын хамгийн чухал түншлэл гэж мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Дональд Трамп Ройтерс агентлагт ярихдаа Өмнөд Солонгосыг THAAD системийн зардлыг гаргах ёстой гэсэн юм. Гэвч үүний дараахан Сөүлийн засаг захиргаа хоёр улсын хамтын ажиллагааны гэрээ ёсоор АНУ бүх зардлыг даах ёстой гэх хариу мэдэгдэж байв. Тэгвэл Вашингтон үүнийг Ням гарагт утсаар ярихдаа дахин баталсан байна.

МакМастер “ерөнхийлөгч Трампын хэлсэн үг нь холбоотнууд зэр, зэвсгийн зардлаа тэгш хуваалцах ёстой гэдэг ерөнхий зарчмыг илэрхийлсэн үг юм” гэж тайлбарласан тухай Хөх ордны мэдэгдэлд дурджээ.

THAAD (Terminal High Altitude Area Defense) пуужингаас хамгаалах системийг өнгөрсөн долоо хоногт Сёнжу дүүрэгт тээвэрлэн хүргэж, суурилуулах ажил эхэлсэн юм. Өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгос баллистик пуужин туршсан ч амжилтгүй болсон.

Энэ өдөөн хатгалгад ямар хариу өгөхийг сэтгүүлчид Дональд Трампаас асуухад тэр “Удахгүй та нар мэдэх болно” гэж хариулжээ.

Өмнөд Солонгос THAAD системийг Хойд Солонгосын пуужингийн цохилтоос Сөүл хотыг хамгаалахаар байрлуулж байгаа гэж тайлбарладаг бол Хятад улс өөрийнх нь газар нутагт тагнуулын ажиллагаа явуулах боломж нээгдэж байна гэж үзэн эрс эсэргүүцэж байгаа.. Өнгөрсөн Пүрэв гарагт Бээжин THAAD-ийг устгах зэр, зэвсгийн сургуулилалт явуулахаа зарласан байна.

 

Эх сурвалж: Japan Times